| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00169/и |
| Дугаар | 0219 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 0219
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 10 тоотод оршин суух Боржигон овгийн ******* /РД:МЙ-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 24 дүгээр байрны 2 тоотод оршин суух Боржигон овгийн Ганпүрэвийн Жавзансүрэн /РД:МЙ72031803/-д холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн. Тухайн үед оноо дутсан тул дээд сургуульд суралцаж чадахгүй байдалд хүрсэн юм. Энэ үед анги удирдсан багш болох ******* надад би биеийн тамирын дээд сургуульд танилтай, чамайг оруулаад өгье гээд бүх бичиг баримт авсан. Би багшдаа итгээд эмээ өвөөгийнхөө 2.000.000 төгрөгийг авч багшдаа сургалтын төлбөр болон бусад асуудалд зарцуулах мөнгө гэж өгсөн юм. Намайг ******* багш Улаанбаатар хотын Үндэсний биеийн тамирын дээд сургуульд оруулж өгсөн. Гэтэл эхний хагас суучаад намайг сургалтын төлбөр хийгээгүй гээд сургуулиас хассан. Би сургуульдаа үргэлжлүүлэн сурах боломжгүй болж Хөтөлд ирсэнээс хойш миний ээж Энхсайхан удаа дараа ******* багштай уулзаж байсан боловч одоог хүртэл худал үнэн хэлээд мөнгө өгөхгүй байна. Г.Жавзсансүрэн багш өгөхгүй гэж хэлэхгүй, тэдийд өгнө өдийд өгнө гэж худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Ээж бид хоёрын амьдралыг мэдэж байгаа юм чинь багш хүн худлаа хэлэхгүй байх гэж сэтгэл зүрхний үгэнд хууртагдсаар хүлээн суусаар хугацаа алдсан. Энэ байдлыг харгалзаж /хүндэтгэн үзэх/ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж *******гээс 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Түвшинбаярыг Монголын Үндэсний биеийн тамирын сургуульд оруулж өгсөн нь үнэн. Харин одоогоос 5 жилийн өмнө сургалтын төлбөр 950.000 төгрөг байсан. Надад зардлын 20.000 төгрөг нийт 970.000 төгрөг өгсөн. Бид 2-н дунд мөнгө өгөлцөж авалцсан баримт байхгүй гүтгэж байна. Тухайн үед сурч чадаагүй сургуулиасаа гараад одоо мөнгө нэхэх нь зүйд нийцэхгэж гэж үзэж байна. Хамт тухайн сургууль дээрээ очъё гэхээр очдоггүй. Хамт сургууль дээр нь очоод төлбөр мөнгийг бичиг баримтыг нь авч өгье. 8 дугаар сарын 27-ны өдөр ажил цуглахаар хамт очоод авч өгье капитанз юм нь сургууль дээрээ байдаг гэжээ.
Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхсайхан, нөгөө талаас хариуцагч ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 2.000.000 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 1.525.000 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 475.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 475.000 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхсайхан хүлээн зөвшөөрснөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч *******гээс зуучлалын гэрээний үүрэгт 2.000.000 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 475.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 475.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 23.250 төгрөг илүү төлсөн байх ба зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 14.900 төгрөгийн 50 хувь болох 7450 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос үлдсэн 50 хувь болох 7450 төгрөг болон илүү төлсөн 23.250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаас 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь 475.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч *******гээс 7450 төгрөг, төрийн сангийн орлогоос 30.700 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР