Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09081 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,260,723 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажиллах хугацаанд дутуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, цалин хөлснөөс хууль бусаар суутгаж, дутуу олгосон цалинд 1,350,000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын дутуу олгосон цалин 3,386,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2024 оны 5 дугаар сараас эхлэн *******-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжид заасан үүрэгтээ үнэнч, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, хичээнгүйлэн ажиллаж, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан.

Миний бие ажиллах хугацаандаа ажилчдын цалинг буруу бодож олгох, ажилчдын цалингаас хууль бусаар суутгах, ээлжийн амралтыг буруу бодож олгох, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дутуу төлөх, татвар ногдуулах их хэмжээний компанийн аж ахуйн үйл ажиллагааны орлогыг нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийх, хугацаа хэтэрсэн чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг компаниас зах зээлд нийлүүлж хүнсний тухай хууль зөрчих зэрэг гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй асуудлууд байгааг мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг арилгуулах шаардлага тавьсан. Энэхүү үйлдэл нь ирээдүйд ажил олгогчид үүсч болох эрсдэлээс сэргийлсэн, түүний тусын тулд хийсэн үйлдэл байсныг гүйцэд ойлголгүйгээр, миний хэлсэн саналд хувийн үзэмжээр хандаж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагчийн зүгээс хуульд нийцэхгүй шаардлагыг тавьсан учир эвлэрээгүй. Ингээд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,260,723 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажиллах хугацаанд дутуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, цалин хөлснөөс хууль бусаар суутгаж, дутуу олгосон цалинд 1,350,000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын дутуу олгосон цалин 3,386,490 төгрөг гаргуулах.

Ажил олгогч 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тушаал гаргаж намайг ажилд эгүүлэн авсан гэж байгаа боловч уг тушаал гарсныг би мэдээгүй, энэ талаар хариуцагч тал надад огт мэдэгдээгүй болно.

Хариуцагчийн ...хөдөлмөрийн гэрээнд заасан 700,000 төгрөгийн хэмжээгээр дундаж цалин хөлс тооцно гэх тайлбар үндэслэлгүй. Хууль болон холбогдох журамд зааснаас үзэхэд надад бодитоор шилжин орж ирсэн цалингийн дунджаас тооцоолох ёстой. Ийнхүү сүүлийн 3 сарын дунджаас тооцож үзэхэд миний нэг өдрийн цалин 150,161 төгрөг болно.

Ээлжийн амралтын цалин хөлс дундаж цалин 3,303,546.6 төгрөгийг 1.5 дахин нэмэгдүүлж 4,955,320 төгрөг бөгөөд ажилласан 9 сарын хугацаанд ногдох цалинд 3,716,490 төгрөг олгох ёстойгоос 330,000 төгрөг олгосон тул үлдэх 3,386,490 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Ажиллах хугацаанд хариуцагч компани нь бодитоор олгосон цалин хөлснөөс бус хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь хуульд нийцэхгүй учир нөхөн бичүүлнэ.

Хариуцагч нь ажилчдын цалин хөлснөөс хууль бусаар суутгаж, дутуу олгодог байсан. Ийм учраас энэ талаар шаардлага гаргасан байгаа. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******тай 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 23/04 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдааны төлөөлөгчийн албан тушаалд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А/14 тушаалаар томилогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.

Худалдааны төлөөлөгч албан тушаалтай ******* нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчиж, удаа дараа зөрчил гаргаж, байгууллагын ажилчид болон борлуулалтын ахлах, ерөнхий менежер зэрэг хүмүүсээс удаа дараа *******тай холбоотой санал хүсэлтийг удирдлагад ирүүлдэг байсан. Ажил олгогчийн зүгээс түүнийг дэмжих үүднээс цалин хөлс, урамшууллаас нь хасалт хийж байгаагүй. Гаргасан зөрчилд нь арга хэмжээ авч байгаагүй, цаашид ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ хандах байх гэж итгэж ирсэн.

******* нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үүрэгт ажлаа гүйцэтгэхэд дараах зөрчил, дутагдал гаргаж байсан. Үүнд: Ажлын цагийг ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулдаггүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагаас байнга хоцордог, цаг барихгүй, бусад ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, хамт ажилдаг ажилтнуудыг хэл амаар доромжилдог, ажил олгогчид мэдэгдэлгүй өөр давхар ажил эрхэлсэн зэрэг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн олон зөрчил, дутагдал гаргасан.

Дээрх шалтгааны улмаас ажил олгогчийн зүгээс *******г 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 25/13 тоот үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Түүнтэй холбоотой ******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, дутуу төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дутуу олгосон ээлжийн амралтын мөнгийг гаргуулах шаардлагыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талд хороонд гаргасан.

Манай компанийн зүгээс тус хариу тайлбарт *******гийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч, ажиллах чин хүсэлтэй гэж ойлгож, ажиллах боломж олгон, үүрэгт ажилдаа эгүүлэн томилох боломжтой тухай *******д мэдэгдсэн. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа эгүүлэн томилох тухай 25/09 дугаар тушаалыг *******д хүргүүлсэн. Ажил албан тушаалд эгүүлэн томилогдсонтой холбоотой нийгмийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох даатгалуудыг нөхөн төлсөн. Ажиллах хугацааны цалинг тооцоолж, олгох боломжтой гэдгээ мэдэгдсэн. Өөрөө ирж нягтлан бодогчтой тооцоо нийлэх талаар *******д удаа дараа мэдэгдсэн.

*******гийн дээрх гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талд хорооноос 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилтан *******, ажил олгогчийн төлөөлөгч нар болон хорооны бүрэлдэхүүн, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар хуралдсан. Тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах гурван талд хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасны дагуу талуудын маргааныг аль болох тохиролцож шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлж оролцсон.

******* нь гомдлын шаардлагаа хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа дэмжиж оролцсон боловч ажилтан ******* нь бидний эвлэрэх саналыг хүлээж аваагүй. Тухайн үед бидний зүгээс тохиролцоод ажилд нь эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тохиролцоод олгох саналаа илэрхийлсэн, ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаж, өөрт нь мэдэгдсэн, гэрийн хаягаар бас хүргүүлсэн мөн шуудангаар болон мэйл хаягаар бас хүргүүлсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандсаныг ойлгохгүй байна.

*******гийн зүгээс ажил үүрэгтээ эгүүлэн томилогдсоны дараа буюу тушаал гарсан гэдгээ мэдсэн, тушаал гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил үүргээ биелүүлээгүй, ажилдаа ирээгүй. Түүнийг ажилд нь буцаан томилсон учир энэ талаарх шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсийг 700,000 төгрөг гэж тооцсон. Ийм учраас уг мөнгөн дүнгээс цалин бодогдох ёстой. Гэхдээ манай талаас нэхэмжлэгчийн тооцоолж гаргасан 1 өдрийн цалин 150,161 төгрөг мөн эсэх талаар буюу тооцоолол дээр маргахгүй. Нэхэмжлэгчийн данс руу орсон нийт мөнгөн дүн нь цалин биш харин борлуулалтын урамшуулал юм гэж маргаж байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тал дээр бид зохих шимтгэл төлбөрийг нь төлсөн байгаа. Нэхэмжлэгчийн өмнө ажиллах хугацаанд дутуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг дэмжихгүй. Талуудын байгуулсан гэрээ ёсоор зохих төлбөрийг нь тохирсон цалингаас нь суутгаад төлсөн. Нэхэмжлэгчийн цалин хөлснөөс хууль бусаар суутгаж, дутуу олгосон цалинд 1,350,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа мөнгөн дүн үндэслэлгүй. Манайх ажилтан албан хаагч нартаа зориулж эрсдэлийн сангийн зориулалтаар цуглуулдаг. Гэхдээ энэ мөнгийг ажилчдаас цуглуулж авдаггүй. Уг мөнгөн хөрөнгийг заавал ажилчдад буцааж хэрэглэнэ гэсэн журам ч байхгүй. Ээлжийн амралтын дутуу олгосон цалин 3,386,490 төгрөг гаргуулах тухай шаардлага мөн үндэслэлгүй. Бид ээлжийн амралтын цалинд 624,399 төгрөг олгох тооцоо гаргасан. Уг мөнгийг нь төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 6,781,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 123,446 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн анхны шийдвэрээ сайн дураараа засаж залруулаад нэхэмжлэгч намайг ажилд эгүүлэн томилсон атлаа ажил үүргээ гүйцэтгэх боломж олгохгүйгээр миний ажлын байранд өөр ажилтан авчихсан, ажилдаа ирэх мэдэгдлийг хэлбэр төдий өгсөн болчхоод дахиад хөдөлмөрийн маргаан үүсгээд ажилд эгүүлэн томилоогүй. Үүнийгээ хариуцагч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тайлбараараа баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх намайг хууль бусаар 2 дахь удаагаа ажлаас халагдсан үйл баримтыг нотлох баримтын талаас нь бодитоор дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй.

4.2. Хариуцагч нь сар бүрийн цалингийн задаргаануудаа дэлгэрэнгүйгээр нь санхүүгийн тамгаа дараад нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тухайн нотлох баримтууд дээр 2024/06-2025/01 сар хүртэлх 7 сарын хугацаанд сар бүрийн нэхэмжлэгч миний цалингаас Эрсдэлийн сан нэртэй 150,000 төгрөгийн суутгалыг хариуцагч нь ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр суутгаснаа батлаад санхүүгийн тамгаа дарж өгсөөр байтал анхан шатны шүүх тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлсэнгүй.

4.3. Нэхэмжлэгч миний гаргаж өгсөн цалингийн тооцоолол дээр хариуцагч маргаагүй буюу хүлээн зөвшөөрөөд байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч миний ээлжийн амралтын тооцооллыг гарт олгосон цалингаас бус хариуцагчийн зүгээс хамгийн багаар бодсон үндэслэлгүй цалин хөлснөөс буруу бодож олгохоор шийдвэрлэсэн нь мөн л нотлох баримтуудыг үнэлээгүй.

4.4. Шүүх хуралдаанд хариуцагчаас асуулт асуух эрхийг минь эдлүүлээгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль зөрчсөн, хуралдааны дэг зөрчсөн, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан хууль бус үйл ажиллагааг залруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2 удаа хууль бусаар ажлаас чөлөөлсөн нотлох баримтыг шүүх бүрэн үнэлээгүй гэж тайлбарладаг. Нэгдүгээрт, хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гарган өгсөн. Уг нотлох баримтыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа эхэлсэн байдаг. Тухайн үед ажлаас удаа дараа хоцорч, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлсэн гэх мэт олон удаагийн зөрчлөөс шалтгаалан 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2513 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Үүний дагуу Хан-Уул дүүрэг хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах гурван талт хороонд хандсаны дагуу нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллах чин хүсэлтэй байгаа гэж ойлгон, 2025 оны 03 дугаар сарын 18-ны 2509 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилсон байдаг. Уг тушаалыг нэхэмжлэгчид танилцсан бөгөөд түүний цахим хаягт 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 59 минутад ажилд эгүүлэн томилсон тушаалыг илгээсэн. Уг тушаалыг 2 удаа нэхэмжлэгчийн цахим хаягт илгээсэн байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад компанийн цахим хаяг үзлэг хийлгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримт, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Мөн 2025 оны 03 дугаар сарын 19 болон 28-ны өдрүүдэд шуудангаар нэхэмжлэгчийн гэрийн хаягт хүргүүлсэн. Нэхэмжлэгч уг тушаалтай танилцаагүй, ажилдаа буцаж орохоор очсон гэж тайлбарладаг бөгөөд илт зөрүүтэй тайлбар гаргадаг. Хариуцагч компанид аливаа этгээдийг албадан хөдөлмөрлүүлэх эрх байхгүй. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаалыг түүнд танилцуулсан атал ажилдаа ирж, ажлаа хүлээлцэж аваагүй. Хоёрдугаарт, хариуцагчийн гарган өгсөн санхүүгийн баримтад 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх эрсдэлийн сан гэх нэрээр 150,000 төгрөг хууль бусаар суутгасан гэж тайлбарладаг. Аливаа суутгал хийсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч талаас уг баримтыг гарган өгөөгүй. Тухайн суутгал огт хийгдээгүй байдаг. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан цалингийн тооцоололд хариуцагч тал маргаагүй бөгөөд хариуцагчийн буруу тооцоолсноор анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Хариуцагч хуулийн этгээд хөдөлмөрийн гэрээнд заасан 700,000 төгрөгөөр цалинг тооцож олгох бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаагүй 41 хоногт цалин, урамшуулал олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан цалингийн тооцооллоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 41 хоногт холбогдох цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас бүрэн үнэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,260,723 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажиллах хугацаанд дутуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, цалин хөлснөөс хууль бусаар суутгаж, дутуу олгосон цалинд 1,350,000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын дутуу олгосон цалин 3,386,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт хэрэгт авагдаагүй, уг үйл баримтыг тодруулахгүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

Талуудын маргааны зүйл нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан атлаа түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангасан эсэх, нэхэмжлэгч нь ажил үүргээ биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлсэн эсэх байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг тодруулж, мэтгэлцүүлээгүй байна.

 

Хэрэгт хариуцагч *******-ийн ерөнхий захирлын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №25/09 дугаартай Ажилд эгүүлэн авах тухай тушаал нотлох баримтаар авагдсан.

Дээрх тушаалын талаар нэхэмжлэгч нь ...ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажилдаа эргэж орох хүсэлтээр 03 дугаар сарын 28-нд биечлэн ажилдаа орохоор очсон, хариуцагч нь ирж ажиллаагүй тул албадан ажиллуулах эрхгүй гэж тус тус тайлбарласан.

Талуудын маргааны зүйлийг сэргээн тогтооход ач холбогдолтой зохигчдын уулзалтын үйл явцыг дуу, дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 192/ШЗ2025/33808 дугаартай захирамжаар шүүхийн журмаар бүрдүүлэхээр шийдвэрлэсэн атлаа уг бичлэг хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.

 

Хариуцагч нь ...баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, өөр баримт хариуцагч талд байхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан боловч гомдлоор үүсэх хөдөлмөрийн маргаанд шүүх бичлэг устсан, эсхүл бичлэг хийгдээгүй талаар үйл баримтыг тодруулах, чиглүүлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй.

Энэ үйл баримтын талаар буюу уулзалтын үед байсан гэх гэрчээс мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч гэрч нь шүүх хуралдаанд ...энэ миний хариулах асуулт биш гэж мэдүүлсэн, маргааны зүйлд хамааралтай дуу дүрсний бичлэг болон уулзалтын явцын талаар тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй үндэслэлд хамаарч байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09081 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.ХУЛАН