Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 708

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.ид холбогдох эрүүгийн 1905008720859 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Т..

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т. нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ангара рестораны орчим иргэн П.М-ийн эзэмшлийн Lexus RX450 маркийн авто машины хойд шилийг цементний хагархай шидэн хагалж хууль бусаар гэмтээсний улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т. мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.ийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 19:30 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ангара зочид буудлын караокед миний төрсөн өдрийг тэмдэглэхээр найзууд цугласан. Ингээд тэнд 02 цаг хүртэл сууцгаагаад тарсан. Хүмүүс тарсны дараа М, Э, О бид 4 үлдэж Ангара буудлын зүүн талд юм ярьж зогсож байгаад Э бид хоёр хоорондоо маргалдсан. Юунаас  болж бид хоёр маргалдсаныг би сайн санахгүй байна. Ингээд Э бид хоёр хоорондоо барилцаж маргалдсан ба манай жолооч О бид хоёрыг салгасан ба Э Отэй мөн маргалдаж муудалцсан ба О хаяад явсан. Араас нь Эг хөөгөөд явган гүйсэн. Энэ үед М нөгөө хоёрын араас машинтайгаа явсан ба зогсохгүй байхаар нь би чулуу аваад шидтэл машиных нь цонхыг хагалсан. Тухайн үед би яагаад чулуу шидсэнээ мэдэхгүй байна бага зэрэг халамцуу байсан учраас ингэсэн байх...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.М-ийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз Хийн төрсөн өдөр болсон. Тухайн өдөр Х Эд надтай хамт ирээрэй гэж хэлсэн байсан ба би төрсөн өдөрт нь тухайн өдрийн орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ангара рестораны караокений өрөөнд төрсөн өдөрт нь очсон. Тухайн үед Хийн ажлынх нь хүмүүс болон найзууд нь байсан. Тэнд миний таних хүн гэвэл Э, Х хоёр л байсан. Бид тухайн газраа сууж байгаад эндээсээ гараад өөр газар орохоор болж бүгдээрээ гарсан. Гараад дуудлагын жолооч дуудаад хүлээж байсан ба миний машинд Х, Э бид гурав сууж байсан.

Ингээд хэсэг сууж байгаад Э, Х хоёр машинаас буугаад алга болчихоор нь би буугаад хартал Э, Х хоёр зодолдож байсан яагаад зодолдсоныг нь би мэдэхгүй. Ингээд тэр хоёрыг салгах гээд ноцолдож байтал Хийн найз гэх нэг залуу ирээд Э рүү Х нөгөө залуу хоёр дайраад байсан. Тухайн үед тэр гурав хэсэг зууралдаж ноцолдож байгаад Э нөгөө хоёроос салаад зугтаад явсан ба араас нь Х нөгөө залуугийн хамтаар хөөгөөд явсан. Тэгэхээр нь би араас нь машиндаа сууж хөдлөөд Ангарагийн булан тойроход Эг Хийн найз гэх залуу бариад авсан зогсож байхаар нь би дэргэд нь зогсоол дээр машинаа дөнгөж зогсоотол арын цонх хагарсан. Эргээд хартал Х зогсож байсан. Дараа нь би өөрийн багажаа онгойлгоод харахад том цементний хэлтэрхий шидэж хагалсан байсан. Т. надад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12-17/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 30-31/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т. нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ангара рестораны орчим иргэн П.М-ийн эзэмшлийн Lexus RX450 маркийн авто машины хойд шилийг цементний хагархай шидэн хагалж хууль бусаар гэмтээсний улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.ийн “...М нөгөө хоёрын араас машинтайгаа явсан ба зогсохгүй байхаар нь би чулуу аваад шидтэл машиных нь цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

хохирогч П.М-ийн “...машиндаа сууж хөдлөөд Ангарагийн булан тойроход Эг Хийн найз гэх залуу бариад авсан зогсож байхаар нь би дэргэд нь зогсоол дээр машинаа дөнгөж зогсоотол арын цонх хагарсан. Эргээд хартал Х зогсож байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 17 дугаар талд хохирогч П.М- нь “...Т. надад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Т.ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.ид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Т.ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ