| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/29482/И |
| Дугаар | 210/МА2026/00273 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00273
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэрргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17509 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 10,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 10,600,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч маргааны зүйлийн талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж, шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг зассан өөрчлөлт оруулна.
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээгээр ******* нь *******өөс 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр импортлогдсон, Yamaha R6 маркийн мотоциклийг 10,600,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцжээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч мотоциклийн үнийг төлж, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мотоциклийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь мотоцикль доголдолтой байсан эсэх асуудал болжээ.
4. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь мотоциклийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлснээр уг эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн эрсдэл нэхэмжлэгчид шилжсэн бөгөөд үүнээс хойш 6 сарын дотор доголдол илэрсэн, уг доголдол нь эрсдэл шилжих үед байсан тохиолдолд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 225, 226 дахь хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.
4.1. Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь худалдан авсан мотоцикль эд хөрөнгийн биет байдлын доголдолтой, уг доголдол хариуцагчаас мотоциклийг хүлээн авахад байсан буюу ашиглалтаас бий болоогүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мотоциклийн моторын духны гинж дуугарсан, солиулах шаардлагатай гэж, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр моторын доод анги цохьсон, шинэ мотор тавих хэрэгтэй, зардал 4-5 сая төгрөг орно гэж хариуцагчид мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбар, тэдний харилцсан чатад хийсэн үзлэгийн ажиллагаагаар тогтоогджээ. /хх-ийн 42-62 дугаар тал/
Ийнхүү мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасанд нийцсэн боловч мотоцикльд дээр дурдсан эвдрэл, гэмтэл бодитоор байсан, уг эвдрэл, гэмтэл нэхэмжлэгчийн ашиглалттай холбоогүй болохыг нотлохгүй.
Мөн нэхэмжлэгч нь мотоциклийн моторын эд анги гэмтэлтэй, энэ нь удаан хугацааны дунд үүссэн байна, солихоос өөр сонголт байхгүй, уг зардал 4-5 сая төгрөг болно гэж мэргэлжлийн хүний дүгнэлт гарсан гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь нотолгооны үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй.
5. Хэргийн баримтаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох мотоциклийн моторын эд анги эвдрэл, гэмтэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бичгээр гаргаж, үүнийг хариуцагч гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх боломж бүрдэж, талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх учиртай.
Харин нэхэмжлэгч нь мотоциклийн гадна эд ангид задаргаа орсон ул мөр, гадна сэлбэг, ад ангийг цавуугаар нааж тогтоосон мөр илэрсэн гэх асуудлаар бичгээр тайлбар гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй байх тул дээрх асуудлаар талуудыг мэтгэлцсэн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.
6.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь моторын тос сольж өгөх амлалтаа хариуцагчийг биелүүлээгүйгээс моторын эд анги эвдэрсэн гэж анхан шатны шүүхэд бичгээр тайлбар гаргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлж талууд маргаагүй байна. Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагчийн хувьд тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, засвар, үйлчилгээг хийх үүрэгтэй тул моторын тосыг солих нь мөн түүний үүрэгт хамаарах болохыг дурдах нь зүйтэй. Иймд моторын тос сольж өгөх амлалтаа хариуцагч биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт тус тус зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, ийнхүү анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй. Иймд шинээр бүрдүүлсэн нотлох баримт, техникийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг барагдуулах агуулга бүхий гомдол хангагдахгүй.
Мөн дээр дурдсан нотлох баримтаа гомдолдоо хавсаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн шаардах эрх үүргийн зөрчлийн улмаас үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрх зүйн зохицуулалтад хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэг оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг зассан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэрргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 10,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА