| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1572 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1572
2019 10 14 2019/ШЦТ/1572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.У т холбогдох эрүүгийн 1903 00794 0365 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 8 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчоо явах замд “Тоёота Королла” маркын 12-53 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Б.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ
гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “...Бид дөрвүүлээ хамт явж байгаад ийм зүйл болсон. Ерөнхийдөө 40-50 км/цагийн хурд авах үйлдэл болоогүй. Бид хоёр хойд талын суудал дээр сууж байсан. Таксинд гар өргөж суугаад, гүүр гараад ирэхэд хоёр машин хойно хойноороо мөргөлдсөн байсан. Бидний сууж явсан машин өөр нэг машины ард дохио өгч зогсч байгаад урд талын машины хамтаар аваар гаргасан машинуудыг тойроод гарсан юм. Тэгээд тэр машинуудыг тойрч гараад урдаа явсан машиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийхэд 20-30 км/цагийн хурдтай явж байсан байх. Үүний дараа гэнэт машин далбилзаад яваад өгсөн. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний 1.800.000 төгрөгийн баримтыг канондож өгсөн. Одоо бол хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ 1.800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч надад төлсөн баримт нь хэрэгт байгаа. Бид хамт яваад эмчилгээний зардал хэд болох талаар бүгд мэдсэн, сонссон. Гэхдээ тэр хэмжээний мөнгийг нэхэмжлэхгүй. Учир нь энэ хоёр залуу хоёулаа ажил хийж байна, бид амьд байна. Гол нь эмчилгээнд бичиж өгсөн 3 төрлийн эмийг худалдаж авч амжаагүй байна. Нуруу, нугасны гэмтэл одоогоор доошлоо хөлийн мэдрэлийн судас руу орсон. Иймд энэ 3 төрлийн эмийн мөнгө болох 1.500.000 төгрөгийг төлчих юм бол бусад шинжилгээ, оношлогооны зардлыг бид угаасаа өөрсдөө төлөөд яваад байгааг шүүгдэгч болон түүний гэр бүлийн хүн мэдэж байгаа.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч С.Тайванжаргалын өгсөн мэдүүлэг /хх-29/, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-14/, хохирол төлсөн баримт /хх-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8422, 8423 дугаартай дүгнэлтүүд /хх-30-40/, шүүгдэгч Б.У ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчоо явах замд “Тоёота Королла” маркын 12-53 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Б.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жаргалсайханы өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчоо явах замд, гүүрний хажуугаас гар өргөөд “Тоёота Королла” маркын 12-53 УНК улсын дугаартай автомашинд хотын төв орохоор суусан. Тэгээд гүүрний урдаас суугаад хотын төврүү явж байх замд гүүр гараад явж байтал гэнэт машин дальбалзаад л замын эсрэг урсгалд ороод, замын урд хэсэг рүү онхолдсон. Жолооч барагцаагаар 40 км/ц орчим хурдтай явсан байх, ямар ч байсан хурдтай бол яваагүй. Гэнэт дальбилзаад замын урд хэсэг рүү ороод онхолдсон. Миний биед нурууны 2 яс хугарсан байгаа. Одоо биеийн байдал тухайн үеэс дээрдэж байна.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Тайванжаргалын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооноос хот орох замд өөрийн нөхөр Б.У ын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Королла” маркын 12-53 УНК улсын дугаартай автомашинтай 2 зорчигчийн хамт явж байтал урд явсан машиныг гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тийш жолоогоо дартал замын урд хэсэг рүү буюу эсрэг урсгал руу шарваад манай нөхрийн жолоодож явсан машин замын урд хэсэг рүү шарваж ороод онхолдсон. Б.У нь миний хууль ёсны нөхөр байгаа юм. Бид хоёр баталгаатай гэр бүл. Хохирогчид учирсан хохирлыг эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг бэлэн өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл бол жолоочийн хариуцлагын даатгалаас хохирлыг барагдуулна. ” /хх-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 08 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг Баянзүрхийн товчооны гүүрний хажуугаас хотын төв орохоор Тоёота Королла маркийн 12-53 УНК улсын дугаартай автомашинд суугаад товчооны замд явж байх үед сууж явсан машин маань гэнэт замын урд хэсэг рүү явж ороод онхолдсон. Миний баруун мөр зөөлөн эдийн няцралтай гэсэн. Одоо миний бие эдгэрч байгаа ч гар маань сайн хөдлөхгүй байгаа. Цаашид би гарын томограф, имрай авахуулах шаардлагатай байна. /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 8422 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Жаргалсайханы биед сээрний 12-р нугалам, бүсэлхий 1-р нугаламны шахагдсан хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8423 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Батцэцэгийн баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой.” /хх-33/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 8424 дугаартай дүгнэлтэд:
1. С.Тайванжаргалын биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цавинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой.” /хх-40/ гэх дүгнэлт,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-14/,
Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудас /хх-2/,
Хохирлын баримтууд /хх-61/,
Шүүгдэгч Б.У ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.У ыг 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жаргалсайханы нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж хохирогч Б.Жаргалсайхан болон иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нар нь иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.У ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.У нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хохирогч Б.Жаргалсайхан, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.У т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС