Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00274

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08877 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******т холбогдох 

Алдангид 360,000,000 төгрөг гаргуулах үндсэн,

Автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, илүү төлөгдсөн 3,551,400 төгрөг, хохиролд 34,446,443 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр *******тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ******* тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, ******* давхрын ******* тоот дулаан автозогсоолын хамт төлбөр тооцоо бүрэн хийгдсэн байрыг хүлээлгэн өгч орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******ын нэр дээр гаргуулсан.

1.2. Гэрээнд заасны дагуу нийт 727,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний дотор буюу 6 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний 3.2.4-т зааснаар алдангийг 3 жилийн дотор тооцсон. ******* нь гэрээнд заасан хугацаанд 100,000,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн хоногоор алданги тооцож, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 28 хоног, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 30 хоног, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 31 хоног, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөг, 31 хоног, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоног, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоног, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 8,000,000 төгрөг, 37 хоног нийт алданги 360,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр *******ээс ******* нутаг дэвсгэрт байрлалтай ******* байрны ******* тоотод орших 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 662,000,000 төгрөгөөр, ******* давхарт байрлалтай ******* тоот автомашины зогсоолыг 65,000,000 төгрөгөөр нийт 727,000,000 төгрөгөөр тохирсон.

2.2. Гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн зүйл байхгүй бөгөөд эдийн засгийн хямрал зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж төлбөр төлөх хугацааг тухай бүр нь тайлбарлан мэдэгдэж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 730,551,400 төгрөгийг *******ийн банкны тоот дансанд шилжүүлэн төлсөн.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд 390,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэдэн хувь нь гэрээнд заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл, хэдэн хувь нь үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь гэрээнд заасан төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахдаа нийт 730,551,400 төгрөг төлж, илүү 3,551,400 төгрөг төлсөн.

3.2. ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгаж, гэрээний 1.1, 2.1.1 дэх заалтыг үндэслэн орон сууцны үнэд илүү төлөгдсөн 6.14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг, илүү төлсөн 3,551,400 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Би мөнгөө нэхдэг байсан, надтай зогсоолын талаар огт ярьж байгаагүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 205,389,636 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 154,610,364 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс 3,551,400 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг нэхэмжлэгч *******т даалгах, илүү төлөгдсөн 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******т холбогдох хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,214,900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,184,897 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956,156 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч *******ээс 71,772 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 6.1, 13, 14, 15, 16, 17 дахь хэсэгт дурдсан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй хууль бус дүгнэлт болсон. Зүй нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнд холбогдох ямар ч бичгийн баримт, тооцоолол гарган өгөөгүй бөгөөд зөвхөн “...Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй...” гэх Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг барьж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Үүнтэй нэгэн адил анхан шатны шүүх мөн адил хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон гаргаж өгсөн бичгийн баримт, түүний үндэслэл тооцоололд тулгуурлан шийдвэрийн үндэслэх хэсэгт илт зөрүүтэй, эдийн засгийн анхан шатны тоо, тооцоололд үндэслээгүй илт хууль бус дүгнэлт, тооцоолол хийж маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ын гаргаж өгсөн төлбөрийн тооцооллыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн “...Алданги...” гаргуулах шаардлагад дүгнэлт хийхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д илт зөрүүтэй тоо, тооцоолол хийсэн.

Анхан шатны шүүх хариуцагч *******ыг орон сууцны үлдэгдэл төлбөрийг нийт 17 удаагийн гүйлгээгээр төлсөн гэж дүгнэхдээ гүйлгээ тус бүрийн араас хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ногдох алдангийн хэмжээг тооцож нийт 205,389,636 төгрөгийн алданги бодож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн тооцоолсон 17 удаагийн гүйлгээ тус бүрд ногдох алдангийг нэг бүрчлэн тооцож үзвэл 205,389,636 төгрөг бус орон сууцны төлбөр 214,265,000 төгрөгийн тооцоолол гарч байгаа бөгөөд дээрхи зөрүүтэй байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй. Мөн шүүхийн гаргасан тооцооллын 5, 6 дахь хэсгүүдэд дурдсан цаг хугацаа, төлбөрийн үнийн дүн, алдангийн хэмжээ зэрэг нь давхардаж бодогдсон нь илт байна.

Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд төлбөр төлөгдсөн тохиолдол тус бүрд хамаарах гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нарийвчлан тооцож гаргах ёстой бөгөөд дээрхи нөхцөл байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн үнийн дүнг эцэслэн тооцоолох боломжгүй. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн гаргасан тооцоололд үндэслэн тухайн тооцооллоо илтэд зөрүүтэй байдлаар дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

6.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гэрээнээс өөр баримт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хариу тайлбар болон холбогдох бичгийн баримтуудыг гарган хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн бөгөөд үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагууд нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ч тодорхой бус байсаар шүүх хуралдаан явагдсан.

Зүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн 290,000,000 төгрөгийн хэдэн хувь нь байрны төлбөр, хэдэн хувь нь хугацаа хэтрүүлсэн алданги болохыг нарийвчлан тодорхойлж өгөөгүй. Энэ талаар хариуцагчийн зүгээс удаа дараа явагдсан шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа учир хуулиар олгогдсон үүргийн дагуу дээрхи нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс тодруулж өгөхийг удаа дараа хүссэн боловч шүүх хүлээн авч шийдвэрлэлгүй орхигдуулсаар ирсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын 70,000,000 төгрөг нь түүний урьд гаргасан байрны үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн алдангийн аль хэсэгт нь хамаарч байгаа талаар тодруулаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болон түүний үнийн дүн зэрэг нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн.

6.3. Хариуцагч нь гэрээний дагуу худалдан авсан орон сууц, авто зогсоолын үнэ 727,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, талуудын дунд байгуулагдсан гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар “Гэрээний зүйлийг хүлээн авах” буюу өмчлөх эрх шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэж “Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн дулаан автозогсоол хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь ******* давхрын ******* тоот дулаан автозогсоолыг өөрөө худалдан авсан талаархи ямар нэгэн баримтгүй гэх байдлаар талуудын дунд байгуулагдсан гэрээний агуулгыг өөрөөр тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм.

6.4. Гэрээний 2.1.1 дэх хэсэгт “Орон сууцны худалдах нийт үнэ нь 662,000,000 төгрөг байна...” гэж заасан бөгөөд гэрээний 1.1 дэх хэсэгт заасан орон сууцны талбайн хэмжээ 2.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны нийт үнэ зэргийг харьцуулан тооцвол орон сууцны 1 м.кв тутмын үнэлгээ 5,610,170 төгрөг болох бөгөөд 118 м.кв талбайгаас дутагдаж буй 6.14 м.кв талбайн үнэлгээ 34,446,443 төгрөг болно.

Гэтэл анхан шатны шүүх нь гэрээний зүйлийн үнэ, хэмжээ нь илт тодорхой байхад 1 м.кв тутмын үнэлгээг тусгаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хариуцагчийн 6.14 м.кв талбайн үнэ 34.446.443 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсгүүд бөгөөд шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж няцааж чадаагүй атлаа илт үндэслэлгүй дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.5. Талуудын хэн аль нь гэрээг үгүйсгэх, няцаах байрь суурь илэрхийлээгүй бөгөөд гэрээний заалт, утга агуулга нэг бүрийг өөрсдийн байр сууринаас хуульд нийцүүлэн тайлбарлаж маргасан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 26, 27, 28, 29 дэх хэсгүүдэд гэрээний утга агуулгыг илт өөрөө тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгүүдийг зөрчсөн хууль бус дүгнэлт болсон.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, цаашлаад мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүсгэж байхад шүүх нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа бодит үйл баримт огтоос хууль зүйн дүгнэлт хийлгүй харин хариуцагчийг “...нотолж чадаагүй, нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж удаа дараа дурьдаж шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Дээрхи үйл баримтуудын хүрээнд нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлийн талаар өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бус шинээр харилцан тохиролцсон хугацаа, хэмжээгээр төлүүлэхээр хүлээн зөвшөөрч харилцаж байсан үйл баримт тодорхой байхад шүүх хэргийн хүрээнд тогтоогдож буй үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу орон сууц, автозогсоолыг шилжүүлж өгсөн. Худалдан авагчийн зүгээс 727,000,000 төгрөгийг 100,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 427,000,000 төгрөг гэж 3 хувааж төлөх санал тавьсан. Үүнээс 100,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлсөн. Харин 2 дахь төлбөр болох 200,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн. Гэтэл талууд 200,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд төлнө, үлдэгдэл 427,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх байдлаар төлбөрийн хуваарийг тохирсон. Хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй бол Иргэний хуульд заасан анз буюу алданги тооцохоор тохирсон байсан. Анзын хэмжээ хоногийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэх хуулийн шаардлагыг бүрэн хангасан.

7.2. Хариуцагч тал орон сууцны талбайн м.кв-ын зөрүүний талаар ярьдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн орон сууцыг захиалгын гэрээгээр авсан учир тухайн хэмжээгээр нь хариуцагч талд худалдан борлуулсан. Мөн бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна гэж заасан. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш 2, 3 жил өнгөрсний дараа өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн орон сууцанд орж, гэрчилгээ нь гарсны дараа уг орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан атлаа одоо орон сууцны м.кв-ын зөрүүний талаар маргаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан алданги 360,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* байрны ******* давхрын ******* тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний төлбөрт илүү төлсөн 3,551,400 төгрөг, дутуу 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр ******* нь *******ээс 118м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг 662,000,000 төгрөг, ******* давхрын ******* тоот автозогсоолыг 65,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирчээ. Уг гэрээний дагуу 730,551,400 төгрөг төлж, орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээ авсан, харин автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч дээрх шаардлагын хариу тайлбартаа “...гэрчилгээ гараагүй байхад өгөлцөж, авалцсан, ...нөгөө компани дээр очиж байр болон автозогсоолыг хариуцагчийн нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг бичиж өгсөн, орон сууцны гэрчилгээ гарсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой тодорхой үйлдэл хийсэн гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт нийт 730,551,400 төгрөг төлж гэрээний үнээс 3,551,400 төгрөг илүү төлсөн гэж дүгнэсэн атлаа автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа баримтаар нотлоогүй, мөн автозогсоол хэний өмчлөлийн эд хөрөнгө болох, нэхэмжлэгч худалдан авсан, бусдад худалдан борлуулах эрхтэй талаар ямар нэг баримтгүй байна гэж дүгнэж, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Энэ дүгнэлтээс үзвэл анхан шатны шүүх гэрээний үнийг орон сууцны үнэ 662,000,000 төгрөг, автозогсоолын үнэ 65,000,000 төгрөг нийт 727,000,000 төгрөг гэж тодорхойлж, уг мөнгийг төлсөн гэж дүгнэсэн байна. 

Гэтэл хариуцагч нь гэрээний дагуу автозогсоолын үнийг бүрэн төлсөн үндэслэлээр уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан, уг  эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй гэх агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч гаргасан байхад анхан шатны шүүх маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрх хэний нэр дээр бүртгэлтэй болохыг тодруулаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээний үүрэг биелэгдэх боломжтой эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.         

3.2. Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээний дагуу 118м2 талбай бүхий орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй байтал улсын бүртгэлд бүртгүүлэхэд бодит байдалд 111.86м2 талбайтай болох нь тогтоогдсон үндэслэлээр хариуцагч нь зөрүү үнэ 34,446,443 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Дээрх орон сууцыг нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээдтэй байгуулсан “орон сууц захиалгын гэрээ”-гээр авч, тус гэрээг үндэслэн хариуцагчтай гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.

Талуудын гэрээ байгуулах үндэслэл болсон гэх *******ийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй байх ба уг гэрээ нь орон сууцны талбайн хэмжэээнд холбогдох маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болохоор байна.

4. Иймд анхан шатны шүүх талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,184,897 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                            Т.БАДРАХ

 

                                                                                                             Т.ГАНДИЙМАА