| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/07567/И |
| Дугаар | 210/МА2026/00305 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00305
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09326 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,885,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие ******* нь *******-ийн захирал бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 дугаартай хамтран ажиллах гэрээг *******-тай байгуулсан. Уг гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний зорилго нь Б талын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг А тал нь онлайнаар захиалга авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээг үзүүлэхэд оршино. А тал нь дистрибютерийн үйлчилгээний төлбөрийг тухайн сарын татан авалтын үнийн дүнгийн 15% (НӨАТ-гүй) тооцон сар бүр нэхэмжилнэ гэж заасны дагуу манай компани гэрээ байгуулснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмх нийлүүлсэн. Үүнээс хойш 3 сарын дараа *******-аас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,858,460 төгрөгийн буцаалт нийт 4,458,460 төгрөгийн тооцоо хийсэн. Үлдэгдэл 24,885,140 төгрөгийн тооцоог одоог хүртэл хийхгүй биднийг хохироож байна. *******-аас удаа дараа үлдэгдэл тооцоо хийхийг шаардсан боловч утсаа ч авахаа больсон. Иймд *******-аас үлдэгдэл 24,885,140 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. ******* болон манай компанийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь манай компанид гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд нийт 29,343,600 төгрөгийн өргөст хэмхийн төлбөрөөс 4,458,460 төгрөгийг манайх төлсөн бөгөөд үлдэгдэл 24,885,140 төгрөгийг өөр төрлийн тоног төхөөрөмжийн үнээр төлж барагдуулж, төлбөр тооцоо дууссан болно. Нэхэмжлэгч компанийн захирал ******* нь өөрийн хүүхэд болох *******эр дамжуулан манай *******-ийн ашиг сонирхол нэгтэй, нэг хувьцаа эзэмшигчтэй, хамаарал бүхий компани болох ******* тай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч *******-ийн захирал ******* нь өөрийн санхүү, мөнгөөр хамтын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжийг гаргах, харин манай хамаарал бүхий компани болох ******* нь хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах, ажлын байр, сав баглаа боодол, эргэлтийн хөрөнгө, ажиллагсдын багийг бүрдүүлэх зэрэг ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон байдаг. Гэтэл тухайн үед *******, ******* нарын зүгээс гаргасан тоног төхөөрөмж нь ажиллахгүй, дутуу бүрэн бус, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд тоног төхөөрөмжийг ажиллуулахын тулд шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, цахилгааны утас авах, засвар үйлчилгээ зэрэгт мөнгө хэрэгтэй болсон. Ингээд *******, ******* нарын зүгээс бид мөнгөгүй байна, танайх мөнгийг нь гаргачих, дараа нь тооцоог хийхдээ *******-аас танай хамаарал бүхий компани болох *******-д нийлүүлсэн барааны төлбөрөөс суутгаж тооцоо хийе гэсэн тул үйл ажиллагaaгaa явуулахын тулд тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай цахилгааны утас, засвар, сэлбэг, хэрэгслийн зардал, мөнгийг гаргаагүй бөгөөд уг зардлыг манай компанийн хамаарал бүхий компани буюу ******* гаргасан болно. Ингээд нэхэмжлэгч *******, түүний захирал *******, ******* нар нь тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай зардлыг өөрсдөөсөө гаргаагүй, уг зардлыг манай хамаарал бүхий компани болох ******* гаргасан тул талууд тохиролцсоноор *******-аас манай *******-д нийлүүлсэн бараа буюу өргөст хэмхийн үлдэгдэл тооцоо болох 24,885,140 төгрөгийг дээрх тоног төхөөрөмжийг засаж ажиллуулахад *******-аас гаргасан зардалд шилжүүлэн, тооцож суутган талуудын хооронд төлбөр тооцоо дууссан болно. Энэ талаар нэхэмжлэгч компанийн захирал ******* нь маш сайн мэдэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 24,885,140 төгрөг нь *******-аас тоног төхөөрөмж ажиллуулахад гаргасан зардалд харилцан суутгагдан тооцогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *******-аас 24,885,140 төгрөгийг гаргуулан *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 282,376 төгрөгийг гаргуулан *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ...29,000,000 төгрөгийн өргөст хэмх нийлүүлсэн гэх асуудлын хүрээнд манай байгууллага санхүүгийн баримтад аудит оруулж, мэргэжлийн аудитораар яг тухайн этгээдээс хэдэн төгрөгийн бараа авсан бэ гэдгийг агуулахын бүртгэлтэй тулган шалгуулсан. Аудитын дүгнэлтээр агуулахын бүртгэлд нийт 1,600,000 төгрөгийн бараа авсан нь харагдсан байна. Үүнээс тодорхой хэсгийг борлуулсан, үлдсэн хэсэг нь хугацаа нь дуусаагүй байхад муудсан гэх үндэслэлээр актлагдсан гэж тайлбарласан. Иймээс н.******* уг 29,000,000 төгрөг гэх тооцоог гаргасан боловч санхүүгийн баримтаар 1,600,000 төгрөгийн тооцоо харагдаж байна.
4.2. *******-ийн захирал *******ын хүү ******* нь манай компанитай ашиг сонирхол 1 бүхий хувьцаа эзэмшдэг компанийн нэр дээр гэрээ байгуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх, харин манай компанийг бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч ******* нь мөнгө байхгүй, тоног төхөөрөмж ажиллахгүй байна гэх шалтгаанаар төлбөр тооцоог хийхгүйгээр, дараа тооцоо хийж болно гэж удаа дараа хойшлуулсан. Үүний улмаас ******* нь 40,000,000 орчим төгрөгийг зөвхөн тоног төхөөрөмжийн зардалд гаргасан нөхцөл байдал үүссэн. Иймээс хариуцагч тал дээрх хоёр асуудал нь хоорондоо уялдаа холбоотой, нэг үндэслэлтэй гэж үзэж байгаа. *******тэй холбоотойгоор тооцоо хийгдээгүй, төлбөр төлөгдөөгүй тул 2025 оны 05 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд бөгөөд хариуцагч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, өмгөөлөгч авах, хэргийг танилцах, хариуцагч солих зэрэг үндэслэлээр хугацаа сунгасаар ирсэн. Хамгийн сүүлийн шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Тиймээс эдгээр, хоёр маргааныг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2023 оны 03 дугаар сард миний хүү чипсний тоног төхөөрөмж худалдах тухай зар байршуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч компанийн н.******* болон н.******* захирал нар холбогдож, уг тоног төхөөрөмжийг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал 10 гаруй төрлийн чипсний тоног төхөөрөмжийг 100,000,000-145,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгосон боловч хариуцагч тал мөнгө байхгүй, хамтран ажиллая гэх санал тавьсан. Үүний дараа компанийн удирдлагуудтай уулзалт хийхэд хариуцагч тал танайх тоног төхөөрөмжөө өгчих, манайх Баянгол дүүрэгт үйлдвэрийн байртай, 135,000,000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө, тоног төхөөрөмжийг бид ашиглаж үйлдвэрлэл явуулна гэх санал гаргасан. Мөн тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суурилуулах, ажиллуулах бүх зардал, инженер техникийн ажилтнуудыг өөрсдөө гаргаж, ашиг орлогыг 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон. Хариуцагч тал танайх тоног төхөөрөмжөө гаргачих, манайх үйлдвэрийн байр болон бусад бүх зардлыг хариуцна гэж тайлбарласан. Үүний дагуу талууд хуульд заасны дагуу гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний хүү уг компани нь хөдөө орон нутгийн 13 аймаг болон хотод бүтээгдэхүүн борлуулдаг, өмнө нь *******-д ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна гэж танилцуулсан. Мөн манай байгууллага Вьетнам улсаас гурван төрлийн өргөст хэмх импортлон сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулж байсан бөгөөд ижил барааг уг компанид нийлүүлсэн. Манайх барааг харьцангуй хямд нийлүүлдэг бөгөөд хариуцагч байгууллага 20 гаруй хувийн нэмэгдэлтэйгээр цааш нь худалдан борлуулдаг байсан. Үүнтэй холбоотойгоор *******-тай гэрээ байгуулж, бараагаа нийлүүлж эхэлсэн бөгөөд нийт 29,000,000 төгрөгийн барааг нэг дор нийлүүлж, *******-ийн агуулахад бүрэн хүлээлгэн өгсөн. Харин чипсний тоног төхөөрөмжийг ******* хүлээлгэн өгсөн. Үйл ажиллагаа эхэлсний дараа борлуулалтын орлого долоо хоногийн дараа буюу давтамжтай орж ирэх ёстой байсан. Гэвч хариуцагч тал төлбөрөө тогтмол хийлгүй, удаа дараа хойшлуулсан бөгөөд удаа дараа шаардаж байж нийт 1,600,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш мөнгө байхгүй гэх шалтгаанаар дахин төлбөр хийгээгүй. Үүний улмаас манай зүгээс бараа дуусаж байна, бараагаа буцаан авъя гэх шаардлага тавихад хариуцагч тал 2,000,000 гаруй төгрөгийн барааг буцаан өгсөн бөгөөд үлдсэн бүх барааг худалдан борлуулж дуусгасан. Гэтэл хариуцагч тал бараа аваагүй, өгөөгүй гэх мэт бодит байдалтай нийцэхгүй тайлбар хийж, өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай, ухамсартай компани гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Учир нь талууд хоорондоо гэрээ байгуулж, гарын үсэг зурж, хуулийн дагуу тохиролцоо хийсэн атлаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн чипсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хаана, ямар байршилд суурилуулж ашигласан нь тодорхой бус байгаа бөгөөд Нисэх, Яармаг чиглэлийн авто замын трассын орчимд байрлах үйлдвэрийн байранд байршуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед уг үйлдвэрийн тоног төхөөрөмж, утас, холболт зэрэг нэмэлт зардлууд нийлээд 30,000,000 орчим төгрөгийн өртөгтэйгөөр тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллуулсан гэж тайлбарласан. Түүнчлэн ******* нь манай хүүг хариуцагчаар татан, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах, ажиллуулахтай холбоотойгоор гарсан зардал хэмээн 40,000,000 гаруй төгрөгийг нэхэмжилсэн байна. Анхан шатны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манайх бусад компаниудын нэгэн адил бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, тооцоогоо хэвийн байдлаар хийж ирсэн. Бусад харилцагч компаниуд тооцоогоо хугацаанд нь хийдэг байсан бол хариуцагч компани мөнгөө төлдөггүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Ийм нөхцөл байдал 23 жилийн хугацаанд үргэлжилсэн тул өнгөрсөн жил үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн. Хариуцагч тал 1,600,000 төгрөгийн өргөст хэмх өгсөн гэх үндэслэлгүй тайлбар хэлж байна. Манай компани нь үүргээ биелүүлж, татвар, бусад зардлаа тогтмол төлж ирсэн бөгөөд зах зээлд бараа бүтээгдэхүүнээ аль болох хямд үнээр нийлүүлж ирсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,885,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
4. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгчийн зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг хариуцагч нь онлайнаар захиалга авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид өргөст хэмх нийлүүлсэн бөгөөд хариуцагч нь өргөст хэмхийг хүлээн авч, үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Тодруулбал, дээрх гэрээгээр хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэнээр гэрээний үнийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
4.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлож 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын баримт-ыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байх ба уг баримтад өргөст хэмх 720г, 3120 ширхэг, нэгжийн үнэ 3080, нийт үнэ 9,609,600 төгрөг, өргөст хэмх, Freshona 720г, 3120 ширхэг, нэгжийн үнэ 3300, нийт үнэ 10,296,000 төгрөг, өргөст хэмх 1,5 кг, 1560 ширхэг, нэгжийн үнэ 6050, нийт үнэ 9,438,000 төгрөг буюу нийт 29,343,600 төгрөг-ийн өргөст хэмхийг хүлээлгэн өгч, хүлээн авсан ******* гэж гарын үсэг зурагдсан, баримтад худалдан авагчийн нэрийг ******* гэжээ. /хх 41/
4.2. Мөн хариуцагч ******* нь *******-аас 29,343,600 төгрөгийн өргөст хэмх хүлээж авсан, 24,885,140 төгрөгийн өглөгтэй, уг төлбөрийг *******-аас манай *******-д нийлүүлсэн бараа буюу өргөст хэмхний үлдэгдэл тооцоо болох 24,885,140 төгрөгийг тоног төхөөрөмжийг засч ажиллуулахад *******-аас гаргасан зардалд шилжүүлэн, тооцож суутган талуудын хооронд төлбөр тооцоо дууссан гэж нэхэмжлэлийн шаардлага болох өргөст хэмхний үлдэх үнийг хүлээн зөвшөөрч энэ талаараа тайлбар гаргасан байх тул /хх 27-28/ хариуцагч нь тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.******* нь хөрөнгө завшсан байж болзошгүй талаар аудитын дүгнэлт гарсан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг Ц.******* хуурамчаар үйлдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь дээрх өргөст хэмхний үнэ 29,343,600 төгрөгөөс хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөгийг болон 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,858,460 төгрөгийн үнэ бүхий өргөст хэмхийг буцаасан тул үлдэх 24,885,140 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч ******* нь өргөст хэмхний үлдэгдэл тооцоо болох 24,885,140 төгрөгийг тоног төхөөрөмж засаж ажиллуулахад хариуцагчаас гарсан зардалд шилжүүлж, төлбөр тооцоо дуусгах талаар тохиролцоо хийсэн гэж маргах боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Түүнчлэн, хариуцагч талаас энэ гэрээний төлбөр тооцоо нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа хамтран ажиллах гэрээний үүрэгт харилцан тооцогдох ёстой тул хэргийг нэгтгэн шийдвэрлэх байсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно гэж заасан.
Гэтэл, хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/23195 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж авагдсан, уг захирамжид *******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 16,586,000 төгрөг гаргуулах, тоног төхөөрөмж хүлээн авахыг даалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх боловч хоёр өөр шүүхэд тусдаа шийдвэрлэгдэж байгаа хэргийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүх хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт өргөст хэмхний үлдэгдэл үнэ 24,885,140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН