Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 218/МА2026/00006

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/00010 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, *******д хариуцагдах хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Миний бие 2024 оны 02 сарын 06-нд 60-53 УБП улсын дугаартай Тоуоtа сгоwn маркийн автомашиныг 5,500,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх төлбөр 19,200,000 төгрөгийг Бичил глобус ББСБайгууллагаас зээл хийж нийтдээ 25,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнээс хойш би 2024 оны 11 сар хүртэл зээлийг нь төлж байсан. Гэтэл 2024 оны 11 сард ******* нь миний тус машиныг ..машинаа надад зарчих, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийг би 2 сарын хугацаанд шахаж төлөөд дуусгана. Машины чинь урьдчилгаанд 5,500,000 төгрөг өгье гээд гуйсаар байгаад машины эзэмшигчийг шилжүүлэхгүйгээр амаар гэрээ байгуулж аваад явсан бөгөөд 2,000,000 төгрөг л урьдчилгаанд төлөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхгүйгээр машиныг маань цаашид бусдад шилжүүлсэн байна. Одоо банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийг төлөхгүй удаашруулж анх тохирсон хугацаандаа зээлийг төлөөгүй өдийг хүрлээ. Банк бус санхүүгийн байгууллагаас төлбөрөө төлөхгүй байна гээд намайг шахаад байна. Би Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээг мөн *******д өгөөд явуулчихсан болохоор нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй байна. Автомашины бичиг баримт мөн ******* авч явсан бөгөөд нэр дээр маань эзэмшилтэй.

Иймд ******* би *******тэй 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Тоуоtа сгоwn маркийн автомашиныг худалдах, худалдах авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 01 сард анх энэ машиныг 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 5,500,000 төгрөгийн урьдчилгааг өгөөд 500,000 төгрөгөөр бичиг баримтаа янзалсан. 19,500,000 төгрөгийн лизинг хийж авсан. Түүнээс хойш би унаж байгаад 2024 оны 11 сарын 10-нд *******тэй аман гэрээ байгуулж зарсан. Зарахдаа бэлнээр 2,000,000 төгрөг авсан. Надад эхэлж ярихдаа би барилгын ажил хийж байгаа. Засал чимэглэл ахалж ажиллаж байгаа. Шахаад 2 сар болоод бүх мөнгийг нь төлнө тэгээд нэрээ шилжүүлнэ гэсэн аман гэрээгээр наймаа хийсэн. Түүнээс хойш 2, 3 сар болоод цалингийн зээл авах хэрэгтэй болоод авах гэсэн болохгүй байсан. Тэгэхээр нь би хэлсэн. Машиныхаа нэрийг шилжүүлмээр байна гэж хэлж байсан. Тэр цагаас хойш өдий хүртэл гуйж байна. Үүнийг үгүйсгэж ******* нь гуравдах этгээд Дэлгэрцогт сумын ******* гэдэг төлөөлөгчид машиныг зарсан байсан. Би утсыг нь олж аваад ийм учиртай, ингэсэн юм нэрийг нь шилжүүлж чадахгүй байгаа, гуравдагч этгээдэд зарах боломжгүй гэхэд энэ хүнээс мөнгийг нь өгч авсан. *******тэй хоорондоо учраа ол гэсэн. ******* нь дахин өөр хүнд зарсан байсан. Тэр нь яасан бэ гэхээр дахин мөнгө авсан. Миний нэрийг барьж намайг хохироож ашиг сонирхлыг маань хохироосон байна. Энэ хүнд зарснаасаа хойш зээл авч чадахгүй, зээлээ дарж чадахгүй байна. 2 жилийн зам ашигласны мөнгө болон торгуулийн мөнгө ирж байсан. Одоо энэ мөнгө он гараад өдрийн 1,100 төгрөгөөр өснө гэж байсан. Тийм болохоор энэ машиныг нэрийг шилжүүлэх хүсэлтэй байна. Ер нь бол хэл амгүй энэ машиныг миний нэр дээрээс салгаад аль гэж байгаа Хариуцагчийг энэ машиныг өөрийнхөө нэр дээр авч, банк бусаас миний нэрийг салгаад өгөөсэй гэж хүсэж байгаа гэв.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 10 сард ******* нь Тоуоtа сгоwn маркийн машин зарна гэхээр нь ямар нөхцөлөөр зарах эсэхийг нь асуухад машин банк бус, санхүүгийн байгууллагын зээлтэй байгаа, чи урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг төлөөд үлдэх зээлийг төлж дуусгаад нэрээ шилжүүлж ав гэсэн. Тэгэхээр би зөвшөөрөөд 2,000,000 төгрөгийг өгөөд банк бусын зээлийг 2024 оны 10 сараас 2025 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэл төлсөн. Тухайн үед 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн боловч үндсэн зээл, хүүтэйгээ 27,000,000 төгрөг төлөхөөр зээл байсан. Миний бие хэл амгүй, хүнийг зээлийн хар түүхтэй болгочихгүйг хичээж, сар бүрийн төлбөрийг нь төлсөөр байсан. Гэтэл 2025 оны 7 сард миний эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгээр явах болсон тул машиныг найз *******д хандан ажил хийх боломжгүй болж, зээлээ төлж чадахгүй байна, чи энэ машиныг авах уу гэхэд тэгье гэсэн. Ингээд би *******д өгсөн 2,000,000 төгрөгөө *******аас аваад, ******* зээлийг нь одоо хүртэл үргэлжлүүлэн төлөөд явж байгаа. Одоо болохоор ******* зээл чөлөөлж өг гээд шахаад байгаа. Анхнаасаа зээлээ төлж дуусгаад машины эзэмшлийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохирсон учраас би боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Болсон зүйл гэвэл ийм л юм болсон. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Бид худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Хаана, хэнтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. ******* нь Бичил глобус ББСБ-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол би хариуцагч биш. Банк бусын өмнө үүрэг хүлээсэн хүн нь *******, харин би машин эзэмшиж байгаагаараа, ямар нэгэн гэрээгүйгээр машиныг авснаараа төлбөрийг нь банк бусад төлж явна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

4.   Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гаас машин авсан нь үнэн. Миний хувьд ашиг хөөж зарсан зүйл байхгүй. Би боломжтой үедээ маш хурдан авахыг бодно гэж хэлсэн. Аваад сар гаран болж байхад миний бие өвдөж цахилгаан менингит гэдэг өвчтэй болсон. Ядрах, хүнд ажил хийхэд унаж ойчдог байсан. Би эмнэлэгт сар гаран хэвтсэн. 2024 оны 12 сараас авхуулаад хэвтсэн. Ажил хийж чадахгүй орлогогүй болсон. Энэ хүнийг хохироохгүй гэж 10 сарын турш, сар бүр 865,000 төгрөг төлсөн. Энэ хүнийг хохироож хар зээлд оруулахгүй юмсан гэж нэгнээс зээл хийж нэгэнд нь төлдөг байсан. 07 сарын 20-нд би ******* найздаа би энийг төлж чадахааргүй боллоо, чи авчхаач би 10 сар зээлийг нь төлсөн байгаа, 1,600,000 төгрөг өгчих гээд зарсан. Би эм тариа авах мөнгөгүй болоод өөрөө 10 гаран сая төгрөгөөр хохироод зарсан. Энэ хүнийг манай найз хохироогоогүй. Банк бусыг нь төлж байгаа. Бөөнд нь гаргаж чадахгүй байгаа. 7 бил үү 10 хоногийн өмнө ярихад зээлийн үлдэгдэл 9,800,000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Гаргаад авчих гэж хэлтэл арай их байна гэж хэлсэн. Би өөр хүнд машиныг зарж байгаа талаар *******д хэлж байсан. Дүү нь төлж чадахгүй, бие өвдөөд байна, арай хурдан зээл дарах хүнд өгье гэж хэлсэн. Тэгвэл сайн байна гэж хэлж байсан. Би хоёроос гурван удаа 1 хоног, нэг удаа 7 хоног хэтрүүлж байсан. Өөр хэтрүүлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

4. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар *******гийн *******гаас *******гийн *******д хариуцуулан гаргасан Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, машиныг миний нэр дээрээс шилжүүлж, зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбар: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч *******, хариуцагч Н.Эрдэнэсүрэн нар нь 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Тoyota crown маркийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа автомашиныг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлж, Н.Эрдэнэсүрэн нь 2.000.000 сая төгрөгийг *******д өгч. Бичил глобус финанс ББСБ ХХК-д *******гийн зээлийн үлдэгдлийг төлж дуусгаад уг тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийг Н.Эрдэнэсүрэнд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, машины бичиг баримтын хамт хариуцагч Н.*******д өгсөн, хариуцагч уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авсан, уг зээлийг хариуцагч үргэлжлүүлэн төлж байгаа, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, зохигчдын тайлбар, 2024 оны 2 сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл би зээлийг 2 сарын хугацаанд эргэн төлөлтийн наана төлж дуусгахаар тохиролцсон гэдгийг нэхэмжлэл болон тайлбартаа дурдаад байгаа. Тэр ч бүү хэл урьдчилгаанд төлбөр нь мөн дутуу 3 сая төгрөг байгааг ч анхаараагүй үлдээж байна. Мөн анхан шатны шүүх ... Бичил глобус финанс ББСБ ХХК-д С.*******гийн зээлийн үлдэгдлийг төлж дуусгаад уг тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийг *******д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, машины бичиг баримтын хамт хариуцагч *******д өгсөн, хариуцагч уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авсан, уг зээлийг хариуцагч үргэлжлүүлэн төлж байгаа гэж тайлбаруудыг гуйвуулан нь шийдэж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч үргэлжлүүлэн төлөхгүй байгаа нөхцөл байдлыг хэн аль нь хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл миний тус машиныг ******* өөр хүнд цааш нь дамжуулаад өгчихсөн. Тэр хүн нь машиныг унаж эдлээд, зээлийг төлж байгаа гэдгийг буруу тайлбарлаж байна. Миний машиныг зээлийг төлж байж эзэмшил өмчлөлд авахаар тохиролцсон юм бол ******* төлж дуусаагүй үедээ захиран зарцуулах эрх үүсэхгүй. Хүн өөрийн эд хөрөнгийг зөвхөн захиран зарцуулах эрхтэй байтал гэрээний үүргээ биелүүлээгүй үедээ тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн дараагийн этгээдийн хууль бус үйлдэл болоод татвар, торгууль, оношилгоо гэх мэт бүх зардлууд төлөгдөлгүй өдийг хүрч над дээр бүртгэгдэж над дээр татвар, торгууль нь бүртгэгдсээр байна. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн автомашиныг захиран зарцуулах эрх *******д үүсээгүй юм. Иймээс гарах бүх эрсдэл хэн үүрэх нь хууль бус үйлдлийн улмаас учирсан этгээдийн хариуцах зүйл болоод байгаа. Иймээс хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдэгдэх байтал эсрэгээр нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 30-ны өдрийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгох аль эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******д холбогдуулж авто машин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан. Уг авто машиныг ******* 2024 оны 10 сард авсан. ******* тухайн авто машины зээлийг төлж байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэгт заагдсан төлбөрийг өнөөдрийн байдлаар өдийг хүртэл төлж ямар нэгэн байдлаар үүргийн зөрчил гаргаагүй. Эдгээр хүмүүсийн хооронд авто машиныг шилжүүлж зээлийг тодорхой хугацаанд төлнө гэдэг байдлаар хэлцэл хийсэн зүйл байдаггүй. Зээлийг төлж дууссаны дараа авто машины нэрийг шилжүүлэх талаар тохиролцоо хийгдсэн. Ямар нэгэн байдлаар хэлцэл хийгдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай яригдах боломжгүй. ******* авто машиныг шилжүүлэн авч, зээлийг төлж байсан боловч 2025 оны 08 сараас эрүүл мэндийн байдлаас шалтгаалж зээлийг төлөх боломжгүй болсон тул төлбөр төлөх боломжтой найздаа авто машиныг шилжүүлсэн. Тухайн хүн зээлийг үргэлжлүүлэн төлж байгаа. Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 2,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн, банк бус санхүүгийн байгууллагад тухайн авто машины зээлийг төлж дуусгаснаар уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийг *******д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон талаар дурдсан. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байх боловч эдгээр хүмүүс амаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцогдохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдвол өгсөн, авсан зүйлсээ буцааж өгөх нөхцөл байдал үүснэ. ******* гэдэг хүн машинаа буцааж авсан тохиолдолд *******гийн 1 жил гарангын хугацаанд төлсөн төлбөрийг буцааж өгөх асуудал яригдана. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцохуйц нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 02 сарын 06-нд 60-53 УБП улсын дугаартай Тоуоtа сгоwn маркийн автомашиныг 5500000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх төлбөр 19200000 төгрөгийг Бичил глобус ББСБайгууллагаас зээл хийж нийтдээ 25800000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнээс хойш би 2024 оны 11 сар хүртэл зээлийг нь төлж байсан. Гэтэл 2024 оны 11 сард ******* нь миний тус машиныг ..машинаа надад зарчих, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийг би 2 сарын хугацаанд шахаж төлөөд дуусгана. Машины чинь урьдчилгаанд 5500000 төгрөг өгье гээд машины эзэмшигчийг шилжүүлэхгүйгээр амаар гэрээ байгуулж аваад явсан бөгөөд 2000000 төгрөг л урьдчилгаанд төлөөд үлдэгдэл 3000000 төгрөгийг өгөхгүйгээр машиныг маань цаашид бусдад шилжүүлсэн байна. ... Иймд *******гийн ******* би *******гийн *******тэй 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Тоуоtа сгоwn маркийн автомашиныг худалдах, худалдах авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь 2024 оны 10 сард ******* нь Тоуоtа сгоwn маркийн машиныг зарна. Машин банк бус, санхүүгийн байгууллагын зээлтэй байгаа, чи урьдчилгаанд 2000000 төгрөгийг төлөөд үлдэх зээлийг төлж дуусгаад нэрээ шилжүүлж ав гэсэн. Тэгэхээр би зөвшөөрөөд 2000000 төгрөгийг өгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг 2024 оны 10 сараас 2025 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэл төлсөн. ... Гэтэл 2025 оны 7 сард миний эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгээр явах болсон тул машиныг найз *******д шилжүүлж, *******д өгсөн 2000000 төгрөгөө *******аас аваад, ******* зээлийг нь одоо хүртэл үргэлжлүүлэн төлөөд явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Бид худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй... ******* нь Бичил глобус ББСБ-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол би хариуцагч биш. Банк бус санхүүгийн байгууллагын өмнө үүрэг хүлээсэн хүн нь *******, харин би машин эзэмшиж байгаагаараа, ямар нэгэн гэрээгүйгээр машиныг авснаараа төлбөрийг нь банк бусад төлж явна. гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдааны явцад өөрчилсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 60-53 УБП улсын дугаартай Тоуоtа сгоwn маркийн автомашиныг худалдсан аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар анх шаардсан бол шүүх хуралдааны явцад хариуцагч *******г маргаан бүхий автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авах буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь анх гаргасан шаардлагаас эрс зөрүүтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, өөрчилсөн агуулга бүхий шаардлагыг бичгийн хэлбэрээр гаргуулалгүй, хариуцагч талд гардуулах, хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх хугацаа олголгүйгээр эрс зөрүүтэй 2 шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг анхаарахаас гадна хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх дээрх үүргээ гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчих үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА

 

 

 

 

ДАРГАЛАГЧ