Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 710

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Бт холбогдох эрүүгийн 1905016120671 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, М.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 дугаар гудамж 91 тоотын гадна байрлуулсан иргэн М.М-ын эзэмшлийн 13-61 УБЭ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашины 2 ширхэг хажуугийн толийг хугалж гэмтээсний улмаас 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр найз Г 18 цагийн үед миний дугаар луу залгаад ганц юм аваад зурагтын хуучин  эцсийн хажуудах нийтийн байранд хүрээд ир гэж дуудахаар нь би уг дуудсан нийтийн байранд 0,75 литрийн хэмжээтэй хар экс гэдэг архи аваад очсон. Нийтийн байранд Г, Г тэгээд нэг залуу, 3 хүүхэнтэй 4 шил архи хувааж уусан. Тэгээд бид хэд гарч яваад Г бид хоёр буцаж ирээд нөгөө айл руу ороход нэг эрэгтэй урдаас орилоод ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь явъя гээд гарахад Г нөгөө залууг дуудаад ир гэхээр нь ороход нөгөө залуу эмэгтэйчүүдийн ардаас орилоод байхаар нь гарч ирээд хашаа руу шээж байхад миний куртикнээс нэг эмэгтэй зуураад авахаар нь гарыг нь тавиулж түлхчихээд цаашаа автомашины зам руу гүйгээд такси бариад явсан. Би ямар хэрэг үйлдсэнээ мэдэж байна гэхдээ машины толь хугалж байх үеэ сайн санахгүй байна би согтуу байсан. Машины жолоочтой маргалдаад согтуу, уурандаа түүний машины 2 толийг хугалсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29, 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.М-ын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Бадамцэцэг 4 танихгүй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би буцаад машиндаа сууж байрны эзэн Мэндээ гэх хүнийг дуудаад архи ууж байсан хүмүүсийг байрнаас гаргуулсан. Тэгээд тэр хүмүүс яваад би гэрлүүгээ орсон. Орой 21 цаг өнгөрч байх үед 2 залуу эргэж орж ирэхдээ тамхитай гэрт орж ирлээ тамхиа гадаа гарч тат гээд гаргасан боловч эргэж үүдээр шагааснаа гараад ир гэж намайг дуудаж байснаа гараад явсан. Манай хөрш Бямбачимэг бие засах гээд явж байхдаа миний машины толийг нэг залуу сууриар нь хугалж байхад хараад очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад авахад гичий минь гээд цохиод унагаагаад газар унасан байхад нь өшиглөсөн гээд манайд хувцас нь шороо болж нүүр нь ам нь урагдсан үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Машиныхаа толийг хугалуулсныхаа дараа 2 өндөртэй толийг нь би 650.000 төгрөгөөр авч засаж янзалсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-ийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 21:30 цагийн үед бие засах гээд явж байхад манай нийтийн байрны хашааны гадаа байх 13-61 УБЭ гэсэн улсын дугаартай автомашин зүүн гар өндөртэй толийг бор царайтай 170 см орчим өндөртэй туранхай залуу хугалчихаад урд талаар цаашаа явж байхыг хараад би угтуулж урдаас нь гүйж очиж хувцасны ард өндөртэй хэсгээс бариад чи болиочээ яаж байгаа юм бэ гэхэд гичий минь чамд ямар хамаатай юм гээд хувцаснаас тавь гээд үснээс зулгааж чирээд өшиглөж толгой руу цохиход би нүүрээ дараад өөрийгөө хамгаалсан боловч үргэлжлүүлэн намайг цохиод би тэр залуугийн хувцсыг тавиад гэрлүүгээ орчихоод хөрш М-ын гэрлүү ороод машины чинь 2 өндөртэй толийг хуга цохьчихлоо гэж хэлээд М-ын хамт гэрээс нь гараад машин дээр нь очоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,  

 

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 7-9/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 25/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 дугаар гудамж 91 тоотын гадна байрлуулсан иргэн М.М-ын эзэмшлийн 13-61 УБЭ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашины 2 ширхэг хажуугийн толийг хугалж гэмтээсний улмаас 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Бийн “...Машины жолоочтой маргалдаад согтуу, уурандаа түүний машины 2 толийг хугалсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.М-ын “...Манай хөрш Бямбачимэг бие засах гээд явж байхдаа миний машины толийг нэг залуу сууриар нь хугалж байхад хараад очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад авахад гичий минь гээд цохиод унагаагаад газар унасан байхад нь өшиглөсөн гээд манайд хувцас нь шороо болж нүүр нь ам нь урагдсан үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Б-ийн “...13-61 УБЭ гэсэн улсын дугаартай автомашин зүүн гар өндөртэй толийг бор царайтай 170 см орчим өндөртэй туранхай залуу хугалчихаад урд талаар цаашаа явж байхыг харсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 62 дугаар талд хохирогч М.М-ын “...хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн  тусгай агийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ