| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/05546/И |
| Дугаар | 210/МА2026/00328 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00328
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/011051 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч *******ыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар Ховд аймгийн шуудан үйлчилгээний газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж хангалтгүй гэж дүгнэсэн тул онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгох тухай мэдэгдсэн. Улмаар захирлын зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т е дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаар хүлээн авсан.
Нэхэмжлэгчийн зүгээс ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал байхгүй, Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын орлогын төлөвлөгөө 2024 онд 86,6 хувийн биелэлттэй. Логистикийн орлого 18,000,000 төгрөгөөр тасарсантай буюу Ховд аймгийн ******* сумын******* бүрэгтэй төслийн геологи хайгуулын ажил иргэдийн эсэргүүцлийн улмаас зогссонтой шууд холбоотой байдаг.
Мөн зардлын төлөвлөгөө 103,2 хувийн гүйцэтгэлтэй 65,043,000 төгрөгөөр хэтэрсэн бөгөөд энэхүү хэтэрсэн зардлын 33,200,000 төгрөг нь 2023 онд олгох байсан тэтгэмжийн зардал он дамжиж 2024 онд санхүүжилт орсон, 2024 оны зардлын төлөвлөгөөнд тусгагдаагүй ******* ХК-ийн сургалтын нэг баг, нэг зорилго багийн сургалтын үйл ажиллагаанд сумын шууданчдын ирэх очих унаа, хоолны зардалд 27,651,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал 29,976,000 төгрөгөөр хэтэрсэнтэй шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс шууд хамаарах нөхцөл байдлаар гэрээний биелэлт хангагдаагүй биш, дээрх хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг харгалзан үзэлгүй хангалтгүй үнэлгээ өгч үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Иймд ******* ХК-ийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *******ыг ажлаас чөлөөлөх тухай ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргаар ажилласан бөгөөд 2021 оноос эхлэн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж ирсэн. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т захирлуудын зөвлөлийн хурлаар гэрээний биелэлтийг 100 хүртэл оноогоор дараах байдлаар дүгнэнэ. Үүнд: ...с.70 болон түүнээс доош оноо авсан бол хангалтгүй, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т энэхүү гэрээ нь дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно, е. ШҮГ-ын дарга энэхүү гэрээний 9.3 дахь хэсэгт заасны дагуу 70-аас доош хувиар үнэлэгдсэн гэж тус тус заасан бөгөөд гэрээний хавсралтаар гэрээний шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага, авах оноо зэргийг нэг бүрчлэн тодорхой заасан.
2025 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ******* ХК-ийн 21 аймгийн шуудангийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, бүх аймгийн дарга нарын гэрээг дүгнэж танилцуулсан. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга ******* оролцоогүй тул 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цахимаар захирлын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, гэрээний биелэлт дүгнэлтийг танилцуулж үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан мэдээтэй танилцсан. Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ эдийн засаг бизнесийн үйл ажиллагаанд 8.8 оноо, санхүүгийн үзүүлэлт 8 оноо, дотоод шуудан, логистикийн үйл ажиллагаанд 10.2 оноо, улс хоорондын шуудангийн үйлчилгээнд 7.9 оноо, удирдлага, менежментэд 8 оноо, мэдээллийн технологийн үзүүлэлтэд 5 оноогоор тус тус үнэлэгдэж нийт 46.9 оноо буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн.
Нэхэмжлэлд дурдсан логистикийн орлого тасарсантай холбоотойгоор орлогын төлөвлөгөөг биелүүлж чадаагүй, өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдал байсныг хурлын үеэр нотлон тайлбарлаагүй. Мөн зардлын төлөвлөгөө байгууллагын Нэг баг, нэг зорилго сургалтын үйл ажиллагаанд 27,651,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал 29,976,000 төгрөгөөр хэтэрсэн нь өөрөөс үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан гэх боловч 2024 оны гүйцэтгэлийн тайлан мэдээнээс үзэхэд сургалтын зардалд 3,265,200 төгрөгийг төлөвлөөгүй зардалд оруулж тооцсон, гэрээний дүгнэлтээр зардлын үзүүлэлт дээр 5 онооноос 3 оноогоор үнэлэгдсэн. Гэрээний үнэлэлт хангалтгүй үнэлэгдэхэд гол шалгуур үзүүлэлт болох орлогын төлөвлөгөөг биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр бага оноог өгч үнэлсэн. Хэрэв нэхэмжлэгч нь гэрээний үнэлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол тухайн үед тайлбар, холбогдох баримтуудыг өгөх ёстой байсан ч гэрээний үнэлэлтийг хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирлын зөвлөлийн гишүүдээс хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №05/165 тоот албан бичгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, ажлаас чөлөөлсөн.
Иймд гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, талуудын хооронд байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний дагуу гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХК-д холбогдох, ******* ХК-ийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Гэрээгээр тогтоосон шалгуур үзүүлэлт нь ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх үндэс болдог. Гэтэл гэрээний шапгуур үзүүлэлт нь гэрээнд үнэлгээ хийсэн үзүүлэлтээс илтэд зөрсөн бөгөөд гэрээнд тусгагдаагүй үзүүлэлтээр үнэлгээ байгааг шүүхээс дээрх үйл баримтыг анхаараагүй. Тухайлбал, ШҮГ-ын даргатай 2024 онд байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний шалгуур үзүүлэлтүүд нь тухайн гэрээг дүгнэсэн гүйцэтгэлийн үнэлгээтэй тохирохгүй байдаг. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үзүүлэлтэд зардлын үзүүлэлтийн дээд оноо 3 байхаар заасан. Гэрээний дүгнэлт дээрх (Үнэлгээний хүснэгт) баганын толгой хэсэгт 5 оноо гэж тэмдэглэгдсэн. Орон нутгийн үйл ажиллагаа гэрээний шалгуур дээр 3 өөр үзүүлэлтээр (4+4+4) нийт 12 оноо байхаар заасан боловч гүйцэтгэлийн хүснэгт дээр 2 багана болгон нэгтгэж (5+5) нийт 10 оноо болгосон байна. Мөн гэрээний шалгуур дээр санхүүгийн тайлагнал үзүүлэлтийг 3 оноо гэж заасан боловч 2 оноогоор үнэлсэн ба шалгуур дээр орлогын төвлөрүүлэлтийг 4 оноотой тусдаа үзүүлэлт байхаар заасан боловч үнэлгээний хүснэгтэд энэ нэршлээр тусдаа багана байхгүй.
Түүнчлэн, эдийн засаг, бизнесийн үзүүлэлт болон санхүүгийн үзүүлэлтүүдэд зардлын төлөвлөгөөний биелэлт хэсгийг давхардуулан үнэлэхээр заасан зардлын төлөвлөгөө тасарсан ганцхан шалтгаанаар хоёр өөр үзүүлэлтээс оноо хасагдаж, ажилчны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Гэрээний шалгуур үзүүлэлт үнэлгээний хүснэгттэй зөрүүтэй байх бөгөөд гэрээний шалгуур үзүүлэлтэд тусгагдаагүй үзүүлэптээр үнэлгээ өгсөн зэргээр хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцох зарчмыг зөрчиж, ажилтан гэрээнд зааснаас өөр шалгуураар үнэлэгдсэн нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь ажилтны хууль ёсны эрхийг зөрчиж, хууль тогтоомжинд баталгаатай эрхийг хамгаалахгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үзүүлэлтээс өөрөөр үнэлж хөдөлмөрийн гэрээг хууль бусаар хэрэгжүүлж байгаа нь *******ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус шийдвэр болоход нөлөөлсөн.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаас гадна дараах ажил олгогч санаачлан цуцалж болох үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 65.4.1-д ...хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн... гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн ямар ч нөхцөл байхгүй. Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын орлогын төлөвлөгөө 19,843,000 төгрөгөөр дутуу биелэлттэй байсан нь логистикийн орлого 18,000,000 төгрөгөөр тасарсантай буюу Ховд аймгийн ******* сумын Халзан Бүрэгтэй төслийн геологи хайгуулын ажил иргэдийн эсэргүүцлийн улмаас зогссонтой шууд холбоотой. Мөн зардлын төлөвлөгөө 5,010,000 төгрөгөөр хэтэрсэн бөгөөд энэхүү хэтэрсэн зардлын 3,820,000 төгрөг нь 2023 онд олгох байсан тэтгэмжийн зардал он дамжиж 2024 онд санхүүжилт орсон, 2024 оны зардлын төлөвлөгөөнд сургалтын зардал 1,355,000 төгрөг байхаар тусгагдсан ч ******* ХК-ийн сургалтын Нэг баг, нэг зорилго багийн сургалтын үйл ажиллагаанд сумын шууданчдын ирэх очих унаа, хоолны зардал, гарын бэлэг зэрэгт 3,265,227 төгрөг зарцуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн татварын зардалд өмнөх 2023 оны ҮХЭХ-н татварыг мөн төлж нийт 3,037,668 төгрөгөөр хэтэрсэнтэй шууд холбоотой байна. Энэ нь санхүү байдлын тайлан түүний хавсралт, Ховд аймгийн шуудан үйлчилгээний газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан зэргээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шууд хамаарах нөхцөл байдлаар гэрээний биелэлт хангагдаагүй биш, дээрх хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг харгалзан үзэлгүйгээр хангалтгүй үнэлгээ өгснөөр үндэслэлгүйгээр ажлаас халсан.
4.3. Ажил олгогчоос аймгуудын дарга нарыг дундаас нь сугалж зарим аймгуудын дарга нарын гэрээг сунгасан боловч зарим аймгуудын шуудангийн үйлчилгээний газрын дарга нартай байгуулсан гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон. Мөн ажлаас чөлөөлсөн, хангалтгүй үнэлэгдсэн үндсэн шалтгааны зардлын төлөвлөгөөний хэтрэлт гэж тайлбарлаж байгаа боловч зардлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдзэ дүгнэлтийг аймаг бүрт өөр өөрөөр оноожуулсан. Тухайлбал, Багануур дүүрэг гүйцэтгэлийн хувь 100.72 хувь байгаа боловч 3 оноо, Баян-Өлгий аймаг гүйцэтгэлийн хувь 111.70 хувь байгаа боловч 1 оноо, Говьсүмбэр аймаг гүйцэтгэлийн хувь 100.82 хувь байгаа боловч 3 оноо, Дорноговь аймаг гүйцэтгэлийн хувь 100.95 хувь байгаа боловч 3 оноо, Завхан аймаг гүйцэтгэлийн хувь 135.94 хувь байгаа боловч 3 оноо авсан байна. Ийнхүү ялгавартайгаар гэрээг дүгнэж шийдвэрлэсэн нь бодит үнэлгээ дээр зарим аймагт ямар шалгуураар оноо өгөөд, заримд нь өгөхгүй байгаа нь тодорхойгүй байх бөгөөд илэрхий тэгш бус хандсан.
Ажил олгогч нь дээрх үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх болох 5.1.1-д үл ялгаварлан гадуурхах зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 12.2.1-д зааснаар хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх ёстой. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх журмыг баримтлаагүй бөгөөд ажил олгогчоос гаргаж өгсөн баримт нь үнэн зөв эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байхад нотлох баримтаар үнэлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2024 оноос хойш хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулж ажилласан. Улмаар 2021 онд 70,2 оноо, 2022 онд 80,4 оноо, 2023 онд 63,3 оноо, 2024 онд 46,9 оноо буюу маш хангалтгүй үнэлэгдсэн. Нэхэмжлэгч 2023 онд хангалтгүй үнэлэгдсэн боловч ажил олгогчийн зүгээс боломж олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо дурдаж буй ажил олгогчийн гаргасан шийдвэрийг ойлгоогүй, үнэлгээний талаар тайлбарлаагүй гэх тайлбарууд үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй 2024 оны 04 дүгээр сарын 01 болон 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэрээ байгуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хавсралтад бичигдсэн үнэлгээний үзүүлэлт адил байдаг. Харин эдийн засгийн үзүүлэлт 45 оноо, санхүүгийн үзүүлэлт 15 оноо буюу нийт 65 оноо нь дотроо задрахдаа үзүүлэлтүүдээс шалтгаалж 1-2 оноо дээш, доош орох асуудал байдаг. Гэхдээ бүх аймгуудын дарга нарын гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гэрээний шалгуур үзүүлэлтүүд ижил байгаа учир шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь зөв гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хавсралт дээрх нарийвчилсан задаргаатай шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн. Түүнээс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний шалгуур үзүүлэлтээс зөрсөн асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс ийм байдлаас шалтгаалж хэдэн оноо нэмэгдэх ёстой байсан гэх талаарх үндэслэл, тайлбар хэлдэггүй. Ажил олгогчийн зүгээс хэрэв нэхэмжлэгчийн үнэлгээ дээр оноо нэмэгдэх боломжтой байсан тохиолдолд 1-2 онооны асуудал яригдана. Нэхэмжлэгчийн үнэлэгдсэн 46,9 оноо нь 70 онооноос дээш гарах үндэслэл бүхий шалтгаан байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж ямар нэгэн байгууллагыг дурдаж, тухайн байгууллага гэрээгээ цуцалсантай холбоотой болон гэрээний үүрэг биелэхгүй байгаатай холбоотой нотлох баримтуудыг өгдөг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь нэг харилцагчийн гэрээ зогсож болох боловч энэ талаарх асуудалд удирдлагын зүгээс хариу арга хэмжээ авах, үйл ажиллагаа явагдаагүй тохиолдолд зардал хэмнэгдэнэ. Бусад үйлчилгээний орлого эсвэл бусад үйл ажиллагааны хүн хүч, зардлаа зөв зүйтэй хуваарилах ёстой. Өөрөөр хэлбэл, нэг харилцагчийн гэрээ хэрэгжихгүй байгаа асуудалд ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.
Нэхэмжлэгч ялгаварлан гадуурхсантай холбоотой асуудлуудын талаар дурддаг. Ялгаварлан гадуурхах гэдэг нь ноцтой асуудал бөгөөд хэрэв тийм асуудал гарсан тохиолдолд тухайлан нэр дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргах эрхтэй байсан. Бусад хангалтгүй үнэлэгдсэн аймгуудын хувьд тухай бүрд холбогдох арга хэмжээнүүд авагдсан буюу ажлаас чөлөөлөгдөх хүмүүс чөлөөлөгдсөн учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдаж буй Багануур дүүрэг, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Завхан аймаг гэх үнэлгээнүүд зөрүүтэй байна. Тодруулбал, Багануур дүүргийн үнэлгээ гэх үнэлгээ нь Баян-Өлгий аймгийн үзүүлэлт байдаг. Харин Дархан, Дорнод, Говьсүмбэр аймгийн үнэлгээнүүд нь Дархан аймгийн үзүүлэлт байдаг. Завхан аймгийн үзүүлэлт гэдэг нь Орхон аймгийн үзүүлэлт байдаг. Эдгээр үзүүлэлтүүд тухайн аймгийнхаа үнэлгээ дээр үндэслэл бүхий шалтгаан нөхцөлүүдээр үнэлэгдсэн. Жишээлбэл, Дархан болон Орхон аймагт 40-50 жил хийгдээгүй их засварын ажил хийгдэж байгаа учир түүнтэй холбоотой зардлын бичилтүүд хийгдсэн тул тохирох үнэлгээнүүдийг өгсөн. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралд биечлэн оролцож өөрийн үнэлгээтэй танилцаж, үнэлгээний талаар ямар нэгэн маргаан байхгүй гэх талаар хэлж байсан.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал болон холбогдох гэрээг үнэн, зөв үнэлж дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-ийн Ховд аймгийн шуудан үйлчилгээний газрын даргаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллаж байсан бөгөөд тус компанийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот тушаалаар *******ыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /1-р хх 12, 57-58/
3.2. Уг тушаалд *******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, ******* ХК-ийн гүйцэтгэх захирлаас аймгийн шуудангийн үйлчилгээний салбарын даргатай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтын е дэх хэсэгт заасан гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж 46.9 оноо авсан тул 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн гэжээ.
3.3. ******* ХК-ийн гүйцэтгэх захирал нь *******тай 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК-ийн гүйцэтгэх захирал нь тус ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлангийн байдлаарх нийт 272,307,468.66 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, жил бүр жилийн эцсийн тайлан тэнцлийн дүнгээр хөрөнгийг баталгаажуулж гэрээний сунгалтад тусгах, шуудангийн үйлчилгээний газрын даргад цалин хөлс, бусад шагнал урамшууллыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгох, шуудангийн үйлчилгээний газрын дарга нь хууль, дүрмийн хүрээнд харьяа шуудангийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж хауйн менежментийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарыг өндөр төвшинд хүргэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгах, өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд хийж гүйцэтгэх, харьяа шуудангийн үйлчилгээний газрын эд хөрөнгийг гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрх үүргийг хэрэгжүүлэх, гэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар тохиролцсон. Иймд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 5-9/
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.Талуудын байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний 9.3-т захирлуудын зөвлөлийн хурлаар гэрээний биелэлтийг 100 хүртэл оноогоор дараах байдлаар дүгнэнэ. Үүнд: а/.91-100 оноо авсан бол сайн, в/. 71-90 оноо авсан бол хангалттай, с/.70 болон түүнээс доош оноо авсан бол хангалтгүй гэж үзэхээр, мөн гэрээний 8.2 е-д ШҮС-ын дарга нь энэхүү гэрээний 9.3-т заасны дагуу 70-аас доош хувиар үнэлэгдсэн бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж тус тус тохиролцсон байна.
4.1. Мөн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн онцгой нөхцөл бүхий гэрээний хавсралтаар ШҮГ-ын дарга /дарга/-тай 2024 онд байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний шалгуур үзүүлэлтүүдийг баталсан ба уг шалгуур үзүүлэлтүүдэд тухайн шуудан үйлчилгээний газрын эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд, дотоод шуудан логистикийн үйл ажиллагаа, улс хоорондын шуудангийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, мэдээлэл технологийн үзүүлэлт, удирдлагын менежмент гэсэн үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлсон. /хх-ийн 5-11/
4.2. Хэргийн баримтаар Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2024 оны орлогын болон зардлын төлөвлөгөө, 2024 оны үйл ажиллагааны тайлан зэрэг баримтаас үзэвэл 2024 оны зардлын төлөвлөгөөг 201,950,000 төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 206,960,000 төгрөгийн зардал гарган 5,010,000 төгрөгөөр хэтрүүлсэн, 2024 оны орлогын төлөвлөгөөг 147,600,000 төгрөг гэж төлөвлөснөөс 127,557,000 төгрөгийн орлого болж, 19,843,000 төгрөгөөр дутуу биелүүлсэн, 2024 оны 54,350,000 төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөснөөс 79,203,000 төгрөгийн гүйцэтгэн гарснаар 24,853,000 төгрөгийн алдагдал хүлээж эдийн засгийн үзүүлэлтээр үр дүнгүй ажилласан болох нь тогтоогдсон. /хх-ийн 39-42, 200-206/
4.3. Түүнчлэн, ******* ХК-ийн 21 аймгийн шуудангийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж аймгуудын шуудан үйчилгээний газруудын 2024 оны үйл ажиллагааны ажлын тайланг хэлэлцэн онцгой нөхцөл бүхий гэрээг дүгнэсэн байна. Тус зөвлөгөөнд нэхэмжлэгч оролцоогүй тул ******* ХК-ийн захирлын зөвлөлийн хурыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны зохион байгуулж, нэхэмжлэгчийг цахимаар оролцуулсан. Уг хурлаар Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан, тус аймгийн даргатай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэн гэрээний үзүүлэлт 46.9 хувь буюу хангалтгүй үнэлэгдсэн талаар танилцуулж, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
4.4. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь эдийн засаг бизнесийн үйл ажиллагааны үзүүлэлтээр 45 оноо авахаас 8,8 оноо, санхүүгийн үзүүлэлтээр 15 оноо авахаас 8 оноо, дотоод шуудан логистикийн үйл ажиллагааны үзүүлэлтээр 15 оноо авахаас 10,2 оноо, улс хоорондын шуудангийн үйл ажиллагааны үзүүлэлтээр10 оноо авах ёстойгоос 7,9 оноо, удирдлагын менежментийн үзүүлэлтээр 10 оноо авахаас 7 оноо, мэдээлэл технологийн үзүүлэлтээр 5 оноо авахаас 5 оноо авч, нийтдээ 46,9 хувийн үнэлгээтэйгээр дүгнэгдсэн үйл баримт тогтоогдсон. Улмаар нэхэмжлэгчид 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 31-32, 36, 124-128/
4.5. Талууд гэрээний биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж 46.9 хувийн үнэлгээ авсан тул хариуцагч байгууллагын зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь гэрээний 8.3, 9.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1-д заасныг зөрчөөгүй байна.
4.6. Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул тэдгээрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасны дагуу дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь зөв.
4.7. Иймээс хариуцагч байгуулллагын ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан хугацааны дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор шүүхэд хандсан үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт зөв байв.
6. Нэхэмжлэгч нь ...гэрээний шалгуур үзүүлэлт нь гэрээнд үнэлгээ хийсэн үзүүлэлтээс илтэд зөрүүтэй бөгөөд гэрээнд тусгагдаагүй үзүүлэлтээр үнэлгээ байгааг шүүх анхаараагүй. Тухайлбал, ШҮГ-ын даргатай 2024 онд байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний шалгуур үзүүлэлтүүд нь тухайн гэрээг дүгнэсэн гүйцэтгэлийн үнэлгээтэй тохирохгүй байдаг. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үзүүлэлтэд зардлын үзүүлэлтийн дээд оноо 3 байхаар заасан. Гэрээний дүгнэлт дээрх (Үнэлгээний хүснэгт) баганын толгой хэсэгт 5 оноо гэж тэмдэглэгдсэн. Өөрөөр хэлбэл, 3 өөр үзүүлэлтээр (4+4+4) нийт 12 оноо байхаар заасан боловч гүйцэтгэлийн хүснэгт дээр 2 багана болгон нэгтгэж (5+5) нийт 10 оноо болгосон байна. Мөн гэрээний шалгуур дээр санхүүгийн тайлагнал үзүүлэлтийг 3 оноо гэж заасан боловч 2 оноогоор үнэлсэн ба шалгуур дээр орлогын төвлөрүүлэлтийг 4 оноотой тусдаа үзүүлэлт байхаар заасан боловч үнэлгээний хүснэгтэд энэ нэршлээр тусдаа багана байхгүй... гэх агуулга бүхий гомдол гаргасан.
6.1. Хэргийн баримтаас үзвэл, талууд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шуудан үйлчилгээний газрын дарга /менежер/-тай байгуулан онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон. Уг гэрээний хавсаралтад бичигдсэн шалгуур үзүүлэлт адил боловч эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлт задрахдаа шалгуур үзүүлэлтүүд нэгтгэгдэж орсон байна. Иймд хариуцагчийн ...нэхэмжлэгч нь 2023 онд 63,3 оноо, 2024 онд 46,9 оноо буюу маш хангалтгүй үнэлэгдсэн. Тэрээр 2023 онд хангалтгүй үнэлэгдсэн боловч ажил олгогчийн зүгээс боломж олгож 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр онцгой нөхцөл бүхий гэрээг байгуулж, уг гэрээг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хавсралтад бичигдсэн үнэлгээний үзүүлэлт адил байдаг. Харин эдийн засгийн үзүүлэлт 45 оноо, санхүүгийн үзүүлэлт 15 оноо буюу нийт 65 оноо нь дотроо задрахдаа үзүүлэлтүүдээс шалтгаалж 1-2 оноо дээш, доош орох асуудал байдаг. Гэхдээ бүх аймгуудын дарга нарын гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гэрээний шалгуур үзүүлэлтүүд нь ижил байгаа учир бүх аймгуудад ижил шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь зөв гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хавсралт дээрх нарийвчилсан задаргаатай шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн болохоос гэрээний шалгуур үзүүлэлт зөрүүгүй... гэх тайлбар үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч нь ...ажил олгогчоос аймгуудын дарга нарыг дундаас нь сугалж зарим аймгуудын дарга нарын гэрээг сунгасан боловч зарим аймгуудын шуудангийн үйлчилгээний газрын дарга нартай байгуулсан гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон. Энэ нь ялгавартайгаар гэрээг дүгнэж шийдвэрлэсэн... агуулга бүхий гомдол гаргасан.
7.1. Хариуцагч нь ...70 онооноос доош үнэлгээтэй тухайн жилд бүтэн ажилласан аймгийн дарга нар нэхэмжлэгчийн адил ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ гэрээний үзүүлэлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх санхүүгийн үзүүлэлтээр дүгнэгддэг. Зарим аймгийн дарга нарын хувьд өмнөх дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул оны дундуур буюу 06 дугаар сард ажлаа авсан дарга нар 70 онооноос доош үнэлгээ авсан асуудал байдаг. Тухайн аймгийн дарга нарт хугацаатай үүрэг даалгавар өгч богино хугацаанд гэрээний хугацааг сунгаж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан гэж тайлбарласан.
7.2. Хэргийн баримтаар ******* ХК-ийн 21 аймгийн шуудангийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж аймгуудын шуудан үйчилгээний газруудын 2024 оны үйл ажиллагааны ажлын тайланг хэлэлцэн онцгой нөхцөл бүхий гэрээг дүгнэсэн тэмдэглэлд ...туршилтын хугацаагаар ажиллаж буй 3 аймгийн шуудангийн үйлчилгээний дарга нар /Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар/-ын туршилтын хугацаа дуусах үед ажлын тайлантай танилцаж, хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх, 70 хувиас доош үнэлэгдсэн 6 аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг гүйцэтгэх захиралд танилцуулж шийдвэрлэх гэжээ. Мөн ******* ХК-ийн захирлын зөвлөлийн хурыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны зохион байгуулж, нэхэмжлэгчийг цахимаар оролцуулан гэрээг дүгнэхэд 46.9 хувь буюу хангалтгүй үнэлэгдсэн талаар нэхэмжлэгч маргаагүй байхаас гадна ялгавартайгаар гэрээг дүгнэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь ...ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн ямар ч нөхцөл байхгүй. Ховд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын орлогын төлөвлөгөө 19,843,000 төгрөгөөр дутуу биелэлттэй байсан нь логистикийн орлого 18,000,000 төгрөгөөр тасарсантай буюу Ховд аймгийн ******* сумын Халзан Бүрэгтэй төслийн геологи хайгуулын ажил иргэдийн эсэргүүцлийн улмаас зогссонтой шууд холбоотой. Харин зардлын төлөвлөгөө 5,010,000 төгрөгөөр хэтэрсэн бөгөөд энэхүү хэтэрсэн зардлын 3,820,000 төгрөг нь 2023 онд олгох байсан тэтгэмжийн зардал он дамжиж 2024 онд санхүүжилт орсон, 2024 оны зардлын төлөвлөгөөнд сургалтын зардал 1,355,000 төгрөг байхаар тусгагдсан ч ******* ХК-ийн сургалтын Нэг баг, нэг зорилго багийн сургалтын үйл ажиллагаанд сумын шууданчдын ирэх очих унаа, хоолны зардал, гарын бэлэг зэрэгт 3,265,227 төгрөг зарцуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн татварын зардалд өмнөх 2023 оны ҮХЭХ-н татварыг мөн төлж нийт 3,037,668 төгрөгөөр хэтэрсэнтэй шууд холбоотой... гэх агуулга бүхий гомдол гаргасан.
8.1. Ховд аймгийн ******* сумын Халзан Бүрэгтэй төслийн геологи хайгуулын ажил иргэдийн эсэргүүцлийн улмаас төлөвлөгөө тасалдсан, ажлаа нэхэмжлэгч биелүүлж чадаагүй гэж дүгнэхэд учир дутагдалтай. Учир нь Халзан Бүрэгтэй уул уурхайн төсөл нь шуудангийн үйлчилгээнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримаар эргэлзээгүйгээр нотлогдсонгүй. Түүнчлэн, тухайн онд орлого, зардлын төлөвлөгөөг батлуулдаг байхад үүнд 3,820,000 төгрөг нь 2023 онд олгох байсан тэтгэмжийн зардал он дамжиж 2024 онд санхүүжилт орсон, 2024 оны зардлын төлөвлөгөөнд сургалтын зардал 1,355,000 төгрөг байхаар тусгагдсан ч ******* ХК-ийн сургалтын Нэг баг, нэг зорилго багийн сургалтын үйл ажиллагаанд сумын шууданчдын ирэх очих унаа, хоолны зардал, гарын бэлэг зэрэгт 3,265,227 төгрөг зарцуулсан гэх зардлууд өмнөх оны үлдэгдэл байсан тул тухайн зардал дээр нэмж тусгагдах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотлох боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/011051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ