Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 763

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Гд холбогдох эрүүгийн 1905013970752 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, М.Г.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дисковер зочид буудлын гадаа байрлуулсан иргэн Б.Мийн эзэмшлийн 41-11 УНТ улсын дугаартай тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Г-ын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын дундуур байх өмнө 2-3 удаа хамт архи ууж байсан гэр нь манай байрны ойролцоо байдаг З гээд ахтай орой 19 цагийн үед сааданд таарсан юм. З ах жаахан уучихсан байсан би бас уучихсан байсан юм тэгээд уулзаад би гэртээ орж болохгүй байнаа гээд хэлсэн чинь чи миний машинд хоночихгүй юу гэж хэлсэн. Тэгээд бид 2 машины байгаа газар нь очсон. Тэгээд машин дотор нь юм ярьж сууж байгаад З ах гэрлүүгээ орлоо гээд орсон юм би тэгээд машин дотор унтаж байгаад хүйтэн болохоор машинаа асаагаад паар үлээлгэж байгаад нойр хүрэхгүй гадуур явмаар санагдаад машиныг унаад 25-р эмийн сангаар хороолол руу өгсөөд хойгуураа явж байгаад модны хоёроор уруудаад гандан орсон. Тэгээд би буцаад баруун замаараа эргэсэн чинь замын цагдаа зогсоогоод согтуу машин барьсан гээд намайг замын цагдаа руу авч явсан юм. Тэгээд тэндээсээ З ахын машиныг журмын хашаа руу аваад явсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 69-70/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед байх гэрлүүгээ орох гээд явж байхад зүс таних Т- гэх дүү таарсан бага зэрэг уусан байсан. Тэгээд намайг гэртээ хонуулаач гэхээр нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд дахин дахин гуйгаад байхаар миний машинд хоночих гэж хэлсэн. Миний машин дээр ирээд машиндаа суулгасан. Тэгээд машин жаахан хүйтэн байхаар нь асааж халаачихаад Т-д өглөө явахдаа хаалгаа дотроос түгжээд хаагаарай гэж хэлээд явсан. Тэгээд өглөө 10 цагийн үед гарч ирэхэд миний машин байхгүй байсан. Би Т-гаас торгуулийн 400.000 төгрөг, журмын хашааны 90.000 төгрөг, үнэлгээний 80.000 төгрөг нийлээд 570.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

- Хохирогчийн “...М.Гас хохирлын мөнгө болох 570.000 төгрөгийг авлаа. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 77/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дисковер зочид буудлын гадаа байрлуулсан иргэн Б.Мийн эзэмшлийн 41-11 УНТ улсын дугаартай тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Г-ын “...машин дотор унтаж байгаад хүйтэн болохоор машинаа асаагаад паар үлээлгэж байгаад нойр хүрэхгүй гадуур явмаар санагдаад машиныг унаад 25-р эмийн сангаар хороолол руу өгсөөд хойгуураа явж байгаад модны хоёроор уруудаад гандан орсон. Тэгээд би буцаад баруун замаараа эргэсэн чинь замын цагдаа зогсоогоод согтуу машин барьсан гээд намайг замын цагдаа руу авч явсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Мийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед байх гэрлүүгээ орох гээд явж байхад зүс таних Т- гэх дүү таарсан бага зэрэг уусан байсан. Тэгээд намайг гэртээ хонуулаач гэхээр нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд дахин дахин гуйгаад байхаар миний машинд хоночих гэж хэлсэн. Миний машин дээр ирээд машиндаа суулгасан. Тэгээд машин жаахан хүйтэн байхаар нь асааж халаачихаад Т-д өглөө явахдаа хаалгаа дотроос түгжээд хаагаарай гэж хэлээд явсан. Тэгээд өглөө 10 цагийн үед гарч ирэхэд миний машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Г-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан хохирогчийн “...М.Гас хохирлын мөнгө болох 570.000 төгрөгийг авлаа. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн  тусгай агийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тусгай агийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Г нь өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож  торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхчимэгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, түүний торгуулийн ялыг 420 /дөрвөн зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

     5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

              6. Шүүгдэгч М.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ