Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 726

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Марал,

хохирогч А.Б,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.От холбогдох эрүүгийн 1805060070729 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, О.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.О нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гар утас” худалдааны төв дотор байрлах иргэн А.Бы эзэмшлийн гар утасны лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан 23 ширхэг гар утсыг завшиж 4.968.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 7 дугаар сард би лангуун дээр суух хүн ажилд авна гээд зар тавьсан. Тэгээд От итгэл хүлээлгэх боломжтой гээд ажилд авсан. Үндсэн цалин 300.000 байсан. Дээр нь нэг утас зарахад 5 хувь авахаар тохиролцсон. О зөвшөөрөөд ажилд орсон. Би Оийг ажилд авсны дараа Хятад улсаас шинэ утаснууд авчираад лангуундаа тавьсан. Эхний удаа О гайгүй ажиллаж байсан. Сүүлийн үед утас зарагдахгүй байна гээд өдөрт 70.000 80.000 төгрөг өгдөг болсон. Тухайн үед манай ах Оийг ойролцоох ломбардны үүдэнд зогсож байсан талаар хэлсэн. Тэгээд ороод асуухад манай худалдагч байсан гэж хэлсэн. Оээс 4.968.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Оийн өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 01-с 2018 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Өргөө кино театрын урд байрлах гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллаж байхдаа лангууны эзэн А.Бгийн 23 ширхэг утсыг эзэнд нь хэлэлгүй авч зарж борлуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 51-52/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Бгийн өгсөн:

“...Би 2015 оноос хойш Баянгол дүүргийн 13-р хороо Өргөө гар утас худалдааны  төвийн 12-р лангуут түрээслэн  өөрөө 2 давхрын гар утас засварын 9 номерт гар утас засаж янзалдаг. 2018 оны 07 дугаар сарын Үнэгүй.мн сайтад Баянгол дүүргийн 13-р хороо Өргөө гар утас худалдааны төвд худалдагч ажилд авна гэдэг зар тавьсны дагуу Оюун овогтой О гэх эмэгтэй нь надтай ирж уулзсан. Бид хоёр ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй амаар тохиролцон О.Оийг 1 сарын 300.000 төгрөгийн цалинтай, 1 ширхэг гар утас зарахад 5.000 төгрөгний бонус авахаар, тохиролцон ажилд авсан. О.Оийн ахуй амьдралыг судлаагүй өөрийнх яриан дээр үндэслээд ажилд авсан. Ингээд О.О нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс манай лангуунд сууж эхэлсэн ба эхний ээлжинд би 38 орчим гар утас хүлээлгэн өгсөн ба өдөр өдөртөө нэмж утас өгдөг болохоор нөхөгдөөд явдаг байсан.О.О нь өдөр болгон зарсан утаснуудынхаа тооцоог орой болгон надад хэлж мөнгөө тушаагаад явдаг байсан. Ингээд надтай өдөр болгон тооцоо хийдэг байсан учир би О.От итгэдэг байсан. Ингээд би сүүлийн үед тооллого хийхгүй яваад байсан. Миний лангуун дээр зарагддаг утаснууд Шинь Жинээс ирсэн шинэ утаснууд байдаг зарим тохиолдолд би хувь хүнээс засвартай утас худалдан авч өөрөө засаад лангуун дээрээ тавьж зардаг. 2018 оны 11-р сарын хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. Би тооллого  хийж үзэхэд нийт 23 ширхэг гар утас байхгүй байсан. Ингээд О.Оээс утаснууд яасан талаар асуухад ломбарданд тавьсан, мөн тавиад алдсан таксинд алдсан, хувь лизингээр хүнд өгсөн гэж хэлсэн.

Нийт 23 загварын утас байхгүй байсан. Хохирлоо бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх- н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э-гийн өгсөн:

“...Би А.Бгийн  төрсөн ах юм. Би 2014 оноос Баянгол дүүргийн 13- р хороонд байрлах  гар утас худалдааны төвд гар утас засч байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн өөрийн дүү болох А.Бгийн  12 тоот лангуун дээр 4.000.000 орчим төгрөгний гар утсыг хамт нийлж тавьсан юм. Бид худалдагчийнхаа цалинг дундаасаа хувааж гаргахаар болсон. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд миний гар утаснаас 3 ширхэг гар утас л зарагдсан болохоор нь би дүүдээ танай худалдагч гар утас зардаг юм уу гэсэн чинь манай дүү та буугаад утсаа нэг шалгаад үзээч гэсэн. Би доод давхар руу буугаад гар утаснуудаа хартал нэг л дутуу харагдаад байхаар нь Б-гийн хамт тоолж үзсэн. Тэгтэл нилээн их гар утас дутсан байсан. Тэгээд худалдагчаас нь асуухаар эхлээд би зарчихсан мөнгийг удахгүй өгнө гээд байснаа сүүл рүүгээ ломбарданд тавьчихсан заримыг нь лизингээр зарчихсан  заримыг нь зараад мөнгийг нь идчихсэн гэсэн. Тэгэхээр нь ломбарданд тавьсан юм бол баримт нь хаана байна гэтэл 4 ширхэг бичиг гаргаж өгсөн. Тэгээд ээжийг нь дуудаж уулзсан. Тэгсэн чинь ээж нь “Би хүүхдийг нь хардаг хүүхэд өглөөдөө ажилдаа явлаа гэж хэлээд эрт гараад явдаг орой ирдэг гэж байсан. Бид хоёрт хэлэхдээ бол ээж мөнгө олж ирэхгүй бол загнаад хөөгөөд байгаа болохоор би ингэсэн юм яриад байсан болохоор нь ээжийг нь дуудуулсан. О дутаасан гар утаснуудаа бүгдийг нь ломбарданд тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг  /хх-н 15-16/,

 

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 23-29/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 114, 120, 123/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гар утас” худалдааны төв дотор байрлах иргэн А.Бы эзэмшлийн гар утасны лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан 23 ширхэг гар утсыг завшиж 4.968.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Оийн “...2018 оны 8 дугаар сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Өргөө кино театрын урд байрлах гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллаж байхдаа лангууны эзэн А.Бгийн 23 ширхэг утсыг эзэнд нь хэлэлгүй авч зарж борлуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Бгийн “...О.О нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс манай лангуунд сууж эхэлсэн ба эхний ээлжинд би 38 орчим гар утас хүлээлгэн өгсөн.  ...2018 оны 11 сарын хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. Би тооллого  хийж үзэхэд нийт 23 ширхэг гар утас байхгүй байсан. Ингээд О.Оээс утаснууд яасан талаар асуухад ломбарданд тавьсан, мөн тавиад алдсан таксинд алдсан, хувь лизингээр хүнд өгсөн гэж хэлсэн.

Нийт 23 загварын утас байхгүй байсан. Хохирлоо бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Э-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд миний гар утаснаас 3 ширхэг гар утас л зарагдсан болохоор нь би дүүдээ танай худалдагч гар утас зардаг юм уу гэсэн чинь манай дүү та буугаад утсаа нэг шалгаад үзээч гэсэн. Би доод давхар руу буугаад гар утаснуудаа хартал нэг л дутуу харагдаад байхаар нь Б-гийн хамт тоолж үзсэн. Тэгтэл нилээн их гар утас дутсан байсан. ...худалдагч О дутаасан гар утаснуудаа бүгдийг нь ломбарданд тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Оийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 23-27 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас хохирогчид 4.968.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хохирол огт төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 4.968.000 төгрөг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Оээс 4.968.000 төгрөг гаргуулж хохирогч А.Бд олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ