Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00322

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08478 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******ид холбогдох

Хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* тоот хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий гэр бүлийн зориулалттай газрыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аас 55,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон.

1.2. Тухайн хашаа байшин нь 2014 оноос ын нэр дээр байсан, анх үзэхээр очиход байшингийн түлхүүр түүнд байсан учраас ыг тухайн хөрөнгийн эзэн мөн гэж итгэн худалдаж авсан. Мөн тухайн үед хувийн сууц, газар дээр ******* амьдарч байсан, тэрээр “хэсэг хугацаанд хашаа, байшинд амьдарч байя, боломжтой болохоороо суллаж өгье, би хашаа байшинг чинь хараад байж байя” гэж хэлэлцэж тохирсон боловч хашаа байшинг суллаж өгөхгүй удсан, суллах талаар удаа дараа хандсан. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон мөн өдөр өөрийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 50 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.2. Гэтэл нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2014 оны 3 дугаар сараас байнга залгаж “газар, байшинг чинь зарна” гэж дарамтлан 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр манайд хоёр залуутай ирж “хашаа байшинг чинь хүнд үзүүлж зарах болсон” гэж хэлээд, надад 8,000,000 төгрөг өгөх гэхээр нь “хашаа байшингаа зарахгүй, 4-21 насны олон охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн, зарах байсан бол зээл авах шаардлагагүй байсан” гэж хэлээд аваагүй.

2.3. болон түүний танил нотариатч нар нь зээлийн гэрээ байгуулсан өдөр надад хэлэлгүйгээр зээлийн болон барьцааны гэрээнүүд дунд надаас ын дүү гэх хүнд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах эрх олгосон итгэмжлэлийг оруулж гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд мэдсэн. нь уг хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэх хүнтэй Газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, газрыг 12,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 6,000,000 төгрөгөөр худалдсан байсан. нь уг гэрээний үндсэн дээр 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.Цогбадрах гэх хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж газрыг 2,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 9,000,000 төгрөгөөр худалдсан байсан.

2.4. , , нарын хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг алдаж, захиран зарцуулах эрхгүй болсноо мэдээд 2014 оноос харьяа дүүргийн шүүхэд итгэмжлэлийг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ хугацаанд хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсон гэх үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12071 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.5. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00644 дугаар шийдвэрээр , нарыг, мөн шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/01214 дугаар шийдвэрээр , , нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан.

2.6. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед нь ийм маргаантай асуудал байгааг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* гэх хүнд миний газрыг 10,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр тооцон худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдсан байна.

2.7. ******* нь 3 жилийн өмнө худалдах-худалдан авах гэрээ хийсэн байж нэг ч удаа ирж байгаагүй, уулзаж байгаагүй бөгөөд одоо ийнхүү 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга өмчлөгч мөн эсэхэд, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрж байх ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд *******ыг шударга өмчлөгч гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн төлөөлж тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

3.2. нотариатч ******* миний хөрөнгийг т барьцаалуулах гэрээг гэрчлэх үйлдэл гүйцэтгэснийхээ дараа тухайн өдрөө миний хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх эрхийг д олгосон итгэмжлэл гэрчилсэн үйл явдал болон уг итгэмжлэлд заасан эрхийг хэрэгжүүлсэн гийн үйлдэл буюу миний цор ганц амьдралаа авч явж буй хөрөнгийг т худалдсан явдал нь илтэд хууль бус үйлдэл байна.

3.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10-т “...56.1.1-56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан бусад хэлцлүүд буюу *******ын нэр дээр хашаа, байшинг маань бүртгэх хүртэл хийгдсэн хэлцлүүд бүгд хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн ******* дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг аас худалдаж авсан ба түүнээс өмнөх харилцаа нэхэмжлэгчид хамааралгүй. ******* өөрөө санаачилж итгэмжлэл олгосон талаар гэрчүүд мэдүүлсэн. Тиймээс энэ талаар мэдээгүй байх боломжгүй гэж үзэж байна.

4.2. Хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тухайн хөрөнгийг очиж үзэхэд маргаантай гэх байдал ажиглагдаагүй учраас худалдаж авсан. Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй.

4.3. Мөн *******оос т шилжсэн худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Миний бие 10 гаруй жилийн өмнө дүүгийнхээ найзад 5,000,000 төгрөг зээлсэн. Хашаа байшин авах гэтэл мөнгө дутсан гээд тэр өдрөө банк орж мөнгө авахдаа цуг явж хашаа байшинг нь очиж үзээд шууд худалдаж авсан. Тэр “өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн бичиг баримт байдаггүй, та бичиг баримтаараа өөрийн нэр дээрээ гаргуулаад өгөөч, би дараа нь бичиг баримтаа олчихоод өөрийн нэр дээр шилжүүлье” гэхээр нь зөвшөөрөөд тус болсон төдий. Удалгүй “хашаа байшингийн эзэн нь гардаггүй, өмгөөлөгч авсан удаашраад байна, зарахаар боллоо та нэрээ шилжүүлээд өгөөч” гэж намайг дагуулж явсан. Би ч шилжүүлж өгсөн. гэдэг залууд зарсан. Ийм хэрэг болсон надад бол ямар ч хамаагүй.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ийг ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн ******* дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 253,900 төгрөг гаргуулан хариуцагч *******ид олгож шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Миний бие хашаа байшинг 2021 оны 11 сард худалдаж авах үед гэх хүний нэр дээр байсан. ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул миний бие эрхийн бүртгэлийн ямар нэгэн доголдолгүй хөрөнгө худалдан авч байгаа гэдэгтэй итгэл төгс болсон.

******* нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу гэх хүнд итгэмжлэл олгосон байх бөгөөд ******* нь эрүүл мэндийн хувьд эрүүл саруул сэтгэгч нь ямар нэгэн өөрчлөлтгүй бичиг үсэг бүрэн тайлагдсан гэдгээ шүүх хуралдааны явцад өөрөө баталсан. Гэтэл шүүх итгэмжлэлийг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хуульд заасан хэлбэрийг хангасан итгэмжлэл олгогдсон байтал зориудаар би мэдэхгүй гэж худал мэдүүлсэн сэтгэц болон эрүүл мэндийн хувьд өөрийгөө бүрэн хянах чадвартай иргэний хүсэл зорилгоо илэрхийлж гарын үсэг зурсан итгэмжлэлийг хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч ******* нь хашаа байшинг бусдад зарагдаж байгааг 1 бус удаа мэдэж байсан талаараа шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хашаа байшин нь 2014 онд , нарт шилжсэн гэдийг ч мэдэж байсан. Хэрэв үнэхээр өөрийн хашаа байшингаа бусдад хууль бусаар алдсан гэж үзэж байгаа бол өөрийн хохирлоо итгэмжлэл олгосон гаас шаардах ёстой юм. Гэтэл шударгаар худалдаж авсан миний эрх ашгийг хөндөж өөрийн хайхрамжгүй юм уу эсвэл зориудаар худал мэдүүлсэн хүнийг зөв мэтээр шүүх үзсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл юм.

Миний бие нь өөрийн төрсөн дүү аар хашаа байшинг үзүүлж авахаар болсон. бид 2 ах, дүү 1 гэр бүл учраас ажил хамтын амьдрал ч цуг явагддаг. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа тохиолдолд заавал өөрийн биеэр үзэх гэсэн хуулийн зохицуулалтгүй тэгээд ч миний бие өөрийн итгэлт хүн буюу өөрийн төрсөн дүүгээрээ хашаа байшинг үзүүлсэн нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй юм. Тухайн үед хашаа байшинг авахад хүн амьдарч байсан гэдгийг мэдэж байсан. Хүн амьдарч байгаа нь бидэнд давуу тал болохоор байсан учир хашаа байшин худалдаж аваад шууд буулгаад юм барих санхүүгийн боломжгүй байсан тул тэнд хүн буулгаж харуулах шаардлагатай байсан. Тийм учраас бид барилга барих санхүүгийн боломжтой үедээ хашаа байшинг чөлөөлүүлнэ гэж бодож байсан. Энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Өөрийн худалдаж авсан хөрөнгөдөө хэнийг байлгаж хэзээ нь юм барих нь үндсэн хуулиар олгогдсон эрх тул буруу гэж үзэхгүй байна.

Миний бие 2021 онд хашаа байшинг худалдаж авахад гэдэг хүн дээр ирээд 7 жил өнгөрсөн байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар урьд өмнөх өмчлөгчийг мэдэх боломжгүй Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул илүү нягтлах шаардлага байгаагүй. Миний бие нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөх эрхээ шударгаар олж авсан. Гэтэл шударга өмчлөгч миний эрх ашгийг огт авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Хариуцагч ******* нь хашаа байшингийн үнэлгээ 42,079,000 төгрөг гэж үнэлсэн байна. ******* нь аас зээл аваад зээлээ төлж чадаагүй хашаа байшингаа д олгосон итгэмжлэлээр зарсан гэж хэлсэн. Хэрэв 42,079,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө алдсан гэж үзэж байгаа бол энэхүү хохирлоо , нараас шаардах нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл шударгаар олж авсан миний хөрөнгийг бусдын өмчлөл гэж байгаа нь намайг хохироод үлд гэдэгтэй адил байна. ******* нь 2014 онд хашаа байшингаа бусдад алдсанаа мэдсэн гэж байгаа бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан, гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй байсан нь худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр үйлдэл юм.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байтал хэргийг улам л ээдрээтэй байдал руу оруулж миний шударга өмчлөгч болж худалдаж авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь миний эрх ашиг хэрхэн хангагдах талаар шийдвэрлээгүй орхисон. Шударгаар олж авсан миний өмч хөрөнгийг шууд бусдын өмч гэж шууд үзсэн нь буруутай этгээдийг өөгшүүлсэн үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд 2014 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2015 онд давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Үүнээс хойш 2017 онд анхан шатны шүүхэд хэрэг буцсанаас хойш хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* нь 2021, 2022 онд хариуцагч нарын хаягийг тодорхойлуулах зорилгоор шүүхэд дахин хандсан. Үүнээс үзвэл, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож байгаа нь илэрхийлэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг бөгөөд энэ хугацаа дуусаагүй.

9.2. ******* нь худалдаж авч байгаа хөрөнгө эрхийн зөрчилтэй эсэхийг мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилж эхэлсэн цагаас хойш одоог хүртэл амьдарсаар байгаа. *******ын дүү гэх хүн ирж тус байшинг үзэхэд ******* амьдарч байсан гэж хэлдэг, иймд тухайн эд хөрөнгө маргаантай байсан гэдгийг мэдэх боломжтой байсан нь нотлогддог.

9.3. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн эрх нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр шилжих ёстой байтал хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан ******* тоот хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаартай 390 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

3. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь аас 55,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, харин хариуцагч ******* нь аас 6,000,000 төгрөгийн зээл авч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эрхэд бүртгүүлсэн боловч ын дүү д олгосон гэх итгэмжлэлийг үндэслэж, т худалдсан, эдгээр нь илт хууль бус үйлдэл тул үүнээс хойш хийгдсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэх агуулгаар маргаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

4. Талуудын маргааны зүйлтэй холбогдуулан хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/14764 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/15454 дугаар захирамжаар болон түүнээс маргаан бүхий хөрөнгийг худалдаж авсан гэх нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, тэдэнд хамаарах хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэжээ.  /2хх-11, 16/   

5. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд , нар оролцоогүй байхад анхан шатны шүүх 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр *******оос д олгосон гэх итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангасан боловч нь уг итгэмжлэлээр олгогдоогүй үйлдэл хийж, хариуцагч *******ийн өмнөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тай үүрэг дуусгавар болгосон хэлцэл хийсэн, түүнчлэн барьцаалагч болон барьцаалуулагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй барьцаа /маргаж буй хөрөнгө/ хөрөнгийг т худалдсан байх тул эдгээр хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдүүдэд холбогдуулан эрх зүйн үр дагавар үүсгэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг талуудаас тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцож болох талаарх хуульд заасан дээрх журмыг шүүх хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.

6.  Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                             Т.ГАНДИЙМАА