Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 723

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Санчир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Эт холбогдох эрүүгийн 1905019540800 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

___ дугаарын регистртэй, Г.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сондор дэлгүүрийн орчимд иргэн Э.С-ын барьж явсан түүний эзэмшлийн Айфоне 6 маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Эын өгсөн:

“...2019 оны 04 дугаар сарын 27-ны өдөр гэртээ амарч байсан. Тэгээд маргааш нь ажилтай учир орой 18 цагийн үед гэрээсээ гараад Өргөө кино театрын ард байдаг халуун усны газар усанд орсон. Тэгээд гарч ирээд Г Эрдмийн түлхүүр бичиг хэргийн сүлжээ дэлгүүрийн хорооллын эцэст байдаг дэлгүүрийн менежер. Утас  нь 88124023/, С / ажилгүй / гэж хоёр найзтайгаа Өргөөгийн буудал дээр уулзаад хорооллын эцсийн Tse паб-д 19-20 цагийн үед орсон. Тэнд бид гурав 750 граммын 2 шил архи авч хувааж уусан. Тэнд сууж байгаад 23 цагийн үед манай хоёр найз гараад явсан. Би сууж байгаад араас нь гарсан. Тэгээд хорооллын эцсээс дээшээ гэр лүүгээ алхсан. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор такси авч чадаагүй юм. Тэгээд би дээшээ алхаад Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны гэр хорооллын гудамжинд дунд Усан сангийн худгийн урд талын гудамжинд гар утсаа асаагаад фэйсбүүк үзээд явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд  гар утсаараа яриулаач гээд гуйсан. Би тэр үед өөрийн Самсунг Эс 6 эдж маркийн гар утсаа өгсөн. Тэгтэл эмэгтэй нь миний гар утсаар нэг дугаар луу залгаж байх шиг  байсан. Тэгээд байж байгаад тэр хоёр гүйгээд зугтаасан. Би араас нь гүйгээд Усан сангийн худгийн ойролцоо хажууд нэг эмэгтэй гар утас бариад явж байхаар нь миний утсыг  бариад явж  байна гэж бодсон. Тэгээд би утсаа авна гэж бодоод очоод тэр эмэгтэйгийн гарт байсан гар утсыг авах гээд зууралдсан. Тэр үед тэр эмэгтэй газар унасан. Би ч бас газар унасан. Тэгээд байж байхад машин ирж зогсоод нэг эрэгтэй бууж ирсэн, мөн нэг залуу гарч ирээд намайг нэг удаа шанаа руу цохиод машинд суулгаад цагдаагийн машин дээр аваачсан. Тэгээд цагдаа нар намайг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэс дээр аваачиж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 43/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.С-ын өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орой 20 цагийн үед ажлаа тараад байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болоод нийт ажилчид маань Модны 2-ын орчим байдаг Гандан төвийн ресторанд цугласан юм. Тэндээс би 23 цаг 30 минутын үед ажлынхаа 3 хүнтэй хамт гараад тэр 3 хүн 4 зам руу алхаад явсан. Би ганцаараа 3,4-р хорооллын төв засмал зам дагаж эмэгтэй найзуудтайгаа утсаар ярьсаар байгаад Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр болох Далангийн доод хэсэг орчимд байрлах 627  дугаар Усны худгийн хажууд явж байхад араас нэг зүйл шүргэх шиг болохоор нь хажуу тийш харахад  160 см өндөртэй, туранхайвтар биетэй, хар үүргэвч үүрсэн, малгайтай цамц өмссөн  эрэгтэй хүн байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд эргээд харахад  тэр залуу хаачих гэж байгаа юм гэхээр нь би айсандаа нүдэнд Сондор дэлгүүрийн гэрэл асаалттай байхаар нь дэлгүүр орно гээд  хазайгаад дэлгүүр лүү явах гэтэл гарт байсан гар утсыг авах гээд унасан, тэр хүн надаас миний гар утсыг булааж аваад цаашаа гүйх гэж байгаад газар унахаар нь араас нь очоод зууралдаад байж байхад машины гэрэл туссан. Тэр үед манай гэрийн ойр амьдардаг Тулгаа гэх машинаасаа буугаад ирсэн. Тэгээд Тулгаа нөгөө миний  гар утсыг  дээрэмдсэн залууг бариад авсан. Би найзтайгаа утсаар яриад явж байх үед тэр хүн миний утсыг булааж байгааг найз маань сонсоод манай ахад хэлсэн байсан. Тэгээд ах маань намайг гудамжинд Тулгаа , нөгөө залуу хоёртой байж байхад хүрч ирээд ах бид хоёр нөгөө дээрэм хийсэн  хүнийг доошоо төв зам дээр зогсож байсан цагдаагийн машин дээр очоод хоёр цагдаад хүлээлгэж өгсөн. Тэнд байсан цагдаа намайг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очоод өргөдлөө өгөөд шалгуулаарай гэсэн. Тэгээд би цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод буруу газар өргөдөл гаргах гэж байснаа мэдээд танай хэлтэс дээр ирж өргөдлөө өгсөн юм. Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 39-40/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 15-16/,

- хохирогчийн “...бэлнээр хохирлоо авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт /хх-н 25, 57/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сондор дэлгүүрийн орчимд иргэн Э.С-ын барьж явсан түүний эзэмшлийн Айфоне 6 маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Эын “...Усан сангийн худгийн ойролцоо хажууд нэг эмэгтэй гар утас бариад явж байхаар нь миний утсыг  бариад явж  байна гэж бодсон. Тэгээд би утсаа авна гэж бодоод очоод тэр эмэгтэйгийн гарт байсан гар утсыг авах гээд зууралдсан. Тэр үед тэр эмэгтэй газар унасан. Би ч бас газар унасан. Тэгээд байж байхад машин ирж зогсоод нэг эрэгтэй бууж ирсэн, мөн нэг залуу гарч ирээд намайг нэг удаа шанаа руу цохиод машинд суулгаад цагдаагийн машин дээр аваачсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.С-ын “...Сондор дэлгүүрийн гэрэл асаалттай байхаар нь дэлгүүр орно гээд хазайгаад дэлгүүр лүү явах гэтэл гарт байсан гар утсыг авах гээд унасан, тэр хүн надаас миний гар утсыг булааж аваад цаашаа гүйх гэж байгаад газар унахаар нь араас нь очоод зууралдаад байж байхад машины гэрэл туссан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Эыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч Э.С-о нь “...Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 39-40/, “...бэлнээр хохирлоо авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт /хх-н 25, 57/ тус тус гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

     4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ