| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/06833/И |
| Дугаар | 210/МА2026/00381 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00381
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ТӨХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 158,430,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр ******* ТӨХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Төмөр замын удирдлагын нэгдсэн программ нэвтрүүлэх, программыг 298,925,000 төгрөгөөр чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.
Гэрээний хэрэгжилтийн хүрээнд бид 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Систем хөгжүүлэлт, Хөдлөх бүрэлдэхүүний систем, галт тэрэгний хөдөлгөөний систем, ачаа тээврийн систем, ачаа тээврийн хэрэглэгчийн систем, мэдээлэл солилцооны систем, статистикийн систем, админ удирдлагын систем зэрэг ажлыг гүйцэтгэж, гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэлийн 93 хувийг гүйцэтгэсэн.
Харин ******* ТӨХК-аас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20%-ийн төлбөр болох 59,785,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20%-ийн төлбөр болох 59,785,000 төгрөг нийт 119,570,000 төгрөгийн төлсөн
Ажлын гүйцэтгэлийн 93 хувийн төлбөрийн үлдэгдэл 53 хувийн төлбөр болох 158,430,250 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй.
Ингээд ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үлдэгдэл 7 хувийг гүйцэтгэхэд Төмөр замын тээврийн олон улсын ГНГ код монгол орчуулгаар, Монгол Улсад бүртгэлтэй бүхий л төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээлэл гэх мэт мэдээллүүд шаардлагатай байсан тул удаа дараа хандсан боловч уг мэдээллийг гаргаж өгөөгүй.
Манай компани программ хангамж, өгөгдлийн сан загварчлал, алгоритм гэх мэт техникийн боловсруулалтыг хийж гүйцэтгэх, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* ТӨХК-аас холбогдох бүртгэл, координат, албан тушаал, ажил үүргийн хуваарийн талаар мэдээллүүдийг авахгүйгээр ажлыг гүйцэтгэлийг бүрэн гүйцэт дуусгавар болгох боломжгүй байдалд хүрсэн.
Хариуцагч нь ажлыг дуусгавар болгоход шаардлагатай 7 хувийн мэдээллийг гаргаж өгөхгүй, удаа дараа уулзалт болон албан тоот хүргүүлж, хамтран ажиллахыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй.
Тиймээс хариуцагч комипаниас ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон. Ингээд ажлын гүйцэтгэлийн 93 хувийг эцсийн тайлан, программ хангамжийн эх код, өгөгдлийн сангийн бүтэц, мэдээлэл, дэлгэцийн зохиомжууд, суулгах зааврыг багтаасан DVD-ийг хүргүүлж, ажлын гүйцэтгэлийн 93 хувийг захиалагчид хүлээлгэж өгсөн.
Хэрэв ******* ТӨХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуух ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг өгчихсөн бол бид уг гэрээгээр тохирсон ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, 100 хувийн төлбөрийг авах боломжтой байсан.
Иймд, хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 158,430,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйл 4.1-д Гүйцэтгэгч нь программ /модуль/ болон түүний бүрэлдэхүүн хэсгийн шийдэл /системийн бүтэц, өгөгдлийн сангийн загварчлал, алгоритм, хэрэглэгчийн интерфэйс гэх мэтээр хязгаарлагдахгүй/-ийг боловсруулахдаа төмөр замын онол болон практик, бусад төмөр замын байгууллагын туршлага зэргийг судалж захиалагчийн онцлогт тохируулсан санал гаргаж захиалагчид танилцуулна гэсний дагуу танилцуулаагүй,
4.2-т Гүйцэтгэгч нь 4.1-т заагдсан шийдэлд Захиалагчийн саналыг тусгаж, баталгаажуулсан баримт бичиг үйлдэнэ гэсний дагуу захиалагчийн саналыг тусгаж баталгаажуулсан баримт бичгийг үйлдээгүй,
4.3-т Гүйцэтгэгч нь программыг 4.2-т заагдсан Захиалагчаар батлуулсан баримт бичгийн дагуу хүлээлгэн өгнө гэсний дагуу батлуулсан баримт бичгийн дагуу хүлээлгэн өгөөгүй;
6.1-д Гүйцэтгэгч нь Захиалагчийн төлөөлөгчид ажлын үр дүнг шалгуулан хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэнэ гэж заасны дагуу ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* ТӨХК-ийн бичиг хэргийн ажилтанд үлдээгээд явсан.
Энэ талаар 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 01/1996 дугаар албан бичгээр гэрээний үүргийн дагуу тухайн программыг албан ёсоор хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн боловч гүйцэтгэгчийн зүгээс татгалзсан хариуг утсаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор компанийн бичиг хэрэгт үлдээсэн CD дээр суулгасан программыг мэргэжлийн программист хөлслөн программ суулгах ажлыг зохион байгуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн зүгээс тус программд хийсэн шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан бичгээр ирүүлсэн бөгөөд дээрх дүгнэлт нь ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээчид тавьсан 3 асуудлын хүрээнд гаргасан дүгнэлт нь тавьсан асуултуудад бүрэн гүйцэт, оновчтой хариулаагүй, бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзэхээр байна.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* ТӨХК-аас ******* ХХК-д төлсөн 119,570,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас 158,430,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хураамжид урьдчилан төлсөн 950,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 950,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
... 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл:
...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ...гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын ур дүнг хүлээн авах, 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан бөгөөд ******* ХХК-ийн боловсруулсан Төмөр замын тээврийн нэгдсэн программыг боловсруулахдаа төмөр замын онол болон практик, бусад төмөр замын байгууллагын туршлага зэргийг судалж захиалагчийн онцлогт тохируулсан санал гаргаж захиалагчид танилцуулж захиалагчийн саналыг тусгасан баримт бичиг үйлдээгүй, батлуулсан баримт бичгийн дагуу программыг хийж албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тухайн тээврийн программыг үйл ажиллагаандаа хэрэглэх боломжгүй, гүйцэтгэлийн хувьд дутуу байгаа нь компанийн хувьд хохиролтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-г бүрэн хангасан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа талаар:
Анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/Ш32025/32556 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг шинжээчээр томилохоор шийдвэрлэсэн. ******* ХХК-ийн зүгээс тухайн программд шинжилгээ хийж дүгнэлтээ 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн ...дүгнэлт нь шинжээчид тавьсан 3 асуултад бүрэн гүйцэт оновчтой хариулаагүй, бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзэхээр байна
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн талаар:
******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг бүрэн гүйцэт, оновчтой хариулаагүй, бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газраар нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан боловч шүүгчийн зүгээс хүсэлтийг хангахгүй шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.3-д заасан эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн оролцогчийн эрхийг ханган шинжээчээр дахин нэмэлт шинжилгээ хийлгүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудаас уг ажлыг хүлээн авсан уу гэж асуухад хариуцагч тал манай байгууллага уг ажлыг хүлээн авсан, үүдний хэсгийн бичиг хэргийн ажилтан хүлээн авсан гэх тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл ажлыг хүлээн авсан асуудлаар өнөөдрийг хүртэл маргаагүй, анхан шатны шүүх хуралдааны явцад мөн маргаан үүсгээгүй.
...Шинжээчийн дүгнэлтэд тавигдсан 3 асуултад тодорхой хариулт өгсөн бөгөөд гэрээнд заасан ажлыг зохих түвшинд гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч тал ажлаа зохих түвшинд гүйцэтгэж, холбогдох тайлан, баримтуудыг нэг бүрчлэн гарган хүлээлгэн өгсөн. Шинжээчийн дүгнэлт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн актаар шүүхэд ирсэн, улмаар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болсон. Уг хугацаанд хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар гаргах, хүсэлт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргах ерөнхий хугацаа 14 хоног байдаг бөгөөд уг хугацаанд болон түүнээс хойш сар гаруйн хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй атлаа эрх нь зөрчигдсөн мэтээр тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлын доголдлын тухайд шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар зарим гүйцэтгэл дутуу үлдсэн шалтгаан нь захиалагч талаас шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүйтэй холбоотой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж харагдаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь Иргэний хуульд заасны дагуу тодорхой үр дүн бүхий ажлыг гүйцэтгэгч гүйцэтгэж, түүнийгээ захиалагчид шилжүүлэн хүлээлгэн өгснөөр биелэлт хангагдсанд тооцогдох зохицуулалттай. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал ажлаа бүрэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх асуудал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал болж байна. Иргэний хуулийн 333 дугаар зүйлд зааснаар ажлын гүйцэтгэл хийгдсэн тохиолдолд түүнийг хүлээн авах нь захиалагчийн үүрэгт хамаардаг. Гэтэл захиалагч тал уг үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн тул гүйцэтгэгч тал ажлын гүйцэтгэлийг холбогдох албан бичиг, мэдэгдэл, шуудангаар давхар хүргүүлсэн. Ажлыг хүлээн авсан эсэх асуудлаар талуудын дунд маргаан үүсээгүй, харин ажлын гүйцэтгэлийн чанарын асуудлаар маргаж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлд ажлын үр дүнгийн чанар, доголдлын талаарх зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүн нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй бол зохих түвшинд гүйцэтгэсэнд тооцох үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд тендер болон гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой, системийг ашиглаж болох нөхцөл бүрдсэн гэх дүгнэлт гарсан нь ажлын гүйцэтгэл, чанарын талаарх үнэлгээ тодорхойлогдсон гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал, няцаалтад тулгуурлан явагддаг. Хэрэв нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэл 93 хувьтай хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байхад хариуцагч тал үүнийг няцааж байгаа бол гүйцэтгээгүй ажлын хувь хэмжээ, ямар ажил дутуу, ямар үүрэг биелэгдээгүй талаар тодорхой тайлбар, нотолгоо гаргах үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэл гардаж авснаас хойш ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, дутуу гүйцэтгэлийн талаар тодорхой, дэлгэрэнгүй тайлбар гаргаагүй атлаа шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан маргаж байгаа нь өмнөх байр суурьтай зөрчилдөж байна гэж үзэхээр байна.
...Иймд, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 158,430,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын байгуулсан гэрээний тохиролцоог анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь Төмөр замын удирдлагын нэгдсэн программыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ТӨХК нь 298,925,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /х.х-ийн 16-23/
3.2. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхлэлийн тайлан, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр системийн үйл ажиллагааны зураглал, дэлгэцийн зохиомж гаргах ажлын тайлан, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэлийн тайлан, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэлийн эцсийн тайланг тус тус хариуцагчид хүргүүлж, улмаар гэрээнд заасан ажлын 93 хувийг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэсэн бол, хариуцагч нь гэрээний үүрэгт 119,570,000 төгрөгийг төлсөн байна. /х.х-ийн 14-15, 46-128/
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн, харин талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д чанарын баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байхаар заасан байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь -ийн ашиглаж буй системийн жишигт нийцсэн галт тэрэгний хөдөлгөөн, ачаа тээвэр, ачаа тээврийн захиалга, зүтгүүрийн ашиглалт, вагоны ашиглалт, зорчигч тээвэр, тайлан, мэдээ гэх 7 төрлийн дэд системийг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч уг ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй 93 хувийн гүйцэтгэлтэйгээр хариуцагч ******* ТӨХК-д хүлээлгэн өгсөн гэсэн.
Өөрөөр хэлбэл, зохигч анхнаасаа гэрээний гүйцэтгэлийн чанар /ажлын үр дүнгийн төсөөлөл/-ыг гуравдагч этгээдийн ашиглаж байгаа системийн жишигт нийцсэн байхаар тохирчээ.
5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ гээд 351.1.3-т гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх гэж тус тус заасан.
Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн заавраар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд тийнхүү хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал /мэдээлэл, ажлын даалгавар буюу заавар, чиглэл, удирдамж/-ыг захиалагч нь ажил гүйцэтгэгчид өгөх үүрэг хүлээнэ.
Талуудын тохиролцсон программ хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ нь төмөр замын мэргэжлийн байгууллага /ажилтан/ биш тул тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, онцлог болон үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хууль, дүрэм, журам зэргээс шалтгаалан захиалагч тал /хариуцагч/-аас шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж, 188.2-т Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж тус тус заасан.
Зохигчийн байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Программ бүтээхэд шаардлагатай мэдээллийг гарган өгөх, газар дээр нь танилцуулахтай холбоотой зардлыг захиалагч, бусад зардлыг гүйцэтгэгч хариуцна гэж заажээ.
6.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15/24 тоот ...шаардлагатай мэдээллээ гарган өгч, хамтран ажиллах чиглэлд анхаарал хандуулж өгөхийг хүсье... гэх, /х.х-ийн 24/
6.2. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/25 тоот ...өмнөх уулзалтууд болон ажлын хэсгийн гишүүдтэй байгуулсан Telegram группээр удаа дараа хүсэлт тавьсан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа дараах мэдээллийг гаргаж өгөх, уулзалтуудыг яаралтай зохион байгуулан өгч, гэрээний 3.3-т заасан үүргээ биелүүлж хамтран ажиллахыг хүсье... гэх /х.х-ийн 30-31/
6.3. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/25 тоот ...гэрээнд заасны дагуу программыг чанарын өндөр түвшин хийж, гүйцэтгэж байгаа боловч уг программд оруулах танай байгууллагаас шаардлагатай мэдээлэл, баримтууд ирээгүй байна. ...мөн хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх гэхэд хүлээн авахгүй, холбогдох санхүүжилтийг гэрээнд заасны дагуу шилжүүлэхгүй байна. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, баримт, материал шилжүүлж өгнө үү... гэх албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байна. /х.х-ийн 32-33/
Гэвч ийнхүү нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг хариуцагч ******* ТӨХК-аас удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн байхад хариуцагч нь холбогдох мэдээллийг гаргаж өгөөгүйн улмаас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил /93 хувийн гүйцэтгэлтэй/-ыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэснийг буруутгахгүй.
7. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заажээ.
Хэргийн баримтаар хариуцагч ******* ТӨХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, зааврыг нэхэмжлэгч ******* ХХК-д өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь үлдэх ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Нөгөө талаар дээр дурдсан хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч нь программыг бүрэн ажиллахад шаардлагатай мэдээ, мэдээллийг өгөөгүйтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн бол хариуцлагыг өөрөө хүлээнэ.
Талууд уг гэрээний гүйцэтгэлийн чанар /ажлын үр дүнгийн төсөөлөл/-ыг -ийн ашиглаж байгаа системийн жишигт нийцүүлэхээр тохирсон учир хариуцагч ******* ТӨХК нь тухайн программыг хэрхэн ажилладаг талаар /үйл ажиллагаатай/ нэхэмжлэгч ******* ХХК-ийг танилцуулах үүрэг хүлээх ба хожим доголдолтой гэж маргаж буй бол түүнд нийцээгүй гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй.
8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана гээд 18.1.9-д шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл гэж, 49 дүгээр зүйлийн 49.2-т Шинжээч дараах үүрэг хүлээнэ гээд 49.2.1-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн дүгнэлтэд:
1. Төмөр замын удирдлагын нэгдсэн программ /Тээврийн цахим систем/-ийн техникийн тодорхойлолтод нийт 7 дэд программ хангамжаас бүрдсэн байхыг тусгасан боловч дэд системүүдийг ач холбогдлын зэргээр нь тодорхойлж гэрээнд тусгаагүй байгаа нь тохиолцсон ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлох боломжгүй байдлыг үүсгэж байна.
2. Database, Ticket system, Frontend, Backend системүүдийг туршилтын орчинд ажиллуулж үзэв. Гүйцэтгэгч талын хүлээлгэж өгсөн DVD-r суулгаж бэлтгэсэн дараах зааврын дагуу ажиллав.
3. Тус систем нь 2007 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн нийт 13 тусдаа программ хангамжаас бүрдсэн систем юм. Хэрэглэгчийн систем болон тооцооны систем нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Бусад системүүд нь хоорондоо интеграц хийгдээгүй тус тусдаа ажилладаг байна. Мөн тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг хийдэг төмөр замын байгууллагад 15-аас илүү ажилласан туршлагатай, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багтай. Энэхүү 13 программ хангамж нь нийт 150 гаруй модультайгаас *******" ТӨХК голлох моделиудыг техникийн тодорхойлолтоо тусгаж өгсөн байна. МТЗ/20240101149 дугаар тендерийн Техникийн тодорхойлолт-д тусгасан дэд моделиудын хөгжүүлэлт зохих түвшинд хийгдсэн байна гэжээ. /х.х-ийн 160-175/
Өөрөөр хэлбэл, шинжээч талуудын байгуулсан гэрээнд заасан 7 программын ач холбогдлыг эрэмбэлэн тодорхойлоогүй тул ажлын гүйцэтгэлийн хувийг тогтоох боломжгүй байна гэсэн бол, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн системийг туршилтын орчинд ажиллуулж үзэхэд жижиг алдаа зааж байсан гэснийг нэхэмжлэгчийн зүгээс ...үүнийг хариуцагч талаас шаардлагатай мэдээллийг гаргаж өгсөн тохиолдолд засварлах боломжтой... гэх тайлбар гаргасныг хариуцагч нь баримтаар няцаагаагүй байна.
Мөн Техникийн тодорхойлолт-д тусгасан дэд моделиудын хөгжүүлэлт зохих түвшинд хийгдсэн байна гэснээс үзвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангасан гэсэн тайлбарыг буруутгахгүй.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шинжээчийн дүгнэлт нь тавьсан асуултад бүрэн гүйцэт, оновчтой хариулаагүй, бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзэхээр байна... гэх гомдлыг хүлээн авахгүй.
9. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж, 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/25 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 93 хувийн биелэлтэй хийж гүйцэтгэсэн ажил /программ хангамжийн эх код, өгөгдлийн сангийн бүтэж, мэдээлэл, дэлгэцийн зохиомжууд, суулгах заавар зэргийг батгаасан DVD/-ыг хариуцагчид хүргүүлсэн байна. /х.х-ийн 34-35/
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг багтаасан DVD-г хүлээн авсан талаар маргаагүй, харин ажлыг хүлээлгэн өгөхдөө гэрээнд зааснаар албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, бичиг хэргийн ажилтанд үлдээгээд явсан гэх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, баримтыг ирүүлэхийг удаа дараа шаардахад хариуцагч байгууллага тодорхой хариу өгөөгүй ба ажлын гүйцэтгэлийг хариуцагчид албан бичгээр бичиг хэргийн ажилтанд үлдээснийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсөнд тооцно.
10. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй гээд 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төмөр замын онол болон практик, бусад төмөр замын байгууллагын туршлага зэргийг судалж захиалагчийн онцлогт тохируулсан санал гаргаж захиалагчид танилцуулах, 4 дүгээр зүйлийн 4.2-т захиалагчийн саналыг тусгаж баталгаажуулсан баримт бичиг үйлдэх үүргээ тус тус биелүүлээгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эхлэлийн тайланд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь нэгдсэн систем байхгүйгээс цаасан хэлбэрээр мэдээллүүдээ авдаг, Microsoft Exel, Google sheet программуудыг ашиглан бүртгэлээ явуулж байгаа нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдал алдагдах, мэдээллийн шуурхай байх, мэдээллийн сан үүсэх, дурын мэдээллийг татаж харах болон хэт хүнээс хамааралтай байх эрсдэлүүдийг дагуулж байгаа талаар дурдаж, гэрээнд тусгагдсаны дагуу ажлын даалгаврын шаардлагыг хангах шийдлийг санал болгосон байна. /х.х-ийн 109-118/
Түүнээс гадна хариуцагч нь программд тусгахаар чухам ямар санал гаргасныг нэхэмжлэгч тал программ хөгжүүлэх ажлын төсөлд тусгаагүй болох, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Хариуцагч ******* ТӨХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулах, дахин гүйцэтгүүлэх, доголдолтой холбоотой хөлсийг бууруулах талаар шаардлагыг урьд өмнө нь гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 158,430,250 төгрөг /298,925,000 х 93%=278,000,250 - 119,570,00/-ийг төлөх үүрэг хүлээнэ.
11. Гэвч талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Чанарын баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байх бөгөөд гэрээний 2.2-т заасан хугацаа дууссаны дараа программын эх кодын сүүлийн хувилбарыг хүлээн авч, гэрээг дүгнэж чөлөөлнө гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т Гүйцэтгэгч нь программ нэтрүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд программ хангамжийн хувийн үйл ажиллагааг хариуцан техникийн туслалцаа үзүүлэх баталгаат хугацаатай байна гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаа /мөнгө/ нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарч 2 жилийн хугацаанд программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг нэхэмжлэгч нь хариуцах бөгөөд тухайн хугацаанд доголдол гарвал чанарын баталгаа /мөнгө/-аас доголдлыг арилгах, доголдол илрээгүй тохиолдолд буцааж өгөх агуулгатай байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь учир дутагдалтай болно.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 278,000,250 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн боловч талуудын байгуулсан гэрээнд чанарын баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь гэж тохирсон байх тул гэрээний үнэ болох 298,925,000 төгрөгийн 14,946,250 төгрөг /298,925,000 х 5%/-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 143,484,000 төгрөг /158,430,250 - 14,946,250/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/53357 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээчид тавьсан асуултад бүрэн дүүрэн оновчтой хариулаагүй тул Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг ...шинжээч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болон маргаж буй гэрээ болон шүүгчийн захирамжид заасан асуултын хүрээнд дүгнэлтээ гаргасан байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан үндэслэл тогтоогдсонгүй... гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 216-217/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
Нөгөө талаар гэрээнд заасан ажлын үр дүн хариуцагчийн санал, санаачилга, заавар, удирдамж зэрэгтэй нягт холбоотой бөгөөд хариуцагч нь гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж маргаж байгаа бол шинжээчийн дүгнэлтийг зөвхөн тайлбараар бус баримтаар үгүйсгэж мэтгэлцэх ёстой.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/11373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...158,430,250 гэснийг 143,484,000 гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,946,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...хариуцагчаас 950,102 гэснийг хариуцагчаас 875,370 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950,102 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Б.МАНДАЛБАЯР