Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 725

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Бямбадагва,  

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Золбаяр,

хохирогч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн 1905027730818 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Г.О.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кола Кибаб” хоолны газрын урд талд “эхнэрээ өмөөрч” Г.Нгийн нүүрэн тус газарт нь санаатай цохиж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ:

“...2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-ний шөнө манай эхнэр төрсөн дүүтэйгээ хоол идчихээд гарсан. Би тухайн үед эхнэртэйгээ утсаар ярьж байхад манай эхнэр энд хоёр залуу 200 доллараар худалдаж авъя гээд доромжлоод байна гэж ярьсан. Би тэгээд очоод маргалдсан. Өөдөөс уучлалт гуйхын оронд над руу дайрсан. Тэгээд муудалцсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н мэдүүлэхдээ:

“...2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө баарнаас гараад явж байхад 2 эмэгтэйтэй таарсан. Би тэр хоёр эмэгтэйд 200 доллар өгье гэж ярьсан нь үнэн. Тэгээд О нэг найзтайгаа машинтайгаа ирээд шууд цохисон. Найз нь согтуу байсан. Миний нэг шүд хугарч оочсон, доод хоёр шүд хөдөлсөн байсан. Манай эхнэр цуг явж байсан. Оын эхнэр, манай эхнэр хоёр салгаад тэгээд цагдаа ирсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Оын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би найз нартайгаа гадуур явж байгаад 01 цагийн үед хороололд байдаг Файр гэх бааранд ороод сууж байсан. Энэ үед манай эхнэр О хороололд Кола кибабад байна гэсэн. Тэгээд 04 цагийн үед баарнаас гараад эхнэр Отэй утсаар ярих үед цаана нь маргаан болоод байгаа сонсогдсон. Тэгээд намайг Кола кибаб дээр очих үед хоёр танихгүй залуутай эхнэр төрсөн дүү О-гийн хамт маргаад байж байсан. Тэгээд намайг ирж байх үед утсаар залгаад ярьж байхад чи 200 доллараар авдаг хэн бэ гээд цаанаа тэгсэн тэгэхэд цаана нь 500 доллар өгье л дөө гээд байсан. Тэгээд надад утсаар яриад таксинд явж байхад сонсогдоод байсан. Газар нь ойрхон учраас би тухайн үед нь очсон. Намайг буугаад хүний эхнэр 500 доллараар авдаг чи хэн бэ гээд уурлахад нөгөө хоёр залуугийн намхан нь надруу ирээд чи тэгээд яах юм гээд хэлсэн. Тэгэхээр нь би гараараа өөрөөсөө холдуулаад түлхсэн. Гэтэл нөгөө хамт явсан туранхай өндөр залуу нь хамт надруу дайрахаар нь гараараа нүүр ам орчим нь нэг удаа цохисон. Цохиулсан залуу цаашаа машин дундуур алхаад орсон. Энэ үед нөгөө маргаан эхлүүлсэн намхан залуу нь үлдээд нададтай маргаад зууралдаад хөлрүү хамаад унагаасан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод ноцолдож байх үед манай эхнэр дүү хоёр нөгөө залууг салгах гээд хүчрэхгүй ганц нэг хөл гараараа савчсан байх тэгээд байж байхад эхнэр нь гээд хоёр эмэгтэй мөн хүрч ирээд салгаад цагдаа дуудаад маргаан болсон. Би Н гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон өөр хөлөөр өшиглөж гэмтээсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 73-75/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нгийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-нд би найз Ж-тай уулзаад хороололд байдаг Файр гэх нэртэй бааранд орсон. Тэндээ нэг шил 0,5 Соёрхол гэх архи аваад уусан. Тэгээд 04 цагийн үед гарсан бид нарыг авах гээд манай найзын эхнэр болон манай эхнэр ирсэн. Машинаа Өргөө орчим тавьсан байгаа гэхээр нь Өргөө кино театрын зүг алхсан. Тэгээд манай найз бид хоёр хоорондоо тоглоод хоёр эхнэр жаахан урд гараад явсан бид хоёр хороололд байдаг Кола кибаб орчим явж байхад хоёр үл таних эмэгтэй байсан тэгээд манай найз тоглоод нөгөө хоёр эмэгтэйд 200 доллараар явах уу гээд байсан тэгсэн нөгөө эмэгтэй нь зайлаач матраа гээд байсан. Тэгэхээр би найзыгаа аваад явах гэтэл манай найз тэгвэл 500 доллараар явъя гээд хэлсэн гэтэл нэг Приус 11 ирээд дотор нь байсан нэг залуу бууж ирээд намайг ам руу цохиод авсан. Тэгээд би амаа дараад зогсож байхад найз Ж- өөдөөс нь явж байгаа харагдсан тэгээд амаа дараад нэг зогсож байсан машин дээр ирээд эргээд харах үед манай найз газар унасан нөгөө хоёр эмэгтэй болон нөхөр нь гэх залуу гурвуулаа зодоод байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 55-57, 94-96/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ж-ын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-ны орой найз нар болох Т, О, Н нартай уулзаад анх Сансарт нэг 0,75 литрийн Эдэн гэх архи авч уугаад тэндээсээ хороолол ороод эцэст байдаг Файр гэх бааранд ороод нэг шил Соёрхол гэх 0,75 литрийн архи уугаад тэгээд байж байхад Нн эхнэр манай эхнэр Б нар ороод ирсэн. Тэгээд бид нар гадаа гарч маргалдаад тэгээд түрүүлээд яваад өгөхөөр нь араас нь манай найз Н бид хоёр дагаад алхсан. Тэгээд хорооллын Кола кибаб гэх газар орчим явж байхад нэг үл таних хоёр эмэгтэйтэй мөрлөлцөөд зөрсөн гэтэл зүгээр яваач хоёр хачин юм чинь гээд байхаар нь хачин ч гэсэн чамайг авчихтайгаа шүү гээд 200 доллар өгье гээд хэлсэн тэгээд бага байна гээд хэлсэн гэтэл Н нөгөө хоёр эмэгтэйг тэгвэл 500 доллар өгье явах юм уу гээд хэлсэн хачин хоёр юм зайл энэ тэр гээд маргаан болоод байж байхад нэг машинаас өндөр бор царайтай залуу бууж ирээд намайг чи хүний эхнэр яах гээд оролдоод байгаа юм гээд хэлэхээр нь би өөдөөс нь тэгээд чи яадаг юм гэж хэлээд дөхөөд очих үед намайг гараараа цээж рүү түлхсэн. Ттэгээд манай найз намайг цохилоо гэж бодсон байх ухас хийхэд нь нүүрлүү нь нэг удаа гаараараа цохисон тэгээд манай найз амаа дараад цаашаа яваад өгсөн. Би нөгөө залуутай ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд байж байхад нөгөө хоёр эмэгтэй баахан хөлөөрөө өшиглөөд энд тэндээс татаж чангаагаад байсан. Энэ үед манай эхнэр болон найзын эхнэр А- нар хамт ирээд бид нарыг салгаад би болон Н тэнд байсан сандал дээр суусан. Энэ үед эхнэрүүд маргаан хийгээд байсан. Би тэгээд Нгаас яасан гээд асуухад шүд уначихлаа гээд байсан. Харахад амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.О-ий өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-нд орой 23 цагийн үед манай дүү О- бид хоёр Бичил хороололд байдаг Кастел гээд бааранд ороод тэндээ хүний 0,33 литрийн Тайгер гэх нэртэй пиво 4-н шилийг уугаад 04 цагийн үед гарахаар болоод гараад нөхөр маань найз нартайгаа уулзана гээд гарсан байсан болохоор хариагүй бол цуг харих гээд гар утасруу нь залгаад асуухад Файр гэх бааранд байна гараад залгъя хаана уулзаад харих бэ гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ хороололд байдаг Кола Кибаб орчим байж байя гээд хэлсэн тэгээд явж байхад манай нөхөр надруу залгаад хаана байна гээд ярьж байхад би Кола кибаб орчим ирсэн байсан тэгээд энд ирчихлээ гээд хэлээд байж байхад тэнд явж байсан үл таних хоёр залуу дүү бид хоёрыг 200 доллараар явах уу гээд асуусан. Тэр үед би нөхөртөйгөө утсаар яриад явж байсан. Чи юу гээд байгаа юм бэ цаашаа зайл гээд хэлсэн чинь тэгвэл 500 доллараар явчих уу гээд байсан. Ингээд дүү бид хоёр уг хоёр залуутай маргаад байж байхад манай нөхөр О хүрээд ирсэн тэгээд нөгөө хоёр залууд манай эхнэр та нар яах гээд оролдоод байгаа юм гээд хэлсэн гэтэл нөгөө хоёр залуугийн арай намхан нь тэгээд чи яах юм гээд дайрсан. Тэр үед манай нөхөр гараараа цааш нь түлхээд холдуулсан чинь хамт явсан нэг арай өндөр нь зодох гээд дайрахад манай нөхөр өөдөөс нь нэг удаа цохисон. Тэгээд өндөр залуу цаашаа яваад өгсөн нөгөө намхан нь үлдээд манай нөхрийн хөлөөс нь гараараа татаад унагаасан. Манай дүү бид хоёр салгах гээд дийлэхгүй ноцолдоод байсан. Тэр үед салахгүй байхаар нь ганц нэг гар хүрч өшиглөсөн байх тэгээд байж байхад эхнэр нь гээд мөн хоёр эмэгтэй ирээд өмөөрөөд бөөн хэрүүл болсон тэгээд манай дүү нөгөө талаас нэг эмэгтэй нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.О-гийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-нд манай эгч болох О бид хоёр уулзаад хороололд байдаг Кастел гэх шөнийн цэнгээний газарт орж үйлчлүүлсэн бид хоёр 0,33 литрийн Тайгер гэх нэртэй пиво 4-н шилийг уугаад хүргэн ах болох О гадуур яваа гэсэн тэгээд хаана байгаа талаар нь эгч асуугаад хоёулаа өөдөөс нь дөхөөд алхая гээд бид хоёр алхсан. Тэгээд хороололд байдаг Колла кибаб гэх газрын үүдээр алхаад явж байхад үл таних хоёр эрэгтэй бид хоёрыг хөөе 200 доллараар явах уу гээд араас орилоод байхаар нь хүүш дуугүй байгаач солиотой юм уу гээд хэлсэн чинь тэгвэл 500 доллараар явах юм уу гээд байсан. Энэ үед манай эгч О хүргэн ах О хоёр утсаар яриад ахыг ирээд ав хамт харъя гээд байсан юм. Нөгөө хоёр хүнтэй маргаан хийгээд байж байхад хүргэн ах бууж ирээд яагаад эхнэр доромжлоод байгаа юм гээд хэлсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн намхан саарал хувцастай эрэгтэй тэгээд чи яадаг юм гээд ах өөрөөсөө холдуулаад түлхэж байгаа харагдсан. Тэгээд би машин дотор нэг хүний цаана ороод суусан байсан болохоор сайн хараагүй нэг мэдсэн чинь нөгөө хоёр залуугийн арай өндөр нь машин дундуур амаа дараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Бийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-нд гэр бүлийн найз нар болох манай нөхөр найз нартайгаа уулзана гээд ажлаа тараад шууд явсан. 2019 оны 6 дугаар сарын 29-нд буюу шөнө 02 цаг болж байхад ирээд ав гэсэн тэгээд би найз болох А-тэй утсаар холбогдоод Чулуун-Овооноос хамт хороололд байдаг Файр гэх баарыг нь хайгаад олоогүй. Тэгээд машинаа Өргөөгийн автобусны буудал дээр үлдээсэн байсан машин руугаа явж байх үед найз А- бид хоёр түрүүлээд урд нь алхсан манай хоёр нөхөр ард инээгээд марзагнаад явж байсан. Гэтэл гэнэт ард шуугиад явчихаар нь эргээд хартал манай нөхөр болон найз Н нар нь хүмүүстэй маргаж байсан. Тэгээд би найз А-төй очиход манай нөхрийг хоёр хүүхэн нэг залуу нь газар унагаагаад зодож байсан нэг хүүхэн нь үсдээд нэг эрэгтэй болон нөгөө эмэгтэй нь хажуугаас нь өшиглөөд байсан харин Н дээр ямар нэг зодоон хийсэн хүн байхгүй амнаас нь цус гараад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-38/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.А-ийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-нд орой 21 цагийн үед найзуудтайгаа уулзана гээд гарсан юм. Шөнө 02 цагийн үед надруу утсаар яриад хороололд байна найз нараасаа салж байна ирээд авчих гэсэн тэгээд би гэр бүлийн найз нар болох Бийн хамт хороолол ороод байгаа баарыг нь олохгүй байхаар нь машинаа Өргөөгийн ойролцоо тавиад явган алхаад явж байгаад хорооллын эцэс дээр байдаг Файр гэх бааранд очсон. Баарлуу ороод нөхөр Н болон найз Ж- нарыг аваад гарсан. Гарч ирээд машин руугаа очих гээд Б бид хоёр юм яриад урд нь алхаж байхад гэнэт хороололын Кока Кибаб гэх газрын орчим явж байхад ард гэнэт хүмүүс шуугиад байсан. Эргээд харсан манай нөхөр найзтайгаа хамт үл таних хүмүүстэй маргаад зодолдож байсан. Тэгэхээр нь бид хоёр гүйгээд очиход найз Ж-ыг хоёр эмэгтэй нэг өндөр эрэгтэй өөр нэг эрэгтэйн хамт зодоод байсан. Нэг эрэгтэй нь өшиглөөд хоёр эмэгтэй нь үснээс нь зулгаагаад гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Нилээд зодож байсан тэр үед бид хоёр салгаад дийлэхгүй байсан тэгээд тэр хавьд байдаг Караокены хамгаалагч нар хамт салгаж тусалсан. Тэгээд харсан чинь манай нөхөр амаа дарсан амнаас нь цус гарсан шүд хугарчихлаа гээд байж байсан…” гэх мэдүүлэг /хх-н 40-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 8085 тоот: 

1. Г.Нгийн биед дээд зүүн 1, доод үүдэн голын 2 шүдний булгарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 63/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кола Кибаб” хоолны газрын урд талд “эхнэрээ өмөөрч” Г.Нгийн нүүрэн тус газарт нь санаатай цохиж гэмтээн, биед зүүн шуунд зулгаралт, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Оын “...хамт явсан туранхай өндөр залуу нь хамт надруу дайрахаар нь гараараа нүүр ам орчим нь нэг удаа цохисон. Цохиулсан залуу цаашаа машин дундуур алхаад орсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Нгийн “...Приус 11 ирээд дотор нь байсан нэг залуу бууж ирээд намайг ам руу цохиод авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Ж-ын “...манай найз намайг цохилоо гэж бодсон байх ухас хийхэд нь нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон тэгээд манай найз амаа дараад цаашаа яваад өгсөн. ...Нгаас яасан гээд асуухад шүд уначихлаа гээд байсан. Харахад амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.О-ий “...хамт явсан нэг арай өндөр нь зодох гээд дайрахад манай нөхөр өөдөөс нь нэг удаа цохисон. Тэгээд өндөр залуу цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.О-гийн “...Нөгөө хоёр хүнтэй маргаан хийгээд байж байхад хүргэн ах бууж ирээд яагаад эхнэр доромжлоод байгаа юм гээд хэлсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн намхан саарал хувцастай эрэгтэй тэгээд чи яадаг юм гээд ах өөрөөсөө холдуулаад түлхэж байгаа харагдсан. Тэгээд би машин дотор нэг хүний цаана ороод суусан байсан болохоор сайн хараагүй нэг мэдсэн чинь нөгөө хоёр залуугийн арай өндөр нь машин дундуур амаа дараад явж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.А-ийн “...манай нөхөр найзтайгаа хамт үл таних хүмүүстэй маргаад зодолдож байсан. ...Тэгээд харсан чинь манай нөхөр амаа дарсан амнаас нь цус гарсан шүд хугарчихлаа гээд байж байсан…” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 8086 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаар шүүгдэгч хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Г.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ