Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1829

 

2016.11.04                                                      Магадлал                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00722 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ холбогдох

 

2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

           Х нь ХХХ жолоочоор 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба тус албаны дарга ХХийн хууль бус үйл ажиллагаатай үл эвлэрч Иргэний нисэхийн дотоод аудитод шалгалт хийх тухай хүсэлт гаргаж шалгуулсан. Шалгалтыг хуулийн дагуу явуулж илэрсэн зөрчил дутагдалд ХХХ-ын даргын тушаалаар холбогдох арга хэмжээг авч, Х надад Хууль эрх зүйн газрын дарга ХХХХХХ албан бичгээр хариу ирүүлсэн. Дээрх хуульд нийцэхгүй байгаа үйл ажиллагаа болон хариу мэдэгдсэн албан бичгүүдийг тус байгууллагын нэр бүхий фэйсбүүк цахим хуудсанд байршуулж тавьсан байгаа нь Хөдөлмөрийн хууль, ХХХ-ын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэн ХХХ-ын даргын хариуцлага тооцуулах тухай 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/899 дүгээр албан бичиг ирсэнийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр тус газрын дарга ХХ нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б/71 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай байгууллагад байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэг хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтанд ч байдаг ба хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина гэж заасны дагуу ажилтан миний зүгээс хууль бус үйлдэл, үйл ажиллагааг л илчилсэн. Үүний дагуу холбогдох хяналтын байгууллага ажиллаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Миний энэ үйлдэл нь хуулийг, дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хууль бус үйлдлийг ил гаргаж байгаа нь нэр бүхий албан тушаалтан нарт таатай байдал үүсэхгүй байгаагаас шалтгаалан миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хууль бус үйлдлийг ил гаргаж байгааг таслан зогсоох, үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дарга удирдах албан тушаалтнуудыг зүй бус үйлдэл яагаад ил гарч болдоггүй байгууллагын нэр хүнд, эрх ашигт халдсан үйлдэл болоод байна. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор cap бүрийн шагналт цалин болох 40 хувийн нэмэгдлийг хасаж сахилгын арга хэмжээг давхардуулан оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул ХХХ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ХХийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай тус газрын жолооч ажилтай Х надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын тайлбарт:

Тээврийн үйлчилгээний хэлтсийн жолооч Х нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк хуудасны "Агаарын тээвэр Mongolia" нэртэй группт 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 07:19 цагт, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Газрын тусгай үйлчилгээ нэртэй группт байгууллагын нэр хүнд, эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг байршуулж, ХХХ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.1.1-т ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллана, 3.6.1.6-д аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгоно, 3.6.1.7-д ХХХ-ын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага, хувь хүмүүст мэдээлэл өгч болно гэж тус тус заасныг зөрчсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасны дагуу тус албаны даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно. Хын дээрх үйлдэл нь ХХХ-ын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл тул уг ажилтанд холбогдох арга хэмжээг авахыг ХХХ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/899 дүгээр албан бичгээр үүрэг болгосны дагуу арга хэмжээ авч ажилласан. Иймд Хын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар Газрын тусгай үйлчилгээний албанд холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дотоод журмын дээрх заалтуудаас үзэхэд ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоод журмыг мөрдөн ажиллах,аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэвлэлмэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх байсан байна" гэжээ. Гэтэл Х нь зөвхөн өөрийн нэр дээр хаяглан ирсэн "ХХХ-аас өргөдөл, гомдолд хариу мэдэгдэх хуудас"-аар Хууль эрх зүйн газрын дарга ХХХХХХ нь албан бичгээр өгсөн 2 нүүр бүхий хариуг өөрийн нэр дээр байх Фейсбүүк цахим хуудаст байршуулсан болохоос /Газрын тусгай үйлчилгээний алба/ фэйсбүүк цахим хуудаст огт байршуулаагүй. Учир нь дээрх Газрын тусгай үйлчилгээний алба фэйсбүүк цахим хуудасыг тусгай нууцлал бүхий эрхтэй админ ажиллуулан хөтөлдөг байхад анхан шатны шүүх дээрх албан бичгүүд хэний нэр дээрх ямар цахим хуудаст ямар цаг хугацаанд, хэн хаанаас байршуулсан эсэхийг тогтоон үзэж, бүрэн дүгнэлт хийгээгүй. Мөн Хын гаргасан үйлдэлд зохих арга хэмжээг авч эргэн мэдэгдэхийг Газрын тусгай үйлчилгээний албанд үүрэг болгосон Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХХХХгийн гарын үсэг бүхий 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/899 дугаартай албан бичгийг шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Хын гомдол өргөдөл гомдолд хариу өгөх хуудсаар 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хууль, эрх зүйн газрын даргын түүнд өгсөн хариу, Иргэний нисэхийн дотоодын аудитод гаргасан Хууль, эрх зүйн газрын хүсэлт мөн дотоод аудитын шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ХХХ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/163 тоот тушаал зэрэгт тусгагдсан үйл баримтууд нь ХХХ-ын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал байх тул Хыг хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзснийг буруутгах үндэслэлгүй болно" гэжээ. Дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргуулж ямар цахим сүлжээнд хэрхэн яаж байршуулсан байсан, яагаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХХХХгийн албан бичгийг үндэслэж Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ХХ нь сахилгын арга хэмжээ авах болсон. Зөрчил гаргасан байдал нь хэрхэн яаж нотлогдоод байгаа нь тодорхойгүй байгааг харуулах гэж нотлох баримтуудыг ирүүлсээр байхад анхан шатны шүүх дүгнэж үзээгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөвхөн Хад хаяглан ирсэн "ХХХ-аас өргөдөл, гомдолд хариу мэдэгдэх хуудас"-аар Хууль эрх зүйн газрын дарга ХХХХХХ нь албан бичгээр өгсөн 2 нүүр бүхий хариуг Х өөрийн нэр дээр байх Фейсбүүк цахим хуудас хаягтаа байршуулсан гаргуулсан болохоос /Газрын тусгай үйлчилгээний алба/ фэйсбүүк цахим хуудаст огт байршуулаагүй тухайгаа тайлбарлан ярьж мэтгэлцсээр байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь талд "...Уг гаргасан гомдол нь ямар нэгэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл, байгууллагын нэр хүнд, байгууллагын удирдлага, албан тушаалтныг гүтгэн доромжилсэн мэдээлэл байгаагүй учраас тухайн шалгалтын дүнг албан ёсоор гаргаж өгсөн. Үүнийг Газрын Тусгай үйлчилгээний алба гэсэн цахим хуудсанд тавьсанаараа буруутай болоод сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж байна..." гэж тайлбарлсан мэтээр бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны тээврийн үйлчилгээний хэлтсийн нийтийн үйлчилгээний жолоочоор ажилладаг нэхэмжлэгч Хад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны даргын Б/71 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ”Агаарын тээвэр Mongolia”, “Газрын тусгай үйлчилгээний алба” нэртэй фейсбүүк хуудсанд байгууллагын нэр хүндэд холбогдох мэдээллийг нээлттэй байршуулсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогч буюу хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан асуудлаар буюу аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгох, байгууллагын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой, байгууллагын санхүү, мөнгөн хөрөнгө, хөрөнгө оруулалт, цалин хөлсний сүлжил, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийн асуудлаар нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага, хувь хүмүүст мэдээлэл өгөх, тараах, хэвлэн нийтлэх, асуудлыг байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх, энэ тохиолдолд нэр хаягийг тодорхой зааж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэг хүлээсэн нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.8, 2.2.9, 2.2.20 дахь хэсгийн заалтуудын агуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Х 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хандан тус газрын тусгай үйлчилгээний албаны даргын үйл ажиллагааны талаар “ажилтныг хууль бусаар ажлаас халж, шүүхийн шийдвэрээр 70 000 000 орчим төгрөг төлсөн, хууль бусаар 11 000 000 төгрөг завшсан, “ХХХХХХ” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан, албаны автомашиныг өөр байгууллагад явуулдаг, орон тоо үндэслэлгүй нэмэгдүүлж, байгууллагын хэвийн бус ажиллагааг алдагдуулсан, хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтанд орон сууцны хөнгөлөлт олгосон” зэрэг үндэслэлээр гомдол гаргасныг тус газрын Дотоод аудитын хэлтэс шалгаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/163 тоот тушаалаар албаны дарга ХХХХХХХ, тус албаны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга ХХХХХХХХ нарт сануулах сахилгын арга хэмжээ авчээ.

 

Тэрээр түүний гаргасан гомдлын мөрөөр шалгалт хийж, холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар нэхэмжлэгч Хад 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 04/28 тоот албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичигт агуулагдсан мэдээ мэдээлэл нь байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байх тул уг албан бичгийг нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Газрын тусгай үйлчилгээний албаны цахим хуудаст /фейсбүүк/ байршуулсан болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Хын Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль эрх зүйн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 04/28 тоот албан бичгийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Газрын тусгай үйлчилгээний албаны цахим хуудаст /фейсбүүк/ байршуулсан үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.7, ажилтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.8, 2.2.9, 2.2.20 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллагын албан тушаалтны хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан шалгаж, зөрчлийг илрүүлэн арилгах талаар тодорхой арга хэмжээ авсан нь тухайн асуудалд хамаарах хувь хүний нэр хүнд, байгууллагын дотоод зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршуулахыг зөвшөөрсөн явдал биш учраас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр “.., байгуулагын нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага, хувь хүмүүст мэдээлэл өгөх, тараах, хэвлэн нийтлэх, асуудлыг байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх, хувь хүний нууцтай холбоотой асуудлаар бусдад мэдээлэл тараахгүй байх ” үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь дээрх мэдээ, мэдээлэл бүхий албан бичгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох ”Агаарын тээвэр Mongolia” цахим хуудаст тавьсан нь баримтаар нотлогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй боловч фейсбүүк, олон нийтийн сүлжээ дэх “Газрын тусгай үйлчилгээний алба” цахим хуудаст байршуулсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилд тооцогдоно.

 

Хэрэгт авагдсан зарим баримт буюу нэхэмжлэгч Хад сахилгын арга хэмжээ авсан тушаал, нэхэмжлэгчийн Иргэний нисэхийн ерөнхий газарт гаргасан гомдол, уг гомдлын мөрөөр шалгалт хийж холбогдох алба тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авсан тухай албан бичиг зэрэг баримтуудад хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдаж ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх боловч уг баримтад агуулагдаж буй үйл баримт нь зохигчдын тайлбар, нотолгооны шаардлага хангасан хэргийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         А.МӨНХЗУЛ