Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Ч.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 873 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал П.Т 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Байгаль орчны яамны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ........ дугаартай ....... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт”-ийг хууль бус захиргааны актад тооцуулах, хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 873 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ...... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дугаар 2018/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.О нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, зөрчсөн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг зааж өгсөн ба 56.1.5-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол цуцлна гэж заасны дагуу Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар тогтоол, тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Заамар сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 3-ны 1/214, 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10/473 дугаар албан бичгийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын хэвлийд /блок/ хууль бусаар халдсан “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2018/02 дугаартай дүгнэлтийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

Харин Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 7/5498 дугаар албан бичгээр цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн байдаг.

Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газар нь уг дүгнэлтийг хүчингүй болгох тухай, эрх зүйн үйлчлэл нь дууссан тухай огт дурдаагүй бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд яамны дүгнэлтийг хүчингүй болгох, цуцлах, эрх зүйн үйлчлэлгүй болох талаар зохицуулалт байдаггүй.

Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт “...яамны дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээж аваагүй учраас эрх зүйн үйлчлэлгүй болсон байна” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ дүгнэлтийг хүчингүй болгосон нь дээрх Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг илтэд буруу хэрэглэсэн, зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Хууль хэрэглэх зарчим”-ыг зөрчсөн, хууль зүйн логикгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Хэрэв “эрх зүйн үйлчлэлгүй” гэж үзэж байгаа бол эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд ямар үр дагавартай болох нь ойлгомжгүй байгаа юм. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зохицуулалтыг зөрчиж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хуулиар зохицуулаагүй харилцааг дүгнэсэн нь шүүх болон талуудын маргааны хүрээллээс хэтэрсэн асуудал юм.

Түүнчлэн яамны дүгнэлт гаргах болсон үндэслэлүүдийн нэг болох орон нутгийн захиргааны байгууллагын санал дүгнэлт, шийдвэрүүд хүчин төгөлдөр эсэх дээр шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх хуулийн шаардлагыг хангахгүй эргэлзээ төөрөгдлийг бий болгосон.

2. Нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг баримталж дүгнэсэн тухайд:

Хэргийн материалд цугларсан нотлох баримт, яамнаас маргаан бүхий газарт ажилласан ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсэгт ажилласан мэргэжилтнүүдийн тайлбар, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч компани гол ус бохирдуулсан, менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын хэвлийд халдсан зэрэг нь тогтоогдож байсан. Гэтэл шүүх үүнийг дүгнэхгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 873 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс дээрх актын талаар “…эрх зүйн үр дагаваргүй болсон гэж үзэхээр байна, …дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй, …дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж дүгнэх боломжгүй, …дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг заах тухай захиргааны актад тавигдах шаардлагыг биелүүлээгүй…” гэх зэргээр хууль зүйн хувьд өмнөхөө дараагийнх нь үгүйсгэсэн агуулгатай, логик уялдаагүй дүгнэлт хийсэн, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн мөн яамны ТНбД-ын баталсан ажлын удирдамжид заасан 2018 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн 3 хоногийн хугацаанд хийсэн хяналт шалгалтаас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтэд тусгагдсан;

-2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 онд батлагдсан ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй;

-байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй;

-Туул голд шүүрэлтийн ус нийлүүлж бохирдуулсан гэх зөрчлүүд нь хяналт шалгалт хийх цаг хугацаанд бодитоор байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тухайлбал байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан хяналт шалгалт хийх хугацаанд бус харин 2018 оны 10 дугаар сард батлагдсан, өөрөөр хэлбэл шалгалтын үед батлагдаагүй байсан;

-2016 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хамрагдаагүй В26 дугаар блокт хөрс хуулалтын ажил хийж, уулын ажил эхлүүлсэн,

-химийн найрлагагүй ч дээрх блокны ухсан нүхнээс хальсан шавар, булингартай усыг Туул гол руу цутгасан нь тухайн үед бодит байдалд байсан зөрчлүүд болно.

Цаг хугацааны хувьд энэхүү дүгнэлт гарснаас хойш дээрх тайланг баталсан нь дүгнэлтээ үгүйсгэх үр дагаварт хүргэхгүй бөгөөд уг дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцлаагүй нь, эсхүл цуцлах үндэслэлгүй талаарх тус газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 7/5498 дугаар албан бичигтэй хариуцагчаас маргаагүй нь дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Харин ч 2018 оны 10 дугаар сард байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг баталснаар дүгнэлтэд тусгагдсан 1 зөрчил арилсан, Туул голын усанд химийн найрлагагүй ч шавартай бохир усыг насосоор шавхаж хийснээ нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн нь дүгнэлтийн “бохирдуулсан” гэдэгт нийцэх бөгөөд байгаль орчны зөвлөх “Н” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/61 дүгээр шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн прокурорын газрын мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 298 дугаар прокурорын тогтоол нь маргаан бүхий дүгнэлтээс 3 сар орчмын дараа гарсан, өөрөөр хэлбэл Туул голд тухайн үеийн шавартай ус цутгаснаас үүссэн бохирдол урсгал усаар цэвэрлэгдэж, мөн батлагдаагүй байсан зарим бичиг баримтын зөрчил дээр дурдсанаар арилсаны дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлт, мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн прокурорын тогтоол нь хариуцагчийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох буюу анхнаасаа зөрчилгүй байсан гэж дүгнэх үр дагаварт хүргэхгүй.

Түүнчлэн маргаан бүхий дүгнэлт гарахаас өмнө буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 19-04-002/01 тоот албан шаардлагад карьерийн шүүрлийн усыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу бус Туул гол руу цутгаж байгааг таслан зогсоохыг мэдэгдсэн байхад;

-улсын байцаагчийн мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 19-04-312 тоот актаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тодотгол хийлгэж холбогдох төрийн байгууллагаар батлуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлж, “Э” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байхад;

-мөн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0172474 дүгээр шийтгэлийн хуудсаар 3.0 сая төгрөг оногдуулсан байхад холбогдох зөрчлийг арилгалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Байгаль орчны яамны ажлын хэсгийн хяналт шалгалтаар дахин тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэлийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргасан” байх гэж тодорхойлсон.

Иймд маргаан бүхий дүгнэлтэд Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10, тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын мөн оны 11 дүгээр тогтоол; сумын Засаг даргын мөн оны 1/214, 3 дугаар багийн Засаг даргын мөн оны 10/473 дугаар албан бичгийг тус тус байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх “нутгийн захиргааны байгууллагын санал” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, эдгээр тогтоол, албан бичгийн үндэслэлд ч хөрс хуулалтаас гарсан бохир усыг Туул гол руу цутгасан, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон байхад зөрчлийг арилгалгүйгээр уулын ажлыг хууль бусаар явуулсан зэрэг дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүдийн талаарх мөн адил тусгасан байна. 

Харин Сайдаас “…дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг нэмж, тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хууль бус үйлдэл гаргаж байгаа…” гэх нэхэмжлэлийн үндэслэл нь энэхүү дүгнэлтэд хамааралгүй үйл баримт болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1/, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ....... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай 2018/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН