Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 444

 

Э.Батцогтод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжин, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

ялтан Э.Батцогтын өмгөөлөгч Т.Сайнбаяр, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Батцогт, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Батцогтод холбогдох эрүүгийн 201625013972 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их хойд овогт Энхтуяагийн Батцогт, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, “Мандал даатгал” ХХК-д даатгалын мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 3, эх болон эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УУ92102914/;

Э.Батцогт нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундруул” зочид буудлын 210 тоот өрөөнд найз О.Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Батцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Батцогтыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Батцогтод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Батцогтын ар гэрийн хувьд ноогдох хөрөнгөөс оршуулгын зардалд нийт 16.291.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжинд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Батцогтын цагдан хоригдсон нийт 130 хоногийг биечлэх эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал, гурвалжин хэлбэртэй шахмал модны хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Батцогт давж заалдах гомдолдоо: “… Миний бие талийгаач Энх-Од над руу гэнэт дайран довтолж, намайг цохиж зодон миний амь нас, эрүүл мэндэд аюултай байдал учрах үед өөрийн биеийг хамгаалах үүднээс зүүн нүд орчимд 1 удаа, доод уруул орчимд 1 удаа, нийт 2 удаа цохисон. Энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Гантөмөрийн мэдүүлгээр нотлогддог. Талийгаач надаас салаад явахдаа нүдэнд ил харагдах шарх, цус, хавдаргүй, зовиурласан зүйлгүй, зүгээр гарч явсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг болон гэрч Гантөмөр мөн буудлын ажилтнуудын мэдүүлгээр нотлогддог. Харин шинжээчийн дүгнэлтээр талийгаач Энх-Одын тархинд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр маш олон удаагийн давтамжтайгаар цохисон үед эсвэл өөрөө юм мөргөж унах үед үүсэх боломжтой, хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд талийгаач Энх-Одын биед үүссэн тархины хүнд гэмтэл нь зочид буудлаас гараад харих замдаа хэн нэгэнтэй маргалдаж зодолдон цохиулсны улмаас үүссэн эсэх эсвэл хальтиргаа гулгаа ихтэй үед согтуу явж байсан хүн өөрөө хальтарч унан толгойгоо хатуу зүйлд цохиж, тархины хүнд гэмтэл үүссэн байх магадлал өндөртэй байдаг. Талийгаач зочид буудлаас гараад гэртээ харих хүртэл замын чиглэлийг тогтоох, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгүүдийг шүүлгэх талаар хүсэлт гаргасныг хангалгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хэт нэг талыг барьж, намайг яллаж байгаад гомдолтой байна. Иймд талийгаачийн явсан чиглэлийг тогтоож, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгүүд, албан байгууллагуудын гадаах болон “Хом ланд” хотхоны СӨХ-ны камерын бичлэгүүдийг шүүж, талийгаач хэдэн цагт гэртээ харьсан, гэрээсээ буцаж гарсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Дээрх хүсэлтийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

    Ялтан Э.Батцогтын өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.Батцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Учир нь дараах асуудлуудыг эргэлзээгүйгээр бүрэн нотлож байж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Үүнд:

            1. Шүүгдэгч Э.Батцогт, хохирогч О.Энх-Од нарын хооронд өр, авлага байгаа эсэх, хэрэг учрал болох үед энэхүү тооцоо нь дууссан эсэхийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй.

            2. Хэрвээ хохирогч гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломж байсан эсэх талаар шинжээчээс тодруулаагүй.

3. Шинжээчийг байцаасан тэмдэглэлд "...Ийм гэмтэл авсан даруйд толгойд их хэмжээний өвдөлт, толгой эргэх, дотор муухайрах, хөл, гар согтуу мэт гуйвах шинж тэмдэг илэрч болно, толгой эргэх болон  нүд бүрэлзэх зэрэг шинж илэрч болох бөгөөд сонсголд айхтар нөлөөлөхгүй, хэл яриа согтуу мэт ээдэрсэн цөөн үгээр зөөж ярьж болно...” гэсэн байдаг ба талийгаач буудлаас гараад гэрийнхээ гадаа очсон хойноо хэд, хэдэн гэрчтэй утсаар ярьсан. Эдгээр гэрчүүдээс талийгаачийн хэл яриа ээдэрсэн согтуу хүн шиг ярьж байсан эсэхийг тодруулж мэдүүлэг аваагүй.

 4. Мөн шинжээч “...Тухайн хүнд маш их хэмжээний зовиур шаналгаатай байна. Зовиур шаналгаа нь тархинд гэмтэл авангуут илэрнэ...” гэж мэдүүлдэг. Тэгвэл утсаар ярьсан гэрч нарт толгойн зовиур шаналгааныхаа талаар ярьсан эсэх, камерын бичлэг толгойгоо барьж шаналж байгаа дүрс бичигдсэн эсэх талаар нэгч баримт байхгүй. Ганцхан гэрч Балжмаад л толгойн өвчний талаар хэрэг учрал болсноос хойш нэлээд хугацааны дараа хэлсэн байдаг. Ийм их хэмжээний зовиур, шаналгаатай хүн өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай эсэх, энэ үедээ ямар үйлдэл, хөдөлгөөн хийдэг талаар шинжээчээс тодруулах шаардлагатай. Учир нь өвдөлтийн шоконд байгаа хүн утсан дээрх дугааруудыг харж, эрүүл хүн шиг утсаар ярих боломжтой эсэх талаар мэдүүлэг авах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв. 

Ялтан Э.Батцогтын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцож байна. Нэгдүгээрт уг хэрэгт шаардлагатай гэрч нарыг байцаагаагүй. Гэрч Энхжин, Индра нар хохирогчийг гэртээ хэдийд ирснийг нарийн тодорхой хэлдэггүй. Харин хохирогчийн духны зүүн хэсэг хөхөрсөн, хамар нь хавдаж хөхөрсөн, хацар нь хавдсан байдалтай ирсэн гэдгийг мэдүүлсэн. “Ундруул” зочид буудлын ажилчдаас зодоон болсон эсэхийг л асуусан болохоос хохирогч буудлаас гарах үедээ биедээ ил харагдах шарх, сорвитой байсан эсэх, ямар байдалтай байсан зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй. Нэг үйл явдлыг гурван гэрч, хоёр өөр янзаар мэдүүлсэн. Хохирогч зочид буудлаас гарахдаа зүгээр байсан бол гэртээ очихдоо биедээ гэмтэл авсан байсан гэдгийг маш ойроос харсан гэрч нар мэдүүлсэн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Б.Гантөмөр болон бусад гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах замаар хэргийн нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. Шинжээчийн гаргасан дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай уялдаагүй байна. Удаан хэвтсэний улмаас нас барсан уу, эсхүл хүнд гэмтлийн улмаас уушигны хатгалгаагаар нас барсан уу гэдэг нь тодорхойгүй. Шинжээч нь “гэмтлийг авсан даруйдаа ухаан алдаж болно, хэсэг хугацааны дараа ч ухаан алдаж болно” гэж тодорхойгүй байдлаар хариулт өгсөн. Хохирогч зочид буудлаас гараад гэртээ хүрэх хугацаанд ухаан алдах, ухамсарт ухаан алдахын аль нь үүсэж болох вэ, ямар ямар шинж тэмдгүүд илрэх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт “уг гэмтэл нас барахаас өмнө үүссэн байна” гэсэн ерөнхий нэг зүйл байдаг. Амь хохирогч нь 44 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шинжээч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэв шаардлагатай бол шаардагдах баримт материалуудаг шаардан авч дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Үнэхээр тусгай мэдлэг дутагдаж байгаа бол бүрэлдэхүүнтэй шинжээч томилох замаар гэмтлийг тогтоох боломжтой. “Ундруул” зочид буудлаас гараад явсан замын дагуух бүх байгууллагын камерын бичлэгийг авах, хэрэв байхгүй бол байхгүй гэдгийг нь тодорхойлсон баримтыг шаардаж гаргуулж авах нь хэрэгт ач холбогдолтой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Э.Батцогтод оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Нийт 24.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ч үүний 7.000.000 төгрөг нь зөвхөн шашны зан үйлд зарцуулсан гэж үзэн, хохирлоос хасаж тооцсонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хэрэг учрал болсон цаг хугацааг нарийн шалгаж, тогтоосон. Хавтаст хэрэгт зочид буудлын бичлэг, “Голомт” банкны бичлэг, Баянбүрдийн камерын бичлэг зэргийг нотлох баримтаар хавсаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Батцогт “Ундруул” зочид буудлаас талийгаачийн гэр хүртэл 15 минут явах зайтай” гэж мэдүүлсэн. “Ундруул” зочид буудлын ажилчид тус буудлын хяналтын камерын бичлэг 40 минутын зөрүүтэй гэдгийг хэлсэн. Талийгаач зочид буудлаас 21 цаг 49 минутад гарсан. Энэ нь Гантөмөрийн мэдүүлгээр давхар тогтоогддог. Хохирогч гэрийнхээ үүдэнд 22 цаг 07 минутад очоод Батхолбоо руу, 22 цаг 13 минутад Давхраа руу тус тус утсаар ярьсан бөгөөд 22 цаг 32 минутад Балжмаа руу “би ирсэн байна” гэж ярьсан. Үүний дараа 22 цаг 43 минутад “миний толгой бүр өвдөөд байна. Цогоотой цохилцсоноос хойш өвдөөд болохгүй нээ” гэж өвдөлтөндөө тэсвэр алдаж, мессеж бичсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн цаг хугацааг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Гэрч Гантөмөр “Би 2-3 удаа салгасан. Тэр хоёр маш удаан хугацаанд бие, биенээ цохиод байсан”, гэрч Түмэн-Өлзий “Манайд анх ирэхдээ 2 нүд хөхөрч хавдсан, хоолой, гар, хөлөндөө зулгарсан шарх, баруун гарын сарвуу хөхөрч хавдсан, зүүн гарын бугуй, шилбэнд зулгаралттай ямар ч ухаангүй ирээд ухаангүй байсаар байгаад нас барсан” гэж тус тус мэдүүлсэн. Хохирогч эмнэлэгт ухаангүй ирээд эмчилгээ хийлгэсээр байгаад нас барсан. Тархины эдийн няцрал, тархмал цусан хураатай байсан. Цусан хураа ганцхан газар байгаагүй. Тухайн үед ил харагдах гэмтэлгүй байсан тул гэмтэл учраагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Хавтаст хэрэгт “Ундруул” зочид буудал болон “Голомт” банкны камерын бичлэгийг авсан. “Хоум ланд” буюу хохирогчийн оршин суугаа газрын камерын бичлэгийг авахаар албан тоот явуулсан боловч “манай камерын бичлэгт хадгалагдаагүй, устгагдсан учир сэргээх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон бусад газруудын камерын бичлэгийг авахаар албан тоот явуулж, хандсан боловч дээрхийн адил устгагдсан тул өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Шүүгдэгч болон хохирогч нар нэлээд удаан хугацаанд зодолдсон болох нь тогтоогддог. Хэрэг гарсны маргааш өдөр хохирогчийг хүлээн авсан эмч хохирогч нь хоёр нүд нь хөхөрсөн, гар, хөл, хүзүүндээ зулгаралт гэмтэлтэй байсан гэдгийг, гэрч Гантөмөр хохирогчийн гарыг хавдсан байсан гэдгийг мэдүүлсэн. “Хохирогч нь гавал тархины битүү

гэмтэл авч эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсний улмаас уушигны зогсонгишил өвчнөөр нас барсан” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Батцогт нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундруул” зочид буудлын 210 тоот өрөөнд найз О.Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжингийн: “...Би эхнэр Индраа, төрсөн дүү О.Энх-Од нарын хамт амьдардаг. 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой 10 цаг өнгөрч байхад дүү О.Энх-Од гэртээ ирсэн. Би архи уусан эсэхийг анзаараагүй. ... Гэтэл дүү орж ирээд 20 минутын дараа намайг зочны өрөөнд ороод ир гэж дуудсан. Намайг очтол зочны өрөөний гэрэл унтраастай байсан. О.Энх-Од “миний толгой өвдөөд байна, эм байвал өгөөч” гэхээр нь би өрөөний гэрэл асаагаад эм авч өгсөн. Гэтэл манай дүүгээс архи үнэртэж байсан ба зүүн талын шанаа нь хөхөрчихсөн, баруун гарын алганы ар хэсгээр хавдчихсан, дух болон хамар хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд би өрөө рүүгээ ортол дүү нойлийн өрөөнд бөөлжиж байсан. Шөнө унтаж байгаад сэрэхэд манай дүү “ёо ёо” гээд байхаар нь би архиндаа л тэгж байгаа байх гэж бодоод буцаад унтсан. Өглөө нойлийн өрөө орох замдаа дүүгээ хартал нөмөрч байсан хөнжил нь газар унасан байсан ба ойртоод хартал таталт өгчихсөн байсан...” /хх 1-н 36/,  

гэрч Э.Индраагийн: “...Өглөө 08 цагийн үед манай нөхөр О.Энхжин нойлийн өрөө орох гэж байгаад дүү О.Энх-Одыг харсан гэсэн. Гэтэл дүүгийн бие нь хөшчихсөн, таталт өгчихсөн байсан. Тэгээд түргэн дуудаад, дүү О.Энх-Одыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дүү О.Энх-Од нь ухаан алдчихсан ямар ч мэдрэлгүй байсан... Э.Батцогт гэдэг залууд зодуулсан байх. О.Энх-Одын гар утсыг шалгахад Балжмаа гэх охин руу мессеж бичсэн байсан...” /хх 1-н 41-42/,

гэрч Б.Гантөмөрийн: “...2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж байтал 12 цагийн үед найз Батцогт над руу утсаар яриад “Энх-Од бид хоёр “Ундруул” зочид буудалд байна. Хүрээд ир” гэхээр нь би очсон. Намайг очиход Энх-Од, Батцогт хоёр дундаа нэг шил архи тавьчихсан, тэр архи нь бараг дуусч байсан... Тэгээд удалгүй Батцогт, Энх-Од хоёр хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. Гэхдээ Энх-Од түрүүлээд Батцогтыг цохиод авсан. Тэгээд л хоорондоо зодолдоод, дээр, доороо ороод байсан. Би 2-3 удаа салгасан шиг санагдаж байна. Би тэр хоёрыг салгаад хооронд нь эвлэрүүлээд гар бариулсан юм. Тэгэхэд Энх-Одын баруун гар нь хавдчихсан байсан... Тэр хоёр бие биенийхээ толгой руу л цохиод байсан. Гэхдээ хэдэн удаа цохисныг санахгүй байна. Нэг, нэгнийгээ орон дээр дараад л дээр доороо ороод ноцолдоод байсан... Би “Ундруул” буудлаас ойролцоогоор 21 цагийн үед гарсан байх. Тэгээд такси бариад Жуковт байх гэртээ очоод 1950 руу залгаад “Ундруул” зочид буудлын утасны дугаарыг аваад буудлын ресепшинтэй нь утсаар яриад Энх-Од, Батцогт нарыг яаж байна гэж асуухад “танай хоёр найз зүгээр ээ, сая нэг өндөр нь гараад явчихсан” гэж хэлсэн...” /хх 1-н 43-44/, гэрчээр дахин байцаахад “... Энх-Од нь түрүүлээд Батцогтын шанаан тус газар нь гараараа нэг удаа цохисон. Батцогт зөрүүлээд баруун гараараа Энх-Одын шанаан тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд л тэр хоёр нэг, нэгнийгээ заамдаж аваад ноцолдохоор нь би тэр хоёрыг салгасан юм. Гэтэл дахиад босож ирээд Энх-Од нь түрүүлж Батцогтыг цохиод, Батцогт нь зөрүүлж цохиод бие, биенийхээ толгойн тус газар нь 3-4 удаа цохилцсон. Би тэр хоёрыг зодолдоход нь байнга л дундуур нь орж салгаж байсан...” /хх 1-н 45/,

гэрч Р.Балжмаагийн: “... Орой 22 цагийн үед Энх-Од өөрийнхөө гар утаснаас над руу залгаж яриад “Би сая Цогтоотой уулзаж байгаад гэртээ ирж байна” гээд надаас толгойны эм асуусан. Тэгэхээр нь би Энх-Одоос юу болсон талаар асуухад сая Батцогттой муудалцаад цохилцлоо гэж хэлээд тасалсан. Тэгээд би мессежээр толгойны эмний нэр явуулахад “сая Цогоотой муудалцаад цохилцлоо, толгой өвдөөд болохгүй байна” гэж мессеж бичээд дахиж хариу бичээгүй... Энх-Од надад Батцогттой муудалцаад цохилцлоо л гэж хэлсэн. Тэрнээс өөр хүнтэй зодолдсон гэж яриагүй. Өдөр нь надтай уулзаад салахдаа зүгээр явж байсан...” /хх 1-н 60/,

гэрч Д.Ганбаатарын: “... Тэгээд бид 4 юм ярьж сууж байгаад Энх-Од, Батцогт, Гантөмөр гурав нэг шил архийг нь задлаад нэг, нэг татсан. Харин би уугаагүй бөгөөд өөрийн найз Эрхэмбаяр луу залгаад хуушуур захисан. Удалгүй Эрхэмбаяр ирсэн ба бид тав түүний авчирсан хуушуурыг хувааж идчихээд Эрхэмбаяр бид хоёр явлаа гээд хамт явсан. Бид хоёрыг Эрхэмбаярын ажил руу явж байтал 30 орчим минутын дараа Гантөмөр над руу утсаар яриад “Батцогт, Энх-Од хоёр хоорондоо зодолдоод байна, би энэ хоёрыг салгаж чадахгүй байна” гэж хэлсэн. Удалгүй дахиж залгаад “Батцогт, Энх-Од хоёр хоорондоо учраа олчихлоо, найз нь энэ хоёрыг гар бариулаад үлдээчихлээ...” гэсэн” /хх 1-н 46-47/,

гэрч А.Үүрийнтуяагийн: “...Би тухайн өдөр “Ундруул” зочид буудалд 24 цагийн ээлжтэй байсан. ... 210 тоотод 3 залуу үлдсэн. Гэтэл Батцогт гэх залуу доошоо бууж ирсэн. Тэгэхэд нь уруул нь цус болчихсон байхаар нь би хоорондоо зодолдсон юм байна гэж бодоод буудлын хамгаалагч Чимэддоржийг 210 тоот өрөө лүү явуулсан...” /хх 1-н 50/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн: “... Зогсонгишилийн хатгалгаа гэдэг нь тухайн өвчтөн ухаангүй удаан хугацаагаар хэвтсэний улмаас биеийн эсэргүүцэл суларч, үрэвслийн процесс явагдаж, уушгинд хатгалгаа үүсч, олон эрхтэний дутагдалд оруулдаг. ... Гавал тархины битүү гэмтэл авч ухаангүй удаан хэвтсэний улмаас биеийн эсэргүүцэл суларч уушги хатгалгаагаар хүндэрч нас барсан ...” гэх мэдүүлэг /хх 1-н 79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дух, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, тархины эдийн шигдээс, зүүн нүдний зовхи, дух, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуй, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл болон зогсонгишилийн хатгалгаагаар хүндэрч нас баржээ. О.Энх-Одын биед учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дух, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, тархины эдийн шигдээс бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 тоот дүгнэлт /хх 1-н 73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Батцогтын биед дагз, нүдний дээд зовхи, баруун чих, цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шуу, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15482 тоот дүгнэлт /хх 1-н 87/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Э.Батцогт нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн утга учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” /хх 1-н 96/ гэсэн шинжээчийн 2016 оны12 дугаар сарын 20-ны өдрийн 1235 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 25-28/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 29-30/, талийгаач О.Энх-Одын өвчний түүхийн хуулбар /хх 1-н 158/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 146-148/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн,  анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

   Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.Батцогтод оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн сэдэлт, түүний хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “...хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол...” гэж тусгайлан нэмэгдэл шинжийг заасан байхад анхан шатны шүүх Э.Батцогтын гэм бурууг тогтоохдоо энэ байдлыг орхигдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжинд 16.291.000 төгрөг олгохоор заасан ба уг зардалд оршуулгын болон эмчилгээний зардал аль аль нь багтсан байхад шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтад зөвхөн оршуулгын зардалд мэтээр дүгнэсэн, мөн хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг сиди хураагдсан байхад 2 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн зэрэг зарим алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

   Ялтан Э.Батцогтоос “...Аргагүй хамгаалалт хийсэн. ...Замын хөдөлгөөний удирдлагын төвийн болон албан байгууллагуудын хяналтын камерын бичлэгүүдийг шүүлгэх, талийгаач хэдэн цагт гэртээ очсон, гэрээсээ буцаж гарсан эсэхийг шалгуулах...”, ялтны өмгөөлөгч Т.Сайнбаяраас “...талийгаач гэмтэл авсан даруй эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломжтой байсан эсэх, толгойдоо гэмтэл авч ихээр зовиурлаж байгаа хүн өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай эсэх зэргийг шинжээчээс асууж тодруулах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

    Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Батцогт нь О.Энх-Одтой маргалдаж, О.Энх-Од Э.Батцогтыг цохисны улмаас эргүүлэн толгой хэсэгт цохисон байх ба үүнийг харсан гэрч Б.Гантөмөрийн “...Тэр хоёр бие биенийхээ толгой руу л цохиод байсан. Гэхдээ хэдэн удаа цохисныг санахгүй байна, нэг нэгнийгээ орон дээр дараад л дээр доороо ороод ноцолдоод байсан...” гэсэн мэдүүлгээр Э.Батцогт нь талийгаачийн бие махбодид “их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дух, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, тархины эдийн шигдээс” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас ухаангүй байсаар гавал тархины битүү гэмтэл болон зогсонгишилийн хатгалгаагаа хүндэрч нас барсан болох нь тогтоогдсон ба талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь ялтан Э.Батцогтын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг дэх цаг хугацаа, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна талийгаачийн эсрэг аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал бий болоогүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Түүнчлэн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн шүүх хуралдаанд нэмж гаргасан  “мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн” гэсэн өмгөөллийн санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.   

Иймд ялтан Э.Батцогт болон түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.