Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 728

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.П-ид холбогдох эрүүгийн 1903005170269 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... регистрийн дугаартай, С.П-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Азар овгийн Сүрэнгийн П нь 2019 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.43 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алекс их дэлгүүрийн урд замд Ниссан Эдван маркийн 22-30 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Гыг мөргөж амь насыг нь хохироосон,

- Мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э мэдүүлэхдээ:

“...Гомдолтой байна. П нэг ч удаа ирж уулзаагүй. Хохирол төлбөр бүрэн барагдуулаагүй. Оршуулгын зардалд гаргасан мөнгөө л нэхэмжилж байна. Хүүгийнхээ амь насыг хохироосонд гомдолтой байна. 3.650.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4.975.486 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Пийн өгсөн:

“...Би 2019 оны 05-р сарын 15-ны орой ажил дээрээ ажлын хүн болох Чтэй 21 цаг 30 минутын орчимд 0.33 литрийн Соёрхол архи хувааж уусан юм, удалгүй ажил дээр ажлын Х, С нар ирсэн тэгээд бид 0.5 литрийн Соёрхол архи хувааж уусан архиа дуусгаад, Х бид 2 ажлаас гараад мөн хамт ажилладаг Н гэдэг дүү байдаг юмаа, Н руу холбоо барьсан чинь Баянбүрд дээр байна гэхээр нь бид хоёр явж очоод уулзаад Хгийн гэр болох Дарь Эхэд очсон тэнд бид 3 0.75 литрийн архи хувааж ууж дуусгаад Н бид 2 тэдний гэрээс гараад манай гэр лүү таксигаар явсан тэгсэн гэрт манай эхнэр хүүхэд хоёр байхгүй байсан. Би эхнэр лүүгээ залгасан чинь нэгдүгээр хороололд найзындаа байна гэсэн тэгэхээр нь би гэртээ ир гэсэн чинь эхнэр маань намайг ирж ав гэсэн тэгээд бид 2 маргалдаад би гэрийн хашаанд байсан ажлын машин болох саарал өнгийн 22-30 УБМ улсын дугаартай ниссан Эдван маркийн автомашиныг унаж эхнэрээ авахаар явсан. Нтой хамт, 32-оос гучин есийн автобусны буудал Баянбүрдээрээ 3,4-р хорооллын Өргөөгийн Номингийн замд явж байсан би 80-90 км/цаг хурдтай явсан санаж байна тэгээд зам дээр гэнэт хүн гарч ирсэн автомашиныхаа баруун хэсгээр мөргөсөн би маш их сандраад зогсолгүй шууд яваад өгсөн би хорооллын эцсээр хойшоо өгсөөд Энхбаярын замаар яваад 70 давхар оршуулгын газрын баригдаж байгаа шинэ цахилгаан станцын үйлдвэрийн зогсоолд тавиад тэгээд машинаасаа гараад эхнэр лүүгээ яриад намайг ирж ав гэсэн эхнэр удалгүй таксидаад ирсэн ирэхдээ эхнэр 2 найзтайгаа, хүүхэдтэйгээ ирсэн тэгээд Н бид 2 суугаад харьсан, гэрийнхээ гадаа эхнэр бид 2 таксинд маргалдаад би болсон зүйлийнхээ талаар хэлсэн тэгээд би уурлаад эхнэр лүүгээ автомашиныхаа түлхүүрийг шидсэн түлхүүр шидэгдээд таксины багажинд унах шиг болсон тэгээд бид машинаасаа гараад би эхнэртэйгээ маргалдаад байж байсан чинь эхнэрийн найз чулуугаар миний нурууг цохисон бас найзууд нь цагдаа дуудсан удалгүй 2 цагдаа ирээд та нар найзууд юм чинь хоорондоо асуудлаа шийдчихээ гэж хэлээд яваад өгсөн юм, бид нар маргалдахаа болиод би манай эхнэр, хүү, дүү Н бид нар гэрт ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-н 114-115/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө ээлжинд гарч байхад 05 цагийн орчимд манай хүү над руу утсаар холбоо бариад дүү зам тээврийн осолд орсон байна. Та хурдан ир гэж хэлсэн. Тэгээд хотоос манай дүү ирж намайг авч явсан. Манайх хоёр хүү нэг охинтой. Амь хохирогч дундах хүү нь байгаа юм. Тусдаа гараагүй. Бид нар хамт амьдардаг байсан. Монгол Өрх ХХК-д сэтгэл зүйчээр ажиллаж байсан юм. Би гомдолтой байна. Ажил явдалд нь 8.625.486 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нийн өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ...П ах бид хоёр Х ахын гэрээс гараад Пийн гэрт очоод байж байтал П ах эхнэртэйгээ утсаар хэрэлдэж байгаад очиж авахаар болоод машинаа асаагаад П ах өөрийнхөө 22-30 УБМ улсын дугаартай Ниссан Эдван маркийн машинаа бариад би зүүн урд талд суугаад хөдлөөд 3, 4 дүгээр хорооллын Лабораторийн буудал дээр явж байсан чинь гарцаар гарч явсан нэг эрэгтэй хүнийг мөргөөд зогсоогүй давхиад 3, 4-р хорооллын эцсээс буцаж эргээд зурагтаар дээшээ өгсөөд Дэнжийн 1000-н оршуулгын орчимд машинаа үлдээгээд П ах эхнэртээ хэлээд удалгүй эхнэр нь такситай ирж аваад бид нар П ахын гэрт очоод унтсан. Тэгээд би өглөө босоод ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.М-гийн өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед Алтай хотхоны замын эсрэг талын автобусны буудал дээрээс такси барьсан. Гар утсаа оролдоод, хаана явж байгаагаа харсан чинь 3, 4-р хорооллын зам дээр Апекс их дэлгүүр, Номин их дэлгүүрийн завсарт явган хүний гарцан дээр хэдэн залуучууд байсан. Тэр залуучууд хойшоо зам гарах гэж байх шиг байсан. Нэг залуу нь гарцан дээр зогссон гараа өргөөд хүн явах гэж байна зогсоорой гэсэн утгатай зогсож байсныг харсан гарц өнгөрөөд явж байтал маш чанга чимээ сонсогдсон, би тэр гараа өргөсөн залуу машинд мөргүүлчихлээ гэж бодсон, би жолоочид яасан юу болов гэж асуухад жолооч харинээ юу болсон бэ гээд бид 2 автомашинаас буусан чинь зам дээр дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн байсан тэр хүний нүүрний хамар, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би сандраад цагдаа руу 102 руу залгасан.

Уг хүнийг мөргөсөн машин нь Өргөө кинотеатрын уулзвар дээр гэмтлийн эмнэлэг рүү явах чиг рүү явж байхыг л харсан. Саарал өнгөтэй, дөрвөлжин хэлбэртэй, жижиг суудлын автомашин байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Э-ын өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад өөрийн 14-97 УБР улсын дугаартай автомашинтай халтуур хийхээр гарсан юм тэгээд Нарны гүүрний урд талаасаа хойшоо давах замын автобусны буудлаас эмэгтэй хүн авсан. Тэр хүн хорооллын эцэс орно гэж хэлсэн. Тэгээд Нарны гүүрээ даваад баруун эргээд тээврийн товчоогоор яваад Гранд плазагаар хойшоо модны хоёр яваад тэндээсээ 3,4-р хорооллын замаар явсан юм тэгсэн би тухайн үед 2-р эгнээнд явж байсан Апекс их дэлгүүрийн урд явган хүний гарцан дээр хүмүүс хойд руу гарах гээд зогсож байсан би хурдаа хасаад 2-р эгнээгээр явсан өнгөрөөд удаагүй байж байтал ард маш чанга чимээ сонсогдсон. Тэгээд зогсоход зүүн тал буюу 3-р эгнээгээр маш хурдан саарал жижиг суудлын комби загварын автомашин өнгөрсөн, би автомашинаасаа буутал 3, 2-р эгнээний хэсэгт дээшээ харсан эрэгтэй хүн газар зам дээр хэвтэж байсан юм, би 103 руу залгасан, надтай хамт явж байсан эмэгтэй хүн 102 луу залгасан. Ямар машин мөргөсөн гэдгийг харж амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б-ын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө 03:30 цагийн орчимд Парадоксын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 51-57 УБЦ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай халтуур хийх гээд зогсож байсан. Тэгтэл Love клубээс 3 эрэгтэй, 3 эмэгтэй гарч ирсэн. Махлаг нэг залуу нь явах юм уу гэж асуусан би явнаа гэж хэлсэн. Тэгээд нэг эмэгтэй нь машинд орж суусан. Дараа нь махлаг залуу урд талын суудал дээр суусан, тэгсэн хоёр эмэгтэй нь замын ойд талаас такси барина гээд хойшоо зам гараад явсан. Тэгсэн нөгөө 2 залуу нь хойшоо зам гараад явах шиг болсон. Тэгсэн маш чанга чимээ сонсогдсон би тэр махлаг залуугаас машин хоорондоо мөргөлдчихөв үү гэж асуусан. Тэгсэн нөгөө залуу тэгэх шиг боллоо гэсэн. Тэгсэн хүмүүс орилоод байсан чинь махлаг залуу машинаас буугаад хойшоо зам руу гүйсэн, эмэгтэй нь ч буугаад явах шиг болсон би машинтайгаа эргээд замын хойд талд очиж харсан. Тэгсэн нөгөө 3 залуугийн нэг залуу нь байсан зам дээр дээшээ харсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.П-гийн өгсөн:

“...2019 оны 5-р сарын 15-ны өдөр талийгаач найз Г нь манай ажил дээр 14 цагт ирсэн. Араас найз Л ирсэн. Би доллар солиулах гээд бид 3 урт цагаан явсан. Талийгаач Г ажил дээрээ үлдсэн. Орой 19:00 цагт талийгаачтай хороололд уулзаад ажил руу нь явсан ажил нь 42-р сургууль юм сургуульдаа сэтгэл зүйчээр ажилладаг залуу байсан. Талийгаач бүтэн сайн өдөр хөдөө орон нутгаар ажлаар явах байсан. Тэгээд надаас 2-лаа машинтай чинь манай ажлаас бичиг цаас аваад гэрт хүргэж өгье гэж гуйхаар нь би тэгье гээд ажил руу нь яваад бичиг цаасыг нь аваад гэр лүү нь орой 21:00 цагийн орчимд очиж бичиг, цаасыг нь буулгаад тэгээд Баянбүрд рүү очиж Лг аваад бид 3 хорооллын Цэ паб руу явсан юм талийгаач 3 лаа ойрд уулзаагүй юм чинь нэг газар орж сууя гэж надад хэлсэн, бас Л өдөр нь тэгэж хэлсэн юм, бид 3 Цэ паб руу ороод том савтай шар айраг хувааж уугаад, дараа нь тус тус нэг шил шар айраг уусан. Тэгээд тэндээсээ 00:00 цаг өнгөрөөгөөд гарсан бид нар Парадоксын Кристал баар луу орж нэг, нэг шил шар айраг уугаад, тэндээсээ гараад love клуб руу орж дахиж нэг, нэг шил шар айраг уусан юм тэндээс гарахад 03 цаг өнгөрч байсан байх бид 3 клубээс гараад 5-10 минут юм ярьж байхад ТҮЦ-ний гадаа 3 эмэгтэй зогсож байсан бид 3 танилцахаар очсон. Тэгсэн нэг эмэгтэй нь Лтай таксинд суусан, талийгаач бид 2 бас танилцсан 2 эмэгтэйтэй цуг зам гарах гээд гарцаар хойшоо гарсан юм, би тэр 3-аас арай түрүүлээд зам гарч байсан тэгсэн 2, 3-р эгнээнээс автомашин ирж яваа харагдсан хурдтай яваа юм шиг санагдаад би талийгаач болон 2 эмэгтэйг зам гарахаа түр байж бай гээд гараа өргөсөн юм тэгсэн 2-р эгнээнд приус 20 маркийн автомашин 3-р эгнээнд саарал өнгийн ниссан эдвин маркийн автомашин явж байсан хоёр автомашин зогсолгүй шууд яваад өгсөн би яг голд нь зогсож үлдсэн.

Приус 20 маркийн автомашин арай түрүүлж явж байсан байх ниссан эдвинийг бодвол, тэгээд би хойшоо зам руу харж байтал маш чанга чимээ сонсогдсон би эргээд хартал 2 эмэгтэй зогсож байсан талийгаач харагдахгүй байсан баруун зүг рүү харсан чинь талийгаач газар унаж байхыг харсан миний бодлоор мөргөсөн автомашины хамар дээр нь гараад газар унасан байх гэж бодож байна, тэгээд 2-р эгнээгээр явж байсан тоёота приус 20 маркийн автомашин зогссон, талийгаачийг мөргөсөн автомашин талийгаачийг унасны дараа хөдөлгөөн нь эрчимжиж хурдтай яваад өгсөн юм, тэгээд би талийгаач дээр очсон хамар, амнаас нь цус гарч байсан бас нэг сахалтай залуу ирээд хажуу тийшээ болгож өгсөн удалгүй 103 ирсэн, Л дараа нь хүрч ирээд бид нар гэмтлийн эмнэлэг орсон Лувсаа ээж рүү нь ярьсан, талийгаач ухаангүй байж байгаад гэмтлийн эмнэлэг дээр нас барсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 45-47/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Лгийн өгсөн:

“...2019 оны 5-р сарын 15-ны өдөр орой 21:00 цагийн орчимд Баянбүрдийн тэнд спорт зааланд сагс тоглоод дуусаад найз талийгаач Г манай найзын утас руу залгасан байсан би тухайн үед утсаа үлдээсэн байсан юм тэгээд талийгаач Г луу залгасан чинь талийгаач Пүрэвхүү бид 2 манайхаас гараад чам руу очлоо гэж хэлсэн би Баянбүрд дээр байж байя гэж хэлсэн. Тэгээд Пүрэвхүү өөрийн Тоёота Харрейр маркийн 74-82 УБО автомашинтайгаа Гтай хамт ирсэн. Тэгээд бид 3 уулзалдаад Г би бүтэн сайн өдөр хөдөө ажлаар явна ганц, хоёр хоног завтай байна өнөөдөр нэг юм ууж сууяа гэж хэлсэн. Тэгээд Пүрэвхүү бид 2 зөвшөөрөөд эхлээд манай гэрт очиж би заалны хувцсаа үлдээгээд тэндээсээ хорооллын Цэ паб орсон. Тэнд бид 3 тус тус 2 шил шар айраг уусан тэндээсээ гараад бид нар хорооллын Кристал баар ороод тэнд нэг, нэг шил шар айраг уугаад гарсан. Тэндээсээ Love клуб руу орж нэг, нэг шил шар айраг уугаад гарсан. Тухайн үед цаг 03:20 цаг болж байсан байх тэгээд баарнаас гараад 3 охинтой танилцах гээд юм ярьцгаасан 5-10 минут байх тэгээд караоке оръё гэж ярилцсан би эхлээд зам дээр байсан таксинд суусан араас нь нэг эмэгтэй орж суусан тэр эмэгтэй гэртээ харина гэж байсан, нөгөө хоёр эмэгтэй бас харина гээд байх шиг байсан би тэр хэдийг хамт явъя нэг машинд суугаад явъя гэж гуйсан тэгсэн нөгөө хэд хариу байхгүй цаашаагаа зам гарах гээд явсан би араас нь очих гээд автомашинаас буугаад жолоочид нь явахааргүй болчихлоо уучлаарай гэж хэлээд машиныг тойроод явж байтал замын хойд талд маш чанга чимээ сонсогдсон тэгээд би тухайн үед машин хоорондоо мөргөлдсөн гэж бодсон тэгсэн Пүрэвхүү гүйгээд яваад өгсөн 2 эмэгтэй орилоод байсан би шууд хойд зам руу гүйсэн чинь Г дээшээ харсан хэвтэж байсан, амнаас нь цус гарч байсан 103 эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юм. Талийгаачийг мөргөсөн машин саарал өнгөтэй л автомашин байсан, марк, улсын дугаарыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 1152 тоот:

1. Талийгаачийн цогцост гавал тархи цээжний хавсарсан гэмтэл: зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны үйрч        бяцарсан,            олон   хэсэг   болж   салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн           чамархай,     дагз            хэсэг   болон бага тархины аалзан хальс доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн аалзан хальс доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, 2 уушигны гялтан доорхи ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний язарсан шарх, баруун, зүүн сарвуу, зүүн шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учрах үедээ амь насанд аюултай болно. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач 2019.05.16-ны 04 цаг 15 мин нас барсан байна. / жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр/

6. Талийгаачийн цусанд 1.4% спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ.

7. Талийгаач OI бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-н 70-72/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн

1. Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Баруун гар талын их гэрлийн холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй байна. Салхины шил баруун гар талын доод хэсэгт бага зэрэг цацарч хагарсан, салхины шил тогтоогч багана бага зэрэг хонхойсон, капот баруун гар талын урд ирмэг хэсгээр нугаларч нилэнхүйдээ зүүн гар тийш хазайж гажсан, баруун гар талын урд крыло нугларч үрчийсэн, баруун гар талын их гэрэл хагарч бутарсан, урд буфер баруун гар талын доод хормой хагарсан, баруун гар талын их гэрлийн ойр, хол, овор, дохионы гэрлийн чийдэнгүүд байхгүй, зүүн гар талын крыло хойд хэсгээр хонхойсон, иж бүрдэл бүрэн бус /гал унтраагуур, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй г.м/ зэрэг эвдрэл, гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Салхины шил баруун гар талын доод хэсэгт бага зэрэг цацарч хагарсан, салхины шил тогтоогч багана бага зэрэг хонхойсон, капот баруун гар талын урд ирмэг хэсгээр нугларч нилэнхүйдээ зүүн гар тийш хазайж гажсан, баруун гар талын урд крыло нугларч үрчийсэн, баруун гар талын их гэрэл хагарч бутарсан, урд буфер баруун гар талын доод хормой хагарсан, баруун гар талын их гэрлийн ойр, хол, овор, дохионы гэрлийн чийдэнгүүд байхгүй, зүүн гар талын крыло хойд хэсгээр хонхойсон зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

З. Зүүн гар талын крыло хойд хэсгээр хонхойсон нь ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл бөгөөд осолд нөлөөлөхгүй.

Салхины шил баруун гар талын доод хэсэгт бага зэрэг цацарч хагарсан, салхины шил тогтоогч багана бага зэрэг хонхойсон, капот баруун гар талын урд ирмэг хэсгээр нугларч нилэнхүйдээ зүүн гар тийш хазайж гажсан, баруун гар талын урд крыло нугларч үрчийсэн, баруун гар талын их гэрэл хагарч бутарсан, урд буфер баруун гар талын доод хормой хагарсан, баруун гар талын их гэрлийн ойр, хол, овор, дохионы гэрлийн чийдэнгүүд байхгүй, зэрэг нь ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл бөгөөд осолд нөлөөлөхгүй.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.

5. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автотээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна гэх дүгнэлт /хх-н 83-89/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-4, 11-15/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 6/,

- Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-25/,

- хохирлын баримтууд /хх-н 123-159/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 160/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 161/,

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 167/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.П нь 2019 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.43 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алекс их дэлгүүрийн урд замд Ниссан Эдван маркийн 22-30 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Гыг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Пийн “...би гэрийн хашаанд байсан ажлын машин болох саарал өнгийн 22-30 УБМ улсын дугаартай ниссан эдван маркийн автомашиныг унаж яваад эхнэрээ авахаар явсан. Нтой хамт, 32-оос гучин есийн автобусны буудал Баянбүрдээрээ 3, 4-р хорооллын Өргөөгийн Номингийн замд явж байсан би 80-90 км/цаг хурдтай явсан санаж байна тэгээд зам дээр гэнэт хүн гарч ирсэн автомашиныхаа баруун хэсгээр мөргөсөн би маш их сандраад зогсолгүй шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын “...2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө ээлжинд гарч байхад 05 цагийн орчимд манай хүү над руу утсаар холбоо бариад дүү зам тээврийн осолд орсон байна. Та хурдан ир гэж хэлсэн. Тэгээд хотоос манай дүү ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Нийн “...П ах бид хоёр Х ахын гэрээс гараад Пийн гэрт очоод байж байтал П ах эхнэртэйгээ утсаар хэрэлдэж байгаад очиж авахаар болоод машинаа асаагаад П ах өөрийнхөө 22-30 УБМ улсын дугаартай Ниссэн Эдван маркийн машинаа бариад би зүүн урд талд суугаад хөдлөөд 3, 4 дүгээр хорооллын Лабораторийн буудал дээр явж байсан чинь гарцаар гарч явсан нэг эрэгтэй хүнийг мөргөөд зогсоогүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.М-гийн “...Нэг залуу нь гарцан дээр зогссон гараа өргөөд хүн явах гэж байна зогсоорой гэсэн утгатай зогсож байсныг харсан гарц өнгөрөөд явж байтал маш чанга чимээ сонсогдсон, би тэр гараа өргөсөн залуу машинд мөргүүлчихлээ гэж бодсон, би жолоочид яасан юу болов гэж асуухад жолооч харинээ юу болсон бэ гээд бид 2 автомашинаас буусан чинь зам дээр дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн байсан тэр хүний нүүрний хамар, амнаас нь цус гарсан байсан.

Уг хүний мөргөсөн машин нь Өргөө кинотеатрын уулзвар дээр гэмтлийн эмнэлэг рүү явах чиг рүү явж байхыг л харсан. Саарал өнгөтэй, дөрвөлжин хэлэртэй, жижиг суудлын автомашин байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Э-ын “...3,4-р хорооллын замаар явсан юм тэгсэн би тухайн үед 2-р эгнээнд явж байсан Апекс их дэлгүүрийн урд явган хүний гарцан дээр хүмүүс хойд руу гарах гээд зогсож байсан би хурдаа хасаад 2-р эгнээгээр явсан өнгөрөөд удаагүй байж байтал ард маш чанга чимээ сонсогдсон. Тэгээд зогсоход зүүн тал буюу 3-р эгнээгээр маш хурдан саарал жижиг суудлын комби загварын автомашин өнгөрсөн, би автомашинаасаа буутал 3, 2-р эгнээний хэсэгт дээшээ харсан эрэгтэй хүн газар зам дээр хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө 03:30 цагийн орчимд парадоксын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 51-57 УБЦ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай халтуур хийх гээд зогсож байсан. Тэгтэл Love клубээс 3 эрэгтэй, 3 эмэгтэй гарч ирсэн. Махлаг нэг залуу нь явах юм уу гэж асуусан би явнаа гэж хэлсэн. Тэгээд нэг эмэгтэй нь машинд орж суусан. Дараа нь махлаг залуу урд талын суудал дээр суусан, тэгсэн хоёр эмэгтэй нь замын хойд талаас такси барина гээд хойшоо зам гараад явсан. Тэгсэн нөгөө 2 залуу нь хойшоо зам гараад явах шиг болсон. Тэгсэн маш чанга чимээ сонсогдсон би тэр махлаг залуугаас машинд хоорондоо мөргөлдчихөв үү гэж асуусан. Тэгсэн нөгөө залуу тэгэх шиг боллоо гэсэн. Тэгсэн хүмүүс орилоод байсан чинь махлаг залуу машинаас буугаад хойшоо зам руу гүйсэн, эмэгтэй нь ч буугаад явах шиг болсон би машинтайгаа эргээд замын хойд талд очиж харсан. Тэгсэн нөгөө 3 залуугийн нэг залуу нь байсан зам дээр дээшээ харсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.П-гийн “...Приус 20 маркийн автомашин арай түрүүлж явж байсан байх ниссан эдвинийг бодвол, тэгээд би хойшоо зам руу харж байтал маш чанга чимээ сонсогдсон би эргээд хартал 2 эмэгтэй зогсож байсан талийгаач харагдахгүй байсан баруун зүг рүү харсан чинь талийгаач газар унаж байхыг харсан миний бодлоор мөргөсөн автомашины хамар дээр нь гараад газар унасан байх гэж бодож байна, тэгээд 2-р эгнээгээр явж байсан тоёота приус 20 маркийн автомашин зогссон, талийгаачийг мөргөсөн автомашин талийгаачийг унасны дараа хөдөлгөөн нь эрчимжиж хурдтай яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Лгийн “...автомашинаас буугаад жолоочид нь явахааргүй болчихлоо уучлаарай гэж хэлээд машиныг тойроод явж байтал замын хойд талд маш чанга чимээ сонсогдсон тэгээд би тухайн үед машин хоорондоо мөргөлдсөн гэж бодсон тэгсэн Пүрэвхүү гүйгээд яваад өгсөн 2 эмэгтэй орилоод байсан би шууд хойд зам руу гүйсэн чинь Г дээшээ харсан хэвтэж байсан, амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 1152 тоот дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас С.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч С.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсоноор 4.975.486 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтсан үйлдэлд нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэж, үүнийг хорих ялд шилжүүлж 60 хоног, нийт 4 жил 2 сар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар  2 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож 30 хоногт шилжүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэр хэмжээ буюу энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөж баршгүй гарз хохирол, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 608 /зургаан зуун найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Пид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 608 /зургаан зуун найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 76 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил/ 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч С.Пийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хагархай олон тооны хуванцар эд зүйлүүдийг устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж үлдээж шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Пийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 608 /зургаан зуун найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Пид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 608 /зургаан зуун найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 76 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил/ 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Пид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Поос 4,975,486 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хагархай олон тооны хуванцар эд зүйлүүдийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ