Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 494

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар  хороонд байрлах “*******” ТӨХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 21.434.602 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны  өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “*******” ТӨХК-иас зарлагдсан тендерийн дагуу 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4 тоот гэрээ мөн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6 тоот гэрээний дагуу технологийн нүүрс нийлүүлсэн байдаг. Бид гэрээний үүргээ биелүүлж ажилласан бөгөөд нийт 67.000.000 төгрөг авахаас хэдийгээр барагдуулж байгаа боловч шилжүүлж өгч байгаа мөнгөний хэмжээ бага, мөнгө байхгүй шалтгаанаар цаг хугацаа их авч байгаа нь манай компанийг санхүүгийн ноцтой хүндрэлд хүргээд байна. ...Иймд ...авлагын үлдэгдэл болох 21.434.602 төгрөгийг “*******” ТӨХК-иас  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “*******” ТӨХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг авсан. Иймд 20.434.602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “*******” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 20.434.602 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 21.434.602 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага 09 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20.434.602 гаргуулахыг шаардсан.

Хариуцагч “*******” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байна./хх-21/

Зохигч үйл баримт нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, хариуцагч гэрээний үүргийн биелэлт 20.434.602 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.123 /хоёр зуун жаран таван мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хас банкин дах ******* тоот данснаас 132.561  /нэг зуун гучин хоёр мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг, хариуцагч “*******” ТӨХК-иас  132.561  /нэг зуун гучин хоёр мянга таван зуун жаран нэг/  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,  75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ТӨХК-д холбогдох  ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 20.434.602 /хорин сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун хоёр/ төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч “*******” ТӨХК бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.123  /хоёр зуун жаран таван мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хас банкин дах ******* тоот данснаас 132.561  /нэг зуун гучин хоёр мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг,  хариуцагч “*******” ТӨХК-иас  132.561  /нэг зуун гучин хоёр мянга таван зуун жаран нэг/  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.           

 

ШҮҮГЧ                               Л.ЭНХБИЛЭГ