Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00040

 

 

 

 

 

 

 

 

2026 01 02 210/МА2026/00040

 

 

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/13356 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

М.Ө*******-д холбогдох,

 

Төрд учирсан хохиролд 5,323,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т******* нь хариуцагч М.Ө*******-д холбогдуулан төрд учруулсан хохиролд 5,323,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ М.Ө******* нь Сүхбаатар аймгийн М*******-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа М.Ч*******-ийг хууль бусаар төрийн албанаас халсныг захиргааны хэргийн шүүх тогтоосон, М.Ч*******-ийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажилд нь томилсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,323,704 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон, М.Ө*******-ийн төрд учруулсан хохирлыг гаргуулна гэж тайлбарласан.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...М.Ч*******-ийг ажлаас халах тушаалыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргаан бүхий асуудлаар талууд эвлэрч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн... гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Хариуцагч М.Ө******* нь Сүхбаатар аймгийн М*******н албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар М.Ч*******ийг төрийн албанаас халсан бөгөөд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 122/ШШ2020/0011 дүгээр шийдвэрээр М.Ч*******-г тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, М.Ч*******-т ажилгүй байсан хугацааны цалин 5,252,224 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 534 дугаар захирамжаар тус шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх-10-39х/

 

3.2. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу М.Ч*******-г Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилсон. /хх-40х/

 

3.3. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 147/ШШ2021/00139 дүгээр захирамжаар М.Ч*******-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,331,647 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-41-43х/

 

3.4. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 4,798,482 төгрөгийг М.Чинзоригт олгож, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр татварт 525,222 төгрөг шилжүүлсэн байна. /хх-44-45х/

 

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол... гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Т******* нь хариуцагч М.Ө*******-д холбогдуулан төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор Т******* төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт нийцжээ.

 

  5. Анхан шатны шүүх хариуцагч М.Ө*******-с төрд учруулсан хохирол 5,323,704 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5.1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 122/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар магадлалаар хариуцагч М.Ө*******-ийн гаргасан шийдвэр хууль бус болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Иймд хариуцагчийн М.Ч*******-ийг ажлаас халах тушаалыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гаргаагүй гэх тайлбар, татгалзлыг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байх тул дахин эрх зүйн дүгнэлт өгч, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхгүй.

 

5.2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147/ШШ2022/00179 дүгээр захирамжаар Т*******-ийн төрд учруулсан хохирол 4,797,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө******* бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-78-81х/

Дээрх эвлэрэлд М.Ч*******-ийг ажлаас халсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаал гарсан өдрөөс М.Ч*******-ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 4,797,201 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрсэн.

Харин Т*******-ийн энэ нэхэмжлэлд хамаарах хугацаа нь дээрх хугацаатай давхцалгүй тул М.Ч*******-т олгосон цалинтай тэнцэх хэмжээний олговрын зөрүү 5,323,704 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Т*******-ийн шаардаж байгаа мөнгөн хөрөнгө нь дээр эвлэрлийн гэрээний нөхцөлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх хүчин төгөлдөр шийдвэртэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б/73 дугаар тушаалаас үүдэлтэй үр дагавар болох төрд учирсан гэх хохирлыг арилгуулах нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 4,700,000 төгрөгийг шаардсан ба 5,300,000 төгрөгийг хамтад нь шаардаагүй, ...нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, процессын хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн зохицуулалтыг зөрчиж дахин нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэлэлцүүлэхээс өмнө хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, мэтгэлцсэний дараа хэргийг шийдвэрлэх, эсхүл иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 5,323,704 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Т*******-д олгож шийдвэрлэсэн буруу болжээ.

Хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй, харин нэхэмжлэгч нь төрийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шаардаж байх тул хариуцагчаас хохирлыг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулахаар найруулгын өөрчлөлт оруулах нь Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалдах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/13356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн... гэсний дараа ...497 дугаар зүйлийн 497.1,... гэж нэмж, нэхэмжлэгч Т*******-д гэснийг Төрийн санд гэж өөрчилж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Н.ОЮУНТУЯА