Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 732

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

иргэний нэхэмжлэгч Б.Б- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Хт холбогдох эрүүгийн 1903004740238 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ регистрийн дугаартай, Э.Х.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд замд 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнийн 04 цаг 15 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.71 хувийн согтолттой үедээ Lexus HS-250 маркийн 22-42 УБХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Д.Т-ын зөвшөөрөлгүйгээр авч явсан, “ББСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Lexus HS-250 маркийн 22-42 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.3-д заасан “ Явган хүний гарцны өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасах буюу хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. гэсэн заалтуудыг зөрчиж гэрлэн дохион дээр зогсож байсан. Б.Б- жолоочтой Toyota Prius маркийн  66-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас явган хүний гарцаар гарч явсан зорчигч 19 настай А.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Хийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой найз Т Хөвсгөл аймгаас ирж авто машин худалдаж авсан гээд над руу утсаар залгаж найз нь маргааш буцлаа уулзах уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд Модны 2-ын засмал замын урд талын “Гранд Хилл”-ийн ойролцоо зам дагуу зогсож байхад найз Т өөрийнхөө шинээр худалдаж авсан “Lexus-HS-250” маркийн 22-42 УБХ улсын дугаартай машинтайгаа над дээр ирсэн, тэр үед машин дотор нь танил найз Лхагвацэрэн хамт явж байсан, тэгээд бид 3 хамтдаа 10 дугаар хорооллын “Hermis” төвийн хажууханд байрлах “Q” нэртэй караокед орж 2 цаг дуулан тус бүр 2 шил 0.5 литрийн “Сэнгүр” пиво уусан, тэгээд караокед байж байхад танил найз Оыг дуудаж авто машинаа жолоодуулахаар болсон. Тэгээд О ирж бид 4 тэр караокеноос гарч 10 дугаар хорооллын “Уран” зочид буудалд орсон. Тэнд бид нар 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж ууж байтал удалгүй танил найз Лхагвацэрэнгийн танил 2 найз хүүхэн болон манай эхнэр Ш.Э нар ирсэн. Тэгээд манай эхнэр Ш.Э намайг тэнд байсан 2 танихгүй эмэгтэйтэй хардаад манай эхнэр Ш.Э бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би цүнхээ авах гээд найз Тын авто машины түлхүүрийг ширээн дээр байсныг нь авч гаран авто машиныг нь онгойлгон дотор нь орж суун ТҮЦ орж тамхи худалдаж авах гээд авто машиныг нь асаан жолоодон 3 дугаар эмнэлгийн ойролцоо явж байгаад урдаа явж байсан “Toyota-Prius-30” маркийн “66-57” УБМ улсын дугаартай автомашиныг зогсохыг анзааралгүй, уг автомашины ардаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд удалгүй замын цагдаагийн ажилтан ирж намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлээд Эрүүлжүүлэх байр руу авч явж хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Т-ийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 04 цаг өнгөрч байхад 3 дугаар эмнэлгийн урд автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарцаар гараад явж байхад машин мөргөж унагаасан... ...өөрт учирсан хохирол болох баримтаар гарсан нийт 2544121 төгрөгийг жолооч Э.Хөөс нэхэмжлэх хүсэлтэй байна, ямар ч байсан ойролцоогоор 2 жил ажил хөдөлмөр эрхлэх болохгүй гэж тархины мэс засал хийсэн эмч хэлж зөвлөсөн. Одоо толгой эргэж, тархины мэс засал хийлгэсэн хэсгээр өвдөөд зовиуртай байгаа...” гэх мэдүүлэг /хх 20-22/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн орчимд дүү Мөнхболдын Тоёота приус маркийн 66-75 УБМ улсын дугаартай машиныг жолоодон 3-р эмнэлгийн урд замд гэрлүүгээ харих санаатай явж байсан. Тэгээд 3-р эмнэлгийн урд замд явганы гэрлэн дохио асаад би зогсох шугам дээр зогсож байхад араас машин хүчтэй ирж мөргөсөн, машинд мөргүүлсэн эрчиндээ явган хүний гарцаар гарч явсан хүнийг мөргөсөн. Би машинаас буутал мөргүүлсэн хүүхэд босч гүйх гээд би гэртээ харьчихъя гээд байсан. Би унасан газар нь хөдөлгөхгүй суулгаад түргэн тусламж дуудах гэж байтал, нөгөө машины жолооч машинаасаа нилээн согтуу бууж ирээд “Уучлаарай ахаа би өөр тийшээ харж явж байгаад мөргөчихлөө” гэсэн. Тэгээд би өөрийн дугаараасаа түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд эргээд хартал нөгөө жолооч байхгүй болчихсон байсан. Хойд замд цагдаагийн алаг машин явж байхаар нь араас мөргөсөн машины жолооч зугтчихлаа гэсэн. Нөгөө жолооч ТҮЦ-ний ард нуугдчихсан байсан. ...би өөрт учирсан хохиролдоо буруутай жолооч Э.Хөөс хохирлын мөнгө, төгрөг нэг ч удаа нэг ч төгрөг хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-35-36, 37-38/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Т-ын өгсөн:

“...Х- тамхи татах гээд гал хайгаад яваад байсан, тэгээд буудалд байсан хүмүүс ихэнх нь машины урд талд гал харагдаж байсан гэж хэлээд байна гэж Х- надад хэлсэн, тэгээд Х- надаа машиныхаа түлхүүрийг өгч бай дотор нь шүдэнз байгаа гэсэн би аваад ирье гэхээр нь би машиныхаа түлхүүрийг Х-т өгөөд гаргасан. Тэгээд би найз Оын хамт буудлын ариун цэврийн өрөөнд юм яриад зогсож байхад найз Х- орж ирээд буцаад гарсан юм шиг байна лээ, хэсэг хугацааны дараа над руу танихгүй утаснаас залгаад “22-42” УБХ улсын дугаартай авто машины эзэн мөн үү, машин чинь мөргөлдчихсөн байна хүрээд ир гэж хэлсэн, тэгэхэд хамт байсан найзууд Х- байхгүй байна гэж хэлсэн, тэгээд би найз Х- рүү утсаар залгатал чиний машиныг унаж яваад мөргөлдчихлөө гэж хэлсэн, тэгээд би найз нарын хамт тухайн зам тээврийн осол гарсан газарт очсон...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Т-ын өгсөн:

“...би өөрт учирсан хохиролдоо автомашины үнэлгээ хийлгэсэн, уг үнэлгээний төлбөр болох нийт 6,175,000 төгрөгийг Э.Хөөс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5466 тоот:

  1. А.Т-ийн биед баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагз, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.

 

- Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-60/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-65/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-11/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12/,

- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-81/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-82/,

            - гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-83/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Х нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд замд 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнийн 04 цаг 15 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.71 хувийн согтолттой үедээ Lexus HS-250 маркийн 22-42 УБХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Д.Т-ын зөвшөөрөлгүйгээр авч явсан, “ББСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Lexus HS-250 маркийн 22-42 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.3-д заасан “ Явган хүний гарцны өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасах буюу хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. гэсэн заалтуудыг зөрчиж гэрлэн дохион дээр зогсож байсан. Б.Б- жолоочтой Toyota Prius маркийн  66-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас явган хүний гарцаар гарч явсан зорчигч 19 настай А.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Хийн “...найз Тын авто машины түлхүүрийг ширээн дээр байсныг нь авч гаран авто машиныг нь онгойлгон дотор нь орж суун ТҮЦ орж тамхи худалдаж авах гээд авто машиныг нь асаан жолоодон 3 дугаар эмнэлгийн ойролцоо явж байгаад урдаа явж байсан “Toyota-Prius-30” маркийн “66-57” УБМ улсын дугаартай автомашиныг зогсохыг анзааралгүй, уг автомашины ардаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Т-ийн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 04 цаг өнгөрч байхад 3 дугаар эмнэлгийн урд автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарцаар гараад явж байхад машин мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Т-ын “...над руу танихгүй утаснаас залгаад 22-42 УБХ улсын дугаартай авто машины эзэн мөн үү, машин чинь мөргөлдчихсөн байна хүрээд ир гэж хэлсэн, тэгэхэд хамт байсан найзууд Х- байхгүй байна гэж хэлсэн, тэгээд би найз Х- рүү утсаар залгатал чиний машиныг унаж яваад мөргөлдчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...3-р эмнэлгийн урд замд явганы гэрлэн дохио асаад би зогсох шугам дээр зогсож байхад араас машин хүчтэй ирж мөргөсөн, машинд мөргүүлсэн эрчиндээ явган хүний гарцаар гарч явсан хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5466 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Э.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Э.Хийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно.

 

Шүүгдэгч Э.Хийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2.491.954 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, мөн иргэний нэхэмжлэгч Д.Т-д 6.175.000 төгрөгийг хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Б.Б-эд 4.985.500 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилж байх тул шүүгдэгч Э.Хөөс нийт 13.652.454 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар тогтов.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Хийн үйлдэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Хөөс нийт 13.652.454 төгрөг гаргуулж хохирогч А.Т-т 2.491.954 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Д.Т-д 6.175.000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Б.Б-эд 4.985.500 төгрөгийг тус тус олгож, хохирогч А.Т-

 

6. Хэрэгт хураагдан ирсэн эд хөрөнгө үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

8. Шүүгдэгч Э.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ