Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00039

 

 

 

 

 

 

 

 

2026 01 02 210/МА2026/00039

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Ц*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ш*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би Б.Ш*******-тай 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 0784 тоот Зээлийн гэрээ байгуулж, 72,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан.

1.2. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн. Иргэний хуульд алданги болон хүүгийн аль нэгийг нь сонгох боломжтой байхаар заасан.

1.3. Иймд хариуцагч Б.Ш*******-с үндсэн зээл 72,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 36,000,000 төгрөг, нийт 108,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 72,000,000 төгрөг шилжиж орж ирээгүй. Энэ зээлийн гэрээний хувьд, Б.Ш*******-г дуудаад манай зээлээр түлш худалдаж авдаг компаниас түлшний үнэд шилжүүлсэн мөнгө болон түлшний НӨАТ-ын холбогдолтой энэ 72,000,000 төгрөгийг чи дамжуулсан гэдгээ л нотолчих гэж хуурч гарын үсэг зуруулсан баримт юм. Мөн бэлэн мөнгөний зарлагын баримт дээрх гарын үсэг Б.Ш*******-ын гарын үсэг биш.

2.2. Иргэний хуульд заасны дагуу зээлсэн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд зээлийн гэрээнд зааснаар 72,000,000 төгрөгийг Б.Ш*******-т шилжүүлээгүй тул зээлийн гэрээний дагуу Х.Ц******* нь мөнгө нэхэмжлэх эрхгүй.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний төлбөрийн баримт, дансны хуулгаар Б******* ХХК-иас мөнгийг шилжүүлсэн байгаа. Энэ мөнгийг зээлдүүлсэн гээд байгаа бол Б******* ХХК хамтран нэхэмжлэгчээр орж ирж байж энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал яригдах ёстой. Иймд Х.Ц*******-н нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Б.Ш*******-т холбогдох 108,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Ц*******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь миний дансанд 72,000,000 төгрөг орсон гэдгээ хэлсэн. Хариуцагчийн дансанд мөнгө шилжин орсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл мөнгө хариуцагчийн дансанд орсон, тухайн мөнгийг юунд, яаж, хэрхэн зарцуулах нь хариуцагчийн асуудал юм. Гэтэл шүүх мөнгө хариуцагчийн дансанд орсон боловч цааш түлш шинээ гэх утгаар бусдын данс руу шилжүүлсэн байна гэх огт үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс 72,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэхдээ харин түлш шинээ гэх утгаар хийсэн. Энэ төлбөрийн дагуу ямар нэгэн түлш шатахуун огт аваагүй. Хариуцагчийн дансанд орсон мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс хянах боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ч мэдэхгүй байхад огт аваагүй шатахууны төлбөрийн үүргийг миний өмнөөс хариуцагч гүйцэтгэсэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй буруу дүгнэлт болсон.

4.3. Х.Ц******* би 72,000,000 төгрөгийг Б.Ш*******-ын дансанд бодитоор хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүх огт аваагүй шатахууны мөнгө өгсөн нэрийдлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Ц******* нь хариуцагч Б.Ш*******-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу зээлдүүлсэн, гэрээнд алданги төлөхөөр заасан алданги, хүүгийн аль нэгийг сонгох боломжтой тул хүүг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хуурч гарын үсэг зуруулсан, бэлэн мөнгөний төлбөрийн баримт дээрх гарын үсэг минийх биш, гэрээний дагуу 72,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б******* ХХК-иас шилжүүлсэн мөнгийг Х.Ц******* нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Х.Ц******* нь Б.Ш*******-тай 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 0784 тоот Зээлийн гэрээ бичгээр байгуулж, 72,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Талууд Зээлийн гэрээ-ний 3.4 дэх хэсэгт зээлсэн мөнгийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгөхөөр тохиролцож, Б******* ХХК-ийн санхүүгээс Б.Ш*******-т 72,000,000 төгрөгийг тухай өдөр бэлнээр өгсөн тухай Бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн боловч тухайн баримтын дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүйд зохигч маргаагүй. /хх-3х/

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.1. Нэхэмжлэгч  зээлийн гэрээний дагуу 72,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ш*******-т хүлээлгэн өгсөн байдлыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б******* ХХК-иас 15 удаагийн гүйгээгээр Б.Ш*******-т 72,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан.

 

5.2. Хариуцагч  нь нэхэмжлэгчийн тайлбарыг эс зөвшөөрч, энэхүү мөнгийг Б******* ХХК-иас түлшний үнэ болон НӨАТ-ын баримттай холбоотойгоор шилжүүлсэн тул мөнгийг нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр П******* ХХК-ийн захирал Ц.С*******-д шилжүүлсэн гэж шүүхэд өөрийн дансны хуулга, мөнгө шилжүүлсэн данс Ц.С*******-ийн данс болохыг тодорхойлж Голомт банкны орлогын мэдүүлэг, П******* ХХК-ийн Б******* ХХК-тай байгуулсан Түлш худалдах худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5.3. Хэрэгт авагдсан Б.Ш*******-ын ХААН банкны дансны хуулга, Хасбанкны Төлбөрийн баримт-аар Б******* ХХК-ийн данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 удаагийн шилжүүлгээр нийт 72,000,000 төгрөгийг шатахууны өглөг төлөв гэсэн гүйлгээний утгаар Б.Ш*******-ын дансанд шилжүүлсэн байна. /хх-48,76-90х/

 

Дээрх баримтуудыг харьцуулан үнэлэхэд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б******* ХХК-иас 15 удаагийн гүйгээгээр Б.Ш*******-т шилжүүлсэн 72,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0784 тоот Зээлийн гэрээ-ний дагуу Х.Ц*******-с зээлдүүлсэн мөнгө гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...хариуцагчийн дансанд 72,000,000 төгрөг орсон боловч ямар нэгэн түлш шатахуун огт аваагүй, хариуцагч мөнгийг цааш хэрхэн зарцуулах нь түүний асуудал байтал шүүх огт аваагүй шатахууны мөнгө өгсөн нэрийдлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иймд, нэхэмжлэгч  нь зээлийн гэрээний дагуу тохиролцсон хэмжээний мөнгийг шилжүүлэн өгсөн тухай нотлох баримтгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээг үндэслэн шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгч талаас шатахууны болон НӨАТ-ын баримттай холбоотой асуудлаар жич нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Анхан шатны шүүх, шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, харин шаардах эрхэд хамаарах зээлийн хүүгийн талаарх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлаагүй байгаа хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж оруулж, шийдлийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 282.4-т гэснийг 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Н.ОЮУНТУЯА