Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 741

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,  

хохирогч Б.Н- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Бд холбогдох эрүүгийн 1905014360817 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ регистрийн дугаартай, С.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюут” зочид буудалд үйлчлүүлэхээр ороод тус буудлын ресепшн ажилтай Б.Н-гаас буудлын тооцоогоо хийхийг шаардсаны хариуд “юун сүртэй юм, 40.000 төгрөгийг чинь маргааш өглөө өгнө пизда минь” гэж зүй бус авир гаргасны улмаас хамт ирсэн эмэгтэй нь явлаа гэх шалтгаанаар Б.Н-г “хүүхэн авчирч байхад чинь 40.000 төгрөгийн хойноос үхлээ юу” гэж үсдэж, баруун гар луу өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “баруун шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ч мэдүүлэхдээ:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ний орой Б П нар орж ирсэн. Таксины жолоочтой цуг орж ирсэн. Одоо мөнгө байхгүй байна өглөө өгье гэхээр нь тийм юм байхгүй гэж хэлтэл утсаа өгсөн байснаа буцаагаад авсан. таксины жолооч мөнгө аваад ирье гээд алга болсон тэгэхээр нь би Бгийн өрөө рүү нь очоод одоо та 2 гар аа би та 2-оос мөнгө авахгүй гэсэн чинь арай хийж хүн олж ирж байхад пизда чинь гээд үсдэж аваад газар унагаагаад баруун гар руу өшиглөж зодсон. Би одоо ажил хийх чадваргүй ажилгүй байгаа одоо болтол гар эдгээгүй хадаастайгаа явж байна. Би ээлжээр ажилладаг өдрийн 45.000 төгрөгөөр гардаг байсан. Одоо баримтаар нэхэмжилж байгаа эмчилгээний 979.000 төгрөг сүүлд үзүүлсэн баримт бас байгаа нийлээд 8.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

   Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бгийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би найз Птай таарч 0,5 гр архийг хамт уугаад тэгээд буудалд орох гээд таски бариад явсан, мөнгөгүй болчихсон байсан таксины жолоочийг гуйгаад савхин куртикаа зарахаар тохирч зочид буудалд орохоор болоод Баянгол дүүргийн 4-р хороо “Оюут” зочид буудалд П жолооч бид гурав орсон. Тэгээд П бид хоёр өрөөнд ороод буудлын ажилтан эгчтэй жолооч уулзаад зогссон. Би өрөөнөөс гарч ирээд ундаа ус авах гэхэд буудлын ажилтан мөнгөө төл гээд байхаар жолооч куртик аваад явсан одоо мөнгө аваад ирэхээр нь буудлын мөнгөө өгнө гэж хэлээд буцаад өрөөндөө орсон. Миний араас буудлын эгч орж ирээд мөнгөө нэхээд мөнгө өгөхгүй бол гар  гэсэн, жолооч залууг иртэл түр гар утсаа таньд өгье гэхэд наад нокиа маркийн утсыг авахгүй гэхэд П цаанаас өөрийн Iphone маркийн утсыг өгөхөд авахгүй та хоёр гарцаа яв гэхэд П-ыг хэвтэж байхад татаад босгосон тэгээд П үүдрүү яваад би  болохоор гарахгүй таксины жолооч таныг танина гээд энд ирсэн би гарахгүй гээд тэрнээс болоод маргаан үүсээд нөгөө буудлын эгч намайг түлхээд гаргасан би эргэж хараад түлхсэн чинь газар унасан. П бид хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 81-82/,   

 

   Мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-гийн өгсөн:

“...Би 2018 онд Баянгол дүүргийн 4-р хороон нутаг дэвсгэрт байрлах “Оюут” зочид буудалд ажиллаж байгаад 2018 оны дундуур ажлаасаа гараад 2019 оны 09 сард буцаад ажилдаа орсон. Манай байгууллагын ресепшин гурван ээлжээр ажиллаад 24 цаг ажиллаад 48 цаг амардаг юм, би зочид буудалдаа орж буй хүмүүсээ бүртгэлжүүлэн буудлын дотоод үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг юм.

Байж байхад 00 цаг өнгөрч байхад 40-45 орчим насны, эрэгтэй эмэгтэй хоёр хүн, 20-25 орчим насны нэг залуу орж ирээд 20-25 насны залуу нь “ Би таксины жолооч байгаа юм, энэ хоёр хүнийг буудалд оруулчих, би төлбөрийг төлнө” гэж хэлэхээр нь би “ манай зочид буудалд 40.000 төгрөгийн өрөө байгаа” гэж хэлэхэд  тэр таксины жолооч залуу би төлбөрийг төлчих учраас та энэ хоёр хүнийг өрөөнд нь оруулчих гэхээр нь би нөгөө хоёр хүнийг нь нэг давхарт байрлах 103 дугаартай өрөөнд оруулаад буцаад ресепшний тек дээрээ очиход өрөөнд орсон хоёр хүний эрэгтэй нь өрөөнөөсөө буцаж гарч ирээд хоёр ундаа, хоёр ус өгчих гэхээр нь би төлбөрөө төлж байж ундааг ав гэсэн тэгтэл таксины жолооч залуу” Эгчээ миний машин гадаа байгаа би машинаасаа мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсан.

Тэгээд 30 орчим минут болоод таксины жолооч гэх залуу буцаж ирэхгүй болохоор нь би өрөөнд оруулсан хоёр хүний байгаа өрөөний хаалгыг тогшиж ороод” Нөгөө таксины жолооч залуу чинь ирэхгүй байна, та хоёр тооцоогоо хийгээгүй юм чинь тэр хоёр ингээд гарчих” гэсэн. Тэгтэл тэр хоёрын  эрэгтэй нь “ юун сүртэй юм, 40.000 төгрөгийг нь чинь маргааш өглөө нь өгнө пизда минь” гэж хэлээд надад гар утсаа барьцаанд тавъя гээд надад Nokia маркийн гар утсаа өгснөө, гэнэт би ер нь утсаа өгөхөө болилоо гэж хэлээд буцаагаад авчихсан.

Тэгээд тэр залуу хамт байсан эмэгтэйгээ” Чи ер нь гар утсаа тавьчих, өглөө таксины жолооч ирэхээр нь өгье” гэхэд нь хамт байсан эмэгтэй нь “Үгүй, үгүй би гар утсаа тавихгүй, би ер нь гарлаа” гэж хэлээд гадуур хувцсаа аваад гарах гэж байтал нөгөө залуу нь шууд намайг үсдэж унагаагаад миний баруун гарлуу өшиглөөд “ Хүн хүүхэн авчирч байхад чинь  40.000 төгрөгийн хойноос үхлээ юу гэж орилсон, миний баруун гар мушгиралдаад эргэчихээр нь би” Хүмүүсээ авраарай, аллаа гэж хэлээд орилсон.

Би баруун гараа тэвэрч мөлхөөд 102 дугаарын өрөө рүү очоод хаалгыг нь цохиод “ хөөе гараарай  цаг чинь болчлоо” гэхэд дотроос нь 28-30 орчим насны  хоёр залуу гарч ирэхээр нь би” хажуу талын өрөөнд орсон хүн эгчийнх нь гарыг хугалчлаа, та хоёр гараад хараад, цагдаа дуудаахаач” гэсэн.

Нөгөө хоёр залуу араас нь гараад буцаж орж ирээд” Эгчээ нөгөө хүн чинь таксинд  суугаад явчлаа” гэж хэлсэн. Тэгээд би хамт ажилладаг. Долгор гэж хүн рүү залгаад “  би гараа хугалчлаа, та Энхсайханд хэлээд өг гэсэн, удалгүй Энхсайхан эхнэрийн хамт ирээд түргэн дуудаад намайг ГССҮТ-рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний баруун гарын хоёр шуу хугарчихсан байсан гэж хэлээд  намайг хэвт гээд би шууд эмнэлэгт хэвтсэн.

Миний баруун гарлуу өшиглөсөн хүн 40 орчим насны, 160-165 см орчим өндөртэй, хүн байсан, тэр хүн анх буудалд орж ирээд бүртгүүлэхдээ бичиг баримт байхгүй гэж хэлээд бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 37-38, 47-48/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Э-ы өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Оюут” зочид буудалд үйлчлэгч ажилтай Б.Н- нь бусдад зодуулчихлаа гээд над руу ярьсан. Би тэгээд зочид буудал руу очиход ажилтан Б.Н- /55н, эм/ нь зүүн гараа барьчихсан хөдөлгөж чадахгүй байна гээд сууж байсан. Би очоод түргэн тусламж дуудаад Б.Н- эгчийг шөнө ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтүүлсэн. Одоо Б.Н- эгч зүүн гар нь даа яс нь хоёр хугарсан, яаралтай хагалгаанд орж байгаа. Тухайн өдрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд хоёр эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд нэг эрэгтэй нь таксины жолооч байна энэ хоёр хүнээс таксины мөнгө авах гэж байгаа юм гэхэд нөгөө эрэгтэй нь надад мөнгө байхгүй миний савхин куртикийг аваад таксины мөнгө болон буудлын мөнгө төлчих гэхэд тэр таксины залуу за гээд савхин куртикийг авч гараад энэ хоёр хүнийг байлгаж байгаарай гээд гараад явсан. Тэгээд Нарантуяа эгч очоод буудалд орсон бүртгэлээ хийе гэхэд байж бай надад пиво өг гэхэд нь пиво зардаггүй гэхэд тэгвэл ундаа, ус байна уу гэж надаас асуухаар нь би та мөнгө төлөөд ус ундаагаа аваарай, мөнгөгүй бол буудлаас гар гэхэд уурлаад Б.Н- эгчийг өшиглөсөн байсан. Манай үйлчлэгч Б.Н- гэдэг хүн туранхай хөгшин хүн болохоор тэр хүнийг барьж чадаагүй. Нөгөө эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээ дагуулаад зугтаасан гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.П-ын, хохирогч Б.Н-тай нүүрэлдүүлэн байцаалт өгсөн:

“...Тухайн үед би согтуу байсан. Б гар утсаа тавьчих уу гэж надаас асуусан би тавьсан ч яах вэ гэж хэлсэн шиг санагдаад байна. Миний гар утас тийм үнэтэй гар утас биш байсан. Тиймээс надад татгалзах зүйл байгаагүй. Б надад хоёулаа зочид буудал орж архи уух уу гээд бид хоёр ярилцаад такси бариад явж байх замдаа таксины жолоочтой Б ярьж тохиролцоод миний куртикийг авах уу гэхэд нөгөө жолооч авна гээд тэгээд зочид буудалд хүргэж өгөөд Б бид хоёр өрөөнд орсон. Би өрөөнд ороод унтах гээд хэвтэж байсан чинь зочид буудлын хүн нь мөнгөө нэхээд Б бид хоёр хөөгдөөд гарсан. Би тухайн өдөр өглөөнөөс хойш архи уусан байсан. Тэгээд байрны гадаа Бтай таарсан. Тухайн үед такси бариад явж байсан. Би таксины марк болон өнгө, улсын дугаарыг огт хараагүй. Ямар машин байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3579 тоот:

 1. Б.Н--н бид баруун шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 51/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-24/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 55-62/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюут” зочид буудалд үйлчлүүлэхээр ороод тус буудлын ресепшн ажилтай Б.Н-гаас буудлын тооцоогоо хийхийг шаардсаны хариуд “юун сүртэй юм, 40.000 төгрөгийг чинь маргааш өглөө өгнө пизда минь” гэж зүй бус авир гаргасны улмаас хамт ирсэн эмэгтэй нь явлаа гэх шалтгаанаар Б.Н-г “хүүхэн авчирч байхад чинь 40.000 төгрөгийн хойноос үхлээ юу” гэж үсдэж, баруун гар луу өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “баруун шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Бгийн “...нөгөө буудлын эгч намайг түлхээд гаргасан би эргэж хараад түлхсэн чинь газар унасан...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч Б.Н-гийн “...би ер нь гарлаа” гэх хэлээд гадуур хувцсаа аваад гарах гэж байтал нөгөө залуу нь шууд намайг үсдэж унагаагаад миний баруун гарлуу өшиглөөд “Хүн хүүхэн авчирч байхад чинь , 40.000 төгрөгийн хойноос үхлээ юу гэж орилсон, миний баруун гар мушгиралдаад эргэчихээр нь би” Хүмүүсээ авраарай, аллаа гэж хэлээд орилсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Э-ы “...2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Оюут” зочид буудалд үйлчлэгч ажилтай Б.Н- нь бусдад зодуулчихлаа гээд над руу ярьсан. Би тэгээд зочид буудал руу очиход ажилтан Б.Н- /55н, эм/ нь зүүн гараа барьчихсан хөдөлгөж чадахгүй байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3579 тоот дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоноор шүүгдэгчээс нийт 1.150.643 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж (1х8=8) цагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагаас хасаж түүний эдлэх ялыг 442 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Бгийн үйлдэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 1 хоногийг ажлын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 442 цагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бгаас 1.150.643 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ