| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 184/2024/10117/И |
| Дугаар | 210/МА2026/00092 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00092
2026 01 09 210/МА2026/00092
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07822 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.М********-т холбогдох
Гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани 2014 оны 04 сарын 29-ний өдөр С.М*******-тай мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай газраар хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээг С.М*******-тэй байгуулсан.
1.2. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлд ...үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд ...худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар өөрийн шаардлагыг хангуулна гэж заасан. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний 1, 2 дугаар зүйл, Барьцааны гэрээний 1, 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай газраар хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. С.М*******-тэй 2014 онд барьцааны гэрээ хийснээс хойш нэг ч удаа нэхэмжлэгч талаас ярьж байгаагүй, эрэн сурвалжилж байгаагүй атал 2024 онд А******* ХХК нэхэмжлэл гаргасан. 2014 онд С.М*******-тэй барьцааны гэрээг Д.Н******* хийсэн байхад компани нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
2.2. Төлбөр барагдуулах гэрээг С.М*******-тай байгуулсан бөгөөд 2014 оны 07 сард эхний төлбөр төлөгдөөгүй хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд С.М******* өөрийн өмчлөлийн газраа өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М********-с мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ******* тоот, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсад бүрэн болон хэсэгчилсэн хөл хориог 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд тогтоож, хөл хорио нь Хууль, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хэрэгжсэн байдаг. Энэ нь нийтэд ил болсон мэдээлэл ба энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
4.2. 37,000,000 төгрөгийн төлбөр барагдуулах хэлцлийн нэг тал С.М******* нь өнөөдрийн байдлаар төлбөрөө барагдуулаагүй, шүүхийн шийдвэрээр Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа мөн тасалдах ба барьцааны гэрээгээр хамтран үүрэг хүлээсэн С.М*******-т хамаарах хөөн хэлэлцэх хугацаа мөн тасалдана. Хэрэв С.М*******-т хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол С.М*******-д хамаарах хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дуусна. С.М*******-ыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийн үйлчлэл дуусгавар болж, эрэн сурвалжлах ажиллагаа зогсож болно гэсэн ойлголт.
4.3. С.М*******-т хамаарах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үед манай шаардах эрх хэвээр ба С.М*******-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд шүүхийн үндэслэл болсон зохицуулалт үйлчлэхгүй.
Хэрэв шүүх шүүхийн шийдвэрт заасан хөөн хэлэлцэх хугацаа үндэслэлтэй гэж үзэж байгаа бол хариуцагч татгалзлаа хуульд заасан үндэслэл, журамд зааснаар хэрэгжүүлэх ёстой байсан.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гомдлын дээрх үндэслэлүүд нь хуульд заасан шаардлага хангасан, үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2025 оны 05 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь 2014 оны 04 сарын 29-ний өдрийн барьцааны гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг 9 жил, 11 сар, 9 хоногийн дараа анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан тул үндэслэлгүй.
5.2. Мөн 2014 оны 04 сарын 29-ний өдрийн барьцааны гэрээг Д.Н*******-тай хариуцагч С.М******* байгуулсан тул нэхэмжлэгч компани нь нэхэмжлэх эрхтэй этгээд биш.
5.3. 2014 оны 04 сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэгч болон Д.Н******* нь С.М*******, С.М******* нарт холбогдуулан огт нэхэмжлэл гаргаагүй. Мөн эрэн сурвалжилж байгаагүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ковид-19 цар тахлын үеэс өмнө уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч С.М*******-т холбогдуулан 37,000,000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцааны гэрээг иргэн Д.Н*******-тай байгуулсан тул А******* ХХК нь шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргажээ.
3. А******* ХХК нь С.М*******-тай 2014 оны 04 сарын 29-ний өдөр Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч С.М******* нь төлбөр авагч А******* ХХК-тай байгуулсан 2023 оны 08 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 30,000,000 төгрөг, 2013 оны 09 сарын 11-ний өдөр аман хэлцлийн дагуу хүлээн авсан 2 ширхэг хөргөлтийн системийн үнэ 7,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваариар төлж барагдуулахаар тохиролцсон. /хх-6х/
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А******* ХХК болон С.М******* нарын хооронд 2014 оны 04 сарын 29-ний өдөр Барьцааны гэрээ-г байгуулагдаж, уг гэрээгээр барьцаалуулагч С.М*******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ******* тоот, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350 м.кв талбай бүхий газрыг барьцаалахаар тохиролцож, уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
Барьцааны гэрээнд нэг талаас А******* ХХК, түүнийг төлөөлж захирал ажилтай Г******* овогт Д*******-ийн Н******* /барьцаалагч/, гэж тодорхойлж, Гэрээ байгуулсан: Барьцаалагч, Д.Н****** гэж бичиж, гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байх тул гэрээг А******* ХХК нь С.М*******-тэй байгуулсан байна.
Иймд хариуцагчийн барьцааны гэрээг иргэн Д.Н*******-тай байгуулсан тул А*******ХХК нь шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцжээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А******* ХХК-ийг С.М********-тэй барьцааны гэрээ байгуулсан гэж дүгнэсэн үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн дүгнэлтийг залруулна.
5.1. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заажээ.
А ХХК нь С.М*******-тай байгуулсан Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.М*******-тэй барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, *******тоот, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан.
Нэхэмжлэгч нь С.М*******-с үндсэн гэрээний үүрэг буюу Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ-ний үүргийг шаардаагүй атлаа шууд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, үндсэн үүрэг буюу С.М*******-тай байгуулсан гэрээний үүрэг шийдвэрлэгдээгүй байхад С.М*******-тэй байгуулсан барьцааны гэрээг үндэслэн барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрх үүсэхгүй.
5.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь С.М*******-тай байгуулсан Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүргийг барьцааны зүйл болох С.М*******-ийн өмчлөлийн газраар тэргүүн ээлжид хангуулахаар шаардах эрхтэй.
С.М*******-тай байгуулсан гэрээний үүрэгтэй хамт, эсхүл уг үүрэг шийдвэрлэгдсэн тохиолдолд уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
5.3. Анхан шатны шүүх үндсэн үүргийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад нэмэлт үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
А******* ХХК нь С.М*******-тай байгуулсан Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ-ний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд С.М*******-тэй байгуулсан Барьцааны гэрээ-ний хөөн хэлэлцэх хугацаа зэрэг дуусна.
6. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний тал хариуцагч С.М*******-с С.М*******-тай байгуулсан Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ-ний үүргийг шаардах эрхгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн 37,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7. Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргасан, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтыг тогтоох хэсэгт баримталсныг хасаж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэснийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Н.ОЮУНТУЯА