Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 739

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 1905032800888 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, П.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “S-Way” баарны гадаа иргэн Ц.Б-тай үл ялих зүйлээс үүдэн маргалдаж, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Бын өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед 3,4-р хорооллын Түмэн плаза төвийн хажууд доошоо ордог нэрийг нь мэдэхгүй бааранд өөрийн найз Д-гийн хамт орсон. Тэндээ нийт 4 шил пиво авч уусан. Тэгээд бүжиглэж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд гарахдаа текнээс 2 пиво аваад гарсан. Гадаа гараад тамхи татах гээд гал олдохгүй байхаар нь гадаа сууж байсан залуугаас гал гуйхад бацаан минь чи надаас гал гуйхгүй шүү гэхээр нь би цүнхнээсээ гал олоод тамхиа асаагаад зогсож байхад уг залуу намайг ална шүү гээд заамдаад аваад түлхсэн. Тэгэхээр нь би гартаа барьсан шилтэй пивоо уг залууруу шидээд түлхээд хавсарч унагачихаад Д- бид 2 явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уг залуугийн эмчилгээнд гарах бүх зардлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б- өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед өөрийн найз Э, Э, Б, Т нарын хамтаар 3, 4-р хорооллын “S Way” нэртэй шөнийн клубт үйлчлүүлж 1 шил 1 литрийн виски хувааж уугаад гарсан. Тэгээд Б бид хоёр түрүүлж гараад нөгөө 3-аа хүлээгээд зогсож байгаад би хажуу талын шатан дээр суугаад тамхи татаад сууж байхад хажууд 2 залуу ирээд зогсож байсан. Тухайн үед би муудсан байсан ба тэр 2 залуу намайг өдөөд байх шиг байсан. Тэгээд би босож ирээд 1 залууг нь заамдаж байгаад цааш нь түлхэхэд тэр хоёр над руу хоёулаа дайраад 1 нь нөгөө найзыгаа хориглоод байх шиг байсан. Тэгээд малгайтай цагаан цамцтай хар жилеткатай залуу хажуугаар нь дайрч орж ирээд намайг хавсарч унагаагаад цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босох гээд өндийхөд тэр залуу гартаа барьсан пивоныхоо шилээр миний толгой руу цохиод хэсэг манараад толгойноос цус гарсан. Тэгэхэд манай 3 найз гарч ирээд тэр 2 залууг заахад тэр 2 залуу зугатаагаад цаашаа явсан.

Би Гэмтлийн эмнэлэг орж 6, 7 оёдол духандаа тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Эын өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 08-нд орой 19 цагийн үед өөрийн найз Э, Т, Б, Б нарын хамтаар Наран плаза төвийн ресторанд уулзаж 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд шөнө гараад 23 цаг өнгөрөөд 3,4-р хорооллын Түмэн плазагийн урд талд доошоо ордог бааранд орж 1 шил 1 литрийн виски хувааж уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед гарах болоод манай найз Б, Б нар тамхилахаар гарсан. Тухайн үед Б нилээн согтуу  бараг тасарсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Э, Т бид 3 араас нь гараад очиход Б баарны үүдэн дээр шатны хажууд толгойгоо бариад цус гарсан байдалтай намайг 2 залуу пивоны шилээр цохиод зугатаачихлаа гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 9855 тоот: 

1. Ц.Б-ын биед тархи доргилт, духанд шархтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28/,

 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-13/,

- хохирлын баримтууд /хх-н 31/,

- хохирогчийн П.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-н 73/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42, 47/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “S-Way” баарны гадна иргэн Ц.Б-тай үл ялих зүйлээс үүдэн маргаж, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, биед тархи доргилт, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Бын “...уг залуу намайг ална шүү гээд заамдаад аваад түлхсэн. Тэгэхээр нь би гараа барьсан шилтэй пивоо уг залууруу шидээд түлхээд хавсарч унагачихаад Д- бид 2 явсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Б-ын “...малгайтай цагаан цамцтай хар жилеткатай залуу хажуугаар нь дайрч орж ирээд намайг хавсарч унагаагаад цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босох гээд өндийхөд тэр залуу гартаа барьсан пивоныхоо шилээр миний толгой руу цохиод хэсэг манараад толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Эын “...Би 2019 оны 8 дугаар сарын 08-нд орой 19 цагийн үед өөрийн найз Э, Т, Б, Б нарын хамтаар Наран плаза төвийн ресторанд уулзаж 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. ...шөнө 03 цагийн үед гарах болоод манай найз Б, Б нар тамхилахаар гарсан. ...хэсэг хугацааны дараа Э, Т бид 3 араас нь гараад очиход Б баарны үүдэн дээр шатны хажууд толгойгоо бариад цус гарсан байдалтай намайг 2 залуу пивоны шилээр цохиод зугатаачихлаа гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 9855 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 73 дугаар талд хохирогчоос “...П.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч П.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Бт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос П.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ