Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00093

 

  2026 01 09 210/МА2026/00093

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Г*******, А.А*******, М.Б******* нарт холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б*******, хариуцагч М.Б*******, түүний өмгөөлөгч О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 1998 оноос 2024 он хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* тоот, 270,1 м.кв талбай бүхий барилгад оршин сууж байна.

1.2. Энэ 270,1 м.кв талбай бүхий барилгыг аав А.М******* нь тавин мянгатын ******* тоотын 3 өрөө байраа, би 3, 4 дүгээр хорооллын ******* тоот 3 өрөө байраа зарж борлуулан Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцон ялагч болсноор Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор 55,920,000 төгрөгийн үнэтэй 270,1 м.кв талбай бүхий төрийн өмчийн барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7074 тоот гэрчилгээ олгогдсон бөгөөд энэхүү гэрчилгээгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж ирсэн.

1.3. Би 2011 оныг хүртэл аав *******-ын хамт ******* ЗБН-ийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, хамтран ажилласан бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаагаа 270,1 м.кв талбай бүхий барилгад явуулж байсан.

1.4. ******* ЗБН-ийн зөвхөн эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхийг аав ******* бид хоёр А.А******* эмч, түүний хүү А.Б******* нарт шилжүүлсэн. Ийнхүү ******* эмнэлгийн эрхийг тэд шилжүүлэн авахдаа эмнэлгийн 53,500 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авч, ойролцоох байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан.

1.5. Миний аав *******-аас ******* ЗБН-ийн нэр дээрх бидний анх хөрөнгөө нийлүүлэн авсан 270,1 м.кв талбай бүхий 1998 оны 7074 тоот гэрчилгээ бүхий 55,920,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А.А*******-т шилжүүлэн өгөөгүй байхад А.А******* нь хуульд заагаагүй эрхийг эдэлж, өвлүүлэгч аав *******-ын зарим хууль ёсны өв залгамжлагч нарын эрхийг зөрчиж, бусдад шилжүүлэх эрхийг итгэмжлэлд төлөөлөгч гэх миний төрсөн эгч М.Б*******-т олгосон. Нотариатч нь А.А*******-ын энэ үйлдлийг ямар нотлох баримтыг үндэслэн М.Б*******-т итгэмжлэл гэх баримтыг гэрчилж, А.А*******-т олгогдоогүй эрхийг шилжүүлж, ээжээс өвлөн авсан хөрөнгийг түүнчлэн аавынхаа өмчлөлийн эрхийг хууль ёсоор шилжүүлэн авах үр хүүхэд нь байхад ийнхүү хийснийг зөвшөөрөхгүй.

1.6. Иймд ******* ХХК-ийн захирал А.А******* нь М.Б*******-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэл олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн ******* дүгээр тойргийн тойргийн нотариатч Н.Г*******-ийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

1.7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,******* тоот хаягт суух ******* ХХК-ийн захирал А.А******* нь М.Б*******-тБаянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай, 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* тоот хаягт суух А******* М*******-ын Б*******-т итгэмжлэл олгож байна. Энэ итгэмжлэлийг 1 /нэг/ сарын хугацаагаар бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгов гэжээ. ******* ХХК-ийн захирал А.А******* нь өөрийн хуулийн этгээдийн болон хувийнх нь өмчлөлд шилжүүлж өгөөгүй байхад уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэнгүй. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ М.Б*******, М.Б******* нарын эцэг А.М*******-с асуусан, тэр зөвшөөрсөн хэмээсэн гэдэг ч энэ талаар ямар ч нотолгоо баримт байдаггүй, А.М******* нь өвчний учир гадагшаа харилцаа муутай болсон байсан ба энэ хугацаанаас хойш удалгүй 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн. ******* ХХК-ийн захирал А.А*******, М.Б******* нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг тэд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэжээ. Иргэний хуулийн 7 дугаар бүлэгт зохицуулагдсан нь уг итгэмжлэл хэлцэлд хамаарахаар хуульчлагджээ.

1.8. Иймд А.А*******, М.Б******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай, 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг ...олгосон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Н.Г*******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нотариатч нь нэхэмжлэлд дурдсан итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан шаардлагын дагуу, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан зааврыг үндэслэл болгон нотариатын үйлдэл хийсэн юм. Нотариатчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна гэдгийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 тоот магадлалаар тус тус тогтоосон.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байхад шүүхийг үл хүндэтгэн, цаг зав үрсэн ажил болгожээ. Нотариатч нь холбогдох хууль, Нотариатын үйлдэл хийх заавар зэргийг зөрчилгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хийсэн тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч А.А*******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2011 онд анх ******* ХХК-ийг авсан санагдаж байна. Дараа жилээс нь эхлээд Баянгол дүүргийн татвараас над руу ярьж, татвар төлөхийг шаардсан. Тэгэхэд энэ хөрөнгийг нь цуг орж иржээ гэж мэдсэн. Түүнээс биш би энэ хөрөнгийг худалдаж аваагүй, над дээр шилжиж ирснийг нь ч мэдээгүй байсан. Ямар ч байсан татварыг нь төлөөд 1-2 жил явсан. М.Б*******-т энийгээ буцааж аваач ээ гэж хэлсэн. Баянгол дүүргийн татвар дээр хамт очоод байранд нь сууж байгаа юм чинь чи өөрөө төл гэсэн. А.М******* гуайг би таньдаг байсан, надтай ирж уулзахад нь үл хөдлөх хөрөнгө нь байгаа гэдгийг би ойлгуулсан. А.М******* гуайн бие нь тааруу байсан. Манай охины нэр рүү шилжүүлж өг гэж өөрийнх нь хэлсний дагуу би охинтой нь холбогдоод шилжүүлсэн. Түүнээс өөрөөр үгсэн тохирсон ямар нэгэн зүйл байхгүй. М.Б******* өөрөө сайн мэдэж байх ёстой гэжээ.

 

4. Хариуцагч М.Б*******-н тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо,******* тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Улмаар тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрийн 9 дэх талд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Компанийн дүрмийн 6, 7 дугаар зүйлд зааснаар А.А******* нь компанийг үүсгэн байгуулагч цор ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзнэ. Нэхэмжлэгч  нөхөрлөлийн эрх болон хөрөнгөө шилжүүлсэн нөхөрлөлөөс гарсан, М******* ХХК-ийн захирал А.А*******-с 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн М.Б*******-т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хууль бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Итгэмжлэл хэлцэл нь хууль зөрчөөгүй тул тухайн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Орон сууц бэлэглэлийн гэрээ мөн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэсэн. Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Магадлалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00496 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4.2. Үүний дараа нэхэмжлэгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэрээр дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр М.Б******* нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 211/МА2021/0320 дугаартай магадлалаар дээрх захиргааны хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд байгаа тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлгүй тул М****** ХХК-ийн захирал А.А******* нь М.Б*******-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэл олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Г.Г*******-ийн үйлдлийг хүчингүй болгох тухай, А.А*******-с 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Б*******-т олгосон итгэмжлэл буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай М.Б*******-н нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 192202508367 тоот шийдвэрээр Нийслэлийн ******* дүгээр тойргийн нотариатч Г.Г*******-ийн 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримт ирүүлээгүй гэсэн үндэслэл гаргажээ. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 10-ны шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа нотариатч Г.Г********-ийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан.

6.1.1. Нотариатч  нотариатчийн үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Иргэний хуулийн заалтуудыг тус тус хэрэгжүүлэлгүй 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн бүртгэлийн газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг М.Б*******-т өгсөн ******* ХХК-ийн захирал А.А*******-ын өгсөн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хийсэн байна. Нотариатч  нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, ёс зүйн дүрмээ чанд баримтлан ажиллах зарчмуудыг удирдлага болгох учиртай.

Нотариатчийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасан нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх гэсэн журамд үл нийцсэн үйлдэл болсон. Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэсэн зохицуулалтыг хангаагүй итгэмжлэлийг гэрчилсэн.

6.1.2. Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.3-д Нотариатын бүртгэлийг хөтлөхдөө Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтална., 3.4-т Бүртгэлийн дэвтрийн хуудас бүр дугаарлагдсан байна., 3.5-т Нотариатын хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглоно., 3.6-т Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээд хувьд тамга, тэмдгээр нь баталгаажуулж болно. Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 5 дахь хэсгийн 5.5-д Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй. гэсэн заалтыг зөрчин 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн******* ХХК-ийн захирал А.А*******, Б.Б******* нарын итгэмжлэлийг гэрчилсэн.

Зааварын 7 дугаар хэсэг дэх журмыг дор дурдсан байдлаар хэрэгжүүлээгүй. Үүнд: 7.1-д Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтална., 7.5-д Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурах бөгөөд нягтлан бодогчгүй бол энэ тухай итгэмжлэлд тусгана.

6.1.3. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр, ...хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино, хуулийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэн, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэсэн заалтыг зөрчин зөвхөн А.А******* гарын үсэг зурж шилжүүлсэн итгэмжлэл нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцлийн нэг төрөл.

Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг ******* ЗБН-өөс шилжүүлэн авсан хэмээн өөрт олгогдоогүй эрхийг хуульд үл нийцсэн аргаар хэрэгжүүлсэн. ******* ЗБН-ийн дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхээ дуусгавар болгосон бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан зохицуулалтаар хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шинэ өмчлөгчид өмчлөх эрх үүсэж, хуучин өмчлөх эрх дуусгавар болохоор хуульчилсан зэрэг үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн ч шүүх огт энэ үндэслэл нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эсрэг талын буюу хариуцагч Н.Г*******-ийн шүүхэд гаргасан нотлох баримтыг нөгөө тал болох нэхэмжлэгч иш татаж, тайлбарынхаа үндэслэл болгон мэтгэлцсэн, түүний үйлдэлд хуульд нийцээгүй нөхцөл байдлыг дор дурдсан баримтаар давхар нотлогдсон гэж үзэж дор дурдсан баримтыг үндэслэлээ болгосон.

Шүүх хуралдааны тэмдэглэлд: 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч М.Б******* гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө нотариатч Н.Г******* аав А.М*******-ын гэрт ирж нотариатынхаа үйлдлийг хийсэн тухай мэдүүлдэг. Нотариатч  нь энэхүү хуралдааны хэлэлцүүлэгт нотариатын үйлдлээ өөрийнхөө үйл ажиллагаа явуулдаг албан тасалгаанд хийсэн тухай тайлбарладаг. Нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэсэн огноотой, харин нотариатчийн бүртгэсэн бүртгэлийн 41-д нэг хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн гэх мэт илт зөрүүтэй нөхцөл байдлууд байсаар байхад бүхэлд нь дүгнэлт хийгээгүй байгаад хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгч  би Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, 10 дугаар хороолол ******* байршилтай 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн 2 тоотод 30 гаруй жил амьдарч байна.

М.Б******* би 1998 оноос 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл аав *******-ын хамт аавынхаа мэргэжлийг өвлөн эмчийн мэргэжил эзэмшсэн тул эцэг, эхийнхээ үүсгэн байгуулсан ******* ЗБН-ийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, хамтран ажиллаж ирсэн. Эмнэлгийн зориулалт бүхий үйл ажиллагаа явуулахдаа аав ******* нь тавин мянгатын ******* тоотын 3 өрөө байрыг, би 3,4 дүгээр хорооллын ******* тоот 3 өрөө байраа зарж борлуулан тухайн үед Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү нийтийн дуудлага худалдаагаар ******* ЗБН нь ялж Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор 55,920,000 төгрөгийн үнэтэй 270,1 м.кв талбай бүхий төрийн өмчийн барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн олгож, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7074 тоот гэрчилгээ олгогдсон бөгөөд энэхүү гэрчилгээгээр Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж ирсэн.

Хожим нь буюу 2011 онд А.А*******, А.Б******* нарт шилжүүлэх ******* ЗБН-ийн зөвхөн эмнэлгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг эмнэлгийн үндсэн хөрөнгө болох эмнэлгийн хэрэгслийг 53,500 /А.М*******-ын 70% буюу 36,750 төгрөг, М.Б*******-ын 30% буюу 15,750 төгрөг/ төгрөгийг эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

Хариуцагч А.А******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* (одоогийн хаяг)-д түүнд энэхүү үл хөдлөх хөрөнгө огт шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй учраас эмнэлгийнхээ үйл ажиллагааг өөр газруудад хийж явсан ба энэ үл хөдлөх хөрөнгө нь А.М*******-ын үр хүүхдүүд бид амьдарсаар л байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж УБЕГХЭБГазар болон түүний харьяа байгууллагаас Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн 2******* дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн талаарх мэдээлэл бүхий нотлох баримт гаргуулсан ч хариуцагч А.А******* болон түүний компанийн нэр дээр, компанийн хөрөнгийн бүртгэлд ч байдаггүй гэдэг нь нэгэнт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч А.А******* нь ийнхүү өмчлөгч биш өмчлөх эрхгүй атлаа бусдын хөрөнгийг бусдад ямар үндэслэлээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримт одоо ч эргэлзээтэй, зөрүүтэй, ойлгомжгүй... байхад шүүх хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтад дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасан. Хариуцагч А.А******* зөвхөн өөрийнхөө компанийг л итгэмжлэлгүй өөр бусад үйл ажиллагаанд төлөөлөх нь зүйн хэрэг. Харин дээр дурдсан өмчлөгч мөн эсэх нь, өмчлөх эрх нь нотлогдоогүй эрхийг эдэлсэн хуульд үл нийцсэн ажиллагааны үр дагаврыг бий болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Хариуцагч М******* ХХК-ийн захирал асан А.А*******, М.Б******* нарт холбогдуулан гаргаж байсан миний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл өөр агуулгатай байгаа. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/08367 тоот шийдвэрт дүгнэсэн асуудлаар өмнө нь иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд гаргасан шаардлагууд хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар тухай бүр өөр агуулгаар гаргаж байсан шаардлагуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд харин ч нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй шаардлага буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тухай шаардлага гаргаагүй. Харин зөвхөн М.Б*******-ийн охин Б.Г*******, дүү М.Б******* нарт Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, ******* байршилтай 270.1 м.кв талбайтай, гэрчилгээ №7074, улсын бүртгэлийн 2205004697 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг Орон сууцыг бэлэглэл-ийн гэрээгээр шилжүүлснийг хууль зөрчсөн хэлцлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл байсан нь өмнөх шийдвэр, магадлалаар тогтоогдоно.

Иргэний хуульд хэд хэдэн үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дээрх хуулийн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Ийм ч учраас нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэл байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч М.Б*******, түүний өмгөөлөгч О.М******* нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Энэ хэрэг маргааныг урьд өмнө нь шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр шилжсэн улсын бүртгэлтэй холбоотойгоор захиргааны хэргийн 3 шатны шүүхээр маргасан. Энэ үйл баримтын хувьд шүүх хангалттай дүгнэлт хийсэн.

7.2. Өмнө нь шүүхээс итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх итгэмжлэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7.3. Нотариатчийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ агуулгаар хэд хэдэн үндэслэл зааж давж заалдах журмаар гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотариатын бүртгэлийн дэвтэр, нотариатчийн шүүхэд гаргасан тайлбар, өмнөх иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл, хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтэд үндэслээд нотариатын үйлдэл хууль ёсны байна гэж дүгнэсэн. Иймд Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нотариатч  нь тус үйлдлийг хийхдээ итгэмжлэл өгч байгаа болон итгэмжлэл авагч этгээдүүдийн хувийн байдлуудыг шалгаж тогтоосон.

7.4. ******* ЗБН хэлбэрээ өөрчилж компани болсон байхад нь А.А******* тус компанийн гүйцэтгэх захирал буюу эрх бүхий этгээд байсан. Нотариатч компанийн дүрэм, гэрчилгээ зэргийг үндэслээд А.А*******-ыг итгэмжлэл өгөх эрхтэй этгээд гэдгийг тогтоосон.

М.Б*******-н тухайд өөрийн иргэний үнэмлэх, хувийн бичиг баримтуудаа нотариатчид үзүүлсний үндсэн дээр тус үйл баримтыг гэрчилсэн. Энэ үйлдлийн хүрээнд Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг зөрчөөгүй. Анхан шатны шүүхээс Нотариатын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.5. Энэ хэрэг маргааны хэргийн оролцогчид төрсөн эгч, дүүс. Миний хувьд өмнөх иргэний хэрэг маргаанд оролцож байсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу М.Б*******-ыг албадан гаргах боломжтой. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ өгөөгүй байгаа гэж хэлсэн. Үүнд нэхэмжлэгч гомдолтой.

А.М******* хүүхдийн эх эмч. Б.Г******* зээ охин нь, М.Б******* хөгжлийн бэрхшээлтэй хамгийн бага дүү нь. Энэ хоёртоо хөрөнгөө өгнө, та нар маргахгүй байх гээд хүүхдүүдээ суулгаад буюу тухайн үед М.Б*******, гадаадад байсан М.Б*******, М.Б******* хөгжлийн бэрхшээлтэй дүү болох М.Б******* нар байсан. Энэ нөхцөл байдлаа А.А*******-т хэлээд А.А*******-с олгосон итгэмжлэлээр маргаан бүхий 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр хөрөнгийн өмчлөх эрх бага дүү М.Б*******, зээ Б.Г******* нарын нэр дээр шилжсэн. Энэ талаар хангалттай ярьсан учраас энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх ёстой.

7.6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан энэ үндэслэлүүдээр анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатын шүүх талуудын маргааны хүрээнд, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нотариатч Н.Г*******т холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн захирал А.А*******-с иргэн М.Б*******-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар, хариуцагч А.А*******, М.Б******* нарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэл гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ЗБН нь Төрийн өмчийн хорооноос зарласан нийтийн дуудлага худалдааны ялагч болж, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор үндэсний Үнэт цаас компанийн бизнес төвийн 55,920,000 төгрөгийн үнэ бүхий 270,1 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7074 тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* талбай бүхий эмнэлэг, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-148-163, 171х/

 

3.2. ******* ЗБН-ийн гишүүд болох А.М*******, М.Б******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ЗБН-ийн хувьцаа, эмнэлгийн үйл ажиллагааны зөвшөөрөл, эмнэлгийн хэрэгслийг А.А*******, А.Б******* нарт шилжүүлж, нөхөрлөлөөс гарсан. /хх-59-65х/

Ийнхүү нөхөрлөлөөс гарахад ******* ЗБН-ийн нэр дээр дуудлага худалдаагаар 55,920,000 төгрөгөөр авсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* давхар барилга А.М*******, М.Б******* нарт үлдсэн талаар хариуцагч А.А******* маргаагүй.

 

3.3. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр, ******* ХХК-ийн захирал А.А******* нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай 270.1 м.кв талбай бүхий, гэрчилгээ 7074, бүртгэлийн 2******* дугаарт бүртгэгдсэн эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авах, бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг М.Б*******-т олгосон. /хх-84х/

Уг итгэмжлэлийг үндэслэн төлөөлөгч М.Б******* нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ******* байрлах 270,1 м.кв талбайтай эмнэлэг үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгыг М.Б*******, Б.Г******* нарт үнэ төлбөргүй бэлэглэснээр, бэлэг хүлээн авагч нарын өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-78-96х/

 

4. Нэхэмжлэлийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч нь хариуцагч нотариатч Н.Г*******-т холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн захирал А.А*******-с иргэн М.Б*******-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...А.А*******-т олгогдоогүй эрхийг гэрчилсэн гэх агуулгаар тайлбарласан.

Хариуцагч нотариатч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, итгэмжлэлийг гэрчлэхдээ хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж маргасан.

 

4.1. Маргаан бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбай бүхий, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ЗБН бүртгэлтэй байсан ба нөхөрлөл нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөн компани болсон, ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь А.А******* тул нотариатчийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хууль зөрчөөгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Тодруулбал, ******* ЗБН-ийн хувьцааг А.А*******-т шилжүүлэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжээгүй болохыг нотариатч Н.Г*******-ийг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нотариатч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд үндэслэн ******* ХХК гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.2. М.Б*******-ын нотариатч Н.Г*******-т холбогдуулсан итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай маргааныг урьд нь шүүх шийдвэрлээгүй тул энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

4.3. Хариуцагч нотариатч г нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ...нотариатч нь итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуульд заасан зарчим, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан итгэмжлэлийг гэрчилсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэлийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэл гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч  нь хариуцагч А.А*******, М.Б******* нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргаж, үндэслэлээ ...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* байршилтай 270,1 м.кв талбай бүхий, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч А.А******* болон ******* ХХК-д шилжээгүй байхад ******* ХХК-ийн захирал А.А******* нь хуульд заагаагүй эрхийг эдэлж, итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх эрхийг М.Б*******-т олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч А.А******* ...би энэ хөрөнгийг худалдаж аваагүй, А.М*******-ын хэлснээр М.Б*******-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн, М.Б*******-тэй үгсэн тохиролцсон зүйл байхгүй гэж, хариуцагч М.Б******* М.Б*******-ын ...үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн. А.А******* компанийг төлөөлөх эрхтэй байсан, итгэмжлэл хууль зөрчөөгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

 

5.1. А.М*******, М.Б******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ЗБН-ийг А.А*******, А.Б******* нарт шилжүүлэхдээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* 270,1 м.кв талбай бүхий 2 давхар барилгыг шилжүүлээгүй, тухайн барилга нь ******* ХХК-ийн болон А.А*******-н өмчлөлийн хөрөнгө биш болохыг хариуцагч А.А******* хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

 

5.2. Нөхөрлөлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлөөс гарсан буюу хасагдсан гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс нь хойш З сарын дотор буцаан олгоно гэж заасны дагуу ******* ЗБН-ийг төлөөлөх А.А******* нь *******-ийн нэр дээр бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо,******* 270,1 м.кв талбай бүхий 2 давхар барилгыг А.М*******, М.Б******* нарын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

 

5.3. ******* ХХК-ийн захирал А.А******* нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* 270,1 м.кв талбай бүхий 2 давхар барилгыг өмчлөх эрх бүхий А.М*******, М.Б******* нарын эрхийг зөрчиж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр барилгыг бусдад шилжүүлэх, бэлэглэх эрхийг М.Б*******-т олгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр барилгыг Б.Г*******, М.Б******* нарт үнэ төлбөргүй бэлэглэснээр Б.Г*******, М.Б******* нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Хариуцагч А.А******* нь А.М*******-ын хүсэлтээр түүний охин М.Б******* итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү итгэмжлэл олгож, хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйлдлийг нь нөхөрлөлөөс гарсан гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийг нь буцаан олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нөхөрлөлөөс гарсан гишүүн бүр өөр өөрсдийнхөө нөхөрлөлд оруулсан хөрөнгийг буцаан авах эрхтэй тул ******* ХХК-ийн захирал А.А******* нь М.Б*******-т итгэмжлэл олгож хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ нөхөрлөлөөс гарсан М.Б-т мэдэгдээгүй, түүний зөвшөөрөлгүйгээр барилгыг Б.Г*******, М.Б******* нарт шилжүүлсэн нь нэхэмжлэгч М.Б*******-ын нөхөрлөлд оруулсан хөрөнгөө буцаан авах эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.4. Итгэмжлэл нь төлөөлөх эрх олгосон нэг талын хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан Хэлцэлд төлөөлөх хүчин төгөлдөр төлөөлөл үүсэхэд төлөөлөл зөвшөөрөгдсөн, хууль ёсны байх, төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулсан байх нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Энэ хүрээнд эс зөвшөөрөгдсөн буюу хориотой үйлдлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүйгээс гадна төлөөлөгч нь хэлцлийг заавал төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс байгуулдаг буюу төлөөлөгчийн өөрийн дотоод чин хүсэл бус төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн обьектив утга агуулгыг хүлээн авагч тал хүлээн авдаг, мөн төлөөлөгч бүрэн эрхээ үнэнч шударгаар төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлдэг.

 

5.5. ******* ХХК-ийн захирал А.А******* нь А.М*******в, М.Б******* нарын өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй бөгөөд ******* ЗБН барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан. Иймээс төлөөлүүлэгч ******* ХХК-ийн захирал А.А*******-ын төлөөлөгч М.Б*******-т итгэмжлэлээр барилгыг захиран зарцуулах эрх олгосон нь төлөөлөл зөвшөөрөгдсөн, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иймд нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* 270,1 м.кв талбай бүхий 2 давхар барилга ******* ХХК-ийн өмч биш байхад өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, хуульд заагаагүй эрхийг эдэлсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч  нь хариуцагч М.Б*******, А.А*******, Б.Г **** нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ******* тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-228-237х/

 

6.1. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч М.Б*******-ыг ******* ХХК, А.А*******, М.Б******* нарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргаж, энэ талаар зохигч мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6.2. Анхан шатны шүүх ...Тодруулбал, А.А******* нь М******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй, улмаар А.А*******-аас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Б*******-т олгосон итгэмжлэл нь хууль ёсны байгаа болохыг дүгнэж шийдвэрлэсэн-ээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ...миний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл өөр өөр агуулгатай байгаа, энэ нэхэмжлэлийг гаргаагүй, шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангана.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08367 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нотариатч Н.Г*******-ийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн захирал А.А*******-с М.Б-т олгосон Итгэмжлэл-ийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн захирал А.А********-с М.Б-т олгосон 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч М.Б*******-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.НЯМСҮРЭН

 

 

  ШҮҮГЧИД  Д.ХУЛАН

 

 

Н.ОЮУНТУЯА