Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 762

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батсайхан, 

   шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

  хохирогч М.Н, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

  гэрч Ц.О-, Э.Батнасан, Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Цд холбогдох эрүүгийн 1905001170708 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Э.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын туслах зам дээр “Өег” нэртэй зоогийн газрын орчим иргэн М.Нтэй маргалдан улмаар нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ:

“...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Н мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харилцагчийн шинэ жил болж байсан. Тэгээд дараа нь шөнө дунд 10-р хорооллын Стела гээд бааранд орсон. Тэгээд гараад дуудлагын жолооч дуудсан хүлээх үедээ би унтчихсан байсан. Дуудлагын жолооч ухрахдаа ардаа байсан машиныг мөргөсөн. Дараа нь цагдаа дээр очоод хэлсэн учир байдлыг олж өгөөчээ гэсэн чинь намайг ойлгоогүй чи яагаад миний машиныг ачиж байгаа вэ гээд машины доод талруу нь би өшиглөсөн. Тэгсэн бууж ирээд намайг 2 удаа гараараа цохисон тэгээд эхнэр салгаад “Өег” зоогруу орж шатан дээр сууж байх үед шүүгдэгч нь шууд ирээд намайг ахиад нэг өшиглөсөн. Тэгээд шүүгдэгч яваад өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Цын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 27-ны үүрээр 05-06 цагийн орчим Саппорогийн /уулзвар дээр үүрэг гүйцэтгэхээр цагдаагийн ахлагч Р.Ш, сонсогч /нэрийг нь санахгүй байна./ нарын хамт явж байтал Хөх хот рестораны харалдаа буцаж эргэдэг уулзвар дээр зам тээврийн осол гарч, 2 машин хоорондоо мөргөлдсөн байдалтай, жолооч эмэгтэй согтуу байж байсан. Тэгээд дуудлага хүлээн авагч бүсийн байцаагч, цагдаагийн ахмад Хаш-Эрдэнийг дуудаж, зам тээврийн ослын газрыг хамгаалалтанд аваад байж байтал, замын хойд талаас танихгүй залуу хүрч ирээд 10 дугаар хорооллын туслах зам дээр согтуу жолооч хүний машин шүргэчихээд хэл амаар доромжлоод байна гэсэн.

Тэгэхээр нь шөнийн эргүүлд нэмэлтээр хамт гарсан сонсогчийг тодруулаад ир гээд явуулсан бөгөөд сонсогч залуу буцаж ирээд намайг хэл амаар доромжлоод байна. Та нар өөрсдөө оч гэж хэлсэн тул цагдаагийн ахлагч Р.Ш явсан. Би зам тээврийн ослын газарт үлдсэн. Тэгээд байж байтал бүсийн байцаагч Х хүрч ирсэн. Би цагдаагийн ахлагч Р.Шд бүсийн байцаагч ирсэн талаар хэлж, юу болж байна гэж тодруулахад намайг энд байгаа нөхөр шанаа руу цохиод, шаардлага биелүүлэхгүй байна. Чи гаваа аваад хүрээд ир гэсэн.

Тэгээд би 10 дугаар хорооллын туслах зам дээр өөрийн эзэмшлийн 77-24 УНҮ улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход Н-, Р.Ш нар хоорондоо хувцаснаасаа зууралдсан байдалтай зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Н- нилээн согтуу, би машин бариагүй. Дуудлагын жолоочоор машинаа бариулсан. Дуудлагын жолооч хүний машиныг шүргэчихлээ гээд байсан. Харин цагдаагийн албан хаагч Р.Ш цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагын биелүүлэхгүй байна. Цагдаагийн 102-т дуудлага өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид хоёр Н-гийн 2 гарыг ар нуруунд нь гавласан. Ингээд байж байтал дараагийн дуудлага ирж, цагдаагийн албан хаагч Р.Ш сонсогчийн хамт явсан. Би Н-гийн хамт үлдсэн. Тэгтэл Н- намайг хэл амаар доромжлоод зүүн гуя дотор булчин руу өшиглөөд байсан тул би өөрийнхөө машинд ороод суутал миний машины урд гупер, жолоочийн эсрэг талын хаалга руу өшиглөөд байхаар нь би машинаасаа буугаад боль гэж хэлтэл миний нүүр лүү нулимсан. Энэ үед Н-гийн эхнэр нөхрийгөө боль гэж хэлж байсан боловч үгэнд нь орохгүй байсан. Тэгээд Н- бид нарын хооронд хэл амаа олох ямар ч нөхцөл бүрдэхгүй байсан тул би Өег зоог гэх нэртэй цайны газрын довжоон дээр гараад зогсож байтал миний араас Н- хүрч ирээд намайг өшиглөхөөр нь би хөлөө дээшээ өргөтөл миний хөлөнд Н-гийн хөл хальт хүрээд, тэгээд довжоон дээрээс нүүрээрээ газар унасан...” гэх мэдүүлэг /хх-н 238-241/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Нгийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 26-ны орой эхнэр О-ийн хамт шинэ жилд АПУ төвийн орчимд Аврага плаза төв-д ороод тэндээс гараад БГД-н 5-р хороо 10 хороолол Өвөр монгол ресторантай Стелла баарлуу орсон. Баар хаах гэж байна гэхээр нь удаагүй гарсан. Баарнаас гараад дуудлагын жолооч дуудсан. Жолооч ирээд машиныг халааж байхад би машины урд суудал дээр унтаж байсан. Юу болсныг мэдээгүй байхад 2 залуу намайг татаад буулгасан. Тэр залуус юу болсон бэ яав гэхэд барьцалдаад аваад байж байхад цагдаа ирсэн. Яасан бэ гэхэд манай дуудлагын жолооч ухрахдаа RX машины гуперыг тулаад зогссон юм байна лээ. Нөгөө хоёр залуу машин чинь гайгүй зүгээр байна шүү дээ гэхэд тэр залуу 250.000 төгрөг нэхсэн. Маргааш уулзъя бичиг баримтаа өгье гэхэд машины эзэн бололтой туранхай залуу гайгүй байсан, харин хажууд нь байсан бүдүүн залуу надруу дайраад барьцалдаад зогсож байхад цаанаас цагдаа ирсэн. Бүдүүн залуу бид хоёр нэг нэгнийгээ цохиогүй барьцалдаад байж байсан. Цагдаа ирээд намайг шууд гавласан. Би тэгээд яагаад гавлаж байгаа юм бэ гээд тэр замын цагдаа руу очсон. Цагдаа машиндаа сууж байхад би очоод тайлбарлан хэлэхэд намайг үл ойшоож гар утсаа оролдоод байсан. Адилхан эр хүн байж яагаад юм ойлгохгүй байгаа юм гээд хаалганы доод хэсэг рүү өшиглөсөн. Цагдаа машинаас бууж ирээд чи хүний эд хөрөнгөнд хүрлээ гээд намайг 2 удаа нүүрлүү цохисон. Тэгтэл манай эхнэр намайг цааш авч яваад Нийслэл паб-ын хажуу Өег зоогийн газрын гадаа үүдний шатан дээр суулгасан. Намайг сууж байхад нөгөө цагдаа ирээд нүүрлүү өшиглөсөн. Би доош унаад хацар хэсгээс цус алдаад юу болсныг цааш мэдээгүй. Тэр хооронд миний эзэмшлийн 24-58 УНГ улсын дугаартай prado-120 машиныг ачаад аваад явчихсан байсан. Намайг тухайн газар дээрээ байж байхад цагдаагийн ахлах дэслэгч Э гэдэг хүн ирээд машинаараа авч яваад Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт очоод хацар дээрээ оёдол тавиулаад КТГ зураг авахуулаад яаралтай ирээрэй гэсэн. Тэгээд өглөөний 07-08 цагийн үед а/д Э цагдаа намайг гэрт хүргэж өгсөн.

Хүн хичнээн ч согтуу байж болно тэгэхэд хүнтэй ингэж харьцаж ийм хүнд гэмтээсэнд гомдолтой байна. Ц надад эмчилгээнд 860.000 төгрөг өгсөн. Ц миний хөл рүү өшиглөх гэж байгаад нүүр лүү чинь өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 225-226/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн үед БГД-н 5-р хороо 10-р хороолол туслах зам дээр Прадо 120 маркийн 24-80 УНУ улсын дугаартай машинтай нөхөр, дуудлагын жолооч бид гурав байсан. Нөхөр бид хоёр компаний шинэ жилд орсон. Бид хоёр машинаа 10 хороолол Нийслэл пабын урд зогсоолд 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед тавиад Стелла баар луу ороход хаах гэж байна гэхээр нь удаагүй гарсан. Стелла баарнаас дуудлагын жолооч дахин захиалсан дугаарыг би мэдэхгүй байна. Машин дээр очоод машинаа халаагаад хүлээж байсан. Жолооч ирээд машин халаасан. Машин хойш ухарч байхдаа RX маркийн машиныг мөргөсөн. Уг машинаас 2 залуу бууж ирээд машины урд жолоочийн хажуу талын сандал дээр унтаж байсан нөхрийг татаж буулгасан. Нөгөө 2 залуу манай нөхрийг бариад авсан. Нөхөр нилээд согтуу байсан машин мөргөснөө мэдээгүй зогсож байтал 3 цагдаа ирээд юм ярьж байгаа нэг нь нөхрийг өшиглөсөн. Би яаж байгаа юм гэхэд хамт байсан цагдаа нөгөө өшиглөсөн цагдааг аваад явсан нөхөр газар унаад хамраас нь цус гарсан. Би нөхрөө түшээд газар суулгасан. Цагдааг гавыг нь тайлаад өг гэсэн тайлаагүй манай машиныг ачихаар ачилтын машин ирсэн байсан. Ачилтын машины жолоочид гавны түлхүүрийг өгөөд гавыг тайл гэсэн. Манай нөхрийн амар, нүдний ухархай, хацрын яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Э-ын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд, шөнө 04-05 цагийн үед Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсээс дуудлага ирж, цагдаагийн ахлагч Р.Ш, цагдаагийн ахмад Т.Х, цагдаагийн дэд ахлагч Э.Ц, нэмэлтээр 1 сонсогчийн /одоо нэрийг нь санахгүй байна./ хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Хөх хот рестораны харалдаа очиход замын зорчих хэсгийн урд талд 2 машин хоорондоо мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гарсан байсан. Би цагдаагийн албан хаагч Хаш-Эрдэнийн хамт ослын газрын үзлэгийг хийх явцад замын хойд талаас хамт явсан сонсогч залуу согтуу жолооч байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн ахлагч Р.Ш, цагдаагийн дэд ахлагч Э.Ц нарыг шалгаад ир гэж явуулсан.

Цагдаагийн ахмад Х бид 2 хэргийн газрын үзлэгээ дуусгаж, Хаш- Эрдэнэ мөргөлдсөн 2 машиныг ачигч машин дуудаж, журмын хашаа руу хүргүүлж, 103 дуудаж, мөргүүлсэн машины эрэгтэй жолоочийг үзүүлэхээр үлдсэн. Миний хувьд зам тээврийн осол гаргасан согтуу эмэгтэй жолоочийг Төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр луу хүргэж өгөхөөр явсан бөгөөд замдаа Ц руу залгаж нөхцөл байдлын талаар тодруулан асуухад хэл ам маргаантай юм байна. Согтуу жолооч биш юм байна. Дуудлагын жолооч ухрах үйлдэл хийх үедээ арын машинаа шүргэсэн юм байна гэж хэлсэн.

Тэгээд би согтуу эмэгтэй жолоочийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд буцаж 10 дугаар хороололд Ш, Ц нар дээр очиход тэдний дэргэд нүүр ам хувцасных нь энгэр хэсэг нь цус болсон эрэгтэй, бас нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Ш намайг хараад шууд цагдаагийн алаг тэргэнд суусан. Тэгээд би юу болсон талаар тодруулан асуухад уг эрэгтэй танай цагдаа намайг зодчихлоо гэхээр нь өөрийн цагдаа Цаас юу болсон талаар тодруулан асуухад уг эрэгтэйг шаардлага эсэргүүцсэн. Тэгээд миний машиныг өшиглөсөн. Бид 2 ноцолдох хооронд нүүрээрээ унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 89-91/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Шгийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Батлагдсан хуваарийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 363 дугаартай постон дээр би автын байцаагч Э, цагдаагийн ахмад Т.Х, цагдаагийн дэд ахлагч Ц, нэмэлтээр Хууль сахиулах их сургуулийн 4 сонсогчийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 04 цаг 30 минутын орчим Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын туслах замд аваар гарч, ослын газрын хэмжилтийг Х, Э нар хийсэн. Миний хувьд зам тээврийн ослын газрыг хамгаалан ажиллаж байх хугацаанд 10 дугаар хорооллын хойд туслах замд согтуу жолооч байна гэх мэдээлэл ирсний дагуу цагдаа зохицуулагч Э.Цын хамтаар очиж шалгахад М.Н нь бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Миний бие М.Нд хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлэн хэл амаар доромжилж, миний нүүр лүү хуруугаараа чичиж байснаа гараа атгаж байгаад 1 удаа цохиж танхайрсан учраас М.Нгийн гарыг ар нуруунд нь Цын хамт гавласан. Тэгээд НЦГ-ын 102-т дуудлага өгчихөөд хүлээгээд байж байтал Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден паркын гарцан дээр согтуу жолооч зам тээврийн осол гаргачихаад хэргийн газраас явах гээд байна гэх дуудлага ирсэн тул сонсогчийн /нэрийг нь санахгүй байна / хамт уг дуудлага руу очиж шийдвэрлэчихээд эргэж Э.Ц дээр очиход, Э бас ирсэн байсан.

Тэгээд Э бид 2 Н-г аваад Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд авчираад тухайн өдрийн эрүүлжүүлэх байрны эмчид үзүүлэхэд Н-г эрүүлжүүлэх боломжгүй талаар хэлсэн. Би эрүүлжүүлэх байранд Н-г авчрах үедээ түүний нүүр цус болсныг мэдсэн. Мөн Н- тухайн үед танай тэр кроунтай цагдааг чинь харна аа гээд Цыг янз бүрээр хэлээд байсан. Уг ярианаас Цтай муудалцсан юм байна гэж ойлгосон…” гэх мэдүүлэг /хх-н 92-94/,

 

Мөрдөн байцалтад шинжээч Т.Амартүвшингийн өгсөн:

“...Нүүр лүү өшиглөх үед суурь ясны баруун их далавч, хацар, баруун нүдний ухархайн гадна хана, баруун хоншоор яс, баруун ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хугарлууд, хамрын баруун угалзны сорви, баруун нүдний зовхины цус хуралт үүснэ. Харин унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн аль ч үед үүсгэгдэх боломжтой. Дүгнэлтэнд 1 болон хэд хэдэн удаагийн гэдэг нь орхигдсон байна. Мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг үйлчлэлийн хүчин зүйлүүд орно...” гэх мэдүүлэг /хх-н 104-105/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.А-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бугат-66 чиглэл буюу 10-р хорооллыг хариуцаж дэд ахлагч Батнасангийн xaмт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бугат 10-аас цагдааг зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд цагдаагийн хамт очиход 10-р хорооллын Стелла баарны урд талд очиход согтуу явсан гэх жолоочийн машин байсан. Тэндээс Өег цайны газрын согтуу машин барьсан жолооч, түүний эхнэр, бас нэг замын цагдаагийн хамт 3-лаа алхаж ирсэн. Юу болсон юм гэхэд цагдаа энэ хүн согтуу машин барьж явсан хэл амаар доромжлоод байна эрүүлжүүлээ гэсэн. Тэгээд би та нар согтуу машин барьсан хүнээ өөрсдөө алаг машинтай аваачаарай гэж хэлсэн. Согтуу жолооч замын цагдааг хэл амаар доромжлоод агсам тавиад орилоод байсан.Тэгээд замын цагдаа зүгээр зогс гэхэд согтуу жолооч цагдаагийн биед хүрээд тулж зогсоод байсан. Цагдаа Батнасан бид 2 юм яриад зогсож байхад замын цагдаа ухасхийх шиг болсон.Тэгээд хартал нөгөө согтуу жолооч унасан байсан. Хамарнаас нь цус гарсан байсан…” гэх мэдүүлэг /хх-н 229-230/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шилжилгээний шинжээчийн 1422 тоот:

1. М.Нгийн биед суурь ясны баруун их далавч, хацар, баруун нүдний ухархайн гадна хана, баруун хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хагаралтууд, хамрын баруун угалзны сорви, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 28/,

 

- хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 16-25/,    

- хохирлын баримтууд /хх-н 184-198/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 108, 143/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 115, 118/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 119/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын туслах зам дээр “Өег” нэртэй зоогийн газрын орчим иргэн М.Нтэй маргалдан улмаар нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед суурь ясны баруун их далавч, хацар, баруун нүдний ухархайн гадна хана, баруун хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хагаралтууд, хамрын баруун угалзны сорви, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Цын “...Н- хүрч ирээд намайг өшиглөхөөр нь би хөлөө дээшээ өргөтөл миний хөлөнд Н-гийн хөл хальт хүрээд, тэгээд довжоон дээрээс нүүрээрээ газар унасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Нгийн “...Адилхан эр хүн байж яагаад юм ойлгохгүй байгаа юм гээд хаалганы доод хэсэг рүү өшиглөсөн. Цагдаа машинаас бууж ирээд чи хүний эд хөрөнгөнд хүрлээ гээд намайг 2 удаа нүүрлүү цохисон. Тэгтэл манай эхнэр намайг цааш авч яваад Нийслэл паб-ын хажууд Өег зоогийн газрын гадаа үүдний шатан дээр суулгасан. Намайг сууж байхад нөгөө цагдаа ирээд нүүрлүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.О-ийн “...Нөхөр нилээд согтуу байсан машин мөргөснөө мэдээгүй зогсож байтал 3 цагдаа ирээд юм ярьж байгаад нэг нь нөхрийг өшиглөсөн. Би яаж байгаа юм гэхэд хамт байсан цагдаа нөгөө өшиглөсөн цагдааг аваад явсан нөхөр газар унаад хамраас нь цус гарсан. ... Манай нөхрийн хамар, нүдний ухархай, хацрын яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.Э-ын “...Тэгээд би согтуу эмэгтэй жолоочийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд буцаж 10 дугаар хороололд Ш, Ц нар дээр очиход тэдний дэргэд нүүр ам хувцасных нь энгэр хэсэг нь цус болсон эрэгтэй, бас нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Ш намайг хараад шууд цагдаагийн алаг тэргэнд суусан. Тэгээд би юу болсон талаар тодруулан асуухад уг эрэгтэй танай цагдаа намайг зодчихлоо гэхээр нь өөрийн цагдаа Цаас юу болсон талаар тодруулан асуухад уг эрэгтэйг шаардлага эсэргүүцсэн. Тэгээд миний машиныг өшиглөсөн. Бид 2 ноцолдох хооронд нүүрээрээ унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 89-91/,

 

гэрч Р.Шгийн “...Н-г авчрах үедээ түүний нүүр цус болсныг мэдсэн. Мөн Н- тухайн үед танай тэр кроунтай цагдааг чинь харна аа гээд Цыг янз бүрээр хэлээд байсан. Уг ярианаас Цтай муудалцсан юм байна гэж ойлгосон…” гэх мэдүүлэг,

 

шинжээч Т.Амартүвшингийн “...Нүүр лүү өшиглөх үед суурь ясны баруун их далавч, хацар, баруун нүдний ухархайн гадна хана, баруун хоншоор яс, баруун ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хагарлууд, хамрын баруун угалзны сорви, баруун нүдний зовхины цус хуралт үүснэ. Харин унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн аль ч үед үүсгэгдэх боломжтой. Дүгнэлтэнд 1 болон хэд хэдэн удаагийн гэдэг нь орхигдсон байна. Мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг үйлчлэлийн хүчин зүйлүүд орно...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.А-гийн “...Согтуу жолооч замын цагдааг хэл амаар доромжлоод агсам тавиад орилоод байсан.Тэгээд замын цагдаа зүгээр зогс гэхэд согтуу жолооч цагдаагийн биед хүрч тулж зогсоод байсан. Цагдаа Батнасан бид 2 юм яриад зогсож байхад замын цагдаа ухасхийх шиг болсон. Тэгээд хартал нөгөө согтуу жолооч унасан байсан. Хамарнаас нь цус гарсан байсан…” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1422 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын зүгээс гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын хүсэлтээр гэрч Ц.О-,Э.Батнасан, Н.А- нарыг оролцуулан мэдүүлгийн зөрүүтэй зүйлсийг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг зэргийг шинжлэн судлахад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдалгүй бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноор 3.036.000 төгрөгийн хохирол шүүгдэгчээс гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дээрх хохирлыг төлсөн тухай баримтыг шүүгдэгчийн талаас гаргасан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч М.Н нь тухайн үед өмсөж явсан хувцас, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч тухайн үед өмсөж явсан хувцсанд эд зүйлийн үнэлгээ хийгээгүй, ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмж болон үндсэн цалингийн зөрүүг тооцоход хангалттай баримтгүй байх тул хохирогч М.Н нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн гэх 2,000,000 төгрөгийн хөлсийг хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар, хохирол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бус хохирогч өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр тул гэмт хэргийг улмаас учирсан хохиролд тооцохгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Цд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн мөн хувийн байдлын хувьд шүүгдэгч нь хууль сахиулагчаар ажилладаг, гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан зэргийг харгалзан шүүгдэгч Э.Цд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

5. Хохирогч М.Н нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ