Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00111

 

 

 

 

 

 

 

 

  2026 01 14 210/МА2026/00111

 

 

 

БНХАУ-ын иргэн *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08554 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С*******, Э.С******* нарт холбогдох

 

53,576,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б******* /цахимаар/, хариуцагч Э.С*******, хариуцагч Д.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Бээжин хотоос Монгол улс руу автомашины сэлбэг нийлүүлдэг. 2008 оноос 2009 оны хавьцаа Д.С*******, Э.С******* нар нь надтай уулзаж, надаас сэлбэг авч Улаанбаатар хотод өөрийн дэлгүүрт зарах гэсэн юм, туслаач гэхэд нь бараа бүтээгдэхүүнүүдийг өгч байсан.

1.2. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр надаас 216,470 юаний үнэ бүхий 14 нэр төрлийн автомашины сэлбэгийг авсан. Д.С*******, Э.С******* нар нь сэлбэгийг авснаас хойш төлбөрөө төлж байсан ч 116,470 юань буюу 53,576,200 төгрөгийг өгөөгүй үлдэгдэлтэй байна. Д.С*******, Э.С******* нар надтай уулзаж үлдэгдэл тооцоонуудаа тулгаж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд хариуцагч нарын зөвшөөрсөн 53,576,200 төгрөгийг хариуцагч нараас 50,50 хувиар хувааж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.С*******-ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие авто сэлбэгийн борлуулалт, чанар, эвдрэл, алдагдлыг бүрэн хариуцаж авто сэлбэгийн мөнгийг нэхэмжлэгчийн данс руу бүрэн шилжүүлдэг байсан. Одоо бидний хооронд төлбөр тооцоо, гомдол санал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.С*******-н тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн 53,576,200 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь 2022 онд Монголд ирэхэд бид тооцоо нийлж 150,000 юаний үлдэгдэлтэй байна, та хоёр 50,000 юань, 50,000 юанийг төлнө, би 50,000 юаний эрсдэлээ үүрнэ гэж тохиролцсон. Тухайн үед гарын үсэг зуруулж байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу 50,000 юанийг төлсөн. Одоо надад нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоо байхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.С*******, Д.С******* нараас тус бүр 26,788,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* нараас 425,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* монгол хэлээр бичиж, уншиж чадахгүй, ойлгохгүй гэж орчуулагч авах хүсэлт гаргасныг хүлээж аваагүйд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь монголоор ярьж ойлгодог гэх боловч монголоор бичиж уншиж чаддаггүй, тооцоо нийлэхдээ буруу зөрүү бичиж тооцоогоо буруу гаргадаг. Монголоор бичиж уншиж мэдэхгүй байдлаас нь болж Д.С*******, Э.С******* бид нар хохирсон.

5.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж тооцоог буруу гаргасан. Э.С*******, Д.С******* бид нэхэмжлэгчтэй 2009 оноос 2016 он дуустал 320 факсын дагуу хамтран ажиллаж авто машины сэлбэг худалдан авч тухай бүрд нь тооцоо нийлж төлбөрөө төлж байсан. 19 дүгээр факсын тооцоо 196,470 юань, 20 дугаар факсаар 25,630 юаний бараа авч нийт 222,100 юанийн тооцоо үлдсэн. Үүнээс 40,000 юанийг шилжүүлээд, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 юань, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 юань, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000 юанийг төлөөд 152,100 юань үлдсэн. Д.С******* 2019 онд ажлаас гарсан. Тухайн үед үлдэгдэл 152,000 юанийг 50, 50 хувиар тооцоо нийлж төлөхөөр болсон. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.С******* 50,000 юанийг төлсөн. Э.С******* 30,000 юанийг 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлсөн. Үлдэгдэл 20,000 юанийг төлөөгүй. нэхэмжлэгч 2019 онд ирж бид нартай тооцоо нийлэхэд 152,100 юанийн үлдэгдэлтэй байсан. Бид 3 ярилцаад тооцоогоо тэгшитгээд 150,000 юаниар тохирсон. Харин ч Э.С*******, Д.С******* бид 2 барааны сайн муу эрсдэлийг хариуцаж ирсэн. Нэхэмжлэгч 50,000 юанийн эрсдэлийг өөрөө хасаж, бид хоёроор тус бүрд нь 50,000 юань төлүүлэхийг зөвшөөрч талууд гарын үсэг зурж байсан. Э.С*******-ын хувьд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 30,000 юанийг төлсөн. Нэхэмжлэгч нь 30,000 юанийг аваад эргэж тооцоон дээр маргаж эхэлсэн тул би зөвшөөрөөгүй. Д.С******* миний хувьд тооцоо байхгүй. Э.С*******д 20,000 юанийн тооцоо үлдсэн.

5.3. Хэргийн үйл баримтаас харахад зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдан авах харилцаа үүссэн байна. 2009 оноос 2019 оны хоорондох тооцоо яваад байгаа тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж заасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 50,000 юанийг хасаж тооцсон талаар дурдсан. Гэтэл анхан шатны шүүх тооцоог буруу гаргаж хариуцагч нараас 116,470 юань буюу 53,576,200 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тодорхой төрлийн баримтууд буюу тооцоо нийлсэн акт, гарын үсэг зурсан баримтуудад үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Учир нь 2023 оны 07 дугаар сард Д.С******* төлбөр төлөх ёстой байсан. 50,000, 50,000 юаниар төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан. Тус тусдаа 50,000 юань төлсөн байсан бол нэхэмжлэгч 50,000 юанийг хөнгөлөх байсан, төлөөгүй учраас бүх мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч Д.С*******, Э.С******* нарт холбогдуулан 116,470 юань буюу 53,576,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ...төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хариуцагч  нар нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-аас 2009 оноос 2016 онд автомашины сэлбэг худалдан авч, үнийг дараа нь хэсэгчлэн төлж байсан талаар зохигч маргаагүй.

 

3.2. Э.С*******, Д.С******* нар нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр падаанаар нийт 11,555 юанийн сэлбэг худалдан авсан бөгөөд 18 дугаар падаанаар авсан сэлбэгийн үлдэгдэл 234,915 юань дээр 11,555 юанийг нэмж, нийт 246,470 юанийн төлбөр төлөхөөс 30,000 юанийг төлж, үлдэгдэл 216,470 юань болсон. Уг төлбөрөөс 20,000 юанийг төлж, 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 196,470 юань үлдсэн. /хх-51-52х/

 

3.3. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар падаанаар нийт 25,630 юанийн сэлбэг худалдан авсан бөгөөд 19 дүгээр падаанаар авсан сэлбэгийн үлдэгдэл 196,470 юань дээр 25,630 юанийг нэмж нийт 222,100 юанийн төлбөрийг төлөхөөс 40,000 юанийг төлж, үлдэгдэл нь 182,100 юань байна. /хх-48-50х/

 

4. БНХАУ-ын иргэн ******* нь Э.С*******, Д.С******* нарт үнийг төлөхөөс өмнө автомашины сэлбэгийг шилжүүлэн өгч, Э.С*******, Д.С******* нар нь автомашины сэлбэгийг хүлээн авахдаа болон тодорхой цаг хугацааны дараа үнийг хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүү төлөх үүргийн талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь 19 дүгээр падааны тооцоолол 196,470 юаньд тулгуурлан хариуцагч нартай тооцоо хийснийг, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан 20 дугаар падаан болон төлбөр төлсөн баримтуудтай харьцуулан үнэлээгүйгээс төлбөрийг буруу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.1. Хариуцагч  нар нь 20 дугаар падаанаар сэлбэг авснаас хойш худалдан авалт хийгээгүй тул уг падаанаар баталгаажуулсан үлдэгдэл 182,100 юанийг төлөх үүрэгтэй.

 

Нотлох үүргийн хуваарилалтаар хариуцагч нар автомашины сэлбэгийн үнийг төлсөн болохоо баримтаар нотлох нотолгооны үүргийг хүлээнэ. Хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 юань, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 юань, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000 юань төлсөн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч нарын ...эдгээрийг төлөөд 152,100 юань үлдсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийг 50,000 юанийн эрсдэлээ үүрч, Э.С*******, Д.С******* нарыг тус бүр 50,000 юань төлснөөр төлбөр тооцоог дуусгавар болгохоор тохиролцсон гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэхэмжлэгч нь 50,000 юанийн эрсдэл хүлээхээр талууд тохиролцсон байхад уг мөнгөн хөрөнгийг хасаж тооцоогүй нь буруу болжээ.

 

Хариуцагч Д.С******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 50,000 юань, хариуцагч Э.Сосорбарам 30,000 юань төлсөн /хх-44-46х/ тул төлбөрийг тооцоолбол, 182,100 юаниас тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн хариуцах 50,000 юань, хариуцагч нарын төлсөн 80,000 юань, нийт 130,000 юанийг хасахад 52,100 юанийг хариуцагч нар хариуцан төлөх үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

 

5.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаар хариуцагч нар нь автомашины сэлбэгийг хамт худалдан авч байсан тул төлбөрийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.С*******-тэй төлбөрийн тооцоолол хийж, Д.С******* нь 50,000 юанийг төлсөн, хариуцагч Э.С******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тооцооны үлдэгдлийг зөвшөөрч гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79.7-д зааснаар дахин шинээр тоологдсоноор хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ талаар хариуцагч нарын ...2019 оны тооцоо яваад байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны 1 юань 473.97 төгрөгтэй харьцах албан ханшаар тооцсон нь үндэслэлтэй байх тул хариуцагч нарын төлөх 52,100 юанийг 473.97 төгрөгөөр үржүүлбэл 24,693,837 төгрөг байна.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08554 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч  нараас 24,693,837 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,882,363 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...хариуцагч нараас 425,831 төгрөг гэснийг 281,419 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э.С*******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,581 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

 

  ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Н.ОЮУНТУЯА