Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 744

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Уад холбогдох эрүүгийн 1905027620850 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___  дугаарын регистртэй, О.У.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.У нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Д.Гийн эзэмшлийн 22-40 УНХ улсын дугаартай Хаммер маркийн автомашины урд салхины шил, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн толины суурийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 930.000 төгрөгийн хохирол, иргэн Г.Д-ий эзэмшлийн 92-22 УНД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хойд гуперийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 152.600 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 1.082.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ:

“...Тэрэлж рүү зугаалганд яваад ирсэн. Караокед архи уугаад яаж гарсанаа санахгүй байна. Эрүүлжүүлэхэд хоносон дараа нь цагдаагаас дуудаад та ийм үйлдэл хийсэн гэж хэлсэн тэгэж байж хийсэн үйлдлээ мэдсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Оын өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажлын хамт олон болох Хаан Бууз сүлжээ ХХК-н хүмүүстэй хамт Тэрэлж рүү амралтанд явсан. Амралтын газраас 22:00 цагийн үед хот руу орж ирээд хорооллын модны хоёрын Калифорниа фитнессийн ойролцоо нэг караокед 3 цаг орчим болсон тухайн караокеноос гараад У-ийн хамт хорооллын Сентозагийн ойролцоо нэрийг нь сайн санахгүй байна караокед ороод 1 шил пиво уусан. Тэгээд тэндээ жаахан дуу дуулсан тэрнээс хойшихыг санахгүй байгаа. Үүрээр эрүүлжүүлэхэд сэрсэн. Би тухайн үед согтуу байсан бас найз охинтойгоо муудалцсан байсан болохоор бусдын автомашиныг гэмтээсэн юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Гийн өгсөн:

“...Манай гэр Бичил хорооллын 20-3-1 тоотод 20/3 дугаар байрны нэгдүгээр давхарт байдаг. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 05:00 цагийн үед манай байрны зүс таних залуу манай цонхыг тогшоод таны машины цонхыг нэг залуу цохиж хагалаад зугтаачихлаа гэсэн. Би хувцсаа өмсөөд гартал миний машины нүүрэн талын цонх, хаалга, толийг чулуугаар цохиж гэмтээсэн байсан. Мөн тэр хавьд ойролцоо байсан машинуудад бас гэмтэл учруулсан байсан. Миний машинд нийт 970.000 төгрөгийн хохирол учирсан. Миний машины хохирол болох 970.000 төгрөгийг би бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-ий өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 29-ний орой 02 цагийн үед би машинаа Баянгол дүүргийн 12-р хороо 27-р байрны гадна машинаа байрлуулаад тэгээд өглөө 07 цагийн үед нэг хүн миний утас руу залгаад согтуу хүн машин руу чинь чулуу шидээд хойд гуперийг сэвтээсэн тэгээд цагдаа ирээд аваад явсан чи цагдаад хандаарай гэсэн. Миний машинд нийт 152.600 төгрөгийн хохирол учирсан. Миний машины хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 34-35, 40-41/,    

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.У нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Д.Гийн эзэмшлийн 22-40 УНХ улсын дугаартай Хаммер маркийн автомашины урд салхины шил, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн толины суурийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 930.000 төгрөгийн хохирол, иргэн Г.Д-ий эзэмшлийн 92-22 УНД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хойд гуперийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 152.600 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 1.082.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Уын “...Би тухайн үед согтуу байсан бас найз охинтойгоо муудалцсан байсан болохоор бусдын автомашиныг гэмтээсэн юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Гийн “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 05:00 цагийн үед манай байрны зүс таних залуу манай цонхыг тогшоод таны машины цонхыг нэг залуу цохиж хагалаад зугтаачихлаа гэсэн. Би хувцсаа өмсөөд гартал миний машины нүүрэн талын цонх, хаалга, толийг чулуугаар цохиж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ий “...2019 оны 6 дугаар сарын 29-ний орой 02 цагийн үед би машинаа Баянгол дүүргийн 12-р хороо 27-р байрны гадна машинаа байрлуулаад тэгээд өглөө 07 цагийн үед нэг хүн миний утас руу залгаад согтуу хүн машин руу чинь чулуу шидээд хойд гуперийг сэвтээсэн тэгээд цагдаа ирээд аваад явсан чи цагдаад хандаарай гэсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Уад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Уыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 34-35, 40-41 дүгээр талуудад авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар хохирогч Д.Гт 930.000 төгрөгийн, хохирогч Г.Д-д 152.600 төгрөгийн хохирол учирсан тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Г “...Миний машины хохирол болох 970.000 төгрөгийг би бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Д- “...Миний машины хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг тус тус өгснийг харгалзсан шүүгдэгч О.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Уад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Уад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Уад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ