| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 308/2025/00664/И |
| Дугаар | 202/МА2026/00001 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 202/МА2026/00001
2026 01 09 202/МА2026/00001
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаар шийдвэртэй,
Хариуцагч: ДГАНЭ-д олбогдох,
ДГАНЭ даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах НЭ эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч У.Э.н давж заалдсан гомдолд үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, Ц.О, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Т.н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...НЭ даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны Б/129 дүгээр хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, НЭ эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, Т.Т. миний ажил эрхлээгүй байсан үеийн цалин нөхөн олговрыг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай шаардлага гаргасан.
Т.Т би 2023 оны 03 дугаар сарын 30-ны Б/86 дугаар тушаалаар ДГАНЭ-н эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон. 2023 онд томилогдон ирсэн үеэс ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тухай ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Т.Т би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувьтай үнэлэгдэж байсан. эмнэлзүй үйлчилгээний хувьд 6 алба, 14 тасгийн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн алдаа, зөрчлийг цаг тухайд нь илрүүлж зохих арга хэмжээ авч ирсэн. Стандартын шаардлага хангасан эсэх талаар цаг тутам анхаарч журам, дүрэмд заасан арга хэмжээг авч ирсэн. Би хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл НЭ дээр гарсан бүх дутагдал зөрчлийг зөвхөн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил мэтээр үзэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Надад холбогдуулан гаргасан Б/129 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, хүний эрхийн зөрчилтэй эрхийн акт гаргасан байх тул эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. Иймд НЭ.н даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны Б/129 дүгээр хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, НЭ эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, Т.Т миний ажил эрхлээгүй байсан үеийн цалин нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Дорноговь НЭ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э хариу тайлбартаа: “...Ажил олгогч буюу НЭ.н зүгээс эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т.д ДГАЭМГ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 485 тоот албан бичгээр ирүүлсэн “НЭ даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний 2024 оны жилийн эцсийн болон 2025 оны 1 дүгээр улирлын чанарын үзүүлэлт”-ийг үндэслэн “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “НЭ дээр гарсан бүх дутагдал зөрчлийг зөвхөн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил мэтээр үзэж” сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн албан бичигт зөвхөн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргад бус НЭ даргад, эмнэлзүй эрхэлсэн орлогч даргад, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны даргад гээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай дурдсан. ...Энэ үед эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд листтэй өвчтэй байсан тул сонсох, тайлбар авах ажиллагааг хойшлуулсан.Ажил олгогчийн зүгээс сонсох, тайлбар авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу явуулахыг зорьж 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 3 удаа оролцогчид шууд хүргүүлсэн ба энэ бүх тохиолдолд эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т нь “...Би наадахад чинь оролцохгүй, та нар намайг халах тушаалаа гаргачхаарай, баахан мэргэжлийн бус хүмүүс цуглуулчхаад гэх мэтээр ёс бус харьцдаг байсан. Үүнийг тухай бүр хүний нөөцийн менежер мэдэгдэх хуудаст баримтжуулсан байдаг. ...Нэгэнт эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга нь сонсох ажиллагаанд оролцож тайлбар саналаа өгөхгүйгээ илэрхийлсэн байх тул ажил олгогчийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор Удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцэж, эмнэлзүй эрхэлсэн орлогч даргад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. ...ДГАЭМГ-н 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 485 тоот албан бичигт дурдсан НЭ.н үйл ажиллагааны үзүүлэлт, эмчилгээ үйлчилгээний дутагдалд хариуцлага тооцох тухай мэдэгдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.4 дэх хэсэгт харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж, хяналт тавих гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ДГНЭ үйл ажиллагааны үзүүлэлтэд дүн шинжилгээ, үнэлгээ хийж зөрчил дутагдлыг тогтоож, илрүүлж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа хангагдсан байна гэж үзэж байна.Оролцогч нь сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгөхгүйгээ илэрхийлсэн тул тухайн асуудлыг удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар эцсийн шийдвэрийг гаргасан. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бүх шаардлагатай баримт материалуудыг захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэн ажилласан. Мөн Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг баримтлан тушаалын төслөө боловсруулж, хянуулж, баталгаажуулан тушаалын бүртгэлд бүртгэж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оролцогчид гардуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, НЭ.н Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. ...Мэдээгүйжүүлгийн эмч Т.Т нь тухайн шийдвэр гарахаас өмнө 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 20 хоног өвчтэй, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилдаа ирсэн, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 33 хоног өвчтэй буюу листтэй байсан. ...Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Т.Т.г Дорноговь аймгийн НЭ.н эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилж,
Нэхэмжлэгч Т.Т нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДГАНЭ-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
3.Хариуцагч ДГАНЭ албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э давж заалдсан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 38-д “Эрүүл мэндийн газрын 2025 оны 485 дугаар албан бичигт НЭ.тэй даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл сайжраагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна 2025 оны 01 дүгээр улирлын эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтэд зарим заалтууд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшинд хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гарсан гэх үндэслэлийг аль шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд, мэргэжлийн талаасаа үнэлгээ хангалтгүй буюу сайжраагүйг дүгнэж 2025 оны 485 тоот албан бичигт ямар шалгуур үзүүлэлтүүд сайжраагүй болохыг тодорхой дурдсан байхад хэт нэг алыг барьж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 42-т “Т.Тд сахилгын шийтгэл оногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй хэт ерөнхий заалтыг хэрэглэсэн нь буруу байна”, шийдвэрийн үндэслэх хэсгийн 43-т “Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3. захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах талаар захиргааны актыг бичгээр гаргахад тавих шаардлагыг хангаагүй байна” гэсэн нь мөн үндэслэлгүй. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд ямар зөрчилд ямар шийтгэл ногдуулах зохицуулалт байхгүй бөгөөд харин тухайн зүйлд “Сахилгын шийтгэлийг ямар тохиолдолд, хэнд ногдуулах, ямар ямар сахилгын шийтгэлээс тохирсныг ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулж байгаа шийдвэрийн хэлбэр, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа, сахилгын шийтгэлтэй байх хугацаа” гэсэн маш олон асуудлыг хуульчилж өгсөн. Тухайн асуудлууд буюу заалт, хэсгүүд нь тус сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт бүгд хамааралтай буюу бүгдийг нь удирдлага болгоно гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж хуульчилсны дагуу НЭ Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. ...Харин энэ зөрчлөө Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасныг үндэслэн засварлахыг даалгасан нь тухай тушаал мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “...бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдаа”-тай буюу засч болох захиргааны акт гэж үзсэн. Шүүгчийн дээрх дүгнэлт хэт нэг талыг барьж, өнгөцхөн дүгнэсэн цаашлаад төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх, захирах захирагдах ёсыг баримтлах зэрэг зарчмыг үгүйсгэсэн байна гэж харж байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгч Т.Т давж заалдсан гомдлын хариу тайлбартаа: “...2023, 2024 оны жилийн эцсийн үнэлгээгээр эмнэлгийн болон эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Т миний ажлыг “хангалттай” гэж үнэлж, шагнал урамшуулал олгосон атлаа 2025 он гараад эхний гурван сарын дараа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын бүх үзүүлэлт гэнэт буурч, хангалтгүй үнэлгээ авах нь эргэлзээтэй бөгөөд жилийн эцсийн үнэлгээнүүдийг л хооронд харьцуулж бодит дүгнэлт гаргах учиртай. Түүнчлэн ДГЭМГ 2025 онд манай эмнэлэг дэр ЭМГ-ын 485 тоот албан бичигт тусгагдсан шалгуур үзүүлэлтийг хамруулсан ямар нэгэн хяналт шалгалт огт хийгээгүй бөгөөд хийгээгүй шалгалтын гаргаагүй дүгнэлтийг үндэслэн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4 дэх заалтыг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус болсон байна. ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судалж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин ДГАНЭ даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/129 дүгээр тушаал нь мэргэшсэн төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах баталгааг зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг гажуудуулж зөвхөн даргын тушаалыг сохроор биелүүлэхэд чиглэсэн үндэслэлгүй шийдвэр болно. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил олгогч буюу НЭ даргын зүгээс эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т.д ЭМГ-н 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 485 тоот хариуцлага тооцох тухай албан бичигт дурдагдсан 13 чанарын үзүүлэлтийг бууруулсан, 2025 оны 1 дүгээр улиралд гарсан тохиолдлуудыг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шүүгч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг нэг ч дурдалгүй хэт нэг талыг барин өнгөц дүгнэн шийдвэрээ гаргасан. Цаашлаад төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, захирах захирагдах ёсыг үгүйсгэсэн гаргасан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлүүдийг зааж өгсөн. Уг үндэслэлүүдэд тухайн алдаа зөрчил багтаагүй. Сахилгын шийтгэл оногдуулах уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг бүхэлд нь удирдлага болгосон нь мөн хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэдэг нь хуулийн зохицуулалтаар харагдаж байгаа. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, захирах захирагдах ёсыг үгүйсгэсэн гэсэн дээрээ тайлбар хэлэхэд аймгийн НЭ нийт 300 гаруй төрийн алба хаагчтай бөгөөд бүх ажилчид уг маргааны яаж шийдвэрлэх талаар хөндлөнгөөс ажиглаад байж байгаа. Бусад ажилчдад ямар нэгэн тохиолдлоор сахилгын шийтгэл оногдуулахад маргаан үүсгэвэл сахилгын шийтгэл авагддаггүй юм байна. Маргаан үүсгэсэн хугацаанд лист аваад явж болдог юм байна гэсэн буруу ойлголтыг өгөх сөрөг талтай гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт үйл ажиллагааны чанарын шаардлага буурсан нь тогтоогдохгүй байна гэж бичсэн байгаа. Ажиллах байх хугацаанд нь бага насны хүүхэд эндсэн, нярайн эгмийн хугарал нэлээдгүй гарсан байсан. Эдгээр дээр ямар арга хэмжээ авсан юм. Үүнээс л албан тушаалын тодорхойлолтод заасан ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдал, ажилтны гаргасан зөрчил, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учруулсан хохирлыг дутуу үнэлсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг хангах үндсэн чиг үүргээ зөрчсөн болох нь ЭМГ 2025 оны 05 дугаар сарын 01-ний 485 тоот тушаал шийдвэрээс харагдаж байгаа. Шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан нь зөвхөн нэг хүний дүгнэлт биш, дээд шатны байгууллагын албан ёсны дүгнэлт байсан. Үүний улмаас байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл ирсэн нь албан тушаал бууруулах бодит үндэслэл болсон. Эдгээр нь чанарын үнэлгээний хяналт тайлангаар батлагдаж байгаа. Нэхэмжлэгч нь ажлын байрны акт үйлдэж сахилгын шийтгэлээс зайлсхийхийг оролдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгууллагаас гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгууллагын дотоод журмын 9.3.4-т заасан төлөвлөгөөт болон цаг үеийн үзлэг шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцсан үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдэх гэсэн заалтыг тушаалд заагаад өгчихсөн байсан учраас уг тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Архивын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлтэд мөн тухайн тушаал нь хууль ёсны тушаал мөн гэж дүгнэсэн учраас манай гаргасан тушаал хүчин төгөлдөр тушаал байсан гэв.
8.Нэхэмжлэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЭМГ, Н.Э.тэй хийсэн гэрээний нийт 68 үзүүлэлтээс 12 үзүүлэлт буюу 87 хувь нь сайжирсан, 13 хувийн үзүүлэлт нь хангалтгүй байгаа учраас энэ хүний хариуцсан тусламж үйлчилгээ чанаргүй байна гэсэн дүгнэлт гаргасан. 2024 оны жилийн эцсийг 2025 оны нэгдүгээр улиралтай харьцуулан чанарын үзүүлэлт буурсан байна гэсэн. Үүнийг би нэг жишээ дээр тайлбарлая. 485 дугаартай албан бичигт амьгүй төрөлт 6,2 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт байгаа. Уг тоог гаргадаг аргачлал нь амь төрөлтийн тохиолдлын тоог 1000-р үржүүлэн тухайн цаг хугацааны нийт төрөлтийн тоотой харьцуулж үзнэ гэсэн байгаа.” гэв.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь Дорноговь аймгийн Н.Э даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/129 дүгээр тушаал нь хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлага хангаагүй, ийм тушаалаар ажилтандаа хариуцлага тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн тохирох зүйл заалтыг баримтлаагүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. ...Хариуцагч талаас хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4-т заасан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс тогтоогдоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь мөн үндэслэлгүй. Нэхэмжлэгч НЭ томилогдон ажилласнаас хойш уг байгууллагын үйл ажиллагаа 3 жил дараалан сайжирсан гээд шагнал урамшуулал олгоод явж байсан атлаа 2025 оны эхний улиралд шалгуур үзүүлэлтүүд нь буурчихлаа, хариуцлага тооцно гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Аймгийн ЭМГ 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 485 дугаартай албан бичгийг үндэслэн Т.Тд сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг. Гэтэл гол хариуцлага тооцсон албан бичигт нь 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2025 оны нэгдүгээр улирлын чанарын үзүүлэлттэй харьцуулан 13 чанарын үзүүлэлт багассан байна, хариуцлага тооцлоо гэсэн байдаг. Өмнөх оны бүтэн жилийн үзүүлэлттэй дараа оны эхний улиралтай харьцуулахаар аргачлалын хувьд буруу болоод байгаа. Нийт 60 гаран үзүүлэлтээс 13 үзүүлэлтийг түүж авсан. Тэдгээрт уг эмнэлгийн хариуцах ажил байхгүй, ихэнхдээ анхан шатны эмнэлгүүдийн хариуцах ёстой ажлуудыг шалгаад үндэслэлгүй тоо гаргаж ирэн түүндээ тулгуурлан хариуцлага оногдуулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Буруу аргачлалаар ажлыг нь дүгнээд хариуцлага хүлээлгээд байгаа нь үндэслэлгүй. ...Хууль бус шийдвэр гаргасаар байхад захирах захирагдах ёсонд захирагдана, ажлаасаа гаръя гэж болохгүй. Шүүхээс хэргийг тал бүрээс нь нухацтай хянаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Харин хариуцагч тал үндэслэлтэй няцаалт хийж чадахгүй байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч ДГАНЭ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э-с гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын НЭ.т ЭМГ-с хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтаар ДГНЭ, ажилтан Т.Т нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 35-40х/ байгуулагдаж нэхэмжлэгч Т.Т, ДГНЭ “Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга”-ын албан тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж байсан.
Дорноговь аймгийн ЭМ газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд ДГАСШНЭ-т төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж 70 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, тэдгээрийг таслан зогсоох, арилгах талаар 70 заалт бүхий 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-21-01/090/28 /1хх-ийн 77-90х/, 10-21-01/090/31 /1хх-ийн 91-94х/ дугаартай албан шаардлагууд гарсан ба ДГЭМГ-н Д.Б-с уг шалгалтын дүнд үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний 485 дугаартай “Хариуцлага тооцох тухай” гэсэн албан бичиг /1хх-ийн 43-44х/-ээр “...НЭ.н удирдлагад хариуцлага тооцох тушаалыг хүргүүлэх, эмнэлгийн удирдлагаас Чанарын албаны дарга /Т.Г/, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /Т. / нарт хариуцлага тооцсон албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх” гэсэн үүргийг өгсөн.
Энэ дагуу ДГАНЭ-н даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний Б/104 дугаартай тушаал /1хх-ийн 45х/-аар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга Т.Г”д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хүүхдийн эмчээр томилсон,
Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т хариуцлага тооцох болсон талаар НЭ.с 2025 оны 05 дугаар сарын 14, 2025 оны 05 дугаар сарын 19, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд мэдэгдлийг бичгээр тус тус хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул ДГНЭ.н удирдлагын зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр ДГАНЭД-н 2025 оны 06 сарын 10-ний өдрийн Б/129 дугаартай тушаалаар НЭ эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Тд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр томилсон тушаал гарсан,
НЭД У.Э “ ...эмнэлгийн тусламж үйлчилгээний сүүлийн жилийн үзүүлэлт буурч, эхийн эндэгдэл гарсан тул өөрийн хүсэлтээр даргын ажлаас чөлөөлөгдөх” гэж хүсэлт гаргасны дагуу ДГАЭМГ.н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар НЭ.н даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Т.Т сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул Сайншанд сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дараагийн шатанд шийдвэрлүүлэх” гэж шийдвэрлэсэн тул ДгАНЭ даргын 2025 оны 06 сарын 10-ны өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаалын цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс гараар бичиж өгсөн хүсэлт /2хх-ийн 137х/-ээр “ ...албан тушаалын цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх” гэсэн шаардлагуудаас татгалзсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сахилгын шийтгэл тооцсон тухай ДГАНЭД Б/129 дугаартай тушаал /1хх-ийн 12х/, Сайншанд сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /1хх-ийн 15х/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн НЭ даргын Б/129 дугаартай тушаал нь “Баримт бичгийн стандарт”-д нийцсэн эсэх талаар гаргасан Улсын байцаагийн дүгнэлт /1хх-ийн 128-131х/, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулсан 2022, 2023, 2024 оны Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний дүн /1хх-ийн 189-196х/, 2023 оны ДГАНЭ бүтэц, орон тоог тогтоосон тухай ДГАЭМ газрын даргын тушаал /1хх-ийн 241-245х/, ДГАНЭ тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэгдэх холбогдох заавруудын жагсаалтыг гаргасан тухай НЭ 2023 оны 10 дугаар сарын 12-ны А/75 дугаартай тушаал /1хх-ийн 246х/, эмнэлэгт үйлчлүүлэгчийн хэвтүүлэн эмчлэх журам /1хх-ийн 247-249х/, НЭ.н Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг албаны дүрэм, чанарын багийн бүтцийг шинэчлэн батлах тухай даргын тушаал /2хх-ийн 1-3х/, ДГЭМГ даргын тушаалаар нийт эмч, ажилтнуудад “Бүтээмжийг үндэслэн 13 дахь сарын урамшууллыг тодорхой хэмжээгээр олгох тухай тушаал /2хх-ийн 21-34х/, ДГАНЭ , ажилтан Т.Т нарын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” /2хх-ийн 35-40х/, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НЭ удирдлагын багын хурлаар нийт эмч, ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг хэлэлцсэн тухай тэмдэглэл, үр дүнгийн урамшуулал олгох тухай НЭД тушаал /2хх-ийн 41-57х/, 2024 оны 12 дугаар сарын 19-ний НЭ.н удирдлагын зөвлөлийн хурлын протокол, үр дүнгийн урамшуулал олгох тухай НЭ.н даргын тушаал /2хх-ийн 58-67х/ зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн.
3.Хариуцагч Дорноговь аймгийн НЭ.г төлөөлж даргын албыг түр орлон гүйцэтгэгч У.Э-с гаргасан хариу тайлбарт “ ...НЭ дээр гарсан бүх дутагдал зөрчлийг зөвхөн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй. ДГАНЭД 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 485 тоот албан бичигт дурдсан НЭ үйл ажиллагааны үзүүлэлт, эмчилгээ үйлчилгээний дутагдалд хариуцлага тооцох тухай шаардлага нь Эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих тухай бүрэн эрхтэй болох нь Эрүүл мэндийн тухай хуульд байдаг бүрэн эрхийнхээ хүрээнд хийгдсэн шалгалтын дагуу тавьсан. Энэ дагуу НЭ удирдлагын багт хариуцлага тооцогдсон, үүний дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Г-д удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, хүүхдийн эмчээр томилсон, энэ үед эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байсан тул сонсох, тайлбар авах ажиллагааг хойшлуулсан, мэдэгдлийг 2025 оны 05 сарын 14, 19, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд 3 удаа хүргүүлсэн боловч Т.Т хүрэлцэн ирээгүй, оролцохгүй гэж мэдэгдсэнийг хүний нөөцийн менежер мэдэгдэх хуудаст баримтжуулсан тул удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж Т.Т.д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл тооцож шийдвэрлэсэн. Үүний дараа НЭ.н дарга У.Э нь өөрөө дутагдлаа хүлээн зөвшөөрч өөрийн саналаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь удирдах албан тушаалтнууд бүгд адил тэгш хариуцлага хүлээсэн гэж үзэж байгаа. Т.Т нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 20 хоног өвчтэй байсан, 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилдаа ирсэн, 06 сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 33 хоног өвчтэй буюу листтэй байсан, 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл ажилдаа ирээгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж м аргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай татгалзлын үндэслэлээ Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний 485 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан бичиг /1хх-ийн 43-44х/, ДГАНЭ эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 45-51х/, ЭМГ хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болох 10 нярайн эгэм хугарсан, 5 нярайн эндэгдэл гарсан тухай тохиолдлын бүртгэл /1хх-ийн 52-76х/, Эрүүл мэндийн газрын Улсын байцаагчийн албан шаардлага 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-21-01/090/28 /1хх-ийн 77-90х/, ЭМГн Улсын байцаагчийн албан шаардлага 10-21-01/090/31 /1хх-ийн 91-94х/, Т.Т холбогдох хариуцлагын асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдсэн мэдэгдлүүд /1хх-ийн 95-97х/, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ДГАНЭ удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 98-105х/, НЭ дарга У.Э.н ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан хүсэлт, ДГАЭМГ.ндаргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны Б/24 дугаартай тушаалаар У.Э.г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал /1хх-ийн 106-107х/, ДГАНЭ даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны Б/25 дугаартай тушаалаар У.Э.г НЭ. даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай тушаал /1хх-ийн 110х/, Т.Тд холбогдох НЭ.нажлын цагийн тооцоо, хөдөлмөрийн чадвар алдсаны эмнэлгийн хуудас /1хх-ийн 112-121х/, ДГАЭМГн даргын тушаалаар баталгаажуулсан 2025 оны эхний хагас жилийн Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний дүн /1хх-ийн 22-123х/, Аймгийн НЭД.н гүйцэтгэлийн гэрээний шалгуур үзүүлэлт /1хх-ийн 124-126х/, Т.Тн итгэмжлэгдсэн төлөөлөгч ДГ.н хүсэлтээр НЭ даргын 2025 оны Б/129 дугаартай тушаал нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, журам, стандартад нийцсэн эсэх талаарх улсын байцаагчийн дүгнэлт /1хх-ийн 128-131х/, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай, төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай тус тус Засгийн газрын тогтоолууд /1хх-ийн 133-143х/, Т.Т.д холбогдох “Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчийн мэргэжлийн диплом /1хх-ийн 144х/, НЭ даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний Б/104 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга Т.Г.д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, ...хүүхдийн эмчээр томилсон тухай /1хх-ийн 145х/, ДГАНЭ.н хөдөлмөрийн дотоод журам /1хх-ийн 146-171х/, нэхэмжлэгч Т.Т.н харилцаа хандлагын талаарх мэдээллүүд /2хх-ийн 70-118х/ зэрэгт тус тус үндэслэсэн.
4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Т.г ДГАНЭ.н эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилж” шийдвэрлэсэн.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч “ ...Эрүүл мэндийн газраас хийсэн хяналт шалгалтаар НЭ үйл ажиллагааг мэргэжлийн талаасаа хангалтгүй буюу сайжраагүй нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг хүчингүй болгож өгнө үү” гэсэн үндэслэл бүхий агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэс болсон маргааны зүйлд дүгнэлт хийгээгүй байна.
Маргааны зүйл нь ДГЭМГ.с 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд ДГАНЭ.т төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж 70 төрлийн зөрчил дутагдлыг илрүүлж, тэдгээрийг таслан зогсоох, арилгах талаар 70 заалт бүхий 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагууд гарсан ба ДГАЭМГд.н Д.Б.с уг шалгалтын дүнд үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний 485 дугаартай албан бичгээр НЭ.н удирдлагын багт хариуцлага тооцох үүргийн дагуу ДГАНЭЛ, Чанарын албаны дарга Т.Г, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т нарт хариуцлага хүлээлгэсэн энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.
Эрүүл мэндийн газрын албан шаардлагад үндэслэсэн Эрүүл мэндийн газрын даргын 485 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан бичгээр зөрчлийг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр тогтоож, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцлага тооцох шаардлага тавигдсаны дагуу НЭ дарга У.Э тус эмнэлгийн чанарын албаны дарга Т.Г.д 05 дугаар сарын 09-ний өдөр, эмнэлзүй эрхэлсэн орлогч Т.Т.д 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус орлогч даргын албан тушаалыг бууруулж, эмчээр томилсон тушаал гаргасан, эмнэлгийн дарга У.Э. хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу ЭМГ.н даргын тушаалаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөн албан тушаалыг бууруулж НЭ даргын албан тушаалаас чөлөөлсөн нь тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнд нийцсэн.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4. 12.2-д тус тус зааснаар ...Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, харьяалах нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, Нэ. даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байна.
Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ДГАЭМ.с Сайншанд сумын НЭ.т төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж зөрчил, дутагдал илрүүлж, НЭ.н удирдлагын баг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагыг сайн хэрэгжүүлж чадаагүй хариуцлагагүй ажилласан гэж үзэж удирдлагын багт сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагыг тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон.
6.2.ЭМГ.н 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлага болон уг шалгалтын дүнд үндэслэн гаргасан тус аймгийн ЭМГЗ.н дарга “...Дорноговь аймгийн НЭ даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2025 оны 1 дүгээр улирлын “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар”-ын үзүүлэлтэд дараах заалтууд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гаргасан гэж 13 төрлийн зөрчлийг дурьдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний үзүүлэлт муу үнэлгээтэй байхаас гадна
1.2024 оны 12 дугаар сард хүүхдийн нарийн мэргэжлийн эмч болон түргэн тусламжийн эмч нарын хариуцлагаас сэргийлж болох эндэгдлээр хүүхэд эндсэн,
2.2025 оны эхний 1-р улиралд эмнэлэгт 17 нас баралт бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь хоног болоогүй эндсэн,
3.2025 оны 1 дүгээр улиралд 161 эх төрснөөс 11 хүүхдийн эгэм хугарсан,
4.Эх барихын тусламж үйлчилгээнд ЭБЭ-ээс өвчний түүхийг буруу кодолж, улсын мэдээ зөрүүлсэн,
5.Нярайн эндэгдлийн эмгэг судлалын хурлын дүгнэлт, шийдвэр хугацаандаа ирдэггүй, хурлын шийдвэрийн хэрэгжилт тооцдоггүй, алдаа дахин давтагддаг,
6.Түргэн тусламжийн дуудлагаар явах согтууруулах ундаа хэрэглэсэн эмч иргэдэд тусламж үзүүлсэн,
7.Амбулаторийн эмч нар ажлын цаг ашиглалт, үйлчлүүлэгчтэй харьцах харилцаа хандлага, хүлээгдэл чирэгдлийн талаар иргэдээс удаа дараа гомдол ирсэн,
8.Яаралтай тусламж үйлчилгээ, тасаг нэгжүүдэд үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нараас хяналтад байх, хэвтэн эмчлүүлэх хугацаандаа хүндрэл өгсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн,
9.2025 оны эхний 4 дүгээр сарын байдлаар МУЗГ-ын 11-11 төвд эмч мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой нийт 8 гомдол ирсэн.
10.ЭМГ-ын ХШХ-ийн улсын байцаагч нарын төлөвлөгөөт шалгалтаар тусламж үйлчилгээтэй холбоотой 70 зөрчил, дутагдал илэрсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт буурч байгаад онцгой анхаарал хандуулж, үйл ажиллагааг сайжруулах, удирдлагын багаар асуудлыг хэлэлцэж, нийт албан хаагчдыг үүрэгжүүлж ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан аймгийн НЭ удирдлагад хариуцлага тооцох хүргүүлэх ба эмнэлгийн удирдлагаас Чанарын албаны дарга /Т.Г, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /Т.Т/ нарт хариуцлага тооцсон албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх” үүргийг өгсөн.
Энэ нөхцөл байдал нь Эрүүл мэндийн газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар ДГНЭ.н тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд 70 төрлийн зөрчил тогтоогдсон ба эдгээр зөрчил дутагдал гарч байгаа шалтгаан нь НЭ удирдлагын баг мэргэжил, арга зүйн удирдлагаар хянаж, хангаж ажиллах үүрэгтээ хариуцлагагүй ажилласан, удирдлагын баг хангалтгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар ЭМ.н шийдвэрлэсэн, энэ дагуу эмнэлгийн дарга У.Энхбаяр, орлогч дарга нар болох ТГ, Т.Т нарт хариуцлага тооцож, эргэж мэдэгдэх үүргийг НЭ дарга У.Э.т “... 485 дугаартай албан бичиг”-ээр даалгасны дагуу тэдгээрт сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг нь бууруулжээ гэж ойлгогдохоор байна.
Тодруулбал, НЭ даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний Б/104 /1хх-ийн 145х/, 2025 оны 06 дугаар сарын 10-ны Б/129 тус тус тушаалуудын үндэслэл нь ...ЭМГ даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний 485 дугаартай “Хариуцлага тооцох тухай” хариутай албан бичиг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус үндэслэсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын аюулгүй байдлын албаны дарга Т.Г, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т нарт тус тус албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, эмнэлгийн дарга У.Э “ ...эмнэлгийн тусламж үйлчилгээний сүүлийн хоёр жилийн үзүүлэлт буурч, эхийн эндэглэл гарсан тул өөрийн хүсэлтээр даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж гаргасан хүсэлт /1хх-ийн 106х/-ийн дагуу ЭМГД 2025 оны 06 дугаар сарын 30-ны Б/24 дугаартай тушаал /1хх-ийн 107х/-аар НЭ даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тус тус ЭМ газраас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн удирдлагын баг хариуцлага хүлээсэн нь тогтоогдсон, зөрчил дутагдлыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Т.д дангаар нь хамаатуулан зөрчилд буруутгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
6.3.Эрүүл мэндийн газрын улсын байцаагч нарын зөрчил, дутагдал илрүүлсэн албан шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гомдол эрхтэй болохыг уг шаардлагуудад дурьдсан боловч ДШГНЭ болон удирдлагын баг гомдол гараагүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхийн хүрээнд ДГЭМ газар нь орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор шаардах эрхтэй байгууллага байна.
6.4.ДГНЭ.н эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалтын тодорхойлолт /1хх-ийн 45-51х/-д Албан тушаалын зорилго нь “Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний хөнгөн шуурхай, найдвартай байдлыг ханган боловсронгуй болгох чиглэлд эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах” зорилготой ба албан тушаалын зорилтын хүрээнд
“1.Үйлчлүүлэгчдэд чанартай хүртээмжтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах.
2.Эмчилгээний үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх.
3.Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
4.Оношилгоо эмчилгээний стандартын биелэлтийг ханган ажиллах.
5.Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сайн туршлага дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүнийг удирдан зохион байгуулах” чиг үүргийг хүлээсэн албан тушаалтан байна гэж заасан.
ДГАНЭ, ажилтан Т.Т нарын хооронд байгуулагдсан “Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга”-ын ажил, албан тушаалд ажиллах хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 35-40х/-ний тавдугаар зүйлийн 5.2.2, 5.3 дугаар зүйлүүдэд ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох цуцлах үндэслэл, мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам /1хх-ийн 147-171х/-ын Есдүгээр бүлэг буюу Сахилгын зөрчил, шийтгэл бүлгийн 9.3 дугаар зүйлийн 4-д “...Төлөвлөгөөт болон цаг үеийн үзлэг, шалгалт болон хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцан ажиллаж буй үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдсэн” бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээхийг тус тус заасан.
Эрүүл мэндийн газрын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гаргасан 2025 оны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-21-01/090/28, 10-21-01/090/31 дугаартай албан шаардлагуудаар илэрсэн зөрчлүүдийн улмаас Т.Т -д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан “...Хөдөлмөрийн хууль тогтоомжоос гадна хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэсэн үндэслэлд нийцсэн байна.
6.5.Нэхэмжлэгч Т.Т.д ДГАНЭГ.с ирсэн үүргийн дагуу НЭ хариуцлагын асуудлыг хэлэлцэх талаар 2025 оны 05 дугаар сарын 14, 05 дугаар сарын 19, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан /1хх-ийн 95-97х/ боловч Т.Т хүрэлцэн ирээгүй нь түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “...ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэх ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна” гэх ажиллагааг хийгээгүй гэдгээр ажил олгогчийг буруутгах боломжгүй байна.
6.6.Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан нарийвчилж тодорхойлсон зохицуулалтыг баримтлалгүйгээр тушаал гаргасан нь хэлбэрийн хувьд зөрчилтэй болсон боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь бодитоор тогтоогдсон тул тушаалын хэлбэрийн алдаанд үндэслэн тушаалыг хүчингүй гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Иймд анхан шатны шүүх “ ...ажил олгогч НЭ.н даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны Б/24 дугаартай тушаал /1хх-ийн 107х/-аар ажилтан Т.Т.д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй болсон ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан захиргааны актын шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Т.с гаргасан 2023 онд ДГАНЭ эмнэлзүй эрхэлсэн албан тушаалд ажилласан хугацаанаас тус эмнэлгийн жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ нь жил бүр 2 хувийн өсөлттэй гарсан нь ЭМГ.н даргын “ЭМ.н байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний дүн баталгаажуулах тухай 2023, 2024, 2025 оны тушаалуудаар тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болсон.
Энэ нь нөхцөл байдал нь Эрүүл мэндийн газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт, түүгээр илэрсэн зөрчилд хамааралгүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал биш байсан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих ба зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэсэнд нийцсэнгүй.
7.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШШ2025/00625 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т.н ДГАНЭ.н эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч ДГАНЭ давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ДГНЭ давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА