Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 745

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,  

Хохирогч Ж.Б,

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.Гад холбогдох эрүүгийн 1905023300824 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Ш.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орой 22-23 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хороолол 45 тоотод оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч Ж.Бг “аав руугаа явж оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаас толгой руу нь цохих, хоолойг нь цамцаар боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ:

“...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ажил тараад оройтож ирсэн. Замдаа найзтайгаа 2 шил архи уучаад ирэхэд өглөө нь аавруу яваад ирье гэсэн Б нь цуг зэрэгцээд ирсэн гэв. Чи өдөр эртхэн ирээд ээжид шөл хийгээд өгчихөд яадаг юм бэ гэсэн чинь надруу орилоод хашигчаад байсан чи яагаад байгаа юм бэ гэхэд намайг цохисон би түлхээд чи яагаад байгаа юм бэ гээд муудалцсан. Дараа нь цагдаа дуудаад би цагдан хоригдсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б мэдүүлэхдээ:

“...Гтай маргалдаж тархины судасны нарийсал үүссэн тархиндаа курс эмчилгээ хийж байгаа эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Гын өгсөн:

“...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Бгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Бг түлхэхэд хойшоо унахдаа толгойгоороо юм мөргөсөн байх. Хүзүү цээжний гэмтлийг зууралдаж байхад үүссэн гэмтэл юм. Ж.Б өглөө надтай хамт гараад орой надаас хойш орж ирэхээр нь 80 гарсан хөгшин эхийг ажилгүй байж өдөр эртхэн ирээд хоол цай хийгээд өгчихгүй яасан юм гэтэл өөрийгөө өмөөрөөд маргаан гарсан. Би тухайн үед хоёр шил пиво уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 78-79/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Бгийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн эцэг Жигжидийн Дамбадаржаагийн гэрт нь оччихоод буцаад орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 45 тоотод гэртээ ирэхэд нөхөр Г архи уусан байдалтай байсан. Намайг хэлэлгүй явж “аавыгаа эргэлээ, чи манай хүн болсон дураараа явж болохгүй” гээд уурлаад байхаар нь “би яахаараа аав дээрээ очиж болдоггүй юм бэ? Би танай эхийг төрсөн эх шигээ 2, 3 жил харж асарч байхад” гээд бид 2 маргасан. Маргааш нь бид хоёр Гын ахынх нь ач, зээгийн үсний найранд явах байсан юм. Гэтэл Г намайг авч явахгүй гэхээр нь би явахгүй гэтэл намайг яв зайл гээд том өрөөнөөс коридор руу түлхэж гаргаад өмсөж байсан цамцаар хоолой боогоод гараараа толгой руу 2 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гээд буцаагаад нэг удаа шилэн хүзүү рүү нь цохиод цагдаа дуудна гээд утсаа автал утас булааж авчихаад өгөхгүй байсан. Гэрийн утаснаас залгах гэтэл утас салгачихаад том өрөө рүү гүйж ороод тагтан дээрээс доор явж байсан нэг охиныг нөхөр зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд тэр охин утсаараа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Гыг аваад явсан. Би дараа нь шинжээчид гэмтлийн зэргээ тогтоолгоод шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад учруулсан гэмтлийг Г учруулсан. Миний толгой руу гараараа юм уу эсхүл өөр зүйл цохисныг сайн мэдэхгүй байна. Намайг цамцаар боогоод хана руу түлхээд байсан. Бид хоёр 2012 онд танилцаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамт амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Г өмнө нь надад гар хүрч байгаагүй. Г надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Эын өгсөн:

            “...Манай хорооны 7 дугаар байрны 45  тоотод оршин суух Ш.Г нь 2019 оны 02 дугаар сард зөнөгрөл өвчтэй эхийгээ гэр бүл хүчирхийлээд байна гэсэн иргэдийн мэдээллээр материал бүрдүүлж шалгахад 80 гарсан настай хөгшин эхийгээ гэртээ харах үедээ ганцааранг нь цоожилж гэрээсээ гаргахгүй байсан үйлдэл илэрсэн ба уг үйлдлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 хоног баривчлагдаж байсан. Ингэж материал бүрдүүлж байх үедээ төрсөн дүү болон хамтран амьдрагч Б нартай гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр уулзаж ярилцаж байхад эхийг цоожлоод өөрөө гараад явчихдаг. Бид хоёр хоорондоо маргалддаг гэж хэлж байсан. Тэрнээс биш ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Г-ын өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 20-21 цагийн орчим ирээд ээжтэйгээ цаад өрөөнд байж байхад Б гаднаас ирсэн. Тэгээд байж байтал дүү Г гаднаас бас орж ирж байгаа сонсогдсон. Би ээжийнхээ хамт орондоо орчихсон унтаж байсан ба гэтэл гэнэт тэр хоёр чанга дуугараад маргалдаад байгаа сонсогдсон. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ирээд Гыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.С-ын өгсөн:

            “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүл Бугат-112 чиглэлд цагдаагийн дэслэгч Төрмөнхийн хамт жолоочийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр 2019 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчим нэг хүн эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Уг зодуулсан эмэгтэй нь тагтан дээрээ гарчихсан цагдаа дуудаад өгөөч гээд байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд уг дуудлагын дагуу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар байрны гадаа очтол тагтан дээр 4 билүү 5 давхарт нэг эмэгтэй зогсож байсан. Ингээд уг тагтан дээр зогсож байсан эмэгтэйн тоот 45 хаалга руу очоод тогштол уг тагтан дээр гарсан гэх эмэгтэйн нөхөр гэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгээд дотогш яваад ороход тагтан дээр байсан эмэгтэй намайг тагтан дээр гаргаж түгжчихээд онгойлгож өгөхгүй, оруулахгүй байна. Манай нөхөр толгой руу гараараа цохиж зодсон гэж хэлсэн. Тэгээд би нөхөр гэх залууг гэрээс нь авч гарсан. Харин эргүүлийн офицер Төрмөнх эхнэртэй нь уулзаж аюулгүй зэргийн үнэлгээ хийхээр үйлдсэн. Би гадаа гараад нөхөр гэх хүнээс нь яагаад маргаан болсон талаар асуухад ...би гэртээ гал тогоонд аяга тавгаа угааж гал тогоо цэвэрлэж байхад гаднаас орж ирээд учир зүггүй уурлаж загнаж байгаад тагт руу гарчихаад авраарай гээд орилоод байсан. Тагтны хаалга онгорхой байсан. Хааяа тагтны хаалга ингээд байдаг юм гэж хэлсэн. Удалгүй Төрмөнх гарч ирээд бид хоёр хамт явж нөхөр гэх эрэгтэйг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Тийн өгсөн:

            “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Бугат-112 чиглэлд жолооч цагдаа Содномбалжирийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Ингэж байх хугацаанд 23:32 цагийн үед нэг хүн эхнэрээ зодоод байна. Тагтан дээр эмэгтэй хүн гарчихаад цагдаад дуудаад өгөөч гэж гуйгаад байна гэсэн дуудлага ирсний дагуу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар байрны гадаа очтол нэг эмэгтэй тагтан дээрээ гарчихсан зогсож байсан талаар асуухад ороод ир гэхээр нь уг хаягаар очоод хаалгыг нь цохитол нэг эрэгтэй хүн хаалга тайлж өгсөн. Ингээд гэрт нь ороход тагтны хаалга цоожгүй, хамтран амьдрагч гэх эрэгтэй нь харин ингээд хааяа орилоод байдаг юм. Сэтгэцийн өвчтэй хүн шиг зүгээр байхад орилоод байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэйг дуудаж гэрт нь оруулаад юу болсон талаар асуухад ...манай нөхөр миний толгой руу 2-3 удаа цохисон. Би гомдол гаргамаар байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь гэх эрэгтэй айхтар согтуу биш бага зэрэг халамцуу байсан учир цагдаа жолооч Содномбалжирыг аваад гарч бай гэж хэлээд гэрээс нь гаргаад уг эмэгтэйтэй уулзаж материалжуулан аюулгүй зэргийн үнэлгээ хийгээд гарч ирээд нөхөр гэх залууг Тайшир-120 хүргэж өгч эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Туяагийн өгсөн:

            “...Хохирогч Ж.Бгийн биед учирсан зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт зэрэг гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биеийн гадаргууны 1%-иаас дээш хувийг эзэлсэн бол хөнгөн зэрэгт тооцогдоно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл хүний гар, хөл орно...” гэх мэдүүлэг /хх-н 47/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Ж.Бгийн биед зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 44/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48, 50/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 81/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орой 22-23 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хороолол 45 тоотод оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч Ж.Бг “аав руугаа явж оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаас толгой руу нь цохих, хоолойг нь цамцсаар боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ш.Гын “...Би Ж.Бгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Бг түлхэхэд хойшоо унахдаа толгойгоороо юм мөргөсөн байх. Хүзүү чээжний гэмтлийг зууралдаж байхад үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Бгийн “...Г намайг авч явахгүй гэхээр нь би явахгүй гэтэл намайг яв зайл гээд том өрөөнөөс коридор руу түлхэж гаргаад өмсөж байсан цамцаар хоолой боогоод гараараа толгой руу 2 удаа цохисон. ... Намайг цамцаар боогоод хана руу түлхээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Эын “...Б нартай гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр уулзаж ярилцаж байхад эхийг цоожлоод өөрөө гараад явчихдаг. Бид хоёр хоорондоо маргалддаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ш.Г-ын “...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 20-21 цагийн орчим ирээд ээжтэйгээ цаад өрөөнд байж байхад Б гаднаас ирсэн. Тэгээд байж байтал дүү Г гаднаас бас орж ирж байгаа сонсогдсон. Би ээжийнхээ хамт орондоо орчихсон унтаж байсан ба гэтэл гэнэт тэр хоёр чанга дуугараад маргалдаад байгаа сонсогдсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.С-ын “...2019 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчим нэг хүн эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирсэн. ...уг дуудлагын дагуу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар байрны гадаа очтол тагтан дээр 4 билүү 5 давхарт нэг эмэгтэй зогсож байсан. Ингээд уг тагтан дээр зогсож байсан эмэгтэйн 45 тоот хаалга руу очоод тогштол уг тагтан дээр гарсан гэх эмэгтэйн нөхөр гэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгээд дотогш яваад ороход тагтан дээр байсан эмэгтэй намайг тагтан дээр гаргаж түгжчихээд онгойлгож өгөхгүй, оруулахгүй байна. Манай нөхөр толгой руу гараараа цохиж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Н.Тийн “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Бугат-112 чиглэлд жолооч цагдаа Содномбалжирийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Ингэж байх хугацаанд 23:32 цагийн үед нэг хүн эхнэрээ зодоод байна. Тагтан дээр эмэгтэй хүн гарчихаад цагдаад дуудаад өгөөч гэж гуйгаад байна гэсэн дуудлага ирсний дагуу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар байрны гадаа очтол нэг эмэгтэй тагтан дээрээ гарчихсан зогсож байсан талаар асуухад ороод ир гэхээр нь уг хаягаар очоод хаалгыг нь цохитол нэг эрэгтэй хүн хаалга тайлж өгсөн. Ингээд гэрт нь ороход тагтны хаалга цоожгүй, хамтран амьдрагч гэх эрэгтэй нь харин ингээд хааяа орилоод байдаг юм. Сэтгэцийн өвчтэй хүн шиг зүгээр байхад орилоод байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэйг дуудаж гэрт нь оруулаад юу болсон талаар асуухад ...манай нөхөр миний толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч эмч Н.Туяагийн             “...Хохирогч Ж.Бгийн биед учирсан зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү чээжид цус хуралт зэрэг гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биеийн гадаргууны 1%-иас дээш хувийг эзэлсэн бол хөнгөн зэрэгт тооцогдоно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл хүний гар, хөл орно...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ж.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.Гад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гад 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Б нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ