Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2026/00002

 

 

 

 

 

 

 

 

    2026           01            09                                        202/МА2026/00002                                        

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

МЗХННУБТЗ.н

нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2025/00580 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: МЗХННУБТЗ.н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СДХХК-д холбогдох,

Хадгалалтын хөлсөнд 1,621,984,000 төгрөг гаргуулж, ... . дугаар талбайг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч А.Б.н давж заалдсан гомдолд үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э./цахимаар/, Д.М./цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б._, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. МЗХННУБТЗ.н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ... МЗХННУБТЗ.н” нь “СГ.т” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “УБТЗ”-ын харьяа ........ талбайн 114,432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ 3 жилийн хугацаатай, хугацаа нь дууссаны дараа үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол нэмэлт гэрээгээр сунгахаар харилцан тохиролцсон ба “СГ” ХХК-ийн зүгээс гэрээг зөрчсөн тул МЗХННУБТЗ.н” 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, түрээсийн талбайг түрээслүүлэгч талд шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэтэл “СГ” ХХК-ийн зүгээс талбайг чөлөөлж өгөхгүй үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “УБТЗ”-ын даргын А/776 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч түрээсийн хөрөнгийг буцаан хүлээн авах ажлын хэсэг байгуулсан. Энэхүү гэрээ цуцалсан болон талбайгаа хүлээн авах тухай шийдвэрийг “СГ” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн, шүүхээс гэрээг цуцалсантай холбоотой хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хянаад УБТЗ-ын саанчилгаар гэрээ цуцалсан нь үндэслэлтэй бөгөөд талбай дахь нурмаг ачааны хадгалалтын хөлсийг шаардах нь үндэслэл бүхий хэмээн шийдвэрлэсэн. Гэвч одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй, үлдэгдэл 7798 тонн нурмаг ачааг авахгүй байсаар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэр талбайд хадгалагдаж байгаа ба “УБТЗ”-ын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгаламжийн тарифын дагуу ачааны нийт хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг тооцогдсон ба хариуцагчаас “УБТЗ”-ын Замын-Үүд дэх шилжүүлэх ачих ангийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй “УБТЗ” өөрсдийн эзэмшлийн талбайг бүрэн ашиглах боломжгүй байх ба хэвийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг хязгаарласаар өнөөдрийг хүрлээ. Иймд “УБТЗ”-ын ... талбайд хадгалагдаж байгаа “СГ” ХХК-иас нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөг гаргуулж, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн ... талбайг чөлөөлөхийг “СГ” ХХК-д даалгаж өгнө үү.” гэжээ. 

2.Хариуцагч “СГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ачаа нь “СГ” ХХК-ийн ачаа биш бөгөөд энэ ачааг шилжүүлж авах мэдэгдлийг ачааны өмчлөгчид болох “ГХТ” ХХК болон “И” ХХК-д тус тус явуулсан юм. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ачаанууд тус компанийн харьяалалгүй, одоо хаана, ямар талбайд байгаа нь тодорхойгүй, өмнө нь байсан талбай дээрээ байхгүй болсон тул бусдын өмнөөс бид хариуцлага хүлээх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч “СГ” ХХК-иас 1,621,984,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЗХННУБТЗ.н олгож, МЗХННУБТЗ.н”-ын ... талбайг чөлөөлөхийг “СГ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,338,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СГ” ХХК-иас 8,338,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЗХННУБТЗ.н”-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3.“СГ” ХХК-ийн төлөөлөгч А.Б давж заалдсан гомдолдоо: ... “СГ” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд УБТЗ.т холбоотой асуудлаас болж хувьцаа эзэмшигч нарын хооронд үл ойлголцож шүүхэд оролцох, төлөөлөх этгээдийг томилж чадахгүй байж байгаад шүүх хурал болохын өмнөх ажлын өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны орой ойлголцож  Б.Б гэдэг хүнд итгэмжлэл олгож, амралтын өдөр хүнд өгч шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэвч цаг хугацааны хувьд хэт тулгамдсан байсан учир манай компанийн албан бичиг төлөвлөсөн ажилтан болон өмнөх гүйцэтгэх захирал А.М. нар нь алдаа гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласнаас болж шүүхээс доторх агуулгыг үл харгалзан хүлээн авахаас татгалзсан байдаг. Дээрх компанийн хариуцлагагүй, хууль эрх зүйн мэдлэггүй байдал болон цахимаар оролцох боломжийг шүүхээс олгоогүйгээс шалтгаалж шүүх хуралдаа оролцож чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Мэтгэлцэх зарчим” алдагдахад хүрсэн. Дээрх байдлаас болж анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй шийдвэрлэсэн тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2025/00580 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, дахин нотлох баримтаа гарган өгч, мэтгэлцэх боломжоор хангаж буцааж өгнө үү.

...Шийдвэрийн үндэслэх хэсэгт түрээсийн гэрээг цуцалсан маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэж нэг талын буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ”-ын санаачилгаар гэрээг цуцалсан шийдвэрийг үндэслэлтэй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна” гэж үндэслэсэн. Гэвч шүүх шийдвэрээ гаргахдаа буюу тогтоох хэсэгтээ “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч “СГ” ХХК-иас 1,621,984,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЗХННУБТЗ.-д гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан бөгөөд 3 шатны шүүхээс түрээсийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий байна гэж дүгнээд түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон байдаг. МЗХННУБТЗ.н УБТЗ даргын баталсан тушаалын дагуу тарифын дагуу төлбөр нэхэмжилсэн байх бөгөөд үүнийхээ хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаж маргаагүй байдаг. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх талуудын хоорондын түрээсийн гэрээний харилцааг үргэлжилж байгаа мэтээр ойлгон дүгнэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.Түүнчлэн МЗХННУБТЗ.н”-ийн нурмаг ачааны талбайг чөлөөлөхгүй байгаа асуудал нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа. Тухайлбал тухайн талбайд ачаагаа хадгалуулж байгаа “И”  ХХК-ийн зүгээс ачаа авах хүсэлтийг МЗХННУБТЗ.”-д хэд хэдэн удаа хүргүүлж, нэлээд олон удаа оролдсон боловч өнөөдрийг хүртэл ачааг нь олгохгүй байгаа бөгөөд ачаагаа гаргаж авах асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа.Тухайн ачаагаа гаргаж авах шүүх хурал 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болохоор товлогдсон бөгөөд МЗХННУБТЗ.н нь өөрсдөө ачаа гаргаж өгөхгүй байж түрээсийн төлбөр нэхэмжилж шүүх түүнийг нь хангаж шийдвэрлэсэн байдал нь шударга ёсноос хол юм. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2025/00580 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ ...Гомдол үндсэн хоёр агуулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Компанийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой хувьцаа эзэмшигчдийн хооронд асуудал үүсэж, төлөөлөгчөөс хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулсан. Шүүх хуралдаан болох долоо хоногийн өмнөх 5 дахь өдөр нь надтай уулзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулах хүсэлтэй байна гэхээр нь итгэмжлэлээр орохоор болсон. Тэгээд нэхэмжлэгчийн төлөөлөгч эрх зүйн мэдлэггүй, анхаарал болгоомжгүйн улмаас итгэмжлэлээ гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж гаргаад 08 цаг 30 минутад хүн явуулаад шүүхэд хүргүүлэхэд шүүхээс толгой нь буруу байна гээд буцаасан. Ингэхээр нь 08 цаг 45 минутад М  энэ талаар хэлсэн. Уг нь шүүхээс итгэмжлэлийн толгойг зөвтгөөд авчих боломжтой байсан ч яагаад аваагүйг нь мэдэхгүй байна. Тэгээд М-с итгэмжлэлийг шүүхээс хүлээж аваагүй бол өөрөө хуралдаандаа цахимаар оролцмоор байна гээд шүүгчийн туслах руу залгахад туслах утсаа авахгүй байж байгаад 09 цаг 15 минутын үед утсаа аваад цахим оролцогчийн баталгааг 3 хоногийн өмнө гаргах ёстой, мөн таныг хуралдаандаа биечлэн оролцоно гэж бодож байсан, одоо хуралдаан эхэлсэн гээд утсаа тасалсан байдаг. Энэ талаарх баримтууд нь хэрэгт авагдсан байсан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Хурлын тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч талаас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдал байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг баримтлах гэж байгаа бол мөн хуулийн 77 дугаар зүйлийн мөн хэрэглэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...” гэж заасан. Гэтэл хэрэгт 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдсэн ямар нэгэн баримт байхгүй. Харин хурлын тов мэдэгдсэн баримтууд нь байгаа. Хоёрдугаарт цахимаар оролцох талаараа хуралдаанаас 3 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой гэж хэлсэн байсан. Хэрэгт авагдсан цахим оролцогчийн баталгаа дээр М- гэж хүн гарын үсэг зурсан зүйл байхгүй. Цахим оролцогчийн баталгаа дээр мөн 3 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой гэсэн зүйл байхгүй. Процесс ажиллагаа зөрчигдөж мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж хэргийг хянан шийдвэрлэсэн бол шийдвэр өөрчлөгдөх байсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс түрээсийн гэрээ, хохирлыг барьж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. “УБТЗ”-ын буруугаас болоод ачаагаа гаргаж авч чадахгүй байхад хадгалалтын мөнгө гэж мөн нэхээд байдаг. Хадгалалтын мөнгө нэхээд байхад нь түрээсийн гэрээний хууль баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь асуудалтай. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж нэмэлт нотлох баримтууд гаргаж өгөн, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э- давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар алданги гаргуулж шийдвэрлэсэн гэж байна. Хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон бол төмөр замын хөрөнгийг анх авсан байдлаар нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Үүнийгээ биелүүлээгүй үүргийн зөрчил үргэлжилсээр байгаа учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4-т зааснаар гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлоо шаардаж, Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хохирлыг гаргуулж шийдвэрлүүлснийг шүүхээс анхаараасай гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“.... Шүүхээс шүүх хуралдааныг 09 сарын 22, 30-ны өдөр тус тус зарласан. Хариуцагчийн төлөөлөгч цахимаар хуралдаанд оролцож удаа дараа хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч хангасан байдаг. 09 сарын 30-ны өдрийн хуралдаанд танхимаар хуралдаандаа оролцохоо мэдэгдэж 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаанаа товлон хойшлуулсан. Тэгэхээр эрх нь зөрчигдсөн гэх асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс захирамж гарган улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Тус Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар “СГ” ХХК-ийн захирлаар М байсан нь тогтоогдсон байдаг. Давж заалдах гомдлыг Б-гэж хүний гаргасан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тэгэхээр Б. гэх хүний гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байсан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч “СГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-с гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            2.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч МЗХННУБТЗ.н, хариуцагч “СГ” ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, МЗХННУБТЗ.н  харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114,432 м2 бүхий нурмаг ачааны талбайг “Сауд гэйт” ХХК-д 3 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаа дууссаны дараа нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцсон боловч “Сауд гэйт” ХХК-ийн зүгээс гэрээг зөрчсөн гэдэг үндэслэлээр түрээслүүлэгч 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “УБТЗ”-ын даргын А/776 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч түрээсийн хөрөнгийг буцаан хүлээн авах ажлын хэсэг байгуулсан шийдвэрийг “Сауд гэйт” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэж 3 шатны шүүхээр уг маргаан шийдвэрлэгдсэний дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар талбайд хадгалагдаж байгаа 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэрийг “УБТЗ”-ын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгалалтын тарифын дагуу төлбөрийг тооцож 1,621,984,000 төгрөг гаргуулах, “УБТЗ”-ын Замын-Үүд дэх шилжүүлэх ачих ангийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан,  хариуцагч “Сауд гэйт” ХХК “ ...уг талбайд байгаа ачаа нь “Говийн хан транс” болон “Иссмус” ХХК-иудын ачаа тул бид хариуцлага хүлээх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, гэрээнээс үүссэн маргааны улмаас гарсан шүүхийн шийдвэр, түрээсийн талбайд хадгалагдаж байгаа нурмаг ачааны зураг, “СГ” ХХК-иас “И”, “ХНТ” ХХК-иудад  ачаагаа авах талаар хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтууд хэрэгт тус тус авагдсан.

            3.Анхан шатны шүүх “ ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч “СГ” ХХК-иас 1,621,984,000 төгрөгийг гаргуулж МЗХННУБТЗ”-д олгох, “Сауд гэйт” ХХК-иас “УБТЗ”-ын ....... дугаар талбайг чөлөөлж өгөх үүргийг даалгасан” шийдвэр гаргасан.

            4.Хариуцагч “СГ” ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “ ...компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.М нь эрх зүйн мэдлэггүйгээс шалтгаалж ....шүүх хуралдаандаа оролцож чадаагүй, хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү,  ...талбайг чөлөөлөх асуудалд МЗХННУБТЗ өөрөө буруутай, ачааны эзэн “И”ХХК ачаагаа авахаар хандсан боловч боломж олгоогүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдолд үндэслэн хэргийн бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            4.1.Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан талбай түрээслэх түрээсийн гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс түрээслүүлэгч МЗХННУБТЗ”-ын санаачлагаар цуцлагдсан боловч түрээслэгч “СГ” ХХК талбайг чөлөөлж өгөлгүй шүүхэд маргаан үүсгэж хандсаны улмаас маргаан шүүхээр шийдвэрлэгдсэний дараа “УБТЗ”-ын ........ талбайг чөлөөлүүлэх, талбайд хадгалагдаж байгаа 7798 тонн жин бүхий нүүрс, жонш, төмрийн хүдэрийг “УБТЗ”-ын даргын А/233 тушаалаар баталсан ачаа хадгалалтын тарифын дагуу тооцож 1,621,984,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

            Зохигчдын хооронд харилцан тохиролцож байгуулсан түрээсийн гэрээ /14х/-ний ес буюу Гэрээний хариуцлагын 9.1, 9.2-д “...талууд гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн бол нөгөө талд учирсан бүх хохирол, алдагдлыг үл маргалдах журмаар төлнө, ...нэг тал үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, гэрээний арав буюу Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл зэргийг тус тус гэж  заасан ба гэрээнд заасан үндэслэлээр түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээ цуцлагдсан байхад түрээслэгч “СГ” ХХК гэрээний зүйл болох талбайг чөлөөлж өгөөгүй, талбайд одоо 7798 тонн нурмаг ачаа байгаа нь хариуцагч талын “...талбайд хадгалагдаж байгаа нурмаг ачаа нь манайх биш “ГНТ” ХХК болон “И” ХХК-иудынх” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болох нь дээр дурдсан гэрээний холбогдох заалт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Түрээслүүлэгч буюу МЗХННУБТЗ” гэрээг нэг талын санаачлагаар цуцласнаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир энэ үйл баримтын талаар шүүхээс дахин дүгнэлт хийхгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв.

            4.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч МЗХННУБТЗ -ын нэхэмжлэлийн шаардлага болох түрээсээр эзэмшиж байсан талбайг чөлөөлүүлэх, уг талбайд одоог хүртэл хадгалагдаж байгаа 7798 тонн нурмаг ачааны хадгалалтын хөлс 1,621,984,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан “...үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэсэнд үндэслэсэн нь зөв байна.

            Өөрөөр хэлбэл, Хариуцагч “СГ” ХХК түрээсийн гэрээ цуцлагдсан байхад гэрээний зүйлийг буцааж хүлээлгэж өгөх үүрэг зөрчсөн, үүнээс учирсан хохирол нэхэмжилж байгаа нь хуулийн уг шаардлагад нийцсэн байна.

4.3.Хариуцагч тал түрээсийн талбайд хадгалагдаж байгаа ачаа нь манайх биш гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хэрэгт авагдсан “СГ” ХХК-иас “ГХН” болон “И” ХХК-иудад хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 121-122х/ нь хариуцагчийн татгалзлыг хангалттай нотолсон баримт биш байна.

Хариуцагч тал шүүх хүрэлцэн ирэхгүй байсан шүүх албадан авчирч /хх-ийн 82х/ нэхэмжлэлийн хувийг гардуулан хариуцагчийн эрх үүргийг танилцуулсан байх тул шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны үед оролцсон хариуцагч “СГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах эрх, үүргээ мэдсэн гэж үзнэ.

5.Хэргээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, нотлох баримт гаргаж өгөх болон өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь тус тус хангасан байна.

6.Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцэхээр 3 удаагийн шүүх хуралдаан явуулсан ба хариуцагч “СГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М цахимаар зайнаас 2 удаа оролцсон байх тул түүнийг цахимаар шүүх хуралдаанд хэрхэн яаж оролцож болохыг мэднэ гэж үзэхээр байх шүүх хуралдаанд цахимаар оролцохыг  мэдэгдээгүй, мэдээгүй гэх нөхцөл байдал үндэслэлгүй юм.

Шүүх 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс мэдэгдсэн /хх-ийн 146х/ байх тул шүүх хуралдаанд оролцох үүргээ хариуцагч тал өөрөө биелүүлээгүй гэж үзлээ.

7.Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2025/00580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “СГ” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар “Сг” ХХК-ийн давж заалдах журмаар төлсөн 8,267,870 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧИД А.САЙНТӨГС

                 Б.НАРАНЧИМЭГ

                 Н.БОЛОРМАА