Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1534

 

 

 

 

 

    2019        10           02                                  2019/ШЦТ/1534

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч, хохирогч Б.М ,

Шүүгдэгч, хохирогч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М , Л.Э нарт холбогдох эрүүгийн 1906 04795 1867 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Л.Э .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,   худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Баятүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EL” зочид буудал дотор иргэн Б.М тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж биед дух, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EL” зочид буудал дотор иргэн Л.Энхсайхантай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж биед тархи доргилт, баруун хацар, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхинд няцарсан үарх, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал байхгүй.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Л.Э мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Энхсайханы өгсөн мэдүүлэг /хх-6/, хохирогч Б.М өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Г.Ганжаргалын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9873, 9874 дугаартай дүгнэлтүүд /хх-13, 14/, шүүгдэгч Б.М , Л.Э нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21, 22/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.М , Л.Э нар нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EL” зочид буудал маргалдаж улмаар хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхсайханы өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах зочид буудалд хонох гээд ах Анандын хамт ороод буудлын өрөө үзэх гэж байхад үл таних залуу болох Б.М  нь өөдөөс нэг гартаа архины рунк,
нөгөө гартаа тамхины үсний сав бариад надруу дайраад байхаар нь “за яах гэсэн юм бэ ах” гэхэд үгийн зөрүүгүй шууд зодож эхэлсэн. Б.М  нь эрүүлжүүлэх байр явсан бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлэхээр яваад үзүүлж чадаагүй гэмтлийн эмнэлэг орж толгойд оёдол тавиулаад шууд гэртээ хариад 2 хоног хэвтэж байгаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, тархины зураг 120000 төгрөгөөр авахуулсан. Эм тариа авсан 30000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Би тэр хүнээр өөрийн нүүрэнд учирсан сорвивыг арилгуулмаар байна.” /хх-6/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М өгсөн: “...Буудал дотор хэн хэн байсныг санахгүй байна. Л.Э гэх хүнийг өдөөд байхаар нь харилцан зодолдсон. Надад эмчилгээнд гарсан зардал байхгүй. Надад нэхэмжилж байгаа
зүйл байхгүй.” /хх-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганжаргалын өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “EL” зочид буудал өөрийн найз Мөнхтулгын хамт орж өрөө авах гээд зогсож байсан. Мөнхтулга нь надтай уулзахаасаа өмнө архи уусан байсан бөгөөд бид хоёр нэмээд хүний 4-5 шил пиво уусан. Мөнхтулга их согтсон. Намайг тооцоо хийгээд байж байхад Мөнхтулга дээд давхраас нэг залуутай муудалцаал зууралдаад гараад ирсэн. Нөгөө залуугийн толгойноос нь юм уу нүүрнээс нь их хэмжээний цус гарсан байсан бөгөөд Мөнхтулга тэр 2 залуу толгойгоороо нийлээд доош тонгойсон.” /хх- 19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9873 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Энхсайханы биед тархи доргилт, баруун хацар, дух, дагзны хуйх, зүүн нүдний дээд зовхинд няцарсан үзрх, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-13/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9874 дугаартай дүгнэлтэд:

1. Б.М биед дух, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-14/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Энхсайханы яллагдагчаар өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би уг гэмтлийг Б.М биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.“ /хх-53-54/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М яллагдагчаар өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би уг гэмтлийг Л.Энхсайханы биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өдөр нь найзуудтайгаа 25 дугаар эмийн сангийн орчим архи уусан байсан бөгөөд маш их согтсон байсан. Би болсон явдлыг бүрэн дүүрэн санахгүй байна.“ /хх-60-61/ гэх мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Б.М , Л.Э нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21, 22/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.М , Л.Э нарын 2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EL” зочид буудал маргалдаж улмаар хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М , Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.М , Л.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.М , Л.Э нар харилцан эвлэрч гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Б.М , Л.Э нар нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.М , Л.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.Э , Б.М  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М , Л.Э нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар

Б.М , Л.Э нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М , Л.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М , Л.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.       

           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М , Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М , Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС