Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ХШТ/62

 

 Ц.Б-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ц.Б, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Ц.Б–д холбогдох 2331001640170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Б, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт **** аймгийн **** сумын **** дүгээр багт оршин суух хаягтай, регистрийн дугаар: ****

урьд Сэлэнгэ аймаг дахь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан.

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд ахлах прокурор А.Баясгаланг хэрэг хянан шийдвэрлэх зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байсантай нь холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь 2 гараараа санаатайгаар цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-г “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Баясгаланг шүүх хуралдааны танхимд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан хүч хэрэглэж, зүүн мөрөн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би Монгол Улсын нийтийн эрх ашгийг болон хүний эрх зөрчсөн үг хэлж, үйлдэл гаргаж үзээгүй. Монголын төрд 10 жил гүйцэтгэх, хяналт тавих үүрэгт ажлыг амжилттай гүйцэтгэж байсан. Сүүлийн 20-иод жилд Монгол улсад төлөөллийн эрхийг мөнгөөр, тохиролцоогоор, бүлэглэлээр худалдан авч монголын төрд шургалан нийтийн эрх, төрийн эрхийг зөрчин төр, орон нутгийн өмчийг бүлэглэн завшиж, ард түмний төсвийг хуурамч баримтуудаар хуваан завшицгааж, нийтийн эрх, хүнийг эрх зөрчсөн үйл ажиллагааг явуулсаар, иргэдийг бүлэглэн хохироосоор, гүтгэж хэлмэгдүүлсээр байгаа үйлдлүүдийг харж сууж чадахгүй хууль хяналтын байгууллагаар 2007 оноос хойш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, гэмт хэрэгтэн болтлоо яллуулсаар байгаа минь үнэн.

Иргэн Баясгалан нь төрд шургалсан бүлэг хулгайчдын гэмт хэргүүдийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэн дарж өгдөг онц ноцтой гэмт хэргийн бүлэглэлийн хамжигч мөн. Монгол Улсад 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж хуурамч баримтууд үйлдэн зохиомол хэргүүдийг нээж ард түмнийг төрийн нэр барин дарамталж хэлмэгдүүлж байна. Хэрэв би хуулийн байгууллагад худал мэдээлсэн ганцхан үйлдэл гаргасан байвал хуулийн өмнө ямар ч хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Хуулийн засаглал тогтоож ард түмэнтэйгээ нэгдмэл байдлыг хангаж, эх орныхоо төлөө хүлээсэн үүргээ гүйцэтгэе.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцлоо.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийн шинж хангагддаг. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.Б нь прокурор А.Баясгаланг зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.16-д заасан “зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох” бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан шүүх хуралдааны танхимд хүч хэрэглэж, биед нь халдсан болох нь тогтоогдсон. Энэхүү хүч хэрэглэсэн үйлдлийг хийснээр прокурорт нөлөөлсөн байгаа тул хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий учраас тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 297 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүлээн авсан тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд ахлах прокурор А.Баясгаланг хэрэг хянан шийдвэрлэх зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байсантай нь холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь гараараа 2 удаа цохисон үйлдлийг прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт тэрээр төрийг төлөөлөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд прокуророор оролцсон А.Баясгаланд дургүйцэн түүний биед халдаж, зүүн далны хэсэгт гараараа 2 удаа цохисон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэрэг маргааны үр дагаварт тулгуурласан байдлаар буюу прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан ...прокурорт хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь ...прокурорыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан байдлаар үйлдэгддэг болно.

Гэтэл шүүгдэгч Ц.Б нь шүүхээс зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг уншиж сонсгон шүүх хуралдаан дуусмагц шүүх хуралдааны танхимд уурлаж бухимдан зүй бус үг хэлж, улмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүүн мөрөн тус газарт гараараа цохисон үйлдлийг прокурорт хууль бусаар нөлөөлөх сэдэл, зорилгыг агуулсан гэж дүгнэж болохуйц баримт хэрэгт авагдаагүй, А.Баясгалангийн эрүүл мэндэд хохирол учраагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

4. Харин Ц.Б-ийн шүүх хуралдааны танхимд зүй бус үг хэлж, бусдын биед  халдсан үйлдлийг эрх бүхий байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ