Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 645

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “В” ХХК,  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Ц” ХХК-ийн нэр дээр Ү дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг “В” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн захирал Л.Г, түүний өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Б.Х, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн захирал Г.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “В" ХХК нь 2015 онд Х******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрсдийн хөрөнгөөр “Зайсан голден вилл” хорооллын 3 блок барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ/2016/******* дүгээр шийдвэрээр “захиалгаар орон сууцны барилга бариулах ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох баримтуудыг захиалагчид хүлээлгэн өгөхийг "В” ХХК-д үүрэг болгон шийдвэрлэсэн байхад “Ц” ХХК нь шүүхийн энэ шийдвэрийг хэт өргөжүүлэн дураараа тайлбарлан шийдвэр гүйцэтгэлийн журмаар Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орц, 8 давхрын 35 тоот хаягт байрлах, 133.83 м.кв, мөн 201 дүгээр байрны 1 дүгээр орц 8 давхрын 16 тоот хаягт байрлах 133.83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хотхоны В-2 дугаар давхарт байрлах 276, 277, 278 тоот авто машины дулаан зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хууль бусаар гаргуулан авсан байна.

Дээрх шүүхийн шийдвэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг “Ц” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нөгөөтээгүүр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “В” ХХК-ийг оролцуулаагүй, гүйцэтгэх баримт бичигтэй танилцах, тайлбар гаргах, саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй учраас бүртгэл, гэрчилгээ хууль бус болсон.

Хууль бусаар гэрчилгээ олгогдсонтой холбогдуулан “В” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй талаар бидэнд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4/4352 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Ц” ХХК-ийн нэр дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-д “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Мөн улсын бүртгэгч Т.Ч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ёстой атал энэ эрхээ  хэрэгжүүлээгүйгээс  тус  барилгыг  барьсан  “В”  ХХК-ийн  хууль  ёсны өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “Ц” ХХК-ийн нэр дээр  дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг “В” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцны зориулалттай 133.83 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны В2 давхрын 76, 77, 78, тоотын 12.17 м.кв талбай бүхий авто зогсоолуудыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Ц******* к*******” ХХК нь бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.24-ний өдрийн 102/ШШ2016/******* дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016.12.28-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2017.02.23-ны өдрийн 219 дүгээр тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ГХ2017/00623 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/13644 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн “Ц” ХХК-ийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. 

Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот орон сууц болон 200 дугаар байрны В2 давхрын 76  тоот авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х******* дүүргийн тойргийн 249 тоот нотариатчийн гэрчилсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж, Б.Х-ын нэр дээр бүртгэгдсэн.

Мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 200 дугаар байрны В2 давхрын 77, 78  тоот авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х******* дүүргийн тойргийн 249 тоот нотариатчийн гэрчилсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж, Б.Ц-ын нэр дээр бүртгэгдсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 24 дүгээр зүйлүүдийг үндэслэсэн бөгөөд хууль тогтоомжийг зөрчөөгүй тул В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн захирал Л.Г, түүний өмгөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “В" ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гол үндэслэлээ болгож, “...захиалгаар орон сууцны барилга бариулах гэрээ, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох бичиг баримтуудыг захиалагчид хүлээлгэн өгөхийг В ХХК-д үүрэг болгосон ... дээрх шүүхийн шийдвэрт өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг “Ц” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан нэг ч үг, өгүүлбэр байхгүй” гээд хариуцагчийг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэлийн гол үндэслэлээ болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт тийм заалт үнэхээр байгаа, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Ц ХХК нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш “В” ХХК-г шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаанд харж, хүлээж байгаад тэдний зүгээс ямар нэгэн санал санаачлага гаргахгүй болохоор нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох баримт бичгийг манай компаний мэдэлд хүлээлгэн өгөх хүсэлтийг “В” ХХК-д өгсөн боловч урьдын адил үүрэгтээ хойрго хандсан учир 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргасан. Улмаар шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 102/ШЗ2017/******* дугаар захирамж, 102/ГХ2017/00623 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. 

Эдгээр шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудас, манай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот албан бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “В” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч урьдын адил үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн.

Дээрх дурдсан бүхий л үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэн. Өмчлөх эрхийг олж авах, өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаарх эрхийн бүртгэлийн “сайн дур”-ын ажиллагаа “албадан биелүүлэх” ажиллагаа 2 өөр журмаар явагддаг гэдгийг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас нь илт харагдаж байна. Албадан биелүүлэх ажиллагааны үед эрхийн бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрээс өөр зүйл шаардах нь харин ч хууль зөрчсөн хэрэг болох тул нэхэмжлэлд дурдсан ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/******* дүгээр тогтоолоор “Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орц, 8 давхрын 35 тоот, мөн 201 дүгээр байрны 1 дүгээр орц 8 давхрын 16 тоот орон сууц болон тухайн байрны В-2 давхрын 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг болгосугай” гэж өөрчилсөн. 

Бүртгэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, бүртгэл хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй гэх асуудал нь тусдаа шийдвэрлэгдэх асуудал бөгөөд энэ шүүх дээр ярих асуудал биш гэж үзэж байна.

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн төрийн байгууллага, эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ч аль алинд нь асуудалд өөр өнцгөөс хандах, шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Х, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2017/4798 дугаар захирамжаар “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Б.Х, Б.Ц нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Гуравдагч этгээд Б.Х нь “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-ийн төрсөн охин нь бөгөөд тэрээр охиныхоо амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулах, ам бүлийн тоо нэмэгдсэн учир томсгож өгөх зорилгоор, мөн гуравдагч этгээд Б.Ц нь “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-тэй найз нөхдийн холбоотой, тэдний хооронд өр, зээл, авлагын асуудал байсан ба бизнесийн хамтрагчид харилцан тохиролцож авлагынхаа оронд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжүүлж авсан.

“Ц” ХХК-иас ном, журмын дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хуулийн дагуу шилжүүлж авсан бөгөөд шударгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Орон сууц болон авто зогсоолыг шилжүүлж авахад улсын бүртгэлд ямар нэгэн үүрэг ногдуулсан зүйл байгаагүй бөгөөд бүртгэлийн хуульд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтийг өгсөн, бүртгэлийн байгууллага хуульд заасан төрийн үйлчилгээг үзүүлсэн асуудал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хэрэв ямар нэг үүрэг ногдуулсан, барьцаалбартай, эрхийн зөрчилтэй орон сууц, авто зогсоол байсан бол улсын бүртгэгч бүртгэлд шилжүүлэг хийж өгөхгүй байсан. 

Улсын бүртгэл хууль журмын дагуу гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн хийгдсэн бөгөөд үүнд улсын бүртгэгчийг буруутгаж байгаа “В” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “В” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Ц” ХХК-ийн нэр дээр дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг “В” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “... шүүхийн шийдвэрүүдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “Ц” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан нэг ч үг, өгүүлбэр байхгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал хууль бусаар өмчлөх эрхийг “Ц” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “В” ХХК-ийг оролцуулаагүй, гүйцэтгэх баримт бичигтэй танилцах, тайлбар гаргах, саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль бус болсон...” гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нар нь “ ... шүүхийн шийдвэрийг биелүүлж бүртгэл хийгдсэн, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, бүртгэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн...” гэж талууд маргажээ.

Нэг. Бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“В” ХХК нь “Ц” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 201-16, 201-35 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” -г мөн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278  тоот “Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” -г тус тус байгуулж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтанд оруулжээ .

Улмаар “Ц” ХХК нь “В” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “201-16, 201-35 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278  тоот “Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлж, Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцнууд болон В2 давхар дахь 76, 77, 78 дугаартай авто зогсоолууд, тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийг нотлох, өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагч “Ц” ХХК-д хүлээлгэн өгөхийг үүрэг болгох” нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хариуцагч “В” ХХК нь “Ц” ХХК-д холбогдуулан “201-16, 201-35 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278  тоот “Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдээс тус тус татгалзаж, хүчингүй болгуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 102/ШШ2016/******* дүгээр шийдвэрээр  нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/******* дүгээр тогтоолоор  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан голден вилл хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 16 тоот, 2 дугаар орцны 35 тоот орон сууц болон тухайн байрны В2 давхар дахь 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “В” ХХК-д үүрэг болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь заалтад зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу “В” ХХК нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2017/******* дугаар захирамж , мөн өдрийн 102/ГХ2017/00623 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас  бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/13644 тоот албан бичгийг Х******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс /улсын бүртгэгч Т.Ч/ нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон түүнийг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, “Ц” ХХК-ийн мэдүүлэг, дүрэм, гэрчилгээ, “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, барилгын план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хянаж үзээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Ц” ХХК-ийн нэр дээр анх эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.

Улмаар “Ц” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот орон сууц болон 200 дугаар байрны В2 давхрын 76 тоот авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х******* дүүргийн тойргийн 249 тоот нотариатчийн гэрчилсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг үндэслэн “Ц” ХХК-иас Б.Х-ын нэр дээр, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 200 дугаар байрны В2 давхрын 77 тоот авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х******* дүүргийн тойргийн 249 тоот нотариатчийн гэрчилсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг үндэслэн “Ц” ХХК-иас Б.Ц-ын нэр дээр тус тус өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээг олгосон байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.5-д “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” эрх, үүргийн хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот орон сууцны зориулалттай 133.83 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны В2 давхрын 76, тоотын 12.17 м.кв талбай бүхий авто зогсоолуудыг “Ц” ХХК-ийн нэр дээр, “Ц” ХХК-аас Б.Ц, Б.Х нарт шилжүүлсэн  эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох буюу “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “В” ХХК-г гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, үүргээ биелүүлэхийг даалгах буюу Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцны зориулалттай 133.83 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны В2 давхрын 76, 77, 78 тоотын 12.17 м.кв талбай бүхий авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасан боловч хариуцагч “В” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр албадан гүйцэтгэсэн байх бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг дээрхээс өөрөөр буюу “...үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх гэсэн үг, өгүүлбэр байхгүй...” гэж ойлгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн “В” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, гүйцэтгэх баримт бичигтэй танилцах, тайлбар гаргах, саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль бус болсон гэх үндэслэл нь бүртгэлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл биш юм. 

Иймд улсын бүртгэл нь шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх журмаар хийгдсэн, бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул “В” ХХК-ийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай:

“В” ХХК нь Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцны зориулалттай 133.83 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны В2 давхрын 76, 77, 78 тоотын 12.17 м.кв талбай бүхий авто зогсоолуудыг өмчилж авахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан мэдүүлгийг гаргаагүй, нөгөөтээгүүр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн “Ц” ХХК-ийн өмчлөлд бүртгэж гэрчилгээг олгосон гэж шүүх дээр дүгнэсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтад зааснаар Х******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууцны зориулалттай 133.83 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Х******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны В2 давхрын 76, 77, 78 тоотын 12.17 м.кв талбай бүхий авто зогсоолуудыг “В” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээг олгохыг даалгах үндэслэлгүй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.5, 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ц” ХХК-ийн нэр дээр дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг “В” ХХК-ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  47  дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА