Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1290

 

                                           А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Мандаад холбогдох

Гэм хорын хохиролд 18 753 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч Н.Мандаагийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Уранчимэг, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Мөнхцэцэгийн 2 500 ам.доллар, М.Гадиймаагийн 2 500 ам.доллар, Н.Мандаагийн 3 100 ам.доллар, өөрийнхөө 5 300 ам.долларыг нэмж нийтдээ 13 400 ам.долларыг Б.Гэрэлтуяад зээлдүүлсэн юм. Гэтэл Б.Гэрэлтуяа нь зээлийн төлбөрөө өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргахаар болоод олон хүний нэр дээр нэхэмжлэл гаргахын оронд өөрсдийгөө төлөөлүүлж Н.Мандаагийн нэрээр нэхэмжлэл гаргахаар хэлэлцэж Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Бид Н.Мандаатай амаар хэлэлцэн тохирч өөрсдийгөө төлөөлүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу авсан мөнгөө Б.Гэрэлтуяад зээлүүлсэн хувь хэмжээгээр нь хүн тус бүр авахаар тохиролцсон болно. Ингээд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 490 дугаартай шийдвэрээр 26 553 000 төгрөгийг гаргуулан Н.Мандаад олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.  М.Гадиймаа, Х.Мөнхцэцэг хоёроос Б.Гэрэлтуяад авч өгсөн тус бүр 2 500 ам.доллар болон “Сидан” ХЗХ-ноос зээлсэн 16 750 000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй зээлсэн мөнгө нэхэгдэж хүнд байдалд орсон тул Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 31-1-4 тоот 3 өрөө байраа 2 өрөө байраар сольж зөрүүнд нь авсан мөнгөө М.Гадиймаа, Х.Мөнхцэцэг мөн “Сидан” ХЗХ-ноос авсан мөнгөө төлж дуусгасан. Яг энэ үед Н.Мандаа намайг 1 000 ам.доллар өг гэсэн, надад тухайн үед мөнгө байгаагүй. Төлбөр төлөгч Б.Гэрэлтуяаагаас 3 100 ам.доллараа 6000 ам.доллар болгон төлбөр авах өдрийн ханш 1 300 төгрөгөөр бодож 7 800 000 төгрөгийг авч надад мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт тавьж ШШГА-ны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан. Иймд Н.Мандаа нь бидэнтэй хэлэлцэж тохирсны дагуу тараан өгөх ёстой байсан 8 753 000 төгрөгийг бидэнд мэдэгдэлгүйгээр дураараа аашилж зориуд санаатай үйлдлээрээ бидний мөнгийг өгөлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд Н.Мандаагаас 18 753 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мандаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал хуралдаж "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн 4708 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу А.Уранчимэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үлдээсэн 18 692 290 төгрөгийг Б.Гэрэлтуяагаас гаргуулж шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэл гаргасан. А.Уранчимэг Б.Гэрэлтуяа хоёр хэдэн төгрөгийн өглөгө авлагатайг мэдэхгүй. 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас утсаар ярьсаны дагуу 6 000 ам.доллартай тэнцэх 7 800 000 төгрөгийг Б.Гэрэлтуяагаас авсан. Шийдвэр гүйцэтгэгчээс "Танай албанд Б.Уранчимэг гэдэг хүнээс Б.Гэрэлтуяатай холбоотой өргөдөл, санал хүсэлт ирсэн үү” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Энэ хэрэг дотор 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Гэрэлтуяатай миний байуулсан гэх 3 100 ам.долларын зээлийн гэрээ хийсэн баримт байна. Энэ гэрээг би хийгээгүй, А.Уранчимэг миний нэрийг ашиглаж өөрөө бичиж шүүхэд худал баримт бүрдүүлж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мандаагаас 9 881 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Уранчимэгт олгож, нэхэмжлэлээс 8 872 075 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Мандаагаас 173 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уранчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Мандаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний хувьд А.Уранчимэгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн гэрээ, хэлцэл байхгүй, намайг түүнтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэж улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 490 дугаартай шийдвэр гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Харин 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 490 дугаартай шийдвэр нь М.Гэрэлтуяа бид хоёрын зээлийн асуудалд хамааралтай байгаа бөгөөд энэ шийдвэрээр тогтоосон төлбөрийг А.Уранчимэгт төлөх үүрэг надад байхгүй. Нэхэмжлэгч А.Уранчимэг нь Б.Гэрэлтуяагаас авах төлбөрөө түүнээс нэхэмжлэх ёстой байхад энэ асуудалд намайг хамааруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх заалт нь худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан байх бөгөөд А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй хамааралгүй юм. Миний хувьд А.Уранчимэгийн мөнгө төлсөн гэх Х.Мөнхцэцэг.М.Гадиймаа гэх хүмүүсийг танихгүй бөгөөд тэдний хооронд үүссэн мөнгө зээлийн асуудлыг би мэдэхгүй болно. Гэтэл шүүх нэхэмжлэгч А.Уранчимэг хариуцагч Н.Мандаа Х.Мөнхцэцэг, М.Гадиймаа нар мөнгөө нийлүүлж 14 500 ам.долларыг Б.Гэрэлтуяад зээлдүүлсэн байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх мөн нэхэмжлэгч А.Уранчимэгт ногдох төлбөрийг тооцохдоо нэхэмжлэгчийн нэхсэн 18 753 000 төгрөгийн хэмжээнд бус Б.Гэрэлтуяад зээлдүүлсэн 14 500 ам.доллараас хариуцагч Н.Мандаагийн авсан 6 000 ам.долларыг хасаж үлдэх 8 500 ам.доллартай тэнцэх 9 881 250 төгрөгийг хариуцагч н.Мандаагаас гаргуулах нь зүйтэй, гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. М.Гэрэлтуяа бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл нь тухайн үед 13 400 ам.доллар байсан байхад шүүх 14 500 ам.доллар гэж тооцсон нь үндэслэлгүй байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрийн Н.Мандаагаас 9 881 125 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А.Уранчимэг нь хариуцагч Н.Мандаа, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 97 тоот тогтоолыг хүчингүй болгон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, төлбөрийн үлдэгдэл 18 753 200 төгрөгийг А.Уранчимэг захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгож, 18 753 200 төгрөгийг өөрт нь олгохыг шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Н.Мандаагаас гэм хорын хохиролд 18 753 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “…Х.Мөнхцэцэг, М.Гандиймаа, Н.Мандаа болон миний бие нийт 13 400 ам.долларыг Б.Гэрэлтуяад зээлдүүлж, Н.Мандаагийн нэрэн дээр шүүхийн шийдвэр гаргуулсан, Баянзүрх дүүргийн 2009 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 490 дүгээр шийдвэрээр Б.Гэрэлтуяагаас Н.Мандаад 26 553 000 төгрөг гаргуулан олгосон бөгөөд уг төлбөрт Х.Мөнхцэцэг, М.Гандиймаа бид гуравын авлага багтаж байсан юм. Гэтэл Н.Мандаа нь зөвхөн өөрт ногдох авлагаа авч, үлдэх 18 753 200 төгрөгийг авахгүй гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж гэм хор учруулсан” гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар гэм хорын эрх зүйн маргааныг 3 шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр хэлэлцэх байтал 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэргийг шүүгч дангаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдхүүнээр хэргийг хянан шийдвэрлсэн, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид  ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж үзэж өөрчилсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөж байхад тухайн асуудлаар зохигчдыг шинээр нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын эрхийг хязгаарлажээ.

Хэдийгээр хэрэгт гуравдагч этгээд оролцуулах эсэх нь талуудын эрх боловч энэ хэрэгт Х.Мөнхцэцэг, М.Гандиймаа гэх хүмүүсийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодоохойлж байхад анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар тэдгээр иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг тодруулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байхад тухайн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн үүрэг гэх зохицуулалтыг барьж хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагч Н.Мандаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Н.Мандаа нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 173 050 төгрөг төлөхөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/00092 дугаар захирамжаар чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                          ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                             Ш.ОЮУНХАНД