Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00112

 

 

 

 

 

 

 

 

 

  2026 01 14 210/МА2026/00112

 

Б.А*******, ******** ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08359 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А********, ******** ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.У********-т холбогдох

 

******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.А********-ыг чөлөөлж, Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, Ж.У********-ээс ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын ******** дугаартай компанийн тамгыг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А********, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т********, Н.Н******** /цахимаар/, хариуцагч Ж.У********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.А******** миний бие 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн ******** ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, 2018 оны 09 сарын 06-ны өдрөөс хойш 30 хувийн эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс хойш 60 хувийг хувьцааг эзэмшиж байна.

1.2. 2021 оны 10 сард ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э******** нас барсан учир түүний эхнэр Ж.У******** нь 70 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг өвлөн авахаар болсон. Миний бие Ж.У********-тэй 2022 оны 04 сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж уг гэрээний дагуу Ж.У******** нь гүйцэтгэх захирлаар Б.А******** намайг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч, хагас жилээр санхүүгийн тайлан болон ажлын явцын талаар мэдээлэл авч байхаар тохиролцсон. Ингэж тохиролцсоны дагуу Ж.У********-ийг компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай компаниас гарах эрх зүйн баримт бичгүүдийг бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.У********-т эх хувиар нь өгч явуулсан. Мөн Ж.У******** нь надад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр нягтлан бодогч Б.Т*****-аас компанийн тамгыг авч 2022 оны 04 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд гэрчилгээ, тамгыг буцааж өгөхөөс татгалзсан.

1.3. Ж.У******** нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр Б.А***** надтай утсаар холбогдоод компанийн санхүүгийн талаар асууж тодруулах зүйл байна, нягтлан бодогчоо дагуулж ирээрэй гэсний дагуу уулзахаар болсон. 2022 оны 05 сарын 05-ны өдөр Ж.У********-тэй уулзахад би компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон учраас гүйцэтгэх захирал болмоор байна гэж тулгасан. Уг саналыг миний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн өдрийн уулзалтаар Ж.У******** нь Б.А******** намайг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон. Миний зүгээс Ж.У********-ийн энэ үйлдэл хууль зөрчиж байгаа талаар тайлбарласан. Гэвч Ж.У******** нь ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, хурлаар гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой асуудал хэлэлцсэн болгож гүйцэтгэх захирал Б.А******** намайг тус хуралд оролцсон, 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилох тухай хурлын тэмдэглэл, тогтоолыг өөрийн дураар үйлдэж миний бие гарын үсэг зурахаас татгалзсан. Ж.У******** нь уг хууль бус хурлын тэмдэглэл болон тогтоолоо ашиглан өөрийгөө ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргахад бүртгэхээс татгалзсан байдаг.

1.4. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.4-т заасны дагуу 2022 оны 04 сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийх боломжгүй байсан. Учир нь компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдээгүй байснаас гадна Ж.У********-тэй өмнө нь ярилцаж тохиролцсон Хамтын ажиллагааны гэрээтэй учраас ээлжит хурал хуралдаагүй болно. Хэрэв Ж.У******** нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдсэн бол Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл, 61 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах ёстой бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гараагүй. Иймд дээр зөрчлүүд нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гаргасан гүйцэтгэх захирал Б.А********-ыг чөлөөлж, Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

1.5. Хариуцагч Ж.У******** нь компанийн тамга буюу тэмдгийг улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийлгэхээр бүрдүүлсэн баримтад засвар орсон тул шинэчилсэн баримтад даруулах шаардлагатай байна гэж хэлээд баримтдаа даруулахгүйгээр тамгыг биетээр нь авч яваад буцааж өгөөгүй. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журамд заасны дагуу компанийн тамгыг гүйцэтгэх захирал нь хэрэглэж, хадгалж, түшиж ирсэн бөгөөд тамга тэмдэг түших албан тушаалтан гэж тусгайлан томилж байгаагүй, нийтэд хэвшсэн ёсоор байгууллагын удирдлага нь өөрөө тамгаа барьдаг тогтолцоотой. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4-т тус тус заасны дагуу ******** ХХК, Б.А******** нар нь хариуцагч Ж.У********-ийн хууль бус эзэмшлээс компанийн тамга, гэрчилгээг шаардах эрхтэй юм. Иймд хариуцагчаас ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын ******** дугаартай компанийн тамгыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч, миний нөхөр Н.Э******** 2021 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан ба Ж.У******** миний бие 70 хувийн хувьцааг өвлөн авсан.

2.2. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, өр төлбөр, санхүүгийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын 2021 оны ажлын талаарх асуудлыг хэлэлцэх зорилгоор хувьцаа эзэмшигчид харилцан тохиролцож 2022 оны 05 сарын 05-ны өдөр ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийж, уг хурлаар компанийн санхүүгийн талаарх мэдээлэл, баримтыг огт танилцуулаагүй тул ******** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А********-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хувьцаа эзэмшигч Ж.У********-ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхын саналаар томилсон.

2.3. 2022 оны 04 сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үед миний бие ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоогүй байсан, хувьцаа эзэмшигчийн хувьд бус харин иргэн Ж.У********-ийн хувьд гэрээ байгуулсан үйл байдлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахад ашиглах боломжгүй бөгөөд хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчид хуралдаж шийдвэрээ гаргасан, гаргасан шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэсэн боловч Б.А********-ын зүгээс 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоолд хувьцаа эзэмшигч гарын үсэг зурахаас татгалзсан мөн шүүхийн маргаантай гэх асуудлаас болж Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийгдээгүй байна.

2.4. Б.А********-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хийх болсон тухайгаа илэрхийлж түүний гар утас руу 2022 оны 05 сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчийн хурал маргааш 16 цагт болох тухай зурвас илгээж зар хүргэж хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмгөөлөгч Ю.Б********, нягтлан бодогч Б.Т******** нарын хамтаар ирж хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон байдлаа эрс үгүйсгэж 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. Ж.У******** миний бие 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхын саналаар гүйцэтгэх захирлаар томилогдсон учир компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын ******** дугаартай компанийн тамгыг авах эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******** ХХК, Б.А******** нарын хариуцагч Ж.У********-т холбогдох ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон ******** дугаартай компанийн тэмдгийг хариуцагч Ж.У********-ээс гаргуулан ******** ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А********, ******** ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У********-с 140,400 төгрөг гаргуулан ******** ХХК, Б.А******** нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурал, гүүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.А******** тухайн хуралд оролцсон нь тухайн хурлыг хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн хуралд оролцсон гэдэг үндэслэлээр тухайн хуралтай маргах эрхгүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.4-т тус тус заасны дагуу 2022 оны 04 сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийх боломжгүй байсан. Учир нь компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдээгүй байснаас гадна Ж.У********-тэй өмнө нь ярилцаж тохиролцсон Хамтын ажиллагааны гэрээтэй учраас ээлжит хурал хуралдаагүй болно.

4.3. Ж.У******** нь ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдвэрлэсэн бол Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой байсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан байх ёстой байтал ямар нэгэн шийдвэр гараагүй. Ж.У******** нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр уулзъя гэж утсаар яриад, маргааш нь 2022 оны 05 сарын 05-ны өдөр уг хурлыг хийсэн нь хууль зөрчсөн. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах боломжгүй тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулах боломжтой. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д ээлжит бус хурлыг хуралдуулах 7 үндэслэлийг хуульчилсан. Гэтэл Ж.У********-ийн хуралдуулсан хурал нь эдгээр үндэслэлүүдийн альд хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3-т заасан журмыг баримтлаагүй.

4.4. 2022 оны 05 сарын 05-ны өдрийн уулзалт нь зөвхөн компанийн санхүүгийн мэдээлэл солилцох зорилготой байсан бөгөөд ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу аливаа шийдвэр гараагүй байхад Ж.У******** нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, хурлаар гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, дураар аашилж байгаа нь нэхэмжлэгч Б.А********-ын эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь үндэслэл муутай болсон бөгөөд хариуцагч талаас ******** ХХК-ийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болох хүртэлх хугацаанд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-т заасны дагуу гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон талаар тайлбарласан, харин тус компанийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.У********-ийг томилсон байх тул /талууд маргаантай, шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа учраас улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа түдгэлзсэн/ нэхэмжлэгч Б.А******** компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг шаардах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй, ******** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байхад нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон.

5.2. Нэхэмжлэгч Б.А********-ыг ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2022 оны 05 сарын 05-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу чөлөөлсөн, нэхэмжлэгчээс тус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас уг хурлын шийдвэрийн дагуу шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагад байгаа компанийн гэрчилгээ, тамгыг гаргуулах нь үндэслэлгүй төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэртэй шүүхийн шийдвэр зөрчилдөх боломжгүй юм.

5.3. Шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан тооцсон ба нэхэмжлэгчээс анх улсын тэмдэгтийн хураамжийг илүү байдлаар төлсөн учраас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг тооцогдох учиртай байхад 140,400 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Агуулгын хувьд давхцаж байгаа учраас хэлэх тайлбар байхгүй. Хаяг өөрчлөх хүсэлт өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ асуудал өмнө нь яригдаж байгаагүй. Нэг хувьцаа эзэмшигч нь дангаараа хаяг өөрчлөх боломжгүй. Хариуцагч тал хууль зөрчсөн асуудал гаргасан. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал журмын дагуу явагдсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 05 сарын 07-ны өдөр зарлахаар Б.А********-тай ярьж, мессеж бичихэд би Хэнтий аймаг руу явах учраас 05 сарын 05-ны өдөр хурлаа зарла гэж хэлсэн учраас та эгчтэйгээ ирээрэй гэж мессеж бичсэн. Шүүхээс хувьцаа эзэмшигчдийн хурлын бичлэгт 2 удаа үзлэг хийсэн. Мөн нэхэмжлэгч талын бичиж авсан бичлэг болон манай бичиж авсан хурлын протокол, бичлэг журмын дагуу явагдсан. Хууран мэхэлж тамга тэмдэг авсан зүйл байхгүй. Улсын бүртгэлд Б.А********-тай хамт бичиг баримтаа өгсөн бөгөөд улсын бүртгэлийн ажилтан хурааж аваад буцааж өгөхөд нь Б.А******** компанийн хаяг өөрчлөх хүсэлт гаргасан байдаг. Б.А********-аас тамга тэмдгийн талаар асуухад эгчээс очоод ав гэсэн. Би эгчээс нь очиж тамга тэмдэг авсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон процессын талаарх бичлэгийг хэрэгт хавсаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч  нь хариуцагч Ж.У********т холбогдуулан ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.А********-ыг чөлөөлж, Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах,

нэхэмжлэгч ******** ХХК, Б.А******** /гүйцэтгэх захирал/ нар нь хариуцагч Ж.У********-т холбогдуулан ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын ******** дугаартай компанийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд нэхэмжлэгч нь өмгөөлөгч болон нягтлан бодогч Б.Т******** нарын хамт оролцсон, дийлэнх олонхын саналаар Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилсон тул ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг эзэмших эрхтэй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.1. ******** ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.А********-г гүйцэтгэх удирдлагаар томилсныг 2018 оны 09 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн.

 

3.2. ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э******** 2021 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан ба түүний эхнэр Ж.У******** 2022 оны 03 сарын 21-ний өдөр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Н.Э********-ын эзэмшиж байсан 70 хувийн хувьцааг өв залгамжлалаар хүлээн авч, ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, дүрэмд зохих өөрчлөлтийг оруулан бүртгүүлсэн.

 

3.3. ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А********, Ж.У******** нар компанийн эзэмшиж буй Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших ******** дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл, Төв аймгийн Баян суманд орших ******** дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны талаар 2022 оны 04 сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ-г байгуулсан. /2-р хх-70-71х/

 

4. Талууд 2022 оны 05 сарын 05-ны өдрийн ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль зөрчсөн эсэх, уг хурлаас гарсан гэх Б.А********-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.У********-ийг томилсон шийдвэр хүчинтэй эсэх, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга эзэмших эрхийн талаар маргажээ.

 

4.1. ******** ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ж.У******** нь утсаар хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.А********-т 2022 оны 05 сарын 04-ний өдөр 5 өдөр буюу 6-ны 15 цагт J таурын 1 давхарт уулзъя. Нягтлан бодогч эгчийгээ аваад ирээрэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж санхүү дээр ярилцах хэрэгтэй байна. За тэгвэл маргааш 16 цагт шүү гэсэн мессеж илгээж, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 16:05 цагт нэг талаас Ж.У********, Ж.У********-н дүү Ж.Т********, Ж.У********-ийн өмгөөлөгч Н.М******** нар, нөгөө талаас Б.А********, нягтлан бодогч Б.Т********, Б.А********-ын өмгөөлөгч Ю.Б******** нар уулзаж, ярилцсан байх бөгөөд уг уулзалтаас гүйцэтгэх захирал Б.А********-ыг хувьцаа эзэмшигчдийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.У********-ийг томилсон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гаргасан, тогтоол, тэмдэглэлийг Б.А********-т и-мэйлээр хүргүүлсэн байна. /2-р хх-76-82х/

 

2022 оны 05 сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Б.А******** гарын үсэг зураагүй, мөн Б.А******** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газарт хүсэлт гаргасан, Улсын бүртгэгчийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ******** дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэр-ээр гүйцэтгэх захирал өөрчилснийг бүртгээгүй үйл баримт тогтоогдож байна. /2-р хх-72-73,77х/

 

4.2. Хувьцаа эзэмшигч Ж.У******** нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах компанийн эрх бүхий албан тушаалтан биш тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар санал, шаардлага гаргаж ээлжит бус хурлыг хуралдуулах эрхтэй боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3-т заасан журмыг тус тус баримтлах үүрэгтэй.

 

Хариуцагч Ж.У******** нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3-т тус тус зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлага гаргаагүйгээс гадна мөн зүйлийн 61.7-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй тул 2022 оны 05 сарын 05-ны өдрийн дээрх уулзалтыг ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдсан, хурлыг хүчинтэй гэж үзэх гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус аль ч хурлыг хуралдуулах тохиолдолд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулахаар мөн зүйлийн 60.3-т зохицуулсныг хариуцагч Ж.У******** зөрчсөн.

 

Иймд 2022 оны 05 сарын 05-ны өдрийн ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус гэж үзэх тул уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.А********-г ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.У********-ийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4.3. Анхан шатны шүүх ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тухайн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулаагүй нь Ж.У********-ийн өв залгамжлалтай холбоотой тул гүйцэтгэх удирдлага Б.А********-н бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-т заасантай нийцсэн байна.

 

4.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 210/МА2024/00013 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******** ХХК-ийн энгийн хувьцааны 30 ширхэг буюу 30 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.А********-т шилжүүлэхийг хариуцагч Ж.У********-т даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь талуудын энэхүү маргаанд хамааралгүй байна. /1-р хх 38-49х/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А********-ыг хуралд оролцсон, талуудын хооронд 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ үргэлжилж байгаа гэх үндэслэлээр хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд нийцээгүй тул нэхэмжлэгч Б.А********-ын ...хуралд оролцсон гэх үндэслэлээр хуулийн буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангана.

6. ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг гаргуулах шаардлагын тухайд,

 

6.1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т тус тус зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6.1-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална гэж, 6.2-т Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон ...ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Ж.У******** нь нэхэмжлэгчээс компанийн гэрчилгээ тамгыг түр хэрэглэхээр авсан боловч 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлаар өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж үзээд компанийн гэрчилгээ, тамгыг өөрийн мэдэлд байлгах эрхтэй гэж маргасан.

 

******** ХХК-ийн дүрмээр компанийн гэрчилгээ, тамгыг хэн хариуцахыг нарийвчлан заагаагүй боловч компанийн гүйцэтгэх захирлын мэдэлд байх ёстой гэдэгт зохигч маргахгүй байна.

 

6.2. Анхан шатны шүүх ******** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А********-ыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй гэж үзэн ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг хариуцагч Ж.У********-ээс гаргуулж ******** ХХК-д олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, ******** ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.А******** тул компанийн гэрчилгээ, тамгыг хэрэглэх, өөрийн мэдэлд байлгах эрхтэй, мөн энэ эрхийнхээ хүрээнд ******** ХХК-тай хамт нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

 

6.3. Хариуцагч Ж.У********-ийг ******** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон гэх 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Ж.У********-ийн ...шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагад байгаа компанийн гэрчилгээ, тамгыг гаргуулах үндэслэлгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй шүүхийн шийдвэр зөрчилдөх боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор зохицуулсан тул нэхэмжлэгч Б.А********, ******** ХХК нарыг улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг хариуцагчид хариуцуулсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасанд нийцсэн байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

7. Талууд компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд, хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан гэх шийдвэр, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээний талаар маргасан байхад анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08359 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар ******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.А********-ыг чөлөөлж, Ж.У********-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгож, Ж.У********-с ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамга /******** дугаартай/-ыг гаргуулж, нэхэмжлэгч "******** ХХК, гүйцэтгэх захирал Б.А********-т олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын...хариуцагч Ж.У********-с 140,400 төгрөг гэснийг 210,600 төгрөг гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Амараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.У********-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ХУЛАН

 

 

  ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Н.ОЮУНТУЯА