Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00121

 

 

 

 

 

 

 

2026 01 14 210/МА2026/00121

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08708 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Х*******, Ч.О******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 88,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч болон хариуцагч Ч.О*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие С.Х*******, Ч.О******* нартай Зээлийн гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус 6 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж, тухайн мөнгийг С.Х*******-ын Хаан банкны 5******* тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр 5,000,000 төгрөгийг С.Х******* данс руугаа шилжүүлэн авч зээлсэн.

1.2. Зээлдэгч С.Х******* нар нь зээлсэн мөнгөний тооцооны тухайд:

- 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийн хүүд нийт 2,075,000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасны дагуу зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Үлдэгдэл нь: үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг болж байна.

- 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийн хүүд нийт 2,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Үлдэгдэл нь: үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг болж байна.

- 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 15,000,000 төгрөгийн хүүд нийт 3,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Үлдэгдэл нь: үндсэн зээл 15,000,000 төгрөг, 4 сарын хүү 6,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөг болж байна.

- 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 15,000,000 төгрөгийн хүүд 1,500,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Үлдэгдэл нь: үндсэн зээл 15,000,000 төгрөг, 5 сарын хүү 7,500,000 төгрөг, алданги 11,250,000 төгрөг, нийт 33,750,000 төгрөг болж байна.

- 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулалгүй 5,000,000 төгрөгийг зээлсэн тул хүү болон алданги тооцоогүй, үлдэгдэл үндсэн зээл 5,000,000 төгрөг.

1.3. Иймд С.Х*******, Ч.О******* нараас 5 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 15,500,000 төгрөг, алданги 27,750,000 төгрөг, нийт 88,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид нэхэмжилж байгаа нийт 88,250,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. С.Х******* миний зүгээс үндсэн зээл 45,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Анх 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг гэж 10 хувийн хүүтэй зээлж байгаад хүүгээ төлж чадахгүй болсон үедээ нэмүүлж явсаар 45,000,000 төгрөг болсон нь үнэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 88,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 599,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон бөгөөд С.Х*******, Ч.О******* нарын бүртгэлтэй, оршин суудаг хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шуудангийн ажилтан манай гэрт ирэх үед бид хоёр ажилдаа явсан, гэрт хүнгүй байсны улмаас мэдэгдэх хуудсыг гардуулж чадаагүй, шүүхэд буцаагдсан байдаг. С.Х******* миний бие 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 05 минутын үед шүүгчийн туслах утасдаж хэлсэн тул шүүгчийн туслахад шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно, тухайн үед Нарны хороололд байсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-д зааснаар зохигчид шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал хариуцагч миний бие шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болдог өдөр, минутад мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь шүүхээс зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхыг шаардах бөгөөд гэтэл шүүхээс хуралдааны товыг мэдэгдэж чадаагүй буюу шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хариуцагч нарт гардуулагдаагүй болох нь шуудангийн буцаалтаар тогтоогддог. Мөн хариуцагч нараас оршин суугаа хаягаа өөрчилсөн зүйлгүй бөгөөд зөвхөн шуудангийн ажилтан ирдэг өдөр гэрт нь хүн байхгүй эзгүй байж таарсан болно.

Иймд анхан шатны хариуцагч бидний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсний улмаас хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгч чадаагүй болно.

4.2. 2022 онд батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхэлдэг иргэн Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлсэн байхаас гадна зээлийн хүүгийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэтрээгүй хүү авахаар гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.", 19 дүгээр зүйлийн 19.1.8-т анз хэрэглэхийг хориглосон.

Гэтэл Б.А******* нь байнга ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ч холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хэмжээгээр хүү болон алданги шаардаж байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг ноцтой зөрчиж байхад шүүх энэ асуудлаар нэхэмжлэгч талаас тодруулалгүй нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.3. Миний бие Б.А*******-с 2023 оны 11 дүгээр сараас эхлэн байнга хүүтэй мөнгө зээлж байсан бөгөөд зарим саруудад хүүгээ төлж чадахгүй тохиолдолд үндсэн төлбөрөө нэмэгдүүлэх байдлаар явж байсан. Мөн зээлийн хугацааг үргэлжлүүлэн сунгах үед Б.А******* өөр хүний данснаас над руу 5,000,000 төгрөг шилжүүлж, би түүнийг Б.А******* руу шилжүүлж зээлээ хааснаар Б.А*******-аас дахин 5,000,000 төгрөг над руу зээлэх байдлаар шилжүүлж хугацааг сунгаж явдаг байсан. Харин би Б.А*******-с орж ирсэн 5,000,000 төгрөгийг буцаагаад найз руу нь шилжүүлэх журмаар явдаг байсан. Гэтэл Б.А******* нь сүүлийн 5 зээлийн гэрээн дээр төлж чадахгүй байсан хүүг үндсэн зээл маягаар олгож явсан хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дахин хүүгээ төлөөгүй гэдгээр шаардаж байгаа нь надаас 2 удаа хүү авч байгаатай ялгаагүй болсон байна. Эдгээр нөхцөл байдлууд нь миний банк дах дансны хуулганаас тодорхой харагдах бөгөөд үүнийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд өгөхөөр бэлдсэн байсан боловч хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэснээр хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Зээлийн маргааныг шийдвэрлэхэд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч бодитоор мөнгө шилжүүлсэн эсэх, зээлийн төлбөрт хэдэн төгрөгийг буцаан төлсөн эсэх, тухайн зээлдүүлэгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байтал эдгээр баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулалгүй зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл, холбогдох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь процесс хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг зөрчил гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчтай н.А******* гэх хүнээр дамжуулан танилцсан. 5,000,000 төгрөгөөр 3 удаа зээл авсан. Үүний дараа 15,000,000 төгрөг зээлэхдээ 9,000,000 төгрөгийн барааны өглөгтэй болсон, үүнийг төлж барагдуулаад 2 дахин их бараа зээлээр авах боломжтой болно гэж гуйж зээл авсан. Мөн 12 дугаар сард орон сууцад 20,000,000 төгрөг төлөх ёстой, 15,000,000 төгрөгийн зээл авах юм бол 5,000,000 төгрөг нэмээд орон сууцны төлбөрөө төлөх боломжтой болно гэж оройн цагаар гуйсаар зээл авсан. Тухайн үед миний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учир өөрийн хүүхдийн хадгаламжийг барьцаалан зээлдүүлж байсан. Хариуцагч 15,000,000 төгрөг зээлж аваагүй гэж худал ярьж байна өөрийн биеэр ирж гуйсаар байгаад зээл авч байсан. Би хариуцагчид та эхний зээлээ төлж барагдуулаагүй байхдаа дахин зээлэх нь төлөлтөд хүндрэл үүсгэж магадгүй гэж хэлэхэд хариуцагч би сард 2,700,000-3,000,000 төгрөгийн орлого олдог учир зээлийг асуудалгүй төлж барагдуулна гэж хэлдэг байсан. Хариуцагчийг би сайн танихгүй. Түүнд итгэж мөнгө зээлдүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч С.Х*******, Ч.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг нь зөвшөөрч, үндсэн зээл 45,000,000 төгрөгийг төлнө, хүү, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

 

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зээл авсан боловч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,500,000 төгрөгийг төлж, мөн өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг авсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөгийг зээл хаалаа гүйлгээний утгатайгаар төлж, мөн өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,133,000 төгрөгийг зээл хаав гүйлгээний утгатайгаар төлсөн тухай баримт авагдсан байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи зээлийн төлбөрийг нэхэмжилж, уг хугацаанаас хойшхи дансны хуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоно гэж тайлбарласан атлаа уг дансны хуулгаар зээл төлөгдсөн тухай баримтыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх зээлийг төлсөн баримт гэж тайлбарлаж байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө хариуцагчид зээл олгож, зээлийн харилцаатай байсанд талууд маргахгүй боловч хариуцагч зээлийн төлбөрүүдийг төлсөн гэж маргадаг. Иймд дансны хуулгад авагдсан зээлийн төлбөр хаасан тухай баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

 

4.3. Мөн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч бодит байдлаар уг мөнгийг шилжүүлж өгөөгүй, өмнөх 2 зээлийн төлбөрийг нэгтгэн бичиж, 5,000,000 төгрөгийг л өгсөн, дансаар шилжүүлсэн мэт харагддаг ч өгсөн мөнгийг өөр этгээдийн дансаар дамжуулан буцаан авдаг байсан гэж хариуцагч талаас маргасан байна.

 

Дээр дурдсан талуудын тайлбар, хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж тогтоогоогүй, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй байна.

 

5. Мөн нэхэмжлэгч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх эрх бүхий этгээд мөн эсэхийг шүүх тогтоох нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой болно.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас шуудангаас буцаагдсан байхад хариуцагч нарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хийлгүйгээр өөр хаяг мэдэгдээгүй, хуралдааны товыг лавлах үүрэгтэй гэх үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т нийцээгүй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцох зохигчийн эрхийг бүрэн хангасан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С.Х*******-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Н.ОЮУНТУЯА