Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/02155

 

*******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06359 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 91,557,493.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

       1.1.Хариуцагч “*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 61,238,169.19 төгрөг, алданги 30,319,325 төгрөг нийт 91,557,493.79 төгрөгийн өрийг үүсгээд байна.

            1.2. “*******” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах тухай улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 007 дугаар албан шаардлагыг хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасан боловч хугацаандаа төлөөгүй.

            Иймд нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 91,557,493.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 91,557,493.79 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ын газарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас 615,737 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1.Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хууль (1994)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1-т тус тус заасан үндэслэлүүдийг дурдсан атлаа, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

            Хариуцагч “Би Эм Эл Солюшн” ХХК нь 2021 оны 08 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 61,238,169.19 төгрөгийн шимтгэлийг дутуу төлсөн. Уг шимтгэлийн өр үүссэн цаг хугацаанд хамаарах эрх зүйн зохицуулалтын хүрээнд 2021-2024 оны хугацаа дахь шимтгэлийн алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байсан эсэхийг ялган зааглаж тогтоох учиртай. Тодруулбал, 1994 оны Нийгмийн даатгалын хуульд шимтгэлээс үүдэлтэй алдангийг хэдэн хувиар тооцох, ямар аргаар суутган авах зэрэг аргачлалыг нарийвчлан зохицуулаагүй.

            2021-2024 оны хооронд үүссэн дээрх шимтгэлийн өр нь тодорхой хугацаанд Нийгмийн даатгалын санд төлөгдөж байсан бөгөөд тус хуулийн үйлчлэлийн үед *******ын газраас албан бичиг, алданги шаардах талаарх мэдэгдэл огт хүргүүлж байгаагүй нь талуудын хооронд дээрх шимтгэлийн өр үүсэхэд алданги нэхэмжлэх тохиролцоо байгаагүй болохыг илтгэдэг.

            4.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн даатгуулагчийн эрхэд хамаарах зохицуулалтыг оруулсан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, хохирол, зардлын асуудлуудыг хөндсөн.

            4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т алдангид 30,319,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай байхаас гадна 2024 оноос үүссэн шимтгэлийн өрөнд ногдох алданги хэдий хэмжээний болохыг нэхэмжлэгч өөрийн шаардлагын хүрээнд нотлох ажиллагаа хийгээгүй тул түүнийг шүүхээс засч, залруулан, тооцоолж хангах үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, энэхүү заалт хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш төлөгдөөгүй шимтгэлээс алданги тооцох эрх нэхэмжлэгчид үүсч байхад 2021-2023 онуудад үүссэн шимтгэлийн өрнөөс алданги тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгчид алданги шаардах эрх нь 2024 онд үүссэн тохиолдолд өмнөх хугацааны алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч яригдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2 мэдэгдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан шаардлага болон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлийг нотлох баримтаар тооцсон. Энэ нь өмнөх хугацааны, өмнөх хуулийн үйлчлэлийн үед хамаарах алдангитай холбоотой албан мэдэгдэл огт хүргүүлж байгаагүй болох нь харагдана.

            4.4.Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх талаар харилцан тохиролцож байсан ба тухайн үед хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбараа тусгуулан илэрхийлж байсан. Иймд алданги 30,319,325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1.Давж заалдах гомдолд *******ын газраас албан бичиг, алданги шаардах тухай мэдэгдэл огт хүргүүлж байгаагүй гэж тайлбарладаг. Гэвч уг асуудалд *******ын газраас албан шаардлага, данс хаах тухай мэдэгдэл хүргүүлж байсан ба нийгмийн даатгалын байцаагч хариуцагч компанийн захиралтай тогтмол утсаар холбогдож байсан.

            5.2.Хариуцагч талаас алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хэмжээний төлөлт хийсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг бууруулах тухай асуудлыг хариуцагчийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалж хэлэлцэн авч үзэж болох тухай ярьж байсан ч үйл хэрэг болгож байгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ын газар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 91,557,493.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

3.1.Хариуцагч “*******” ХХК нь 2021 оны 08 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд нийт 61,238,169.19 төгрөг дутуу төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоож, уг мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасантай нийцнэ. Энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

3.2.Нэхэмжлэгч *******ын газраас дээрх хугацаанд үүссэн алдангийн тооцоолол гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба тухайн баримтад Зөрчлийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу алдангийг 2 өөрөөр тооцсон байна.

            Анхан шатны шүүх нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль өөрчлөгдсөн байхад тухайн үед үйлчилж байсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэлгүй 2024 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь буруу.

            3.3.Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуульд "Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага" гэсэн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан. Тус өөрчлөлтийн дагуу тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан.

            Уг зохицуулалтын дагуу ажил олгогч-даатгуулагч тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн тохиолдолд алданги тооцох тусгайлсан нөхцөлийг тавьсан байна. Харин зохигчийн маргаж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь тооцооны алдаанаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Иймд “2021, 2022, 2023 онуудад үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс алданги тооцох үндэслэлгүй” гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.

                       

            4.Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүнээс тооцсон алданги 1,695,240 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

           

            5.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж..... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, харин хуулийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зохицуулжээ.

Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.15-д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахаар заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алдангид холбогдох зөрчлийг хянан шалгаж улсын байцаагч акт тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу алданги шаардсан нь үндэслэлгүй.

           

            6.Иймд хариуцагч “*******” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 62,933,409.19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ын газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,624,084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.

           

            7.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.    

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06359 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 62,933,409.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ын газарт олгож, нэхэмжлэлээс 28,624,084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “615,737” гэснийг “472,617” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Д.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                           Б.АЗБАЯР