Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00183

 

 

 

 

 

2026 01 21 210/МА2026/00183

 

 

 

К****** ХХК *************-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/08820 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К****** ХХК *************-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Э************-т холбогдох,

 

326,357,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н************, Б.Ц************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б****, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.Э************ нь К************-тай 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 314 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 160,000 ам.долларыг сарын 1.8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул К************-аас Э.Э************-т холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжилсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04323 тоот шүүгчийн захирамжаар Э.Э************-с 376,951,931.51 төгрөгийг гаргуулах, төлөхгүй бол барьцааны хөрөнгийг үл маргах журмаар нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийн дагуу барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ************ дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ************ тоот орон сууцыг гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр К************-ны нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, өмчлөлд шилжүүлсэн тул 326,357,658 төгрөгөөр өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэн авч, зээлдэгч Э.Э************-н зээлийн дансыг хаасан байна.

1.2. Авлага, гэм хор хэрхэн үүсэн тухайд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2016/00651 тоот шүүгчийн захирамжаар 102/ШШ2015/04323 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/2017/0115 дугаартай шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-2206008994 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлалтай, 376.1 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К************" ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э************, Б.О************, Б.Ц************ нарын өмчлөлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн тул К************ ХХК, Э.Э************ нарын хооронд байгуулагдсан 314 тоот гэрээний үүрэг биелэгдэхгүй нөхцөл байдал үүссэн. Иймд өмчлөх бусад хөрөнгийн данснаас хасалт хийж, Э.Э************-н нэр дээр 326,357,658 төгрөгийн авлага үүсгэн бүртгэснээр, банканд их хэмжээний гэм хорын хохирол үүссэн тул Э.Э************-ээс 326,357,658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 314 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг байгуулж, 160,000 ам.долларыг зээлдэгч Э.Э************-т шилжүүлж, зээлдэгч өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлалтай 379.9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай барилга, гэр ахуйн цахилгаан бараа тавилга эд хогшлын хамт барьцаалсан.

2.2. Нэхэмжлэгч  нь Э.Э************-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442,890,640 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж, барьцааны хөрөнгийг Э.Э************, Б.О************, Б.Ц************ нарын өмчлөлд бүртгэсэн. Нэхэмжлэгч  нь Э.Э************-ийг банкны зээлийн өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэн авсан, зээлийн гэрээний дагуу 160,000,000 ам.долларыг авснаас 111,430.28 ам.долларыг төлж үлдэх 48,569.72 ам.долларыг төлөхгүй мөн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 48,569.72 ам.доллар буюу 134,575,037.38 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл дахин гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрээр уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж байгаа үйл баримтыг нэг бүрчлэн дүгнэж шийдвэрлэсэн. Тус шийдвэр хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134,575,037 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. К************ ХХК ************-ийн нэхэмжлэлтэй Э.Э************-т холбогдуулан 326,357,658 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа..." гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй..." мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно..." гэж заасан, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.4, 79 дүгээр зүйлийн 79.5, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд 326,357,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б************-ийн хувьд хөрөнгийг ӨБҮХ дансанд бүртгэснээс хойш үйл явц, гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явц, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, зээлийн гэрээтэй холбоотой бэлэн мөнгөний төлөлт, хүчин төгөлдөр, хүчингүй болсон шүүгчийн захирамж, шийдвэрийг үндэслэн гэм хорын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн нь их хэмжээний хадгаламж эзэмшигч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлүүлэх эзэн холбогдогчгүй болгосноор хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

4.2. Зээлдэгч  нь 314 тоот гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгийг буцаан авснаар ӨБҮХ дансанд бүртгэлтэй байсан тус үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааг хийх боломжгүй болгосон. Энэхүү үйлдлээрээ банканд их хэмжээний хохирол үүсгэсэн. Иргэдийн төлөөлөгч нь зээлдэгч Э.Э************-ийг банканд учруулсан гэм хорыг төлөх нь зөв гэж хуулийн дагуу дүгнэлт гаргасан.

4.3. Гэм хорын хохирол үүсэх шалтгаант холбоо ба гэм хор болон авлага төлүүлэх асуудал тасралтгүй явагдсан тухай: Э.Э************ нь К************ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжилсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар захирамжаар Э.Э************-с 376,357,658 төгрөгийг гаргуулах, төлөхгүй бол барьцааны хөрөнгийг үл маргах журмаар нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийн дагуу зээлийн барьцааны хөрөнгийг К************-ны өмчлөлд шилжүүлсэн тул 376,357,658 төгрөгөөр өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэн авч, зээлдэгч Э.Э-н зээлийн дансыг хаасан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр зээлийн барьцааны хөрөнгийн өмчлөгчөөр ************ ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Э.Э************, Б.О************, Б.Ц************ нарын өмчлөлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулснаар өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэлтэй хөрөнгө нь биет байдлаар байхгүй болж, 160,000 ам.долларын гэрээний үүрэг биелэгдэхгүй нөхцөл байдал үүссэн. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 836 тоот шийдвэрээр Капитал банкнаас гаргасан 442,890,640 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр б************-с Э.Э************-т холбогдуулан төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6496 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4.4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/Ш2025/08820 дугаар шийдвэр нь дээрх хэргийн үйл явцыг бүхэлд хянан үзээгүй, нотлох баримтуудыг хэт нэг талыг баримтлан дүгнэж, тал бүрээс нь үнэн бодит байдлыг хуулийн хүрээнд дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэн гомдолтой байгаа бөгөөд иргэн Э.Э************-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосон гол үндэслэл нь барьцааны үл хөдлөх хөрөнгийг К************ нь ӨБҮХ дансыг нээж 326,357,658 төгрөгт тооцон гүйлгээ хийсэн, зээлийн дансыг хаасан. Шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгөө Э.Эрдэнэхишиг нь буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь банканд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар банкны хөрөнгө буюу мөнгөнд гэм хор учруулсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм хор учруулсан шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анх 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар талууд эвлэрсэн. Нэхэмжлэгч байгууллага нь эвлэрлийн гэрээний дагуу хууль бус үйл ажиллагаа явуулсан. Тухайн гэрээ нь хуульд нийцээгүй учраас хуульд заасан журмын дагуу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Э************-ийн өмчлөлийн орон сууцыг буцаахыг даалгаж гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг гүйцэтгэх хуудасны дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс холбогдох ажиллагааг явуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлд 442,880,640 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Шүүх тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш үндэслэлгүйгээр хөрөнгөжих нэхэмжлэл гаргаж байсан. Мөн одоогийн байдлаар гэм хор учруулсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэм хор учруулсан нь хуульд зааснаар үүсэх үүргийн харилцааг нөхцөлдүүлдэг бөгөөд гэм хорын бүрэлдэхүүнийг өөртөө багтаадаг. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд, хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх ёстой гэж зөв дүгнэсэн. Бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөхөөр заасан. Гэтэл хариуцагчид хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр хохирол учруулсан зүйл байхгүй.

5.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зохицуулсан. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэж заасны дагуу анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч  нь Э.Э************-т холбогдуулан 326,357,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ К************ ХХК нь барьцааны үл хөдлөх хөрөнгийг 326,357,658 төгрөгт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авснаар Э.Э************-н зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж зээлийн дансыг хаасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг Э.Э************ буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар К************ ХХК-д Э.Э************-н нэр дээр 326,357,658 төгрөгийн авлага үүсгэн бүртгэгдсэн гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэлгүй тул шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Э.Э************ нь К************ ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 160,000 ам.долларын зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул К************ ХХК нь барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар захирамжаар хариуцагч Э.Э************-с 376,357,658 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлалтай, 376.1 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үл маргах журмаар нэхэмжлэгч К************ ХХК-д шилжүүлэн өгч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн.

Энэхүү захирамжийн дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг К************ ХХК-ийн өмчлөлд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн байна /хх-18-26, 52-54х/

 

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0651 дугаар захирамжаар дээрх шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар захирамжийг хүчингүй болгосон. /хх-55-56х/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3925 дугаар захирамжаар нэхэмжлэгч К************ ХХК нь Э.Э************-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 582,003,259 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээ дахин нэхэмжлэл гаргах эрхтэйгээр татан авсныг баталжээ. /хх-60-61х/

 

4.3. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К************ ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э************ Б.О************ Б.Ц************ нарын өмчлөлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэснээр, тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. /хх-28-32, 59х/

 

4.4. К************ ХХК нь Э.Э************-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 442,890,640 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00836 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-63-67х/

 

4.5. К************-ийн Э.Э************-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134,575,037.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дээрх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00836 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-68-71, 74-75х/

 

5. Талууд нэхэмжлэгчийг 326,357,658 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй эсэх, маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргажээ.

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын эрх зүйн харилцаа гэж буруу дүгнэсэн байна.

 

5.1. Нэхэмжлэгч  нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн барьцааны Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот, 376.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, Э.Э************-ийн зээлийн төлбөр 326,357,658 төгрөгийн үүрэг дуусгавар болсон байх бөгөөд хожим 2016 онд уг захирамж хүчингүй болж, мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К************ ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э************ нарын өмчлөлд бүртгэхийг даалгаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2019 оны 11 дүгээр сард Э.Э************ нарын өмчлөлд буцаан бүртгэсэн. /хх-52, 84 ар тал/

Ингэснээр К************ ХХК-ийн 326,357,658 төгрөгөөр өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэлтэй байсан үл хөдлөх хөрөнгө хасагдаж, Э.Э************-ийн нэр дээр 326,357,658 төгрөгийн авлага үүсгэн бүртгэсэн /хх-27х/-ээр, банканд хохирол үүссэн гэж үзэн Э.Э************-с 326,357,658 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу К************ нь Э.Э*************-с 326,357,658 төгрөгийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, К************ ХХК-ийн хувьд Э.Э************-с зээлийн төлбөр болох 326,357,658 төгрөгт тооцож үл хөдлөх хөрөнгийг нь өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг Э.Э************ буцаан авснаар, Э.Э************ нь зээлийн төлбөр болох 326,357,658 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шаардах эрхтэй юм.

 

5.2. К************ ХХК-ийн Э.Э************-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 442,890,640 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00836 дугаар шийдвэрээр Э.Э************-ийн К************ ХХК-иас авсан 160,000 ам.долларын зээл нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монгол банканд зээлийн өрийн үлдэгдэлгүй, барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот, 376.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К************ ХХК нь бүртгэгдсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь К************ ХХК ************-ийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг Э.Э************ нарын өмчлөлд буцаан шилжүүлснээр, К************ ХХК-ийн өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 326,357,658 төгрөгийг Э.Э************-ээс буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан тул дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 2013 оны зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй байна.

 

Мөн К************ ХХК ************-ийн Э.Э************-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134,575,037.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дээрх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00836 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06496 дугаар захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул уг захирамжаар нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5.3. К************- ХХК-ийн өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 326,357,658 төгрөг нь Э.Э************-ийн зээлийн төлбөрийг хаасан дүн бөгөөд хариуцагч Э.Э************ нь 2015 оны 4323 дугаар шүүгчийн захирамж гарснаас хойш зээлийн төлбөрийг К************ ХХК-д бүрэн төлсөн болохыг 2019 оны 00836 дугаар шийдвэрээр тогтоосон гэж тайлбарласан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00836 дугаар шийдвэрт Э.Э************-ийг 3 удаа зээлийн төлбөр төлсөн талаар дурдсан байх бөгөөд Э.Э************ нь зээлийн гэрээний үүргийг буюу 326,357,658 төгрөгийг бүрэн төлж, үүрэг дуусгавар болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг 7,649.16 ам.доллар гэсэн кассын орлогын баримтаар төлсөн гэх төлбөр нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар шүүгчийн захирамж гарахаас өмнө төлөгдсөн тул захирамжаар гаргуулсан 376,357,658 төгрөгийн төлбөрт хамаарахгүй, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг төлсөн нь захирамжаар гаргуулсан төлбөрөөс хасагдаж, К************ ХХК-ийн өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 326,357,658 төгрөгөөр тооцсон, харин 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Э.Э************-ээс 100,000,000 төгрөгийг К************-ны ************ тоот дансанд шилжүүлсэн болох нь уг шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хасах үндэслэлтэй.

 

5.4. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч Д.Э************-ийн Э.Э************ К************ ХХК-аас зээлсэн 160,000 ам.долларын зээлээ бүрэн төлснөө нотолж чадаагүй, үлдэгдэл зээлээ төлж дуусгах нь зүйтэй гэх дүгнэлтийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэм хорын эрх зүйн харилцаагаар шаардах эрхгүй гэж хүлээн аваагүй нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч К************ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шаардах эрх шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э************-н өмчлөлд буцаан шилжүүлснээр үүснэ.

Тодруулбал, К************ ХХК нь Э.Э************-с зээлийн төлбөр болох 326,357,658 төгрөгт тооцож үл хөдлөх хөрөнгийг нь өмчлөлдөө авсан учраас үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд байгаа тохиолдолд банканд шаардах эрх үүсэхгүй, харин шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э************-ийн өмчлөлд буцаан шилжүүлснээр банканд 326,357,658 төгрөгийн алдагдал үүсч, шаардах эрх үүснэ.

Ийнхүү шаардах эрх нь хуульд заасан үндэслэлээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрх зүйн харилцаагаар үүсч байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сард Э.Э************ нарын өмчлөлд буцаан бүртгэсэн /хх-52, 84 ар/ тул К************ ХХК ************-д 2019 оны 11 дүгээр сард Э.Э************-с 326,357,658 төгрөгийг шаардах эрх үүссэн, уг хугацаанаас хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг тоолоход шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

6. Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, К*********** ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжсэнээс хойш хариуцагч Э.Э************-с төлсөн дээрх 100,000,000 төгрөгийг хасч, хариуцагч Э.Э************-с 226,357,658 төгрөгийг гаргуулж К************ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/08820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.Э************-с 226,357,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К************ ХХК ************-д олгож, нэхэмжлэлээс 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Э************-с улсын тэмдэгтийн хураамжид 1,289,738 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Н.ОЮУНТУЯА