Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох 1916002750133 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, П овогт М-н Б.

Шүүгдэгч М.Б-н 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэр 60-ын ганга гэх газарт 0-0 УБО улсын дугаартай “муссо” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч И.Т, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”  гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Ховдын Манханаас гарч яваад Говь-Алтайд ирж түлш хийгээд явсан. Тэгээд замдаа ийм осол гаргасан ... Замдаа явж байгаад зүүрмэглэснээс болсон ... 2 хүний биед гэмтэл учруулсан ..гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч И.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 08 сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэр 60-ын ганга нэртэй газар хар өнгөтэй 0-0 УБО улсын дугаартай “муссо” маркын автомашинтай явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Миний сууж явсан машинд 5 том хүн, 3 хүүхэд, нийт 8 хүн явж байсан. Тухайн үед унтаж байсан. Гэнэт хүмүүс дуудаад байсан. Сэрээд харсан чинь машины шил хагарчихсан, машин эвдэрсэн толгойноос цус гарч байсан. Хүзүү гар хоёр хөдлөж болохгүй байсан … Манай нөхөр М.Б жолоодож явсан. Машин дотор явж байсан хүмүүч бүгд унтчихсан байсан ... Нэг сэрсэн чинь осол болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 07-08 цагийн үед Ховдоос Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Машинд нийт 8 хүн явснаас 4 хүүхэд, 4 том хүн явсан … Нэг сэрэхэд осол гарсан байсан ... Тухайн машиныг М.Б жолоодож явсан. Би М.Б ахыг унтсан болов уу гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /ХХ19-21/,  

Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нагац ах М.Б 0-0 УБО улсын дугаартай “Musso” маркын машинаа жолоодоод эхнэр И.Т-г хажуудаа суулгаад арын суудалд Б.Б, Д.А, Б.Ш, Б.Ши, Д.Ө бид нар суугаад Ховд аймгийн Манхан сумаас өглөө 07 цагт Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт явж байгаад үдээс хойш болж байсан. Цагаа мэдэхгүй байна осолд орчихсон юм. Тухайн үед унтаж явсан. Осол болоход цочоод сэрсэн чинь машин өнхөрч байсан. Тэгээд машин замын хажууд зогсохоор нь би хаалга цохисон чинь онгойсон. Тэгээд эхнээс нь хүмүүсийг гаргасан…” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/

Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай “...И.Т-н биед эмнэлэгийн бичиг баримтаар: Хүзүүний 2-р нугаламын сэртэнгийн хугарал, баруун дал ясны далд хугарал, хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ40-41/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай “... 1. Б.Б-н биед сээрний 11-р нугаламын бяцрал сэлтэрсэн хугарал, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ65-66/,

Шинжээч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаярын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “... Нэг: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М.Б нь “муссо” маркын 34-27 УБО улсын дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ автомашинаа онхолдуулж бусдын биед гэмтэл учруулсан осол болсон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно.а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12 дугаар бүлгийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23 дугаар бүлгийн 23.8-д "Суудлын машинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл, ММ5 15О 13216 хүүхдийн хамгаалах систем стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. 23 дугаар бүлгийн 23.9-д Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. а/Тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай үйлдлүүд байна.

Хоёр: Musso маркын 34-27 УБО улсын дугаартай автомашины жолооч М.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдсэн байна.

Гурав: Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй...” гэсэн ослын дүгнэлт /ХХ54-55/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ХХ3-4/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ5/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ6-8/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэр 60-ын ганга гэх газарт 0-0 УБО улсын дугаартай “муссо” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан үүргээ биелүүлэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох нөхцөл байдал үүссэн байхад замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч И.Т, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж  үзсэн болно.

Шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг түүнчлэн шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил 5 сарын хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б-н №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, №0000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч М.Б-д бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Пн овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж,  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч М.Б-д авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Б-д сануулсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч М.Б алгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б-н №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, №0000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА