| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00426/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 502
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэн суманд 1960 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн 2-57 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг
Боржигон овгийн Доржнамжилийн Оюунцэцэг
регистрийн дугаар: МТ- 60092702
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие анх 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ерөө хорооны /одоогийн Бугант тосгон/ хүн эмнэлгийн эмийн санд шил угаагчаар ажилд орж 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ерөө хорооны хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн асрагч-туслах багшаар орж 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 55 нас хүрч тэтгэвэрт гарах үүссэн учраас тэтгэврээ тогтоолгож суусан билээ.
Миний бие нь улсад 36 жил, 9 сар, 21 хоног ажилласнаас Бугант тосгоны эмнэлгийн шил угаагчаар 5 жил, 4 сар, 21 хоног, 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 30 жил, 4 сар, 01 хоног тасралтгүй ажилласан боловч хүн эмнэлэгт шил угаагчаар ажилд орсон, гарсан тушаал,туслах багшаар ажилд орсон тушаал олдохгүй байгаагаас болж хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1979-1995 оны хоорондох ажилласан жилийн тэтгэвэрт тооцогдоогүй хохирч байна.
Иймээс шил угаагчаар ажилд орсон. ИЭС-ын Ерөнхий эмчийн 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаал, ажлаас гарсан тухай их эмчийн салбарын ерөнхий эмчийн 1985 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот тушаал, 19 дүгээр цэцэрлэгт орсон цэцэрлэгчийн эрхлэгчийн 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот тушаал бусад нотлох баримтыг үндэслэн шил угаагч, туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1978 онд мод үржүүлэхэд ажиллаж байгаад 1979 оны 01 дүгээр сарын 05-нд хүн эмнэлгийн эмийн санд шил угаагчаар ажилд орсон. Тэгээд 1985 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар орж, тэтгэвэрт гартлаа ажилласан. Тэгтэл миний эмийн санд ажилд орсон, гарсан, мөн цэцэрлэгт ажилд орсон тушаалууд архивт ирээгүй олдохгүй байгаа учраас 1979 оны
01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүн эмнэлгийн эмийн санд шил угаагчаар, 1985 оноос 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсч байна...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны /одоогийн Бугант тосгоны/ Хүний их эмчийн салбарт шил угаагч, Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул тухайн байгууллагуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны /одоогийн Бугант тосгоны/ Хүний их эмчийн салбарт шил угаагчаар 1979 оны 01 дүгээр сарын 09-нөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөн, Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1978 оны 01 дүгээр сарын 30-нд Ерөөгийн МБАА-н захиргаанаас олгосон №426087 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тухай байгууллагуудын тамга дарагдаж баталгаажсан Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны Хүний их эмчийн салбарын Ерөнхий эмчийн 1979 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 тоот “Эмийн санд шил угаагчаар авч ажиллуулав” гэх тушаал, мөн салбарын Ерөнхий эмчийн 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №19 тоот “Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх тушаал, Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №09 тоот “ Цэцэрлэгт туслах багшаар авч ажиллуулав” гэх тушаалуудын бичилт болон 1995 онд Нийгмийн даатгалын дэвтэр олгогдсонтой холбогдуулан хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг дуусгавар болгосон бичилт, нэхэмжлэгчийн №423877 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн батлахын хуулбар зэрэг бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Д.Гүндэгмаа, Д.Рэгзэдмаа, Т.Гэрэлчулуун, Ж.Маръяа, З.Нансалмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Боржигон овгийн Доржнамжилын Оюунцэцэгийг 1979 оны 01 дүгээр сарын 09-нөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны / одоогийн Бугант тосгоны/ Хүний их эмчийн салбарт шил угаагчаар, 1985 оны 05 дугаар сарын 26-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хүртэл Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1,116,118,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Доржнамжилын Оюунцэцэгийг Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны /одоогийн Бугант тосгоны/ Хүний их эмчийн салбарт шил угаагчаар 1979 оны 01 дүгээр сарын 09-нөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл, Ерөө хорооны 19 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 1985 оны 05 дугаар сарын 26-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70. 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ