Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02187

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 589,495,660 төгрөг, алданги 292,005,000 төгрөг нийт 881,500,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,тайлбарын агуулга:

            1.1.“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******** хотхон, ******** байрны ******* тоот 195.5 м.кв талбайтай орон сууцыг 604,095,000 төгрөгөөр, тус байрны ******** тоот 189 м.кв талбайтай орон сууцыг 584,010,000 төгрөгөөр, тус байрны ******* тоот 155 м.кв талбайтай орон сууцыг 463,450,000 төгрөгөөр нийт 3 ширхэг орон сууцыг 1,651,555,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

            1.2.Гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 165,155,500 төгрөгт “*******” ХХК нь өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдэд нэхэмжлэгч талын реклам сурталчилгааг байршуулахаар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 582,201,500 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 594,198,000 төгрөгийг төлж орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон.

            1.3.“*******” ХХК нь 3 ширхэг орон сууцыг хариуцагч “*******” ХХК-д хүлээн өгсөн бөгөөд *******, ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч “*******” ХХК нь гэрээнд заасан орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг зөрчсөн.

            1.4.Хариуцагч “*******” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 914 дугаартай албан бичгээр хүсэлтүүддээ төлбөрийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан *******, ******* тоот орон сууцыг худалдан авахаас татгалзаж, ******* тоот орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаа илэрхийлэн, хариуцагч талын “********”  ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаанд барьцаалсан ******* тоот орон сууцыг банкны барьцаа солих журмын дагуу тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх  эрхийн гэрчилгээг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2-4 долоон хоногт багтаан банкны барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлт гаргасныг хүлээж авсан.

            1.5.“*******” ХХК нь ******* тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч тус байрны 189 м.кв талбайтай ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “********” ХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөөгүй. Мөн 463,450,000 төгрөгийн үнийн дүнтэй ******* тоот орон сууцны төлбөрөөс 457,964,340 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,485,660 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

            1.6.Иймд ********, ******** байрны ******** тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөг, ******* байрны ******* тоот орон сууцны төлбөр болох 584,010,000 төгрөг нийт 589,495,660 төгрөг, алданги 292,005,000 төгрөг, нийт 881,500,660 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1.“*******” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээнд заасан 3 ширхэг орон сууцны ******* тоотод байрлах 189 м.кв 3 өрөө орон сууцыг “*******” ХК-д 410,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн.

            2.2.Гэтэл 2014 оны 3 сард бусдаас хөрөнгө оруулалтын гэрээний дагуу санхүүжилт хийгдэхгүй болж манай компани эрсдэлд орсон тул “*******” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах буюу 3 орон сууцны хоёрыг нь буцаах, гэрээг буцаах хүртэл төлөгдсөн төлбөртөө 1 орон сууцыг авах хүсэлтээ бөгөөд “*******” ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж “*******” ХХК нь ******* тоотод байрлах 155 м.кв орон сууцыг 463,450,000 төгрөгөөр худалдан авах, орон сууцны үнээс төлөгдөөгүй үлдсэн 224,457,100 төгрөгийг төлж барагдуулах хэлбэр, хуваарийг тохиролцсон.

            2.3.******* тоотод байрлах орон сууц “*******” ХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байсан тул уг орон сууцыг банкны барьцаанаас 14-30 хоногийн дотор чөлөөлж өгөх үүргийг хүлээсэн. Бодит үйл баримтын хувьд ******* тоот орон сууцыг манай компани анхнаасаа хүлээж аваагүй, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд тавьсан байсан.

            2.4.Улмаар “*******” ХХК нь 2014 оны 08 дугаар сард тухайн орон сууцыг өөр хүнд худалдаж, худалдаж авсан айл нь амьдарч байсан. Хариуцагчийн зүгээс ******* тоот байрны гэрчилгээг банкны барьцаанаас суллаж өгөх, эсвэл “*******” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээг хийхдээ барьцаанд нь тавьсан ******* аймгийн ******* суманд орших аялал жуулчлалын зориулалттай 4.4 га газрыг төлбөрт нь өгөх зэргээр байнга санаачилга оролдлогыг хийсээр ирсэн.

            Гэвч “*******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд шүүхийн шатанд талууд эвлэрч, эвлэрлийн гэрээний дагуу “*******” ХХК нь 110,000,000 төгрөгийн ажил үйлчилгээг “*******” ХК-д үзүүлж, үлдэх төлбөрийг төлөх боломж нөхцөл бүрдээгүй тул 2018 онд барьцааны зүйл болох ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “*******” ХХК-д мэдэгдсний үндсэн дээр “*******” ХК-д шилжүүлсэн.

            2.5.Үүнээс хойш “*******” ХХК-иас хоорондын төлбөр тооцоог үйлчилгээгээр барагдуулах талаар ярилцаж байсан бөгөөд үнийн дүнгийн хувьд талууд тохиролцоогүй. “*******” ХХК-ийн зүгээс ******* тоотод байрлах орон сууцыг хүлээн авч ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй, өнгөрсөн 10 жилийн хугацаанд “*******” ХХК нь тухайн байрнаас шалтгаалан хохирсон зүйл огт байхгүй.

            Учир нь 2014 оны 8 сард “*******” ХХК нь тухайн орон сууцыг өөр иргэнд худалдан борлуулсан. Уг иргэн нь гэрчилгээг хоцроож нэр дээрээ авсан л асуудал байгаа.

            2.6.Хэрэв дээрх орон сууцыг гэрээний дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн бол дор хаяж 10 жилийн хугацааны түрээсийн орлогыг хариуцагч авах эрхтэй байсан. Эсвэл банкинд байх хугацаанд нь зарж борлуулж зөрүү мөнгөөр нь зээлээ төлөх, зөрүү төлбөрийг “*******” ХХК-д өгч үлдэгдэл төлбөр дээр хувиар гаргаж ажлаар гүйцэтгэж өгөх өөр аргаар шийдэх боломж бүрэн байсан.

            2.7.Мөн ******* тоот орон сууцны үнэ дутуу төлөгдсөн талаар шаардлага гаргаж байгаагүй уг гэрээ хэрэгжээд дуусгавар болсон болно. Иймд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд ******* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь уг орон сууцны үнэ, улмаар орон сууцны үнийг төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах боломжгүй юм. Харин нэхэмжлэгч нь бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 589,495,660 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, алданги 292,005,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,565,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,105,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 47 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1.Анхан шатны шүүх нь хариуцагчийн татгалзалд буюу шүүхээс хийх дүгнэлт, шийдвэрт ноцтой нөлөө үзүүлж болохуйц нотлох баримтуудыг бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, хуульд заасан журмыг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь, зохигчийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 116 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нь “*******” ХК-д 349,108,947 төгрөгийн зээлийн төлбөрт түр шилжүүлэн өгсөн.

            4.2.Тухайн орон сууцны өмчлөх эрх “*******” ХК-д шилжсэний дараа “*******” ХХК нь тус банктай тохиролцож, уг үнээр тухайн орон сууцыг өөр иргэн, хуулийн этгээд рүү шилжүүлж өгсөн гэх үйл баримтыг нотлохоор гэрч асуулгах, “*******” ХК-иас баримт гаргуулах хүсэлтүүдийг хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан боловч шүүх гэрчээс мэдүүлэг аваагүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон.

            Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь тухайн орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтандаа хариуцагчаас биетээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох 584,010,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Улмаар нэхэмжлэгч нь эзэмшилдээ буцаан авсан орон сууцыг “*******” ХК-тай тохиролцож бусдын нэр дээр шилжүүлэн авсан гэх нөхцөл байдлыг тодруулж, тогтоох нь хэрэгт ач холбогдолтой, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байна.

            4.3.2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15293 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******ыг гэрчээр асуулгах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхээс гэрчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй бөгөөд гэрчээс мэдүүлэг авах шүүгчийн захирамжийн биелэлтийг хангагдаагүй байхад гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

            ******* нь маргааны зүйл болсон ******* тоот орон сууцыг 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК-иас худалдан авсан болох нь тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ******* нь тухайн орон сууцыг “*******” ХХК-д буцаан өгч өөр орон сууц авсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж, үүнийгээ нотлохоор баримтууд гаргаж өгсөн боловч тухайн баримтууд дахь *******ын гарын үсгүүд зөрүүтэй байдаг. ******* нь ******* тоот орон сууцны үнэд хэдэн төгрөг төлж, хэдийг буцаан авсан, эсхүл орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн ********, ******** гэх мэт хүмүүстэй харилцан хамааралтай эсэх зэрэг нь хариуцагчийн татгалзаж буй үндэслэлд чухал нөлөөтэй, цаашлаад хэргийн бодит үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох, нотлох баримтуудыг харьцуулан үзэж шийдвэр гаргах зарчим хангагдахад ач холбогдолтой юм.

            4.4.Хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, мэтгэлцсэн боловч шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

            Учир нь, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/XT2024/00071 дугаартай тогтоолд дурдснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ шаардах тохиолдолд Иргэний хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа /3 жил/ хамаарна, мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/XT2025/00056 дугаартай тогтоолд дурдснаар маргааны зүйлийн талаар эрүүгийн журмаар шалгуулсан буюу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч талаас мөн 2014-2018 оны хооронд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, цагдаагийн байгууллагад 2016 онд гомдол гаргаж байсан зэргээс дүгнэхэд...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

            4.5.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 18 дугаартай догол мөрөнд “... “*******” ХК-ийн өмчлөлд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн өгснөөр, орон сууцны өмчлөх эрхийг “*******” ХХК-д буцаан шилжүүлэх үүрэг биелэх боломжгүй болжээ” гэх дүгнэлт, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаан дээр ******* тоот орон сууцыг “*******” ХК эзэмшилдээ шилжүүлэн авсан гэх тайлбараар мөн үеэс “*******” ХХК нь ******* тоот орон сууцны үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байхад 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу Иргэний хуулийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн.

            Хэргийн 1 дүгээр хавтасны 21 дүгээр талд авагдсан хариуцагч “*******” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгийн огнооноос дээрх 3 жилийг тоолоход ч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэхэд уг хугацаа хэтэрсэн байна. Мөн ******* тоот орон сууцны үнийн үлдэгдэл 5,485,660 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас огт шаардаж байгаагүй бөгөөд уг гэрээ хэрэгжээд дуусгавар болсон.

            Хэргийн 1 дүгээр хавтасны 21 дүгээр талд авагдсан хариуцагч “*******” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, 23 дугаар талд авагдсан хариуцагч “*******” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24/16 дугаартай албан бичгүүд нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгагүй болно. Эдгээр албан бичгүүдэд хариуцагч нь орон сууцны үнийг мөнгөөр төлөхийг зөвшөөрөөгүй, харин тодорхой үнийн дүнтэй газар, ажил үйлчилгээг нэхэмжлэгч “*******” ХХК нь хүлээн зөвшөөрөх тохиолдолд эдгээрийг нэхэмжлэгчид шилжүүлж болох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгатай. “*******” ХХК нь дээрх саналыг бичгээр авах хүсэлтийг өөрөө хариуцагчид тавьж улмаар бичгээр авсны дараа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь эрх зүйн үр дагаврын хувьд буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрөөгүй, талууд нэгдмэл тохиролцоонд хүрээгүй тул хүчин төгөлдөр бус буюу үр дагаваргүй байна.

            Гэтэл анхан шатны шүүх дээрх бичгүүдийг зөв үнэлэлгүй шийдвэртээ хариуцагч нь “мөнгөн төлбөр төлөх шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хүлээн зөвшөөрч байсан” гэх дүгнэлтийг хийж улмаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “...******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид бүрмөсөн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул *******, ******* тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн гэж үзнэ”, 31-т "...үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиололд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг гэрээний бус үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд нэхэмжлэлээс 589,495,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

           

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1.Шүүхээс гэрч *******ыг албадан ирүүлэх захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас хариуцагчийн тодорхойлсон хаягаар очиж, утсаар нь холбогдоход “би хөдөө байна, очиж чадахгүй” гэх тайлбар гаргадаг. Гэрч асуух нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан. Учир нь 2014 онд хариуцагч “*******” ХХК нь манайхаас 3 орон сууц авснаас 2 орон сууцыг нь буцааж өгсөн бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “*******” ХК-ийн барьцаанд тавьсан. Ингээд банкны барьцаанаас барьцаа солих хэлбэрээр танайд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тайлбарлаж манай байрыг биет байдлаар хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрчилгээ банкны өмчлөлд шилжсэн.

            5.2.Тухайн орон сууцыг *******т худалдсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэнээс 2019 оны 03 дугааар сарын 15-ны өдөр 208 м.кв талбай бүхий 603,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцаар сольж өгсөн.

            5.3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрхэн шилжсэнтэй холбоотой бүх баримтууд авагдсан бөгөөд “*******” ХХК нь ашиг хүртэж, үр шимийг авсан мэтээр тайлбарлаж байгаа үндэслэлгүй. 

            5.4.2014 онд хариуцагч тал санхүүгийн нөхцөл байдлаас 2 орон сууцыг худалдаж авах боломжгүй болж буцаах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч “*******” ХХК-д байрны гэрчилгээг шилжүүлэн өгөх шаардлагыг тавьдаг байсан ч “*******” ХХК-аас тухай бүрд нь “удахгүй шилжүүлж өгнө” гэж хэлдэг бөгөөд бид хүлээцтэй байсаар ирсэн.

            5.5.Түүнчлэн ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөрт ******* аймагт байгаа төрийн тусгай хамгаалалттай газрыг өгөх санал гаргасныг хүлээн авсан боловч тухайн газар нь шүүхийн шатанд маргаантай байсан бөгөөд “*******” ХХК газраа алдсан учраас манайд тус газрыг өгөх боломжгүй болсон талаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг ирүүлсэн.

            Талуудын орон сууцны үлдэгдэл төлбөр тооцооны асуудлыг хэрхэн төлж барагдуулах асуудлаар удаа дараагийн уулзалт хийж “*******” ХХК-ийн эрхлэн гаргадаг “*******” гэх сэтгүүлд “*******” ХХК-ийн төслүүдийн маркетингийн сурталчилгааг байрлуулах замаар төлбөрийг төлж барагдуулахаар хэлцлийг хийж байсан боловч цаг хугацааны хувьд тохироогүйгээс хийгдээгүй. Гэвч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “*******” ХХК-ийн захирал *******аас ирүүлсэн албан бичигт “...217 тоот орон сууцны төлбөр 584,010,000 төгрөг, ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, нийт 589,010,000 төгрөг”ийг төлж барагдуулаагүйг хүлээн зөвшөөрдөг тул хариуцагч талын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар агуулга байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 589,495,660 төгрөг, алданги 292,005,000 төгрөг, нийт 881,500,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №103/02 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхон, *******, 116 дугаар байр, ******* тоотод байрлах 195,5 м.кв талбайтай орон сууц, ******* тоотод байрлах 189 м.кв талбайтай орон сууц, ******* тоотод байрлах 155 м.кв талбайтай орон сууцыг тус тус ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч “*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхон, *******, ******* байр, ******* тоотод байрлах 195,5 м.кв талбайтай орон сууцны үнэд 604,095,000 төгрөг, ******* тоотод байрлах 189 м.кв талбайтай орон сууцны үнэ 584,010,000 төгрөг, ******* тоотод байрлах 155 м.кв талбайтай орон сууцны үнэ 463,450,000 төгрөг, нийт 3 ширхэг орон сууцны үнэ 1,651,555,000 төгрөгийг төлөхөөс 10 хувь болох 165,155,500 төгрөгт өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдэд худалдагч талын реклам сурталчилгааг байршуулахаар, үлдэгдэл төлбөр болох 1,486,399,500 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 582,201,500 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 594,198,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

            3.2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээнд заасан 3 ширхэг орон сууцыг хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхон, *******, *******байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******ын, тус байрны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч “*******” ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлсэн.

            3.3.Хариуцагч “*******” ХХК нь гэрээний зүйл болох *******дүүрэг, *******хороо, *******хотхон, *******, ******* дугаар байрны ******* болон ******* тоот хаягт байрлах 2 ширхэг орон сууцыг худалдан авахаас татгалзаж, тус байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах тухай хүсэлтийг гаргасан байх ба ******* тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2-4 долоо хоногийн дотор багтаан банкны барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж өгөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн.

            3.4.“*******” ХХК-аас ******* тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

            3.5. *******дүүрэг, *******хороо, *******хотхон, *******, ******* байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны үнэд нийт 457,964,340 төгрөгийг төлснөөс үлдэгдэл 5,485,660 төгрөгийг төлөөгүй.

           

            4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

 

            5.Дээрх үйл баримтууд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаангүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.

            5.1.Хариуцагч “*******” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 914 тоот албан бичигт “1-р орцны ******* тоот 195,5 м.кв талбай бүхий байранд засвар хийх зорилгоор 2 сар байрласан. Үүнээс бусад байдлаар ******* болон ******* тоот байруудыг ашиглаагүй болно. ...******* болон ******* тоот 2 орон сууцыг худалдан авахаас татгалзаж буцаах, харин 155 м.кв хэмжээтэй ******* тоот орон сууцыг гэрээнд зааснаар худалдан авах хүсэлтэй байна. Гэрээнд зааснаар худалдан авагч тал нь ******* болон ******* тоот байрнуудын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан худалдан авч байсан болно. Буцаах хүсэлтэй ******* тоот байрны гэрчилгээг банкны барьцаа солих журмын дагуу 2014 оны 07 сарын 31-ний дотор банкинд мэдэгдээд эргүүлэн өгөх болно. Гэрээ ёсоор худалдан авах хүсэлтэй 155 м.кв хэмжээтэй ******* тоот орон сууцны төлбөрийн дүн болох 463,450,000 төгрөгөөс 355,155,500 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 108,249,500 төгрөгийн 50 хувь буюу 54,124,750 төгрөгийг бартераар, үлдсэн 50 хувь буюу 54,124,750 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Энэ хугацаандаа тус байрыг ашиглахгүй бөгөөд төлбөрөө бүрэн төлж дуусгасны дараа байраа ашиглах болно.” гэжээ. /1хх-14/

            5.2.Хариуцагч нь “*******” ХХК-д мэдэгдэл гаргах нь гэх 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гараар бичсэн мэдэгдэлд “...*******, *******-р байруудыг буцааж хүлээлгэж өгөхтэй холбогдуулан инженер *******тэй байрны одоо байгаа байдлыг хамтдаа үзэж танилцлаа. Ингээд 2 байрыг хүлээлгэн өгсөн ба *******-р байранд хийгдэх ёстой засварыг 7 сарын 05-ны дотор өөрийн зардлаар засаж өгөхөөр тохиролцов” гэжээ. /1хх-17/

            5.3.Улмаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/2014-356 тоот албан бичигт “...******* тоотын 4 өрөө орон сууцны засварын ажлыг бүрэн дуусгаж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 14 хоногт багтаан хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байна. ...******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөр болох 227,105,000 төгрөгийг 2014 оны 7, 8, 9 дүгээр саруудад 3 хувааж бүрэн төлж барагдуулахыг шаардаж байна.” гэжээ. /1хх-18/

Хариуцагч “*******” ХХК нь орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний зарим хэсэг болох *******, ******* тоот орон сууцыг худалдаж авахаас татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар *******, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй. Уг үүргийн дагуу ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүхийн “*******” ХХК нь “*******” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх боломжгүй болсон. Хариуцагч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нэхэмжлэгчид буцаах боломжгүй болсонтой холбоотой орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 2.1-д зааснаар ******* тоот орон сууцны үнэ 189 м.кв*3,090,000=584,010,000/ 584,010,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасанд нийцсэн, энэ талаарх дүгнэлт зөв.

5.4.Хариуцагч нь “...******* ******* тоот орон сууцыг 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК-аас худалдан авсан болох нь тогтоогддог. ...Хэрэв дээрх байрыг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд бодитойгоор шилжүүлсэн бол 10 жилийн хугацааны түрээсийн орлогыг хариуцагч авах байсан. ...Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь тухайн байрнаас шалтгаалан хохирсон зүйл огт байхгүй, ... нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх тайлбар гаргаж маргасан.

Хариуцагч “*******” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 914 тоот албан бичгээр орон сууцны төлбөр төлөх санхүүгийн боломжгүй нөхцөл байдалтай холбоотойгоор *******, ******* тоот орон сууцыг худалдан авахаас татгалзах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч “*******” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/2014-356 тоот албан бичгээр зөвшөөрсөн байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч ******* тоот орон сууцны эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн эсэх нь талуудын гэрээнээс татгалзах үндэслэл, шалтгаан болоогүй байна.  

Иймээс хариуцагчийн “...нэхэмжлэгч ******* тоот орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөөгүй, нэхэмжлэгчид хохирол учраагүй тул орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээхгүй” гэсэн татгалзал үндэслэлгүй.

5.5.Талууд гэрээний зарим хэсэг болох ******* тоот орон сууцыг худалдах, худалдан авахаас татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, хуулийн дагуу харилцан буцаах харилцаа болж өөрчлөгдөх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааснаар шаардлага гаргах 10 жилийн хугацаа үйлчилнэ.

Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж зааснаар 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тоолбол 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тэрээр ******* тоот орон сууцны үнийг шаардах эрхтэй.

5.6.Харин талуудын хооронд байгуулагдсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний зүйл болох ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөртэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасанд хамаарах юм.

Гэвч хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчид 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24/16 дугаар албан бичгээр “...******* тоот орон сууцны төлөгдөөгүй төлбөр болох 584,010,000 төгрөг, мөн барилгын 116 дугаар байр, ******* тоот байрны үлдэгдэл 5,000,000 төгрөг нийт 589,010,000 төгрөгийг 460,600,000 төгрөгөөр төлж барагдуулах” тухай саналыг хүргүүлжээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан. Дээрх үйл баримт, хуулийн зохицуулалтыг дүгнэвэл хариуцагч нь ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй.

Мөн нотолгооны үүргийн хувьд хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны үнийг төлсөн талаарх үйл баримтыг нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч “*******” ХХК нь ******* тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч талын “нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, ...******* тоот орон сууцны үнээс үлдэх 5,485,660 төгрөгийг төлсөн” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            6.Хариуцагч талын “...шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, гэрч асуулгах хүсэлтийг хангасан талаа гэрчээс гэрчийн мэдүүлэг аваагүй, захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь:

6.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15293 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

6.2.Улмаар шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/20572 дугаартай захирамжаар хариуцагч талын нотлох баримттай танилцах, гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

6.3.Гэрч *******т 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүгчийн мөн өдрийн 191/ШЗ2025/25330 дугаартай захирамжаар гэрч *******ыг албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж, гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

6.4.Шүүгчийн захирамжаар гэрчийг цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэхийг даалгасан боловч гэрч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, тухайн захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас ямар ажиллагаа гүйцэтгэсэн талаар цагдаагийн байгууллагаас хариу ирүүлээгүй тул тус шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/34221 дугаартай захирамжаар гэрч асуулгах захирамжийн биелэлтийг дахин хангуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

6.5.Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа албан тушаалтай а/а цолтой *******ын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудаст “...гэрч *******-ийн *******хороо, ******* байр, ******* тоот оршин суудаг гэх /РД: *******/ *******ын хаягийг шалгахад: 2025 оны 08 дугаар сарын 22-ны 18:30 цагт, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:40 цагт тус тус шалгахад гэрт нь хүн байсангүй /хаалгаа тайлаагүй/. ...гэрч *******ын ******* дугаарт удаа дараа залгахад холбогдох боломжгүй байв. Иймд гэрч *******ыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны 11:30 цагийн шүүх хуралд албадан ирүүлэх боломжгүйг илтгэж байна” гэжээ.

6.6.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гэрч асуулгах хүсэлтийн захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, цагдаагийн байгууллагаар гэрчийг албадан ирүүлэхийг даалгасан байх боловч гэрч шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх, мөн хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алдангид 292,005,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,105,428 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

 

 

                                     ШҮҮГЧ                                         Б.АЗБАЯР