| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00419/И |
| Дугаар | 514 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 514
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй “Төрөлт бүртгүүлсэн байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Алтанбулаг суманд 1969 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагааны 2 дугаар баг, Найрамдлын гудамж, 7-5 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
Боржигон овгийн Лхагвын Бат-Эрдэнэ
регистрийн дугаар: УВ - 69110710
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Л.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие 1969 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 2002 онд Бугант суманд явж байгаад бүх бичиг баримтаа гээгдүүлсэн. Бичиг баримтаа буцаан бүрдүүлэх гээд Улсын бүртгэл мэдээллийн Ерөнхий газар очиж лавлагаа авахад улсын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн юм. Иймд шүүхэд хандаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Төв аймгийн Алтанбулаг суманд 1969 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Алтанбулаг суманд 1969 онд төрсөн боловч Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул 1969 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь 1969 оны 11 дүгээр сарын 07-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн болох нь хэрэгт авагдсан 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газраас “Лхагва Бат-Эрдэнэ МП-69110777” гэсэн регистрийн дугаартайгаар олгогдсон түр үнэмлэх, нэхэмжлэгчийн төрсөн эх Доржийн Лхагвад 1981 оны 04 дүгээр сарын 15-нд Ажилчины раойны Цагдан сэргийлэх хэлтсээс олгосон УБ №146010 дугаартай паспортын “энэ паспортанд бичигдэх хүмүүс” гэсэн хэсгийн 2 дугаарт Лхагваагийн Бат-Эрдэнэ 1969-11-07-нд төрсөн хүү” гэж бичигдсэн бичилт болон төрсөн эх Д.Лхагва, төрсөн дүү Л.Даваадулам, төрсөн эгч Л.Дарьсүрэн нарын шүүхэд шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Боржигон овгийн Лхагвагийн Бат-Эрдэнийг 1969 оны 11 дүгээр сарын 07-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь “Л.Бат-Эрдэнэ миний бие шүүх хуралд оролцох гэсэн боловч ар гэрт маань гачигдал гарч, миний ээж Лхагваагийн төрсөн дүү Д.Очир нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан гэсэн дуудлага ирсэн тул Төв аймгийн Баянцогт суманд ажил явдалд оролцохоор явж байна. Иймд миний шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг 1969 оны 11 дүгээр сарын 07-нд төрснийг тогтоож өгнө үү!. Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү!” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Боржигон овгийн Лхагвагийн Бат-Эрдэнийг 1969 оны 11 дүгээр сарын 07-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70. 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ