Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2016/00578

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын***дугаар багт байршилтай, Б ХХК /захирал Х.С, утас:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***** дугаар багт оршин суух, РД:***, утас:****, Х овогт Хн С,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Х овогт Ны Ш нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Х.С, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Х.С, түүний өмгөөлөгч Я.С, хамтран хариуцагч Н.Ш, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Соос 3092390 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Б ХХК-д 2014 онд борлуулалтын менежерээр ажиллаж байсан Х.С нь борлуулсан барааныхаа мөнгийг нягтлан бодогч Н.Шт өдөр болгон тушаадаг байсан. Гэвч Х.С нь 2014 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 19-ний хооронд тушаах ёстой байсан мөнгөнөөс 3374630 төгрөгийг дутуу тушаасан юм. Үүнээс Х.Сын авах ёстой цалин болох 282240 төгрөгийг хасаж үлдсэн 3092390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Х.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б ХХК-д Х.С нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл аман гэрээ байгуулж борлуулалтын менежерээр ажилласан. Манай Б ХХК нь 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ш нярваар, харин Х.С борлуулалтын менежерээр ажилласан. Х.С нь ажиллах хугацаанд борлуулалт хийгээд тооцоо хийхэд нийт 3374630 төгрөг дутаасан. Үүнээс Х.Сд өгөх байсан цалин болох 282240 төгрөгийг хасахад үлдсэн мөнгө болох 3092390 төгрөг дутаасан байгаа. Компанийн зүгээс удаа дараа төлж өгөхийг шаардсан боловч төлж өгөөгүй тул шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1. Нэхэмжлэгч Х.С намайг тус компанийн борлуулалтын менежерээр томилсон Б ХХК-иас ямар нэгэн эрхийн акт гараагүй юм. Х.С би Б ХХК-тай эд хөрөнгө хариуцах, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрлөх гэрээ буюу ямар нэгэн хамтран ажиллах тухай гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй юм.

2. Х.С би тус компанид компанийн захирал Х.Сын аман шийдвэрээр борлуулалтын менежерийн ажил хийдэг байсан юм. Борлуулалтын менежер нь дэлгүүрүүдэд бараа тараан эргээд тараасан барааны үнийг тодорхой хугацааны дараа бэлнээр авч ирж тус компанийн Н.Ш гэдэг нягтлан бодогч тусгай жагсаалтаар болон бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээлгэж өгдөг журамтай. Энэ журмын дагуу би дэлгүүрүүдэд борлуулсан барааны мөнийг тухай бүрд нягтлан бодогч Н.Шэд өгдөг байсан юм.

3. Х.С би тус компанийн бараанаас нэг ч төгрөг ашиглаагүй юм. Надад дэлгүүрүүдэд зарсан барааны үнээс дутагдуулсан мөнгө байхгүй юм. Иймд нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч Х.С надаас 3092390 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хүнийг танихгүй. Ажилд ороход С.Ж гэх хүнтэй уулзаж ажилд орсон. Ажилд ороход хоёр янзаар мөнгө тушааж байсан. Эхлээд цаас гаргаж өгөөд уг авчирсан цаасанд гарын үсэг зуруулж авдаг байсан. С.Ж бидэнд ингэж гарын үсэг зурж мөнгө тушааж болохгүй юм байна, тусдаа мөнгөний баримт гаргаарай гэж баримт гаргуулсан. Үүний дараа 20 хоногийн дараа Н.Ш надад мөнгө тушааж байсан баримт гаргаж өгсөн. Баримт ёсоор надад 3800000 төгрөг дутуу гаргаж өгсөн. Тэгээд би энэ ямар учиртай юм бэ ингэж мөнгө дутах ёсгүй гээд дахин тооцоо хийхэд 483000 төгрөгийг хүлээж авсан байна гээд Ш хэлсэн. Тийм учраас энэ миний гарын үсэг биш гээд маргаан үүссэн. Үүнийг үндэслээд дээрх мөнгийг хасаад надаас 3374670 төгрөгийг нэхэмжилж байна. Миний тооцоогоор 23 сая төгрөгийг гарын үсэг зурж бүрэн хүлээлгэж өгсөн боловч өгөөгүй гээд байна. 2 янзаар мөнгө тушаасан болохоор өөрсдөө тооцоон дээр алдаад надаас мөнгө нэхэмжилж байна. Би ямар нэгэн мөнгө төлөх үндэслэл байхгүй гэв.

Хамтран хариуцагч Н.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК-нд ня-бо ажилтнаар ажилд орсон. Баяннуур сумын Б нь 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1845700 төгрөгийг С овогтой Жын дансанд шилжүүлсэн. Мөн тэр өдөр Х.С нь надад бэлнээр 1600000 төгрөгийг өгсөн ба бэлэн мөнгөний баримтад тэр өдөр Жын дансанд орж ирсэн 1845700 төгрөгийг нэмж 3445700 төгрөгийн орлогын баримт бичүүлж авсан. Нийт 3445700 төгрөгийг /1600000 бэлэн + 1845700 дансаар/ Х.Соос бэлэн мөнгөний орлогын баримтыг тооцоонд оруулж тооцоо хийсэн юм. Иймд дээрх мөнгөнүүдийг би хариуцахгүй Х.С нь өөрөө хариуцаж 1845700 төгрөгийг тухайн байгууллагад төлөх ёстой гэжээ.

Хамтран хариуцагч Н.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК-д тооцооны менежерээр ажилд орсон. Би компьютерын чиглэлийн мэргэжилтэй байсан тул анх ажилд ороход хүндрэлтэй байсан. Б ХХК нь гүйцэтгэх захирал С.Ж, худалдааны төлөөлөгч Х.С, Нурбахыт, нярав Хуандых, тооцооны менежер Н.Ш миний бие гэсэн 5 хүнийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг хувийн компани. Дутсан мөнгөний хувьд 3008605 төгрөг яагаад дутсан талаар гүйцэтгэх захирал С.Ж, ерөнхий нягтлан бодогч С.А, худалдааны төлөөлөгч Х.С, тооцооны менежер Айтолхын, нярав миний бие бүгд байлцаж тооцоо хийсэн. Би тухайн үед нярвын ажилд орж байсан ба миний гаргаж өгсөн тайлан ямар нэгэн зөрчилгүй гарсан. Х.Сын өөрт нь тооцоо хийхэд 3868630 төгрөг дутсан. Яагаад мөнгө дутсан талаар Х.С бид хоёрт дээрх 5 хүн бүрэлдэхүүнтэй тооцоо хийхэд хэн хэдэн төгрөг дутаасан нь тогтоогдсон. Надаас 493975 төгрөг дутсан нь үнэн ба уг мөнгийг дутааснаа хүлээн зөвшөөрч төлж өгсөн. Үлдсэн 3374630 төгрөгийг Х.С дутаасан. Ерөнхий нябо С.А, гүйцэтгэх захирал С.Ж бүгд байхад Х.С нь авах зээл, тушаах мөнгө зэргийн тооцоог гаргаад төлж өгөх мөнгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт байгаа.

Х.С нь 1800045 төгрөгийн баримтыг надад өгөөгүй гэж хэлж байна. Учир нь энэ бол 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баяннуур сумын Б дэлгүүрт гаргасан бараа бөгөөд мөнгө нь 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал С.Жын дансанд орж ирсэн мөнгө байсан. Дансанд орж ирсэн мөнгийг гүйцэтгэх захирал С.Ж, Х.С, бид нар сууж байгаад хүлээлгэж өгөх байсан.

Энэ мөнгийг би Х.Сд хүлээлгэж өгнө, С надад, би эргээд захиралд хүлээлгэж өгөх тул бид нар хоорондоо тохиролцоод С.Ж надад бэлэн мөнгөний баримт гаргаад өгчих гэж хэлсэн. Үүний дагуу би бэлэн мөнгөний баримтыг тухайн өдөр хүлээлгэж өгсөн мөнгө болох 1600000 төгрөгийн баримтын хамт гаргаж өгсөн. Энэ хоёрыг нийлүүлээд нийт 3445700 төгрөгийн баримтыг нэг баримтад гаргаж өгсөн. Том компани тул нэг хайрцаг бараа гарсан ч баримтын дагуу гардаг. Ачаа гарсан тохиолдолд зарлагын баримт, мөнгө орж ирсэн тохиолдолд орлогын баримт гардаг. Ж ирээд энэ болохгүй юм байна гээд мөнгөний баримт гаргах болсон гэж Х.С хэлж байна. Энэ бол худлаа бүх зүйл анхнаасаа баримтын үндсэн дээр гардаг байсан. 2-3 газарт гарын үсэг зурсан маань үнэн. Х.С бараа борлуулдаг 30-40 дэлгүүр байдаг. Энэ бүгдэд би гарын үсэг зурдаг.

Зөвхөн 1845700 төгрөгт гарын үсэг зураад намайг мөнгө дутаасан гэж мөнгө нэхэж байна гэж хэлж байгаа нь худлаа. Нэгдүгээрт би Х.Соос мөнгө авах ба үүнд бэлэн мөнгөний баримт өгдөг. Хоёрдугаарт дэлгүүрүүдийн жагсаалтад давхар гарын үсэг зурсан маань үнэн. Ганц дэлгүүр биш 30-40 дэлгүүр байгаа. Хэрэв энэ бүх дэлгүүрийн жагсаалтад гарын үсэг зураагүй байсан бол энэ бүх дэлгүүрээс орж ирэх мөнгийг би дутаасан хэрэг болох байсан. Давхар дэлгүүрийн жагсаалтад гарын үсэг зурдаг байсан маань үнэн. 1845700 төгрөг бол Б дэлгүүрээс орж ирсэн мөнгө. Х.С мөнгө дутаасан нь үнэн, өөрөө гарын үсэг зурсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б ХХК нь Х.Соос 3092390 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд Х.С нь хөлсөөр ажиллах гэрээгээр Б ХХК-д борлуулалтын менежерээр ажилласан байх ба борлуулалтын менежер нь дэлгүүрүүдэд бараа тарааж, эргээд барааны үнийг тодорхой хугацааны дараа бэлнээр авч компанид тушаах үүрэгтэй ажилласан байна. Нэхэмжлэгчээс Х.С нь нийт 3374630 төгрөгийг дутуу тушаасан ба уг мөнгөнөөс авах ёстой цалин 282240 төгрөгийг хасаж үлдсэн 3092390 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардсан байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болох акт гэж бичигдсэн Х.Сын гарын баримтаас үзэхэд нийт 3374630 төгрөгөөс 1845700 төгрөгийг Н.Шт өгсөн ба дутсан 1528930 төгрөгийг тус байгууллагаас авах авлагаас хасаж тооцон үүнээс үлдсэн үлдэгдлийг хариуцан төлнө гэж дурджээ.

Мөн Х.Сын 8-р сарын зээлийн үлдэгдэл гэх баримтаас үзэхэд нийт үлдэгдэл 92904165 төгрөгөөс нийт 84430130 төгрөгийн тушаагдсан байх ба үлдсэн 8474035 төгрөг үлдсэнээс дэлгүүрүүдээс авах авлага нийт 4605430 төгрөгийг хасч тооцоход зөрүү 3868605 төгрөгийн зөрүү гарсан бөгөөд уг тооцонд тооцооны нягтлан, Х.С нар нь гарын үсгээ зуржээ. Х.Соос дээрх нотлох баримтуудыг няцаах нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэх боломжтой байна. Хариуцагч Х.Соос Б ХХК-иас авсан барааны үнийг нягтлан бодогч Н.Шт хүлээлгэж өгсөн гэх боловч энэ тухай нотлох баримт байхгүй байгаа тул уг тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Хамтран хариуцагч Н.Шээр нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 3092390 төгрөгийг төлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно. Иймд Хн Соос 3092390 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Хн Соос 3092390 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68945 төгрөгөөс 64428 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас илүү төлсөн 4517 төгрөг, мөн хариуцагч Х.Соос 64428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК