| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2025/00133/И |
| Дугаар | 223/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 223/МА2026/00003
2026 01 29 223/МА2026/00003
Б.***ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 317/ШШ2025/01548 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Б.Б /РД:***/,
Хариуцагч: ***оршин суух, Д.Ө /РД:***/,
“Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг ***тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 128 м.кв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.***ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Миний бие нагац болох Д.***ярилцаж, өөрийн өвөө, эмээгийн амьдарч байсан Төв аймгийн *** сумын ***1-р багт байрлах 7420 мкв газрыг хашаалахаар хамтран банз авч, би өөрийн 100 хувийн хөрөнгөөр хашааны зүүн талын хашаа дотор хувийн сууц болон 128 мкв талбай бүхий үнээний ферм барьж дуусгасан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний бие өөрийн цалингийн орлого болон банкнаас зээл авч нийт 10,000,000 төгрөг орчим зардал гаргаж барьж байгуулсан. Барилгын материал авсан баримт болон зээлийн гэрээний баримтуудыг хэрэгт хавсаргасан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байхдаа *** сумын Засаг даргад тухайн газрын эзэмших эрхийг авахаар хүсэлтийг гаргаж өгсөн ба хүсэлтийг шийдвэрлэх үед миний бие БНХАУ-ын их сургуульд сурахаар болсон. Гэтэл газрыг Д.***ы нэр дээр түүний эхнэр П.***нь гаргуулж авч улмаар дээр нь барьсан үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байсан. Үүнийгээ тайлбарлахдаа чамайг байхгүй байсан тул өөрсдийн нэр дээр бүртгүүлчихлээ, шаардлагатай үед нь чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Гэтэл намайг гадаадаас ирсний дараа миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг би 2018 онд Хаан банкны *** тооцооны төвд П.***нэр дээрх 8,300,000 төгрөгийн банкны барьцаанд зээлийн үлдэгдэлтэй байхад нь тус зээлийг хааж авсан. Тухайн үед надад хэлэхдээ хашаа байшингийн мөнгө өгч чадахгүй, банкны барьцаанд байгаа 8,300,000 төгрөгийг төлөөд хашаа байшингаа ав гэхэд нь би уг банкны зээлийн үлдэгдлийг төлж, гэрчилгээг нь авсан. Мөн худалдах зорилгоор хүн дагуулаад очсон. Гэтэл П.***нь гарын үсэг зурахгүй би чамд өгөхгүй гэсэн. Энэ үеэс 169 дугаартай гэрчилгээг захирамжгүй, хуурамч болохыг мэдсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2018 оноос хойш эх хувиараа надад байсан. Тухайн газарт үл хөдлөх хөрөнгүүдийг засан сайжруулах ажлыг 2018 он хүртэл би өөрийн хөрөнгөөр хийсээр байсан. Энэ хугацаанд тухайн хөрөнгүүдийг Д.*** нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан. Ингээд эдгээр хөрөнгүүдийг би бодитоор ашиглах боломжгүй болсон тул бусдад худалдан борлуулахаар шийдэж, худалдан авах хүн олоод Д.***д хэлж шууд худалдаж авах хүний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Нагац ах Д.*** маань ямар ч асуудалгүй үл хөдлөх хөрөнгө болон газрыг надад шилжүүлж өгнө гэж ярьж байсан боловч худалдан авах хүнд шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн нотариат дээр гэрээ байгуулахаар очиход эхнэр П.***нь шилжүүлж өгөхөөс татгалзаж, намайг элдвээр хэлж, хөрөнгүүдийг шилжүүлж өгөөгүй. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд дээр шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нар нь надаас хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн аваагүй, өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж барьж байгуулаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй байхад намайг БНХАУ-д суралцаж, Монгол Улсад оршин суугаагүй, эзгүй байх үед намайг болон бусдыг хууран мэхэлж, улсын бүртгэлийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч бүртгүүлсэн байдаг. 2013 оны 10 сард Д.*** нь охиноо миний байранд байлгахыг гуйсан бөгөөд надад 25,000,000 төгрөг өгье гэж байсан. Би мөнгөө бэлд, би хавар ирнэ гэж хэлсэн. Би 2014 онд БНХАУ-аас ирсэн. Тэгээд миний байранд хөрөнгийн гэрчилгээ авсан гэдгийг 2015 онд мэдсэн. Д.*** хэлэхдээ энэхүү хувийн сууц, фермерийг чиний хөрөнгө гэдэг боловч П.***нь зөвшөөрдөггүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Д.***ы хэлсэн энэ үг тэмдэглэгдэн үлдсэн. Би энэ үл хөдлөх эд хөрөнгүүдийг жил бүр боломжоороо өөрөө ганцаараа бага багаар, бараг 10-аад жил үргэлжилж барьсан. Иймд Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, 128 мкв фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчөөр барьсан болохыг тогтоолгох, уг хувийн сууц болон фермерийн өмчлөгчөөр тогтоолгох, миний өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.***, П.***нар нь 1997 оноос гэр бүл болж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, Улаан худгийн 502 тоотод байрлах хашаа, байшин, үхрийн саравчийг нэхэмжлэгч Б.*** нь өөрийн хөрөнгөөр барьсан гэнэ. Гэтэл тус хаягт анх Д.***ы ээж Л.***гэдэг хүн мал маллаж 2012 он хүртэл амьдарч байсан. Л.***амьд сэрүүн байхад Д.***, П.***нар нь хамт амьдарч байсан ба хашааг анх Л.***2001 онд барьж байсан. Харин маргааны зүйл болох байшинг Д.***өөрийн тэтгэврийн зээл авч 2010 онд ерөнхий рамыг нь босгож, санхүүгийн боломжгүйн улмаас гүйцээж чадалгүй 2012 онд таалал төгссөн байдаг. Харин үлдсэн барьж дуусаагүй байшинг Д.***, П.***нар нь өөрсдийн хөрөнгөөр гүйцээн барьж 2013 онд дуусгаж байшинг ашиглалтад оруулж, 2014 онд өмчлөлийн гэрчилгээ авсан. Б.***ы хувьд эмээ болох Л.***хажууд өсөж, Төв аймгийн *** сумын сургуулийг төгсөж, эмээ Л.***хажууд байдаг байсан. Харин байшинг барихад ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулж барьсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хариуцагч нарын зүгээс маргаан бүхий дээрх эд хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба нэг ч хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй болно. Захиргааны шүүхийн шүүх хурлын тэмдэглэл дээр Д.*** нь *** хашаа байшинг барьсан гэдэгт маргаан байхгүй гэж буруу хэлсэн байна лээ. Шүүх хуралдаанд гэрч нар уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.*** барьсан гэх мэдүүлэг өгсөн ч энэ нь бичгийн баримтаар давхар нотлогдсон баримтгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Б.***ыг Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах хувийн сууц болон үхрийн фермерийг өөрийн хөрөнгөөр барьсан болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *** регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн ***г тогтоож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.***ы өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.***, П.***нарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.***ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***, П.***нараас улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгож,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй Төв аймгийн *** сумын ***, 1-р баг, ***тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.***ыг бүртгэж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 үндэслэлээр гомдол гаргасан. Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгч байгаа бол хуульд заасны дагуу эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад тэдгээрийг үнэлж дүгнэн, уг тэмдэглэлийг үндэслэж Б.***ыг тухайн 2 үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд 3 гэрч мэдүүлэг өгсөн. Эдгээр гэрч Б.***ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж мэдүүлсэн. Гэвч нотолгооны хуваарилалтын хувьд гэрчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн анхдагч нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, анхдагч нотлох баримт нь хавтаст хэрэгт бичгээр байх шаардлагатай бөгөөд үүнийг дагалдуулан гэрчийн мэдүүлгээр давхар нотолж болдог. Энэ талаар нотолгооны хуваарилалт, нотлох баримт, тэдгээрийн үнэлгээний талаар хуульд тодорхой заасан. Гэтэл зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Б.***ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт Б.*** тухайн эд хөрөнгийг барьсан талаар нэг ч баримт байхгүй шүүх яг ямар баримтыг үнэлж, дүгнээд Б.*** барьсан болох нь нотлогдож байна гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд уг дүгнэлт нь хэт хийсвэр, нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. Миний хувьд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой энэхүү маргаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзэж байна. Тухайлбал 2010, 2014 онд тухайн 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд авагдсан бөгөөд Б.*** эдгээр гэрчилгээг тухайн үед авсан гэдгээ өөрөө мэддэг, шүүх хуралдаан дээр ч тайлбарласан. Хэрэв өөрийн өмчийг хариуцагч нар улсын бүртгэлд бүртгүүлснийг мэдсэн бол тухайн үед яагаад гомдлын шаардлага гаргаагүй юм бэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой гэж үзэж байна. Гэтэл шүүх уг маргааныг эдийн бус эд хөрөнгөтэй холбоотой гэж үзэн, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө гэдгийг тодорхой оюуны үнэт зүйлтэй холбон зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргасан нь биет үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотой. Иймд уг маргааныг эдийн бус эд хөрөнгө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч Б.*** 2 үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан гэж, 2014 онд уг хөрөнгийг хариуцагч нарт 14,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд мөнгийг 2015 онд авахаар тохиролцсон гэж тайлбарласан. Үүнээс дүгнэхэд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг амаар байгуулсан нөхцөл байдал харагдаж байна. Иймд хариуцагч нар 2015 онд 14,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Хэрэв тухайн үед төлөөгүй бол Б.*** худалдан авах гэрээтэй холбоотойгоор мөнгө гаргуулах, гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
5.Нэхэмжлэгч Б.*** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Базардорж өмгөөлөгч “яагаад ийм урт хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагад хандаагүй, өөрийн нэр дээр шилжүүлж авах оролдлого хийгээгүй юм бэ” гэж ярьж байна. Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцаж байх хугацаандаа зун цөөн хоногоор ирж, нутагтаа хэд хоног амарчхаад буцаад сургууль руугаа явдаг байсан. Энэ хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө байшингаа барьж байсан. 2013 оны 10 сард Д.*** нь охиноо миний байранд байлгахыг гуйсан бөгөөд надад 25,000,000 төгрөг өгье гэж байсан. Би мөнгөө бэлд, би хавар ирнэ гэж хэлсэн. Би 2014 онд БНХАУ-аас ирсэн. Тэгээд миний байранд хөрөнгийн гэрчилгээ авсан гэдгийг 2015 онд мэдсэн. Ийнхүү явсаар 2018 он хүрсэн. Д.*** болохоор энэ миний байшин биш, би нэг ч хадаас хадаагүй гэж ярьдаг. Д.***ы 2 эгч болох Тунгалаг, Нарантуяа нар шүүх хуралдаанд ирж мэдүүлэг өгсөн. Наранчимэг нь манай найзын ээж бөгөөд миний барилга, байшин барихад тусалж байсан хүн. Манай ээж Д.***, Тунгалаг, Нарантуяа нарын эгч нь юм. Эдгээр хүмүүс “чи хүний эд хөрөнгийг өг, чиний юм гэж юу байдаг юм бэ” гэж хэлдэг. 2023 онд Захиргааны хэргийн шүүх хурал болсон. Тус шүүх хуралдаан дээр Д.*** “энэ миний эд хөрөнгө биш, би нэг ч хадаас хадаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Тухайн шүүх хуралдаанд би гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд намайг хохирогч гэж үзэх боломжгүй гэсэн агуулгатай шийдвэр гарсан. Д.*** өөрөө минийх биш гэдгийг хүлээн зөвшөөрч, олон гэрч үүнийг баталж байхад П.***худал ярьж, байнга худал тайлбар өгч байна...” гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо 3 үндэслэлээр гаргасан байна. Нэгдүгээрт, нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцож байсан хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхээс авсан ба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хуралдааны тэмдэглэл нь тухайн хэрэгт нэг хувь үйлдэгдэж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдэд эх хувиар олгогдох боломжгүй баримт юм. Иймд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасныг үндэслэн тайлбарласан. Тус заалт нь “Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна” гэж зохицуулсан. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий зохицуулалтад “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн агуулга тусгагддаг бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т тусгайлан 15 жилийн хугацааг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл эзэнгүй үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн 15 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хууль олгосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд уг асуудлыг Иргэний хуулийн 115 дугаар зүйлд заасан эзэнгүй эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалтын хүрээнд тайлбарлан дүгнэсэн тул үүнийг дурдах нь зүйтэй. Иймд Б.*** нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар шаардах эрхээ 15 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь тухайн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой хугацааг илэрхийлж байгаа юм. Тус заалтаар уг эрхийг нь олгосон байна. Б.*** маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Д.***, П.***нар нь өөрсдийн өмчлөлд бүртгүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг 2015 онд мэдсэн. Үүнээс хойш 15 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нөхцөл байдал бий. Иймд энэ үндэслэлийг зөвтгөх боломжтой гэж үзэж байна. П.***, Д.*** нарт худалдан борлуулахаар тохиролцсон гэх тайлбарын хувьд энэ нь нотлох баримтгүй яригдаж байгаа асуудал юм. Хэрэв энэ талаар яригдсан гэж үзвэл 2018 онд л яригдах боломжтой. Учир нь 2015 онд Б.*** өөрийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нар өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн болохыг мэдээд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. Тухайн үед “чи бусдад зарах бол нэрийг нь шилжүүлээд өгье” гэх байдлаар тайлбар хийгдэж байсан. Харин 2018 онд Б.*** уг 2 үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд зарахаар тохиролцож, П.***, Д.*** нарт хандан нэр шилжүүлэх талаар хэлэхэд тэд татгалзсанаар маргаан, үл ойлголцол үүссэн. Өөрөөр хэлбэл маргаан 2018 оноос үүссэн. П.***, Д.*** нартай худалдан авах, худалдан худалдах гэрээ байгуулсан, эсхүл ийм харилцаа тогтоосон баримт, хэлцэл байхгүй. 2018 оны хэлцлийг хойшлуулах зорилгоор хариуцагч нараас гаргасан тайлбар, саналын хүрээнд л энэ асуудал яригдсан. Тиймээс хуульд заасан журмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа яригдах үндэслэлгүй юм. Иймд давж заалдах гомдол нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв
1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ч нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Б.*** нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжихдээ “Миний бие нагац ах Д.***ярилцаад өвөө, эмээгийн амьдарч байсан Төв аймгийн *** сумын ***1-р багт байрлах 7420 м.кв газрыг хамтарч банз авч хашаалахаар болсон. Мөн би өөрийн 100 хувийн хөрөнгөөр хашаа дотор хувийн сууц болон 128 м.кв талбай бүхий үнээний ферм барьж дуусгасан ...Д.*** нь охиноо миний байранд байлгахыг гуйсан. Би 25,000,000 төгрөг өгөөд худалдан авч болно гэсэн боловч мөнгөө өгөөгүй. Мөн намайг 2014 оны хавар ирэхэд чөлөөлж өгнө гэсэн боловч чөлөөлөөгүй. ...би өөрийн хөрөнгөөр барьсан үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нарт хэлцэл хийж шилжүүлсэн зүйлгүй, өөрсдөө хөрөнгө гаргаж бариагүй. Харин намайг БНХАУ-д суралцаж байх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсныг 2015 онд мэдсэн. Өмчлөх эрхийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Иймд дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү” гэсэн үндэслэлээр тайлбарласан.
Хариуцагч Д.***, П.***нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Б.*** нь өөрийн хөрөнгөөр барьсан гэх боловч Д.***ы ээж Л.***гэдэг хүн мал маллаж 2012 он хүртэл амьдарч байсан... Д.***маргааны зүйл болох байшингийн суурийг тэтгэврээ барьцаалан зээл авч 2010 онд босгосон. Тухайн үед санхүүгийн боломжгүй байсаны улмаас гүйцээж чадалгүй 2012 онд нас барсан. Хариуцагч Д.***, П.***нар үргэлжлүүлэн өөрсдийн хөрөнгөөр гүйцээн барьж 2013 онд дуусган байшинг ашиглалтад оруулж, 2014 онд өмчлөлийн гэрчилгээг хуулийн дагуу авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна...” гэж тайлбарлан татгалзсан.
3.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ***дугаар гэрчилгээтэй, Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг ***тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 128 м.кв фермерийн зориулалттай хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.***, П.***нар бүртгэлтэй байгаа үйл баримтын талаар маргаагүй байна.
4.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан.
Иймд эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрх нээлттэй. Гэхдээ Иргэний хуульд заасан ерөнхий болон тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан үр дагавар үүсэх үндэслэл болох юм.
5.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.*** нь 2010 онд Хаан банкнаас авсан 10.000.000 төгрөгийн зээлээр Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг, Улаан худгийн гудамж, 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, үхрийн фермер барих материалыг худалдан авч өөрийн хүчээр барьж босгосон гэх үйл баримтаа нотлох зорилгоор “цалингийн зээл олгов” гэх гүйлгээний утгатай Хаан банкны ***тоот дансны гүйлгээний баримтыг шүүхэд өгсөн. /1-р хх-ийн 70-71 тал/
Харин хариуцагч Д.*** нь өөрийн хөрөнгөөр барьсан тул 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг, Улаан худгийн гудамж, 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, үхрийн фермерийн өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаж, 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх хаягт байрлах 8х7 мкв хэмжээтэй, 50 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууц, 16х8 мкв хэмжээтэй үхрийн фермерийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар дээрх хувийн сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тул дахин гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудсанд авагдсан байна.
6.Иймд зохигчдын хооронд үүссэн маргаан нь Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг ***тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 128 м.кв үхрийн фермер зэрэг бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхтэй холбоотой байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.***ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт “эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж зааснаар өмчлөгчөөр тогтоолгох эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримт болон шаардах эрхийг зөв тогтоогоогүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан “анхан шатны шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж,
мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж заасан нь шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг эрх зүйн маргааны төрлөөс хамаарч хуульд өөр, өөрөөр тусгайлан зааснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг арван жил гэж үзнэ.
Хариуцагч Д.***, П.***нар нь 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг, Улаан худгийн гудамж, 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, үхрийн фермерийн өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаж, 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх хаягт байрлах 8х7 мкв хэмжээтэй, 50 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууц, 16х8 мкв хэмжээтэй үхрийн фермерийн өмчлөгчөөр бүртгүүлсэний дараа хаан банкнаас зээл авч барьцаанд тавьсан, хувийн сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тул дахин гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаж 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч захиран зарцуулах эрхтэй этгээд болох хүртэлх хугацаанд уг үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Д.***, П.***нарт 2014 онд уг үл хөдлөх хөрөнгөө 25,000,000 төгрөгөөр зарах санал тавьж байсан. Улмаар уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагчаас шаардаж байсан, БНХАУ-д суралцаж байх хугацаанд хариуцагч Д.***, П.***нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсаныг 2015 онд олж мэдсэн гэх тайлбарыг гаргасан байдаг.
8.Иймээс хариуцагч Д.***, П.***нарын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойшхи 10 жилийн хугацаанд нэхэмжлэгч Б.*** эрх нь зөрчигдсөн талаар мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэл гаргаж мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй тул хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг өнгөрүүлсэн гэж үзлээ.
Мөн хариуцагч Д.***, П.***нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг үл харгалзан шийдвэрлэх боломжтой ч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.***ы гаргасан “Төв аймгийн *** сумын ***1 дүгээр баг ***тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 128 м.кв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
9.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 317/ШШ2025/01548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.***ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.***, П.***нарт холбогдох өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
А.ЦЭРЭНХАНД