Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2026/00002

 

 

 

 

 

 

 

2026          01            22                                                         223/МА2026/00002

 

 

Б.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.А

110,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А/цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би 2014 оны 01 дүгээр сард эхнэр болох Б.А-тай оюутан байхдаа танилцаад, 2015 оноос хойш хуримлан хамт амьдарч байсан. Биднийг хамт амьдарч байхад түүний төрсөн ах Б.Бманайхаар нэг хоёр удаа ирж байсан учир зүс таних болсон. 2016 оны 10 дугаар сард би компьютерын шинжлэх ухааны мастер хамгаалахаар АНУ-руу ганцаараа явсан. Б.А2017 оны 3 дугаар сард ирж бид АНУ-д хамт амьдрах болсон. Би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Би сургуулиа төгсөөд 2017 оны 8 дугаар сараас АНУ-ын “Амазон” ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх инженерийн ажилд,  2010 оны 6 дугаар сараас Google ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орж ажилласан.

Би цалингаараа өмнө байсан оюутны өрөө дуусгаад дараа нь эхнэртэйгээ Монголд байр авъя гэж яриад байрны мөнгө цуглуулахаар болсон. 2019-2021 оны 3 дугаар сар гэхэд гуч гаран мянган ам.доллар цуглуулсан байсан. Нэг удаа эхнэр надад 3 хувийн зээл Монголд гарч байгаа гэнэ. Ах Б.Б300,000,000 төгрөгийн зээл гаргуулахын тулд 100,000,000 төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол дор нь мөнгийг чинь буцаагаад өгнө гэж байна. Иймд намайг мөнгөө өгчих гэж хэлсэн. Би эргэлзээд яах юм бэ хэрэггүй гээд хэлтэл манай эхнэр ах Б.Б-тнэг л удаа тусалъя гэсэн. Мөн Б.Бнад руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай, 7 хоногийн дараа, үсрээд нэг сарын дараа буцаагаад өгнө гэсэн. Би  итгээд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг Б.Б-н Худалдаа хөгжлийн банк дахь 452644351 тоот данс руу АНУ-аас шилжүүлсэн.

Б.Бнадаас мөнгө зээлэхдээ 2-3 удаа утсаар ярихдаа “...300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтээгээд мөнгийг чинь гаргаад өгнө” гэсэн тул хурааж хуримтлуулсан байрны мөнгөө шилжүүлсэн.

Энэ хугацаанаас хойш сарын дараа нөгөө мөнгөө асуухад эхнэр болж байгаа байх, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Мөн эхнэрээс 6 дугаар сард нэг удаа асуусан. Тухайн үед өгсөн хариу нь нөгөө ах чинь таг болчихлоо, утас нь ядаж холбогдохгүй байна гэж хэлсэн. Дараа нь Б малын өвс тэжээл тарьсан гэнэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хэлсэн ярьсандаа байхгүй гэсэн чинь харин тийм ээ яах вэ гэсэн.

Сүүлд би мөнгөө нэхэж Б.Б-н утас руу залгаж асуухад “...Чи юу гээд байгаа юм бэ, чамайг Монголд ирвэл онгоцны буудал дээр чинь хүнээр алуулна” гэж заналхийлсэн. Үүний дараа Б.Б-тай ямар ч холбоогүй миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Энэ асуудлаас болж эхнэртэйгээ таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа. Б.Б-с 110,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.А-н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Б.А нь миний төрсөн дүү Б.А-тай 2015 онд гэр бүл болж, 2017 онд АНУ-д суралцаж, ажиллаж амьдрахаар явсан. Би Монгол улсад ажиллаж амьдарч байсан. 2021 онд хямдхан байр авах санал орж ирсэн. Харин надад байсан мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн төрсөн дүү Б.А-тай холбогдож мөнгө зээлээч гэж гуйсан. Тухайн үед Б.Ацуглуулсан багахан хэмжээний мөнгө байгаа бид бас байр авах санаатай цуглуулж байгаа таны байр яг бүтэх юм уу, найдвартай юм уу гэх зэргээр асууж байсан.

Ингээд Б.А31,000 ам.долларыг зээлдүүлэхээр болж миний Худалдаа хөгжлийн банкны 452644351 тоот дансанд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,000 ам.доллар шилжүүлсэн. Иймд уг мөнгийг Б.А-д буцаан төлөхөөр тохиролцсон.

Харин Б.Ааас Б.Бнь ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх талаар харилцаж байгаагүй, зөвхөн Б.А-с мөнгө зээлэх талаар ярилцаж байсан. Энэ талаар нэхэмжлэлд мөн дурдсан байна.

Хариуцагчийн зүгээс Б.Ааас 31,000 ам.долларын зээл авах хэлцэл, гэрээ хийгээгүй нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дуугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч Б.Б-с 107,660,385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,589,615 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 696,252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлага хангаагүй.

-1. Нэхэмжлэгч нь Б.Б-т31,500 ам.долларыг 7 хоногийн хугацаатай зээлсэн гэж зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг ба тус төлбөрт зээлийн үндсэн төлбөр болон, ханшийн зөрүүний алдагдал, бусад зардал гаргуулна гэж тодорхойлсон.

Маргааны үйл баримтыг дүгнэхэд хариуцагч Б.Бнь өөрийн төрсөн дүү болох Б.А-с мөнгө зээлэхээр тохиролцсон. Харин Б.Б-н дансанд 31,500 ам.долларыг Б.А-н данснаас шилжүүлсэн байдаг. Энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл байгуулагдсан гэж үзнэ гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хүсэл зоригоо илэрхийлэгч нь өөрийн хүсэл зоригийг нөгөө талд мэдэгдэж ойлгогдохоор тодорхой үйлдэл хийх, нөгөө тал тус хүсэл зоригийг ойлгож, зөвшөөрч хүлээн авснаар сая хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болно гэж ойлгох, талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон байх учиртай. Б.Бөөрийн төрсөн дүү Б.А-с мөнгө зээлэх санал гаргасныг Б.Ахүлээн зөвшөөрсөн, уг 31,500 ам долларыг буцаан 7 хоногийн хугацаатай хүүгүй, доллараар буцаан өгөх талаар хэлцэлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон нь хариуцагч, гуравдагч этгээд нарын хооронд зээлийн гэрээний хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Энэ талаар нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараас нотлогдоно.

Гэтэл анхан шатны шүүх Б.А, Б.Бнарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийни 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтай нийцээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 болон 7 дахь хэсэгт хариуцагч Б.Бнэхэмжлэгч Б.Ааас 31,500 ам долларыг хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар 31,500 ам долларыг хүлээн авснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Б.Б-н дансанд орж ирсэн 31,500 ам.долларыг Б.А-с орж ирсэн гэж ойлгосон ба тухайн мөнгийг буцаан Б.А-д төлөх үүрэг үүссэн. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтай нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг тухайн бүр хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаар бичгээр хариу тайлбар гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

-2. Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул Б.Бнь Б.Ат 31,500 ам.долларыг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн гэж Иргэний хуулийн 16 дугаар бүлэгт заасан үүргийн эрх зүйн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Б.ББ.Ат зээлийн төлбөр, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас учирсан хохирлыг төлөх үүрэг үүсэхгүй.

Хариуцагч Б.Б-н зүгээс уг 31,500 ам.долларыг буцаан Б.А-д төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа татгалзаж, мэтгэлцэж оролцсон ба Б.Атай хэлцэл байгуулаагүй гэж үздэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Алтжинг оролцуулан шийдвэрлэсэн ба Б.А-нзүгээс 31,500 ам.долларыг Б.А шаардах нь миний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй, харин би Б.Ааас өөрт ноогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн дараа авахаар тохиролцсон гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.

Дээрх тайлбараас дүгнэхэд Б.А, Б.Бнарын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

-3. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг шүүх буруу тайлбарласан. Шүүх хэрвээ талуудын хооронд зээлийн хэлцэл байгуулагдсан, Б.ББ.Ат буцаан мөнгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэж байгаа бол Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар 31,500 ам.долларыг мөнгө шилжүүлж авсан буюу 2021 оны 4 сарын 21-25-ны өдрийн албан ёсны ханш болох 2850 төгрөгөөр тооцон нийт 89,775,000 төгрөгийг төлөх ёстой.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д Б.Б-н зээлийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн, хариуцагч Б.Бнь төлбөрийг төлөөгүйгээс төлбөр төлөх үүрэг үүсэх шүүхийн шийдвэр гарснаар тооцно гэж дүгнэсэн.

Дээрх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй, хэргийн үйл баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тайлбараар 7 хоногийн хугацаатай зээлсэн гэж тайлбарлаж байхад шүүхийн шийдвэр гарснаар үүрэг үүснэ гэж заасан нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

-4. Хариуцагч Б.Бнь Б.А-с зээлсэн 31,500 ам.доллараас буцаан 3,000,000 төгрөгийг Б.А-д шилжүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр талууд зээлийн төлбөрт шилжүүлсэн талаар маргаагүй, байхад уг 3,000,000 төгрөгийг төлөх төлбөрөөс хасаж тооцоогүй нь үндэслэлгүй байна.

-5. Б.А-н нэхэмжлэлтэй Б.Б-тхолбогдох иргэний хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2025/00023 дугаар магадлалаар Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага 110,250,000 төгрөгөөс 89,775,000 төгрөг, ханшийн зөрүү 17,573,220 төгрөгийг шийдвэрлэж, бусад зардал 2,901,780 төгрөгийг шаардлагыг шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа үндсэн зээл 89,775,000 төгрөг, ханшийн зөрүү 17,573,220 төгрөг, бусад зардал 2,901,780 төгрөг гэж тодорхойлсон.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсан алдаа болох 2,901,780 төгрөгийг хэрхэн үнэлж дүгнэсэн, хэрхэн 2,589,615 төгрөг болгон бууруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хууль зүйн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөр 89,775,000 төгрөг, ханшийн зөрүү 17,573,220 төгрөг гэж тодорхойлж байхад ханшийн зөрүүг хэрэн 17,885,385 төгрөг болгон зөрүүтэй дүгнэсэн талаар шийдвэрт мөн тусгаагүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс ханшийн зөрүүг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3705.88 төгрөг ханштай гэж үзэж шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцээгүй ханш болох 2024 оны 12 сарын 16-ны өдрийн ханшаар тооцож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай хэлцэл байгуулагдаагүй учраас зээлийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул үндэслэлгүй олж авсан 31,500 ам долларыг тухайн үеийн ханш 2850 төгрөгөөр тооцож 89,775,000 төгрөг ба Б.А-д шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасаж тооцон 86,775,000 төгрөгийг Б.Ат буцаан төлөхийг зөвшөөрч байгаа болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01486 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар 20,885,385 төгрөгийг хасаж, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйл баримтын хувьд хавтаст хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Б.Бгадаадад байгаа өөрийн дүү болон түүний нөхрөөс “Монголд зээл гаргах гэж байна, хэд хоногийн дараа буцааж өгнө” гэж хүсэлт тавьж, түүгээр дамжуулан Б.Ааас мөнгө зээлж авсан нь нотлогдон тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор хариуцагч, гуравдагч этгээдүүд хэрэгт өөрсдийн мэдүүлэг, тайлбар, мэдээллээ өгсөн бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж байна. Энэ асуудлаас болж гэр бүлийн ахуй амьдрал алдагдаж, гэр бүл салж, хоёр хүүхэд өнчрөн тус, тусдаа амьдарч байгаа нөхцөл байдлыг огтхон ч харгалзан үзэхгүй байна. Гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж хуримтлуулсан дүү нарынхаа мөнгийг худал тайлбараар зээлж авчхаад, одоо зээлээгүй мэт бодит байдлаас илт зөрүүтэй тайлбар өгч байгаад харамсаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний ойлголт тодорхой заагдсан. Хариуцагч, гуравдагч этгээд нь анхан шатны шүүх хуралдаанд хэд хэдэн удаа оролцохдоо “миний нөхөр Б.А өөрийн анх хуримтлуулсан 31,500 ам.долларыг ахад нь зээлсэн, гадаадаас доллараар шилжүүлсэн” гэж мэдүүлсэн нь хэрэгт нотлогдон тогтоогдсон. Ийм тодорхой, бодитой үйл баримтыг өөрөөр тайлбарлаж буй нь хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээ өмөөрч буй хэлбэр гэж ойлгож байна. Гэвч үүний цаана уг төлбөрийг буцаан төлөхгүй байх сонирхол анхнаасаа байсныг харуулж байна. Хэрэв дүү нараа бодож, хамгаалж байсан бол өнөөдрийг хүртэл ядаж тодорхой хэмжээний мөнгийг, тухайлбал 500,000 төгрөг ч болов буцаан төлөх боломж байсан. Гадаадад байгаа дүү нар ах, аав, хадам ээждээ их хэмжээний мөнгө шилжүүлж байсан үйл баримтууд ч хэрэгт тусгагдсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Бид хоёр үндсэн асуудлыг харгалзан үзэх ёстой.

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь нотлогдон тогтоогдсон байхад уг харилцааг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж ойлгож, хэрэглэж болохгүй. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг ойлголт нь зээлийн гэрээтэй огт өөр эрх зүйн зохицуулалт юм. Давж заалдах шатны өмнөх магадлалд уг ойлголтыг буруу хэрэглэсэнд гайхаж байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлдэгч нь зээлдүүлсэн эд зүйлийн ижил төрөл, тоо, чанартай хөрөнгө, мөнгийг хугацаанд нь буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл доллароор зээлсэн бол доллароор, мөнгөөр зээлсэн бол мөнгөөр нь буцаан өгөх үүрэгтэй.

2.Нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцэж байна. Уг заалтад төлбөрийг хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэж заасан тул ханшийн зөрүүг тооцож, төгрөгөөр нэхэмжилсэн нь хуульд нийцсэн. Хэрэв тухайн үед 1 ам.доллар 2,500 орчим төгрөгийн ханштай байхад одоогийн өссөн ханшийг харгалзахгүйгээр буцаан төлүүлэх юм бол шударга ёсны зарчим алдагдана. Долларын ханш өнөөдөр 3,500 орчим төгрөгт хүрсэн нөхцөлд ханшийн зөрөөг төлөхөөс зайлсхийж, удаа дараа давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа нь зохисгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргийн дагуу хариуцагч Б.Бзээлсэн мөнгийг ижил төрөл, тоо, чанартайгаар буцаан өгөх үүрэгтэй. Үүнийг одоогийн Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн ханшаар тооцож төлүүлэх нь тэгш, шударга байх иргэний хуулийн зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүх уг үйл баримтад үндэслэн зөв, хууль ёсны дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Атус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үнэхээр ичиж байна. Нэг эхээс төрсөн хүнийхээ хувьд амьдралаа нэг удаа босгог гэж бодсон юм. Мөн Б.Бнадад сүүлд өгсөн 3,000,000 төгрөгөө яаж нэхэмжилж чадаж байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Би үнэхээр гайхаж байна. Би шүүхэд гомдолтой байна. Яагаад ингэж хохирогч нарыг олон дахин хохироож, луйварчдыг хамгаалаад байгаа юм бэ. Нэг асуудлыг бид олон удаа давтсан. Эхлээд намайг хэрэгт оролцуулаагүй, нэрийг минь дурдаагүй явсан, дараа нь намайг оролцуулсан. Би үнэнээ хэлсэн. Би яагаад худлаа хэлэх ёстой юм бэ. Миний амьдралаар тоглож, хоёр хүүхдийг минь өнчрүүлсэн. Би ийм худал зүйл яригдаж байгаад гайхаж байна. Өмгөөлөгчид нь мөн хэлмээр байна. Та яагаад ингэж худлаа ярьж, цаг хожоод байгаа юм бэ. 3 хоногийн дараа, 7 хоногийн дараа өгнө гэж хэлсээр байгаад өдийг хүрлээ. Бид нар унтаж байхад нь нууцаар мөнгө шилжүүлчихсэн юм уу. Б.Б“би чамд өдөрт 100 төгрөг өгье” гэх мэтээр намайг доромжилж байсан. Миний амьдралыг сүйрүүлж байна. Өнөөдөр манай нөхөр Австрали улсад байгаа, би Солонгос улсад ажиллаж байгаа, хоёр хүүхэд минь Дарханд байна. Амьдрал минь хэвийн явж байхад Б.Бдундуур орж мөнгө авч, миний нэрийг барьж олон худал зүйл ярьж, бид хоёрын хооронд зөндөө үл ойлголцол төрүүлсэн. Энэ хохирлыг хэн барагдуулах вэ. Яагаад Б.Бийм байдлаар сунжруулж, дахин дахин худал зүйл ярьж байна вэ. Б.А-н данснаас Б.Б-н данс руу ам.доллар шилжүүлсэн бодит баримт байна. Энэ бүхнийг би нөхөртэйгөө хамтран ярилцаж байгаад хийсэн. Нууцаар, хууль бусаар мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. 7 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлсэн асуудлыг албан ёсоор шүүх дээр ярьсан. Хүний үгээр явсаар байгаад эцэст нь юу ч үгүй болсон. Харин Б.Б-н амьдрал ахуй нь сайжирч, хашаа байшин барьж, дотрыг нь тохижуулсан, үхрийн тоо нь гэхэд 30-40 болсон...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

2. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлохдоо: “...Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-т2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг зээлдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр буюу Монгол банкны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ам.долларын ханш 3,417.79 төгрөгөөр тооцож, нийт 107,635,500 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас бусад зардалд нэхэмжилсэн 2,614,500 төгрөгөөс татгалзаж байна..." гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Бнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэхдээ: “...Анх Б.А-тай ярилцаж тохироод Б.А-н дансаар дамжуулан нийт 31,500 ам.долларыг хоёр хувааж авсан. Үүнийг нэхэмжлэгчээс зээлээгүй тул шаардах эрхтэй этгээд биш. Мөн 31,500 ам.долларыг Монгол банкны 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ханш 2,850 төгрөгөөр тооцож, нийт  89,755,000 төгрөг төлөх боломжтой юм. Харин тухайн үеийн бус ханшаар нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг Б.Ат өгч болно. Үүнээс  Б.А-д шилжүүлсэн 3,000,000 төгрөг хасагдах ёстой...” гэж мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Анэхэмжлэгч талыг дэмжиж оролцохдоо: “...гэр бүл учраас хамтдаа асуудлыг ярьж, шийдвэрийг хамтдаа гаргадаг байсан. Б.Бнь эхлээд надтай ярьсан, гэхдээ дараа нь Б.Атай ярьсан. Мөнгө зээлэх асуудлыг Б.А бид хоёр хамтдаа шийдсэн. Би Б.Билгүүнбаярыг гуйгаад байсан болохоор, тусалъя гэсэн санаачлагыг гаргаад 31,500 ам.долларыг Б.Ааар түүний дансаар шилжүүлсэн...” гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Б-н эзэмшдэг Худалдаа Хөгжлийн банкны 452644351 тоот данс руу нэхэмжлэгч Б.А 2 удаагийн үйлдлээр нийт 31,500 ам.доллар шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй болно.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-н Худалдаа хөгжлийн банкны 452644351 тоот дансанд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар нийт 31,500 ам.долларыг шилжүүлсэн. Хариуцагч Б.Буг ам.долларыг 7 хоногийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан баримт болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцан үүрэг хүлээсэн хоёр талд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоосон гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих тул зохигч, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үгүйсгэн татгалзах үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 31,500 ам.долларыг Монгол банкны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханш 3417,79 төгрөгөөр тооцож, нийт 107,635,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа хавтаст хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааны баримтаар нотолсон.  /хх-ийн 164/

Харин хариуцагч Б.Буг мөнгийг гуравдагч этгээд болох дүү Б.А-с авсан тул нэхэмжлэгч Б.Атай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж татгалзаж байгаа ч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 31,500 ам.доллар гуравдагч этгээдийн хуваарьт хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Б.Б31,500 ам.долларыг буцаан төлөөгүй болохоо зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

5. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч Б.Б-с 107,660,385 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,589,615 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж “...Б.А, Б.Бнарын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Иймд хариуцагч Б.Бнь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг. Б.Бнь Б.А-тай харилцан тохиролцож 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар нийт 31,500 ам.долларыг өөрийн эзэмшил Худалдаа хөгжлийн банкны 452644351 тоот дансанд авсан тул тухайн үеийн ханшаар тооцож 89,775,000 төгрөгийг төлөхөөр байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж илүү 17,885,385 төгрөг гаргасан. Мөн гуравдагч этгээдэд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

7. Тодруулбал, иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хууль заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болохоор Иргэний хуульд заасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Б.Бнь Б.А, Б.Анарт мөнгө зээлэх санал тавьсныг зөвшөөрч өөрсдийн хурааж цуглуулсан мөнгөн хуримтлалаас 31,500 ам.долларыг зээлдүүлсэн байдаг.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх юм.

“Үүрэг үүсээгүй” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгодог. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн байх буюу ийнхүү өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх тохиолдолыг ойлгоно.

Үүнээс дүгнэхэд Б.ББ.А нарын хооронд үүссэн харилцаа нь гэрээний бус үүргийн харилцаа буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа биш байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан нэмэлт үүрэг хүлээгээгүй зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зүйл нь 31,500 ам.доллар бөгөөд хариуцагч нь тухайн зээлсэн мөнгөө /31,500 ам.долларыг/ нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлүүлсэн мөнгөө буцаан шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон төгрөгт хөрвүүлэн нэхэмжилж буй нь угтаа өөрийн зээлүүлсэн 31,500 ам.доллараа буцаан шаардаж буй хэрэг юм.  

9. Түүнчлэн хариуцагч 3,000,000 төгрөгийг гуравдагч этгээдэд төлсөн гэх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэж үзэв.

10. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,375 /хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ