Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1787

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00481 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

1 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Х 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХХтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, үсчний нэг сандлыг түрээслэсэн боловч үлдэгдэл төлбөр 1 200 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. Х ХХтэй гэрээ байгуулж, “ХХХХХ” ХХК-ийн захирлын хувьд гэрээнд тамга, тэмдгээ дарсан. Одоо “ХХХХХ” ХХК нь татан буугдсан тул Х нь өөрөө нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь сүүлийн 6 сарын төлбөрийг төлөөгүй. Түрээсийн төлбөр хурамтлагдсаар 1 200 000 төгрөг болсон тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч ХХгийн тайлбарт:

            Нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч сарын 150 000 төгрөгөөр түрээслэсэн гэж байна. Сарын 300 000 төгрөгөөр түрээслэсэн. Ер бол ХХ нь гэрээ хийх эрхгүй хүн байсан байна лээ. Би сүүлийн 2 сарын төлбөрийг өгөөгүй. Одоо бол үсчний ажил хүнд хэцүү орлого муутай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч ХХд холбогдуулан 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу “ХХХХХХ" ХХК болон ХХгийн хооронд байгуулсан гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлж байгуулсан байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж заасны дагуу “ХХХХХХ" ХХК-ийн захирал Х, ХХ нар хоорондоо тохиролцож "Далай ээж" захын үсчний салоны 1 сандлыг түрээслэхээр болж салоны эд хөрөнгө болох сандал, толь болон бусад эд зүйлийг түрээслэгч ХХ хүлээж авснаар гэрээ байгуулагдсанд тооцогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ХХ нь шүүхэд хандсан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан байдаг. Шүүх “ХХХХХХ" ХХК, ХХ хооронд гэрээ байгуулагдаагүй юуг түрээслэж буй нь тодорхойгүй, хэдэн төгрөгөөр түрээслэх талаар заагаагүй гэж үзсэн. Уг гэрээнд салон түрээслэсэн, гэрээний хугацааг тодорхой заасан төлбөрийн тухай хоорондоо тохиролцсон байдаг. “ХХХХХХ" ХХК татан буугдснаар түүний захирал ХХХХХХХХХ нь нэхэмжлэгч болж нэхэмжлэл гаргах, өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй юм. Хариуцагч ХХ нь Хд түрээсийн үлдэгдэл 1 200 000 төгрөгийг төлөх нь үнэн гэж баталгаа гаргаж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч ХХгээс 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журамд нийцүүлэн явуулсан, талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангадсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Х эд хөрөнгө ашигласны хөлс 1 200 000 төгрөгийг хариуцагч ХХгээс гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.  

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч Х үсчний сандал хариуцагч ХХгийн эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн, хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэстэй байна.

 

Хариуцагч ХХ нь “ХХХХХ” ХХК-ийг нэхэмжлэгч Х төлөөлөн гэрээ хийх эрхгүй байсан гэж тайлбарладаг боловч бичгийн гэрээг Хтай харилцан гарын үсэг зурж байгуулж, эд хөрөнгө ашигласны хөлсийг нэхэмжлэгч Хд төлдөг байсан үйл баримт, мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн “гэрээг Хтай байгуулсан, Х “ХХХХХ” ХХК эрхэлдэг гэж ярьж байсан, .., төлбөрийн үлдэгдэлтэй .., 600 000 төгрөгөөр эвлэрье” гэх тайлбараас дүгнэхэд талуудын хооронд үсчний сандал, хэрэгслийг хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна. Иймд нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХгээс Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны хооронд төлөх тухай тайлбар гаргаж байсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар маргааны үйл баримтыг нотлох баримт болдог тул талуудын тайлбараар маргааны үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Талууд эд хөрөнгө ашигласны сарын тутмын хөлс хэд байсан, одоо үлдэгдэл төлбөр хэд байгаа гэдэг дээр талууд маргадаг боловч нэхэмжлэгч 1 200 000 төгрөг гаргуулах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбартаа 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар заасан байх тул уг хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгээс 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгт холбогдох үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгээс улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хын төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 А.МӨНХЗУЛ